Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 156/ШШ2023/00636

 

 

 

 

 

 

2023 11 28 156/ШШ2023/00636

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС.

 

156/2023/00651/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, Хэнтий аймгийн НДХ-ийн нэхэмжлэлтэй, А о ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 894 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Хариуцагчийн төлөөлөгч: Ж.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн НДХ-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2861402 тоот регистрийн дугаартай АО ХХК нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дэвсгэрт хүнс, барааны дэлгүүрийн жижиглэн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж 2006 оноос нийгмийн даатгалд хамрагдаж, тайлан тооцоо хийж байсан. 2022 оны 02 сараас нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан авлага үүсгэснээр оны эцсийн байдлаар нийгмийн даатгалын санд 894600 төгрөгийн өртэй гарсан байна. Тус авлагыг барагдуулахаар тухайн байгууллагын захирал Ж.Б-тэй удаа дараа уулзсан, утсаар ярьхад төлнө гэдэг боловч одоогийн байдлаар утсаа авахгүй, тооцоо нийлэхгүй байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан авлага 894600 төгрөгийг тус АО ХХК-ны захирал Ж.Б-ээр төлүүлж, нийгмийн даатгалын санг хохиролгүй болгон, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалж 894 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021, 2022 онд тавигдсан өр гээд байгаа юм. Гэтэл 2020 оны 12 дугаар сард манай компанийн үйл ажиллагаа зогсож татвар болон Х тайлангаа гаргаж өгсөн. Нийгмийн даатгалаас надад тухай бүрд нь хаая гэсэн мэдэгдэл өгөөгүй. Гэнэт л энэ намраас надад өр төлбөрийн талаар хэлсэн. Би компанийн үйл ажиллагаа зогссоноос хойш тавигдсан өр болохоор төлөхгүй гээд байгаа юм. Нийгмийн даатгалын хүмүүс өдөр болгон надтай таарч байж энэ талаар мэдэгдэж, хариу өгч болно шүү дээ. Гэтэл ямар ч мэдэгдсэн зүйл байхгүй 2 жил болчхоод энэ намар л хэлж байна. Би нийгмийн даатгалын ажилтанд ах нь төлөх боломжгүй, 10 сард эхнэр маань нас бараад 12 сард үйл ажиллагаагаа зогсоосон гэдгийг та нар бүгд мэдэж байгаа шүү дээ, нийгмийн даатгал дээр ийм асуудал байсан бол яагаад надад мэдэгдээгүй юм бэ. Иймд нэхэмжлэлийн шаардлага 894 600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд:  2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 23180002004193 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 5-6-р тал/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-р тал/, Баян-Адарга сум, АО ХХК-ийн 2022 оны нийт цалин /хх-ийн 8-р тал/ зэрэг баримтууд ирүүлсэн байна.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн НДХ  нь хариуцагч АО ХХК-д холбогдуулан 894 600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүхээс хэрэгт цугларсан баримт болон зохигчийн тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

1. Нэхэмжлэгч нь хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан авлага 894 600 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч нь 2020 оны 12 дугаар сараас үйл ажиллагаа зогссон, ямар нэгэн өр төлбөргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо нь нийгмийн даатгалын төв байгууллага, орон нутгийн салбар нэгж /төлөөлөгч, байцаагч/ -аас бүрдэнэ гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Нийгмийн даатгалын байгууллагын эрхийг, 25.1.1-д анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүйгээс хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох боломжгүй болсон ажил олгогчид түүнтэй адилтгах үйлдвэрлэл, үйлчмлгээ эрхэлж байгаа ажил олгогчийн жишгээр шимтгэл оногдуулах, 25.1.2-т тогтоосон хугацаанд шимтгэл төлөөгүй ажил олгогчийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг шимтгэл төлж дуустал түр зогсоох гэх мэт эрхтэй байхаар хуульчилсан байна.

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.7-д байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын байр, ажиллагчдын тоог цалингийн сан, төлсөн шимтгэлийн тооцоотой тулган шалгаж байх эрхийг Нийгмийн даатгалын байцаагчид олгосон байна. Гэтэл хуульд заасан эрх, үүргээ биелүүлээгүй буюу үйл ажиллагаа явуулахгүй болсон хуулийн этгээдийг хэрхэн яагаад шимтгэлээ тухай бүр төлөхгүй байгаа талаар огт ажиллагаа явуулаагүй атлаа нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхээр шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын байцаагч нь шимтгэлээ төлөөгүй аж ахуй нэгжийг тухай бүрт нь шалгаж байх үүргээ хэрэгжүүлээгүй атлаа ямар үндэслэлээр шимтгэлийн өр төлбөртэй гэж үзэж нэхэмжлэл гаргаж ббайгаа нь тодорхойгүй юм. Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй талаар зохицуулсан ба нэхэмжлэгч, хариуцагч нарын дунд шимтгэл төлж байх харилцаа үүссэн талаар болон хэзээнээс энэ өр авлага үүссэн, хэрхэн төлөгдөөгүй талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй болно.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 2[1]-р зүйлийн 7-д шимтгэл төлөгч гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг хэлнэ гэж хуульчилсан ба нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн баримтаас үзэхэд хариуцагч компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг ирүүлсэн боловч үйл ажиллагаа явуулж, шимтгэл төлөгч байсан гэдгийг нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч хуулийн этгээдийг 2006 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж, шимтгэл төлөгч байсан гэж бичсэн байх боловч энэ талаар баримтыг хэрэгт ирүүлээгүй нь хариуцагчийг шимтгэл төлөгч байсан гэдгийг нотлоогүй байна гэж дүгнэлээ. Мөн хэргийн материалын 8-р талд байгаа Баянадарга Адаргын овоо ХХК 2022 Цалин гэх хүснэгтээс Б Ж гэх бичилттэй 1,2-р сард 420 000 төгрөгөөр цалин бодогдсон байх ба үүнээс хойш буюу 3 сараас хойш цалин бодогдоогүй гэсэн тэмдэглэлтэй байна. Энэ хүснэгтээс үзэхэд Б Ж нь цалин аваагүй байна гэж харагдахаар байгааг дурдаж байна. Иймд цугларсан баримтын хүрээнд нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 25.1-д зааснаар Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, АО ХХК-д холбогдох 894 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.    Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.ОТГОНЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1]