Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 12-ны өдөр       Дугаар 222/МА/2019/00006                  Баруун-Урт     

 

Сүхбаатар аймаг дахь ТАын

нэхэмжлэлтэй, тус аймгийн Мөнххаан

сумын Сд холбогдох

иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга С.Ариунжаргал

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нар оролцов. 

 

  Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 86 дугаар шийдвэрийг  эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгуллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сгийн давж заалдах гомдлоор Сүхбаатар аймаг дахь  ТАын  “актаар тавигдсан төлбөр 8293850 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлтэй тус аймгийн Мөнххаан сумын Сд холбогдох иргэний хэргийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймаг дахь  ТА шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Мөнххаан сумын Төсвийн ерөнхийлөн захирагч болон төсөвт байгууллагуудын 2016, 2017 оны төсвийн зарцуулалт, үйл ажиллагааны үр дүнд гүйцэтгэлийн аудит хийсэн. Сийн үйл ажиллагааны 2016, 2017 оны орлого 8.293.850 төгрөгийг төсвийг харилцах дансанд төвлөрүүлээгүй гадуур зарцуулсан зөрчил дутагдал илэрсэн юм. Энэ дутагдлыг эрхлэгч Л.Сгоор төлүүлэхээр акт тавигдсан. Энэ мөнгөний зарцуулалтыг Л.С өөрөө бие дааж хийсэн болохоор Л.С хариуцах ёстой. Сөөр хариуцуулахгүй хувь хүнээр хариуцуулна гээд байгаа нь уг орлогыг ямар ч баримт, бүртгэлгүйгээр зарцуулсан байсан. Үнэт цаасны бүртгэл гэж хөтлөгдөөгүй. Шалгалт хийхэд ямарч үзүүлэх юм байгаагүй. Тэгээд өөрөө манай үйлчлэгч дээр л бүртгэл байгаа гэхээр нь үйлчлэгчийг дуудаж авчирч бүртгэлийг үзье гэхэд гар / хар дэвтэр / дэвтэр авчирч үзүүлсэн. Энэ дэвтэр дээр өдөр бүрийн үйл ажиллагаа, орсон орлого, зарлага бүгдийг тэмдэглэсэн байсан. Үүнээс орлого зарлагыг түүвэрлэсэн юм. Анх бол 16 сая төгрөгийн асуудал яригдсан. Сг дуудаад баримт байвал гаргаж өг гэхэд хэдэн баримт авчирсан түүнийг хасаад 8 сая гаруй төгрөгийн ямар ч баримт гаргаагүй тул акт тавьсан. Шалгалтаас хойш 14 хоногт баримт байвал гаргаж өгөөрэй гэж хэлэхэд ямар ч баримт гаргаж өгөөгүй. Орлого зарлагаа бүртгээгүй байсан. Харин шүүхэд өгсөн хойно бол яг тааруулж шинээр баримт цуглуулж өгсөн байна. Орлого гэж нэг ч төгрөг бүртгээгүй. Шалгалтын явцад үзүүлэх юу ч байгаагүй. Сумын тамгын газрынхан орлого сайн ордог биднийг ч мөнгөгүй нэг ч оруулж байгаагүй гэж байсан. Хувь хүмүүс өөрсдөө билетээ хийлгээд зардаг гэж байгаа боловч тоглолт хийсэн М гэдэг хүнтэй утсаар ярьж хэдэн төгрөг өгсөн талаар асуухад 95000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Энэ нь ч кассын тэмдэглэлд бичигдсэн байсан. Үйлчлэгч гээд байгаа хүн нь касс давхар хийдэг байсан. Тухайн үед бол ашиглалын шинжтэй гэж үзсэн. Өөрөө би ажлаа өгье гэж байсан. Би тэгэхээр нь өрөвдөөд чи залуу хүн насаараа л ажил хийнэ шүү дээ төлбөрөө төлөөд ажлаа хийж байсан нь дээр шүү дээ гэж байсан. Энэ хүн тухайн үед дээрхи төлбөрийг зөвшөөрч төлнө гэж байсан боловч актын хувийг явуулж, дуудаж танилцуулахад гарын үсгээ зурахгүй гэсэн. Энэ актын талаар ямар нэгэн гомдол гаргаагүй юм. Давхардсан гэсэн 201.000, 73.500, шүлхийний үеэр зохион байгуулах арга хэмжээний 130.000 төгрөгийг хасч болох юм. Бусдыг бол хасах боломжгүй. Би хэдийгээр шалгалт хийсэн боловч ерөнхий аудиторт танилцуулж, зөвшөөрсний үндсэн дээр тавьсан. Иймд нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна гэв. 

 

              Хариуцагч Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын С шүүхэд гаргасан тайлбартаа: Аудитын байгууллага энэ мөнгийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Мөн шалгалт хийхдээ манай үйлчлэгчийг дуудаж түүний хар дэвтэр дээрээс орлого зарлагыг түүж хийсэн. Тухайн үед надаар 16 сая төгрөг төлүүлнэ гэж дарамтласан. Тэгээд би актыг зөвшөөрч байна гэж хэлсэн боловч актанд гарын үсэг зураагүй юм. Би энэ мөнгийг бол өөртөө зориулж ашигласан юм байхгүй. Ажил явуулахын тулд үйл ажиллагаандаа зарцуулсан. Энэ мөнгийг мэдэж зарцуулсан хүн нь бол би мөн. Ня-бо бол зарцуулалтанд оролцоогүй. Би эрхийг өгдөг. Манай орон тоо цөөн болохоор үйлчлэгч кассыг давхар хийдэг юм. Манай сум хүн ам цөөтэй, ямар нэгэн арга хэмжээ болоход сумын төвийн албан байгууллагатай хамтарч үйл ажиллагаа явуулдаг болохоор шимтгэл гэж авдаггүй. Хувь хүмүүс тоглолт хийхэд бол өөрсдөө билетээ гаргаад зардаг. Энэ орлого манайд ордоггүй. Шалгалтын материалд 201.000, бүжгийн 73.500 төгрөгийг давхардуулж бичсэн байсан. Эмэгтэйчүүдийн баяр, шинэ жилийн арга хэмжээ болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа нөхцөлд ямар нэгэн шимтгэл авдаггүй тул шимтгэл тооцсон нь буруу юм. Мөн шүлхий өвчний үеэр соёл урлагийн ямар ч арга хэмжээ зохион байгуулагдаагүй тул 130.000 төгрөг зэрэг хасагдах ёстой. Мын тоглолтын орлого гэж 1.085. 000 орлого олоогүй. Энэ хүн өөрөө билетээ зараад мөнгийг нь өөрөө авсан. Кассанд байсан 95.000 төгрөгийг л өгсөн. Бусад нь манайд ирээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

           Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 86 дугаар шийдвэрт: иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1, Төсвийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Сийн эрхлэгч Л.Сгоос 7.889.350 / долоон сая найман зуун наян есөн мянга гурван зуун тавь / төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, эхэмжлэлийн шаардлагаас 404.500 / дөрвөн зуун дөрвөн мянга таван зуу / төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, цлсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд 141.175 төгрөгийг хариуцагч Л.Сгоос гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

  Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С давж заалдах гомдолдоо: Сүхбаатар аймаг Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 147 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Нэхэмжлэгч ТАыг төлөөлж М нь анхан шатны баримтыг үндэслэж шалгалт хийх байх гэж бодсон боловч манай үйлчлэгчийн /хувь хүний/ хар дэвтрийг үндэслээд акт тавьсан. Актыг санхүүгийн баримтан дээр тулгуурлан тавьдаг гэж ойлгодог. Анхан шатны шүүх Мийн өгсөн нотлох баримтыг шүүгч үзээд нотлох баримт болохгүй гэж хэлж байсан. Шүүхэд нэхэмжлэх гаргасны дараа анхан шатны баримтуудыг нярваасаа авсан. Энэ бол надад байгаагүй баримтууд, энэ баримтуудыг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нярваасаа авчирч өгсөн: Энэ их хэмжээний мөнгийг хувьдаа аваагүй, байгууллагын үйл ажиллагаа, урсгал засвар үйлчилгээнд зарцуулагдсаны баримтыг хавсаргасан. Сд зохион байгуулагдсан гадны тоглолт арга хэмжээний орлогыг манай өөрийн орлого мэтээр оруулж тооцсон байсан. Энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа учраас шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Аудитын тухай хуульд зааснаар энэ газар нь хяналт шалгалт хийдэг байгууллага болохоос биш, төлбөр барагдуулахаар нэхэмжлэл гаргадаг байгууллага биш байх гэж бодож байна гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сүхбаатар аймаг дахь ТА нь Мөнххаан сумын Сийн үйл ажиллагааны 2016, 2017 оны төсөвт төвлөрүүлэх орлогоос 8293850 төгрөгийн орлогыг төсвийн харилцах дансанд төвлөрүүлэлгүй гадуур зарцуулсан зөрчил гаргасан үндэслэлээр тус төвийн эрхлэгч Л.Сд 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/1557 СБА-2018/03-ГА дугаартай акт тавьсан ба актын биелэлтийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Хариуцагч Сийн эрхлэгч Л.С нь ТА нэхэмжлэл гаргах субъект биш учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Сийн санхүүгийн тайланд 2016, 2017 оны орлого, зарлагыг тусгаагүй, актад 404500 төгрөгийн орлогыг давхардуулж тооцсон үндэслэлүүдээр  нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрөн “ТАын аудитор А.М нь санхүүгийн баримтанд   бус үйлчлэгчийн гар тэмдэглэлд /хар дэвтэр/ үндэслэн акт тавьсныг зөвшөөрөхгүй, Аудитын тухай хуульд зааснаар  ТА нь хяналт шалгалт хийдэг байгууллага болохоос төлбөр барагдуулахаар нэхэмжлэл гаргадаг байгууллага биш гэж ойлгодог тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасан байна. 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Монгол  улсын  Үндсэн  хуулийн 16 дугаар зүйлийн 14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” гэж заажээ.

 

 Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаас үзэхэд төрийн аудитын байгууллага нь улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий байгууллага байх бөгөөд Сүхбаатар аймаг дахь ТА нь  аудитын актаар тогтоосон төлбөрийг барагдуулахаар нэхэмжлэл гаргасан нь энэхүү чиг үүрэгт хамааралгүй төдийгүй тухайн байгууллагын эрх ашиг зөрчигдсөн гэж үзэхээргүй байна. 

 

Төрийн аудитын байгууллага нь Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т  “Нийцлийн аудит нь аудит хийлгэсэн байгууллага үйл ажиллагаандаа хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актаар тогтоосон шаардлагыг сахин биелүүлж байгаа байдлыг шалгаж дүгнэлт, зөвлөмж гаргана”, энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т  “аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих”, энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13-т “төрийн албан хаагч хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитын явцад илэрвэл түүнд хууль тогтоомжид заасны дагуу сахилгын хариуцлага тооцуулах асуудлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавих”, энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “... гүйцэтгэлийн болон нийцлийн аудитаар материаллаг шинжтэй зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ”, энэ хуулийн 28.2-т “төрийн аудитын байгууллагаас тавьсан албан шаардлага, төлбөрийн актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд  зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах тухай саналыг төрийн аудитын байгууллага эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд Сүхбаатар аймаг дахь ТА нь аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих бүрэн эрхтэй боловч, актаар тогтоогдсон төлбөрийг нэхэмжлэх эрхийг хуулиар олгосон гэж үзэх боломжгүй юм. 

 

Өөрөөр хэлбэл Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан аудит хийх бүрэн эрхэд аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах ажлыг зохион байгуулах буюу улсын төсөвт төвлөрүүлэх, энэ талаар шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах тухай агуулга тусгагдаагүй байна.   

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлын “Аудитын газар төлбөр барагдуулахаар нэхэмжлэл гаргадаг байгууллага биш” гэснийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 167.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 147/ШШ2019/00086 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Сүхбаатар аймаг дахь ТАын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

Хоёр. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  142000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

Гурав. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              О.БААТАРСҮХ

 

                                        ШҮҮГЧИД                             С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                      Д.БАЙГАЛМАА