Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 33

 

Ч.Э, Б.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Л.Алтан, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, прокурор А.Анхбаяр /цахимаар/, шүүгдэгч Б.С /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолтой, Ч.Э, Б.С нарт холбогдох, 2135000000073 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Б.Цагцалмаагийн давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын -нд Увс аймгийн У суманд төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжгийн багш-дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг 2-4 тоотод оршин суух, төрийн одон меалиар шагнагдаж байгаагүй, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 540.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан,  Х îâîãò Ч-ийн Э,

Монгол Улсын иргэн, 19 оны дугаар сарын -нд Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй,  ам бүл 1, Увс аймгийн Т сумын  дугаар багт оршин суух, төрийн одон медалиар шагнагдаж байгаагүй, ял шийтгүүлж байгаагүй, Х îâîãò Б-ны С.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ч.Э нь Увс аймгийн Улаангом сумын нутгаас хохирогч М.Т-ын гээгдүүлсэн А71 загварын гар утсыг 2020 оны 10 дугаар сард олж авч бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан,

Шүүгдэгч Б.С нь Увс аймгийн Улаангом сумын нутагт хохирогч М.Т-ын гээгдүүлсэн А71 загварын гар утсыг 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж иргэн Ч.Эөөс худалдан авсан, эзэмшсэн, ашигласан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Ч-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Х овогт Б-ны С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Э-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000/ зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.С-ыг 6 /зургаа/ сар хорих ялаар тус тус шийтгэж,

ялтан Ч.Э нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Самсунг-А71 загварын гар утсыг хохирогч М.Т-т буцаан олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Эөөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500.000 төгрөгийг хурааж, улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Сд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.С нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцсон. Анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сар хорих ял оногдуулсан байдаг.

Шүүгдэгч Б.С нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч М.Түмэнбаярын гээгдүүлсэн “Самсунг А71” загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж иргэн Ч.Эөөс худалдан авч, эзэмшиж ашигласан болохоо мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч, болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлж ирсэн.  

Шүүгдэгч Б.С анх энэ хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Би тэр гар утсыг Ч.Э ахаас 800.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон, 500.000 төгрөгийг бэлнээр өгөөд, үлдэгдэл 300.000 төгрөгийг дараа нь өгөхөөр болсон юм” гэсэн байдаг. Шүүхээс шүүгдэгчийн анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр түүнд хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэх боломж байсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох гар утсыг буцаан өгсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 11 дүгээр сард миний утасны дэлгэц хагарсан тул би Ч.Э ахын олж авсан А71 загварын гар утсыг авахаар очсон. Тэгээд бид хоёр ярилцаад тэр утсыг 800.000 төгрөгөөр авахаар тохиролцоод 500.000 төгрөгийг бэлнээр өгөөд 300.000 төгрөгийг дараа өгөхөөр болсон. Би тухайн үед энэ утсыг Ч.Э ахаас авахдаа олж авсан утас гэдгийг мэдэж байсан. Дараа нь Ж.Гантулга гэж цагдаа утсаар яриад “Таны барьж байгаа утас бусдын эзэмшлийн утас байна” гэж хэлээд, намайг дуудаад тэр утсыг хурааж авсан.

Би энэ талаар хэрэг төвөг болно гэж бодохгүй явж байтал 2021 оны 5 дугаар сарын эхээр Х.Энхтуул гэж прокурор над руу холбогдоод “Ч.Э ял тохиролцъё гэсэн хүсэлт гаргасан. Чи ял тохиролцох уу” гэхэд би тэр талаар мэдлэггүй учир тэгээд орхисон. Намайг шүүх хуралдааны танхимаас гарсны дараа Х.Энхтуул прокурор “Чи өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахгүй яасан юм бэ?” гэж хэлсэн.

Би тухайн үед олж авсан утас нь хулгайн утсанд тооцогддог гэдгийг мэдээгүй. Би ийм зүйлд холбогдсондоо маш их харамсаж байна. Намайг анхан шатны шүүхээс 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Увс аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Анхбаяр би шүүгдэгч Ч.Э, Б.С нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Б.Цагцалмаа нь шүүхээс Б.Сд оногдуулсан эрүүгийн хариуцлага хүндэдсэн гэж давж заалдах гомдол гаргасан байна.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Сыг гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрөхгүй байна гэж дүгнээд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага зэргийг нь харгалзан үзэж түүнд 6 сар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байсан. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлүүдийг хуульд тусгайлан зааж өгсөн байдаг бөгөөд тус үндэслэлд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол хамаарахгүй байна гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Б.Цагцалмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолтой, Ч.Э, Б.С нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Б.Цагцалмаагийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол  үндэслэл бүхий болсон байна гэж дүгнэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй байна. 

Шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 10 дугаар сард хохирогч М.Тын гээгдүүлсэн 917.604 төгрөгийн үнэ бүхий Samsung galaxy А71 загварын гар утсыг олж авч бусдын өмчлөл, эзэмшлийн хөрөнгө болохыг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

шүүгдэгч Б.С нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Samsung galaxy А71 загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж Ч.Эөөс худалдан авч, эзэмшиж, ашигласан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Ч.Э нь 2020 оны 10 дугаар сард өөрийн унаж ашиглаж байсан  автомашин дотроос бусдын эзэмшлийн Samsung galaxy А71 загварын, цайвар ногоон өнгийн гар утсыг олж авч, өөрийн хэрэгцээнд ашиглаж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Сд 500.000 төгрөгөөр худалдсан, Б.С нь уг гар утсыг Ч.Эийн эзэмшлийнх бус, түүнийг гээгдэл эд зүйл ашиглаж байгаа гэдгийг мэдсээр байж худалдан авч, эзэмшсэн үйл баримт тус тус тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ч.Э нь өөрийн автомашинаар такси үйлчилгээ үзүүлж байх явцад үйлчлүүлэгчийн болгоомжгүй байдлын улмаас түүний автомашинд хаяж орхисон эд зүйл болох 917.604 төгрөгийн үнэ бүхий, Samsung galaxy А71 маркийн гар утсыг бусдын эзэмшлийн хөрөнгө гэдгийг мэдсээр байж, өөртөө авч ашиглаж, бусдад зарж борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан “ ...гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан ” гэмт хэргийн,

шүүгдэгч Б.С нь Ч.Эийн эзэмшилд буй  Samsung galaxy А71 загварын гар утас нь хууль бус аргаар эзэмшиж байгаа буюу гээгдэл эд хөрөнгө  завших гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж, түүнийг худалдан авч ашиглаж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т заасан “ .. гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан “ гэх гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

Анхан шатны шүүх  шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Ч.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй  гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Б.Цагцалмаагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “Б.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх   гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасныг баримтлан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр  зүйлийг хэрэглэж тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтын  суурь үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байх нөхцөл бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх шаардлага нь агуулга, онолын үзэл баримтлалын хувьд анхан шатны шүүхээр гэм буруугийн асуудал хэлэлцэгдэх үед болон түүний өмнөх шатанд хэрэгжсэн байхыг ойлгоно. 

Түүнчлэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх гэдэг нь: 1.Гэм буруутай үйлдлээ зөвшөөрсөн байх, 2.гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байх, 3. гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу хохирол, хор уршгийн хэр хэмжээ, тухайн гэмт хэргийг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.С нь анхан шатны шүүх хуралдаан дээр бусдын гээгдэл гар утас худалдаж авснаа хүлээн зөвшөөрсөн боловч өөрийн уг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж гэм буруугийн талаар маргасан байх тул шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг няцаах үндэслэл тогтоогдохгүй  байна.

Мөн шүүгдэгч Б.С давж заалдах шатны шүүх хуралдан дээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан нь түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэн хорих оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэх үндэслэл болохгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Б.Цагцалмаагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл шүүгдэгч Б.Сын цагдан хоригдсон 78 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.С-ын цагдан хоригдсон 78 / далан найм/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Л.АЛТАН 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.ЖАМБАЛСҮРЭН