Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2023/03842

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2023/03842

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 хэсэг, Богд Жавзандамба гудамж, 54а байр, 10 тоот хаягт оршин суух, О /РД: ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Дунд гол үйлчилгээний төв, 4 давхар, 403 тоот хаягт байрлах Л/РД:

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 44 байр, 42 тоот хаягт оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 27 байр, 27 тоот хаягт оршин суух, Б /РД: нарт холбогдох,

 

Гуравдагч этгээд: Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10б байрны 14 тоотод оршин суух С /РД:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 90,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Са

Хариуцагч Ласти-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал  

 

Нэхэмжлэгч О.Оийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Л-нд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 90,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

О.О нь Л-нд нябогоор ажиллаж байх үед компанийн захирал А.Лх нь Баянгол дүүргийн 6 дугаар хороолол, 33-68 тоот 3 өрөө, 40 м.кв орон сууцыг 90,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг орон сууцны үнэд Л нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороололд барьж байсан Ласти таун хотхоны Б блокны 1 дүгээр орцны 4 давхрын 14 тоот 71,46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус байрны 11 тоот авто зогсоолын хамт тооцож өгөхөөр, 11 тоот авто зогсоол захиалан бариулах гэрээг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус тус байгуулсан.

Л-ийн захирал А.Лхагвасүрэн нь О.Оийн оршин сууж байсан орон сууцыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан зээл авч, орон гэргүй болгож, Монгол улсаас гарч явсан бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага уг орон сууцыг хураан авахаар болж, аргагүй мөнгийг төлж барагдуулсан.

2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Л нь О.Отэй тооцоо нийлж, 90,000,000 төгрөгийн өртэй болохыг, дээрх орон сууц, авто зогсоолыг төлбөрт тооцсон болохыг тохирч баталгаажуулсан болно.

Гэтэл Л нь О.От мэдэгдэлгүйгээр уг байрны хөрөнгө оруулагч гэх Б.Бд орон сууцыг барьцаалсан, улмаар Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 31-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.

 

Иргэн Б.Б нь Ласти таун хотхоны барилгын хөрөнгө оруулагч бөгөөд мөн хөрөнгө оруулагч иргэн О.Батпүрэвтэй давхар байрыг барьцаалсан, эдгээр хөрөнгө оруулагч нар болон орон сууц захиалгын гэрээ байгуулсан, байранд мөнгө төлсөн, оршин сууж байгаа гэх олон хүмүүсийн эрх ашиг зөрчигдөн маргаан үргэлжилсээр байгаа, тэдний нэг нь О.О нь орон сууцаараа хохирч байна.

Учир нь Л нь Мастер стар ХХК-ийн ажлын хөлсөнд О.Оийн байрыг шилжүүлж, 2 жил гаруй хугацаанд дээрх компанийн мэдэлд байраа өгсөн.

Л нь оршин суух захиалгын гэрээтэй, бартер болон мөнгө төлсөн хүмүүсийн мөнгөөр Б.Бгийн мөнгийг төлөх байтал байруудыг шууд түүний өмчлөлд бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хууль бус тохиролцоо юм.

О.О 10 Б байрны 14 тоот 3 өрөө орон сууцыг 1 м.кв –ийг 1,250,000 төгрөгөөр тооцон нийт 89,325,000 төгрөг гэж тохиролцсон. Иймд Л-аас 90,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч Д.Бд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

 

2. Хариуцагч Л-ийн төлөөлөгч Чхариу тайлбартаа: Нэхэмжлэгч О.О нь Л-тай 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан байна. Ц.Батаа нь 2014 онд 144 айлын орон сууц барихад хөрөнгө оруулсан. Ц.Батаа нь мөнгөө авч чадахгүй байсны улмаас өөрийн хөрөнгөө хамгаалж Л-ийн захирал А.Лхагвасүрэнтэй уулзаж 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хувьцаа худалдах-худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр харилцан тохиролцож, хөрөнгө оруулсан төлбөрөө буцаан авсны дараа компанийг буцаан өгөх хэлцэлтэйгээр шилжүүлэн авсан. Компанийг шилжүүлэн авсны дараа орон сууцыг худалдахдаа хөрөнгө оруулагч, иргэд, захиалгаар орон сууц барьсан барилгын компаниудтай гэрээг давхардуулан хийсэн болохыг мэдсэн. Иймээс өмнө компанийн хувьцаа эзэмшигч байсан А.Лхагвасүрэнтэй уулзаж, хөрөнгө оруулагч нарыг байлцуулан хуралдаж Л-ийн бусдын өмнө хүлээсэн зээлийн болон бусад өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, компанийн эрхийг буцаан шилжүүлэхээр 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулан компанийг өмнөх хувьцаа эзэмшигч А.Лхагвасүрэнд 100 хувь шилжүүлсэн. Компанийг буцаан шилжүүлэх тухай шийдвэр гаргасан хуралдаанд нэхэмжлэгч О.О байсан. Гэтэл А.Лхагвасүрэн нь гэрээний үүргийн дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгэл хийхгүй, бидэнд мэдэгдэхгүйгээр 2018 оны 03 дугаар сард Хятад улс руу яваад, одоо хүртэл орж ирээгүй. Компанийн санхүүгийн бичиг баримт, зээлийн гэрээг өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй.

Д.Б Л-тай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр барьцааны гэрээгээр 144 айлын орон сууцны зориулалттай барилгаас 1 м.кв талбайг 750,000 төгрөгөөр тооцож, нийт 2,667,2м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалсан байдаг. Д.Бгийн 46 айлын байрны жагсаалтад 10Б байрны 14 тоот 3 өрөө байр байсан. О.Оийн нэхэмжилж байгаа орон сууцыг давхардсан болохыг мэдээгүй.

О.О нь Л-ийн өмнөх хувьцаа эзэмшигч А.Лхагвасүрэнтэй 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ, орон сууц захиалгаар бариулах гэрээ, авто зогсоолын гэрээ байгуулснаа бидэнд мэдэгдээгүй болно.

Д.Б 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Л-ийн өмнөх хувьцаа эзэмшигч А.Лхагвасүрэнтэй эвлэрлийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2017/08942 дугаартай захирамж гарсан. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Д.Бгийн өмчлөлд тухайн орон сууц 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шилжсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Хариуцагч Д.Б хариу тайлбартаа: Нэхэмжлэгч О.О нь “Ласти Интернэшнл” ХХК-д ня-богоор ажиллаж байхдаа өөрийн компанидаа 2015 оны 12 сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо 6 р хороолол 33 дугаар байрны 68 тоот 150 сая төгрөгийн үнэ бүхий 40 м.в талбай 3 өрөө орон сууцны зориулалттай байрыг барьцаалж зээл авч өгсөн барьцааны зүйлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага хураан авч байраа чөлөөлсөн гэжээ.

Мөн нэхэмжлэгч О.О Лдээрх байдлыг хүлээн зөвшөөрөөд уг байрыг 90 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2015.12.31-ний өдөр “Ласти Интернэшнл ХХК Дархан-уул аймгийн Дархан сумын 11-р баг 13 хороололд барьж байгаа Ласти Таун хотхоны Б блокны 1-р орцны 47 давхрын 14 тоот 71,46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг болон тус байрны 11 тоот авто зогсоолыг тус тус тооцож өгөхөөр 070 тоот Орон сууцны захиалгын гэрээ тус тус байгуулсан гэжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар орон сууцаа барьцаалж зээл авсан юм бол тэр өдрөө орон сууц захиалгын гэрээг байгуулах ямар ч боломжгүй. Зөвхөн энэ баримтаар энэ гэрээг хожим байгуулсан гэдэг нь тодорхой байна.

Нөгөөтэйгүүр уг гэрээг 2017.06.30-ны өдөр Лтооцооны үлдэгдлийг баталгаажуулсан гэсэн баримтыг нэхэмжлэлд хавсарган ирүүлжээ.

Б.Б миний зүгээс 16/001 Хөрөнгө оруулалтын гэрээний үүргийг шаардаж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2017.06.30-ны өдрийн 183/Ш32017/0-394-2 дугаартай шийдвэрээр Л2,5 тэрбум төгрөгөөр төлөхөөр шийдвэр гарсан. Уг шийдвэрийн биелэлтийг хангаж Л2016.03.16-ны 16/23 дугаартай албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Ласти Таун хотхоны Б блокны 1-р орцны 4 давхрын 14 тоот 71,46  м.кв талбайтай 3 өрөө 71,46 м.кв сууцыг барьцаанд бүртгүүлэхэд жагсаалтаа гаргаж өгч байсан.

Ингэснээр Дархан уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэс 2016.03.11-ний /46 айлын орон сууцны хамт / барьцаанд бүртгэсэн байдаг юм.

Эдгээр баримтуудаас Л2017.06.30-ны өдөр О.Отэй тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан байх боломжгүй. Өөрөөр хэлбэл бусдад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгөө мэдэхгүйгээр О.Отэй давхардуулан гэрээ  байгуулах үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр ЛО.О нар орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан бол хэн аль нь Дархан-уул аймгийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн байх ёстой энэ үүргээ биелүүлээгүй бол эрсдэлээ өөрсдөө хариуцах ёстой. Барьцааны гэрээг бүртгэхэд улсын бүртгэлд тэмдэглэгээ хийгдээгүй байхад надад ямар нэгэн буруу байхгүй гэж үзэж байгаа. Хариуцагч Д.Б би өөрийн биеэр 2016 оны 2 дугаар сард Ласти Интернэшнл” ХХК-д ерөнхий ня-бо О.Отэй уулзаж “тухайн сууцуудыг барьцаалах жагсаалтыг тулгаж ямар нэг асуудалгүй давхардал байхгүй гэж жагсаалтыг гаргаж өгсөн. Одоо нэхэмжлэл гаргаад байгаа О.О тухайн үед өөрөө ерөнхий нябо байсан байж ийм гэрээ байсан бол тухайн үед яригдах ёстой. Тэр тусмаа өөрийнхөө байгуулсан гэрээг санахгүй байх үндэсгүй, Хэрэв тухайн үед энэ асуудал яригдсан бол энэ байр барьцаанд бүртгэгдэхгүй байсан гэдгийг ойлгож баймаар юм. 2015.12.31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үнэ 90 сая төгрөгөөр байх бөгөөд гэрээнд зааснаар 30 сая төгрөгөөр 3 удаа хэсэгчлэн төлөхөөр худалдан авсан эд хөрөнгийг үнийг тогтоосон хугацаанд худалдагчийн дансанд шилжүүлэхээр тохирсон байна. 90 сая төгрөгийг компанийн дансанд шилжүүлж гэрээний үүргийг биелүүлсэн талаар баримтгүй байгаа нь уг гэрээ биелэгдээгүй гэдгийг харуулж байна. Худалдах худалдан авах гэрээ байгуулсан өдрөө орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан байдаг бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн барьцаанд төлсөн гэсэн үндэслэлгүй болохыг харуулж байна. Уг гэрээнд байрны нийт үнийг 78,606,000 төгрөгийг гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэх захиалагч үнийг бүрэн төлснөөр байр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч гэрээний хавсралтаар бартер солилцоо гэж тэмдэглэсэн нь уг гэрээ бодитой байгуулагдаагүй гэж харагдаж байгаа юм. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, О.О болон Л-ийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан авто зогсоол захиалгаар бариулах гэрээ, О.О болон Л-ийн хооронд тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэгчээс С.Соёл-Эрдэнэд олгосон итгэмжлэл, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж, Шатле ББСБ-ын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2021-А-11 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх тухай албан бичиг, О.Оээс Шатле ББСБ-д 69,586,667 төгрөг шилжүүлсэн баримт, Л болон Мастер стар констракшн ХХК-ийн хооронд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 16/02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 213 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шатле ББСБ-ын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 40,000,000 төгрөгийн зарлагын баримт зэрэг баримтуудыг,

Хариуцагч Л-аас Л-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, А.Лхагвасүрэн болон Ц.Батаа нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, Ц.Батаа болон Чнарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ, А.Лхагвасүрэн болон Чнарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Т.Чимэддулам, С.Баяраа болон А.Лхагвасүрэн нарын хооронд хийсэн уулзалтын тэмдэглэл,  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18390667/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 18390667/140 эд хөрөнгө хураах тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4/29445 дугаартай мэдэгдэл, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 13/26 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэл зэрэг баримтуудыг,

Хариуцагч Д.Бгаас Л болон Д.Б нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 16/001 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, барьцааны гэрээ, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 хороололд байрлах 8470,0 м.кв талбайтай 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/08942 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж, Л-аас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тухай албан бичиг, Л-ийн хөрөнгө болох Дархан-Уул аймаг Дархан сум 11 дүгээр баг 13 дугаар хороололд байрлах 144 айлын орон сууцнаас иргэн Д.Бгийн төлбөрт өгөх байрны жагсаалт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол, 10 а байр, 2, 4, 5, 6, 9, 10, 14, 23, 25, 33, 34, 35, 36, 46, 47, 49, 51, 54, 58, 62, 64, 65, 68, 69 тоот 1423,42 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ГХ2017/01277 дугаартай гүйцэтгэх хуудас, Д.Бгаас 125,000,000, 150,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримт, Д.Бгийн дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Д.Б болон Л-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа сунгасан гэрээ, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/14 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээ, Д.Б болон М.Баатарсүрэн нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2020/03 дугаартай орон сууц худалдах-худалдан авах гэрээ, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол 10 б байрны 6, 9, 13, 14, 16, 27, 28, 29, 39, 41, 42, 43, 46, 51, 52, 60, 61, 62, 64, 65 тоот 1169,82 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1123 дугаартай албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг,  2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1286 дугаартай албан бичиг, улсын бүртгэлийн хувийн хэрэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 145 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 166 дугаартай тогтоол, Л болон Ч.С нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ, Ч.Сийн Хаан банк дахь дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Л.Жаргалсайханы Хаан банк дахь дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 62 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 189 дугаартай тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 213 дугаартай шинжээчийн дүгнэлт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2019/00171 дугаартай шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамж, Д.Б, Одгэрэл, Б.Дөлгөөн нараас Дархан 144 айлын оршин суугчдад өгсөн мэдэгдэл, Дархан-Уул аймаг Дархан сум 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10А, 10Б байрны захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 6/686 дугаартай, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6/916 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэрэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2017/09843 дугаартай талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/00446 дугаартай шийдвэр зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч О.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Бд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Л-аас 90,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Лнь худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

3. Хариуцагч Лнэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: О.О нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд тэрээр “Ласти интэрнешнл” ХХК-нд 90,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогддоггүй тул шаардах эрхгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

           Нэг талаас О.О, нөгөө талаас Л2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал болох Лнь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун 144 айлын барилгын Б блокны 1 дүгээр орцны 4 давхрын 14 тоот 71,46 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, тус байрны 11 тоот 20 м.кв талбайтай авто зогсоолыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч тал болох О.О орон сууцны хариу төлбөрт 78,606,000 төгрөг, авто зогсоолын хариу төлбөрт 15,000,000 төгрөг тус тус шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хэргийн 9 тал, 13 тал/      

 

           5. Нэхэмжлэгч О.О болон хариуцагч Л-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

6. Дээрх гэрээний дагуу хариуцагч Лнь гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлээгүй үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин нэхэмжлэгч О.О нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 90,000,000 төгрөгийг шилжүүлсэн эсэх, тухайн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар маргаж байна.

 

           7. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т “ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй” гэж заасан.

 

8. Худалдагч тал болох Лнь худалдах-худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй, тухайн хөрөнгө нь гуравдагч этгээд болох Ч.Сийн өмчлөлд шилжсэн, ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй байна.

 

            9. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулахаар шаардах эрх үүснэ.

            10. Нэхэмжлэгч О.О нь Л-ийн бусдад төлөх өрийг буюу “Шатле ББСБ” ХХК-нд төлөх 69,266,667 төгрөгийн өрийг төлөх замаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун 144 айлын барилгын Б блокны 1 дүгээр орцны 4 давхрын 14 тоот 71,46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнийг төлж барагдуулсан гэж тайлбарлаж байна.    

 

11. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2017/09843 дугаартай захирамжаар “Шатле ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн 5,853,333 төгрөгөөс татгалзаж, О.О нь үлдэх 69,266,667 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 10 дугаар сарын 30-ны дотор “Шатле ББСБ” ХХК-нд төлөх, төлөөгүй тохиолдолд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 6 дугаар хороолол, 33 дугаар байрны 68 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна.

Уг шийдвэрийн дагуу нэхэмжлэгч О.О нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 69,266,667 төгрөгийг “Шатле ББСБ” ХХК-нд төлж барагдуулсан болох нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна. /хэргийн 2 хавтас 155 тал/

 

12. Мөн нэхэмжлэгч О.О нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Л-нд өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 6 дугаар хороолол, 33 дугаар байрны 68 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 90,000,000 төгрөгт тооцон шилжүүлэхээр харилцан тохиролцож, улмаар хариуцагч Л-тай 2015.12.31-ний өдрөөс 2017.06.30-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж Лнь 90,000,000 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталсан.

Түүнчлэн хариуцагч Лнь О.Оийн өмчлөлийн тухайн орон сууцыг бусадтай буюу “Мастер стар” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх боловч орон сууц нь “Шатле ББСБ” ХХК-ийн барьцааны эрхээр хязгаарлагдсан шалтгаанаар “Мастер стар” ХХК үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахаас татгалзсан болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/00446 дугаартай шийдвэр, О.О болон Л-ийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

13. Нэхэмжлэгч О.О нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 6 дугаар хороолол, 33 дугаар байрны 68 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр Ш.Батнямын өмчлөлд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6/916 дугаартай албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна.  

 

14. Дээрх баримтуудаас үзэхэд, “Шатле ББСБ” ХХК нь нэхэмжлэгч О.От холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээний үүрэг шаардаж, улмаар талууд эвлэрэн хэлэлцсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байх тул хариуцагч Л-ийг “Шатле ББСБ” ХХК-аас зээл авсан гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, зөвхөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2017/09843 дугаартай захирамж, нэхэмжлэгч О.Оээс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Шатле ББСБ” ХХК-нд төлсөн 69,266,667 төгрөгийн баримтыг үндэслэн хариуцагч Л-ийн бусдад буюу “Шатле ББСБ” ХХК-нд төлөх 69,266,667 төгрөгийн өрийг нэхэмжлэгч О.Оийг төлсөн гэж эргэлзээгүйгээр нотлогдохгүй байна.

 

15. Иймд нэхэмжлэгч О.О нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 6 дугаар хороолол, 33 дугаар байрны 68 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч Л-нд шилжүүлээгүй, хариуцагч Лнь тухайн орон сууцыг барьцаалан “Шатле ББСБ” ХХК-аас зээл авсан болох нь тогтоогдохгүй байх тул О.О болон Л-ийн  хооронд 2015.12.31-ний өдрөөс 2017.06.30-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ нийлсэн 90,000,000 төгрөгийн тооцооны үлдэгдлийн баталгааны баримт үгүйсгэгдсэн гэж үзэхээр байна. 

 

16. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч О.О нь хариуцагч Л-нд худалдах-худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн хэлэлцэн тохиролцсон үнийг төлсөн болох нь баримтаар нотлогдоогүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан хариуцагч Л-аас 90,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрх үүсэхгүй.

 

17. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд, нэхэмжлэгч О.Оээс хариуцагч Л-ийн бусдад төлөх өрийг төлсөн гэх “Шатле ББСБ” ХХК-нд 69,266,667 төгрөг төлсөн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх боловч нэхэмжлэгч О.О нь хариуцагч Л-нд худалдах-худалдах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн болох нь баримтаар нотлогдоогүй тул хариуцагч Л-аас 90,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

18. Хариуцагч Д.Бгаас 90,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч О.О татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хариуцагч Д.Бд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

19. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

       

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л-аас 90,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч О.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Д.Бгаас 90,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч О.Оийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 625,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Ч.БАТЧИМЭГ