Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2023/01000

 

 

 

 

2023         12        06                                           151/ШШ2023/01000

                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, Ерөнхий шүүгч Д.Алтантуул, шүүгч Д.Отгончулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,                                                                                                                                                    

Нэхэмжлэгч: ... “М. Д.” ХК,

Хариуцагч: ... Э.А.,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 11,956,930 төгрөг гаргуулах.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Ч,

Хариуцагx: Э.А

Хариуцагчийн өмгөөлөгч: М.М,

Гэрч: Д.И

Иргэдийн төлөөлөгч: Д.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Г.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.1.Нэхэмжлэгч М.Д” ХК нь хариуцагч Э.Ахолбогдуулан  гэм хорын хохиролд 11,956,930 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “Манай компанийн Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний даатгуулагч Д.Инь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 08-09УНЗ улсын дугаартай Ландровер Рэнжровер /LandRover Rangerover/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Баянзүрх дүүргийн Цэцэрлэгт хүрээлэнгийн арын замаар явж байх үед нь 70-42УНИ улсын дугаартай Тоёото аксио /Toyota Axio/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Ань Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсооход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд 11,956,930 төгрөгийн хохирол учруулсныг манай компани төлж барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ”, Даатгалын тухай хуулийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж заасны дагуу “Хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ”-гээр шилжүүлэн авсан. Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу гэм хорын хохиролд 11,956,930 төгрөгийг хариуцагч Э.Агаргуулж өгнө үү” гэжээ. 

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хариуцагч Э.Агэм хорын хохиролд 11,956,930 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч зурагдаж, хагарсан гэж байна. Гэхдээ хаалга бол урагдаж, хагарсан биш нэлээн том гэмтэл авсан байдалтай байдаг. Уг машин сүүлийн үеийн машин болохоор материал нь карбонаар хийдэг. Хариуцагчийн хэлж байгаагаар хямд засвар дээр очоод хийгдэх боломжгүй материал. Шил хагараагүй гэдэгт маргахгүй. Харин хаалгыг бүхэлд нь солих шаардлагатай гэсэн үнэлгээ гарсан учраас бид нөхөн төлбөрийг бусад үнэлгээ, судалгаатай харьцуулсны үндсэн дээр олгосон” гэв.

2.1.Хариуцагч Э.Ашүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ...УНЗ улсын дугаартай Ландровер Рэнжровер маркийн авто тээврийн хэрэгслийн арын хаалгыг мөргөж, гадна хальсыг гэмтээсэн боловч ...УНЗ улсын дугаартай машины жолооч Д.Инь үнэлгээг надтай хамт очиж хийлгэх ёстой байсан боловч надгүйгээр үнэлгээ хийлгэж хариуцагч миний барагдуулах ёстой хохирлоос хэтрүүлэн арын хаалганы эвдэрч хагараагүй шил, нугас, автоматжуулалтыг нэмж үнэлгээнд оруулж, “М.Д” ХК-аас миний барагдуулах мөнгөн дүнгээс хэтрүүлэн авсан тул нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хохирлын үнэлгээ дээр маргаж байгаа. Автомашины ард талын хаалга нь засагдах боломжтой гэсэн. Гэтэл үнэлгээ гаргуулаад, шил нь хагараагүй байхад тэр шилний үнийг төлүүлэх үнэлгээ гаргуулан даатгалаас мөнгө гаргуулсныг даатгал надаас нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Хэрвээ төлүүлнэ гэвэл би сольсон хаалгаа авч, тодорхой үнээр борлуулмаар байна. Гэвч Д.Итгэлмаагийн хэлж байгаагаар солиулсан гээд байгаа хаалга нь ч олдохгүй, машинч байхгүй гэж байна” гэв.

2.2.Хариуцагчийн өмгөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэм буруу дээрээ маргаж байгаа зүйл байхгүй. Машиныг очиж мөргөж хохирол учруулсан. Машины ар талын хаалганд зураас гаргаж, мөргөсөн байгаа. Хохирогч болох Д.Инь хаалгаа бүтнээр нь солиод, хаалгаа бүтэн үнэлүүлж, хохирлын төлбөрөө авсан байдаг. Манай үйлчлүүлэгчийн зүгээс эвдэрсэн хаалгаа үнэлүүлээд, шилнийхээ үнийг хасуулбал бусад үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Хаалганы хагархайг нь хангалттай засаад, ямар ч сэв зураасгүй болгоод засдаг болчихсон. Будгийн үнэ нь 1,100,000 төгрөг, ажлын хөлстэйгөө нийлээд 1,500,000 төгрөг багтаад засагдана. Ингээд засагдчихвал буцаагаад хаалгаа зарж нийлүүлэхэд тал мөнгийг нь олно гэж бодсон. Гэхдээ хаалга олдохгүй гэсэн зүйлийг ярьсан. Шинжээчийн дүгнэлтээр засвар авах боломжтой, шил нь хагараагүй байсан гэсэн олон үнэлгээнүүд байгаа. Хамгийн сүүлд гаргасан үнэлгээ нь 9,376,000 төгрөг гэсэн байгаа. Бид ярилцаад шил нь хамт үнэлэгдсэн байгаагаас шилний 4,500,000 төгрөгийг хасаад, үлдсэнийг төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд нэхэмжлэлийн үнийн дүнг зөвшөөрөхгүй байна” гэв.

3.Иргэдийн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Э.Ань автомашин барьж явахдаа хурд хэтрүүлэн гэрлэн дохион зогсож байгаад машиныг мөргөснөөр буруутай болон хэргээ хүлээсэн. Гэм буруутай Э.Ань хэргээн хүлээн зөвшөөрч “М.Д” ХК-д нэхэмжлэлийг төлөхөөр шийдвэрлэх нь зөв гэж үзэж байна. Сольсон хаалгаа авна гэж байгаа боловч одоо байхгүй байгаа юм байна. 5,000,000-6,000,000 төгрөг өгчихвөл болох юм болов уу гэж бодож байна”  гэжээ.  

4.Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл (хх-1-2), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-3), итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-4-5, 71, 81-82), хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар (хх-6), зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч (хх-7-8), хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ (хх-9), “М.Д” ХК-аас Д.Ид нөхөн төлбөр төлсөн шилжүүлгийн мэдээлэл (хх-11), классик тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ (хх-11-14), Д.Итгэлмаагийн “М.Д” ХК-д гаргасан хүсэлт (хх-15), ...УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ (хх-16), Д.Иийн иргэний болон жолооны үнэмлэхний хуулбар (хх-17), “Итгэлт эстимейт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан (хх-18-19), 7042УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ (хх-20), Э.Азбилэгийн жолооны үнэмлэхний хуулбар (хх-21), итгэмжлэл, “М.Д” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-81)нотлох баримтаар, хариуцагч талаас: хариу тайлбар (хх-28-29), хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-41), фото зураг (хх-41)-ыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

5.Шүүхээс, зохигчийн хүсэлтээр Д.Иг гэрчээр асууж, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аар хохирлын үнэлгээний шинжилгээ (хх-50-64)-г хийлгэсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх бүрэлдэхүүн, хариуцагч Э.А гэм хорын хохиролд 8,876,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М.Д” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,080,930 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч “М.Д” ХК нь хариуцагч Э.Агэм хорын хохиролд 11,956,930 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: “Манай компанийн авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний даатгуулагч Д.Инь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 08-09УНЗ улсын дугаартай Ландровер Рэнжровер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Баянзүрх дүүргийн Цэцэрлэгт хүрээлэнгийн арын замаар явж байх үед нь 70-42УНИ улсын дугаартай Тоёото Аксио маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Ань Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд 11,956,930 төгрөгийн хохирол учруулсныг манай компаниас барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээний дагуу шилжүүлэн авсан. Иймд 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэм хорын хохиролд 11,956,930 төгрөгийг гаргуулна” гэжээ.

3.Хариуцагч Э.Ань дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үгүйсгэсэн. Үүнд: “2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ...УНЗ улсын дугаартай Ландровер Рэнжровер маркийн авто тээврийн хэрэгслийн арын хаалгыг мөргөж, гадна хальсыг гэмтээсэн боловч ...УНЗ улсын дугаартай машины жолооч Д.Инь үнэлгээ хийлгэхдээ надтай хамт очиж хийлгэх ёстой байсан боловч надгүйгээр үнэлгээ хийлгэж хариуцагч миний барагдуулах ёстой хохирлоос хэтрүүлэн арын хаалганы эвдэрч хагараагүй шил, нугас, автоматжуулалтыг нэмж үнэлгээнд оруулж, “М.Д” ХК-аас миний барагдуулах мөнгөн дүнгээс хэтрүүлэн авсан, сольсон хаалгыг нь өгчихвөл засуулаад борлуулах боломжтой ч байхгүй тул нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө.

Нэхэмжлэгч М.Д” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Батчимэг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба хуулийн этгээдийг шүүхэд төлөөлж, нэхэмжлэгчийн бүх эрхийг А.Чин-Эрдэнэ, Э.Оюунсайхан нарт итгэмжлэлээр олгосон байна. /хх-71/

5.Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг хүссэн бөгөөд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1, Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл (хх-1-2), зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч (хх-7-8), хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ (хх-9), “М.Д” ХК-аас Д.Ид нөхөн төлбөр төлсөн шилжүүлгийн мэдээлэл (хх-11), классик тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ (хх-11-14), Д.Иийн “М.Д” ХК-д гаргасан хүсэлт (хх-15), ...УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ (хх-16), Д.Итгэлмаагийн иргэний болон жолооны үнэмлэхний хуулбар (хх-17), “Итгэлт эстимейт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан (хх-18-19), 7042УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ (хх-20), Э.Азбилэгийн жолооны үнэмлэхний хуулбар (хх-21), “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аар хохирлын үнэлгээний дүгнэлт (хх-50-64) зэрэг бичгийн нотлох баримт, гэрч Д.Иийн мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргасан зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1.Имарт худалдааны төвийн уулзварт 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 10 минутын үед Д.Игийн эзэмшлийн 08-09УНЗ улсын дугаартай Ландровер Рэнжровер маркийн тээврийн хэрэгслийн араас хариуцагч Э.Ань жолоодож явсан 70-42УНИ улсын дугаартай Тоёото аксио маркийн тээврийн хэрэгслээр мөргөж зам тээврийн осол гаргасан, түүний улмаас Ландровер Рэнжровер маркийн тээврийн хэрэгслийн хойд багаж, Тоёото аксио маркийн тээврийн хэрэгслийн урд гуперт эвдрэл гэмтэл учирсан болох нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвчээр нотлогдож байна.  (хх-7-8)

Харин нэхэмжлэгч М.Д” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан хариуцагч Э.Ань Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсооход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэх хуулийн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, тус ослын талаарх цагдаагийн байгууллагын шийдвэр хэрэгт авагдаагүй боловч хариуцагч гэм бурууд маргаагүй, осол хэрэг болсныг хүлээн зөвшөөрч байна.

6.2.Тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.Инь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Итгэлт эстимэйт” ХХК-ийн Баянзүрх дүүрэг дэх салбараар ДД№25331804404 дугаартай “Авто машин техникийн үнэлгээний тайлан” гаргуулсан байна. Тус үнэлгээг Д.Игийн захиалгаар гүйцэтгэсэн байх бөгөөд “Багажны хаалга /дан/ урагдаж цоорсон байсан. Эд ангийн эвдрэлийн зэргийг үзлэг хийх үеийн байдал болон “Старчейз-Автомотив Лимитд” ХХК-ийн үнийн санал /дүгнэлт/-ийг үндэслэн тогтоов” гэсэн байх ба үнэлгээг ашиглаж болох нөхцлүүдэд “буруутай эзнээр хохирол төлүүлэх, даатгалаас нөхүүлэхэд ашиглана” гэжээ.

Уг үнэлгээгээр “багажны хаалга /дан/ 7,699,000 төгрөг, багажны хаалганы шил 4,508,000 төгрөгөөр солино, будах зардал 1,026,000 төгрөг, будагны зардал 870,000, төгрөгөөр тооцож, нийлбэр дүнгээр хохирлыг 14,775,000 төгрөгөөр үнэлжээ. Өөрөөр хэлбэл, хагараагүй гэх багажны шилийг ямар учраас солих шаардлагатай болохыг тайланд тусгаагүй, буруутай этгээд, эсхүл даатгалаас хохирол гаргуулахад ашиглах зорилготой гэдгийг тодорхойлсон хэдий ч эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй бусад этгээдэд тогтоосон хохирлын үнэлгээний тайланг захиалагч, үнэлгээчин, нөхөн төлбөр олгосон нэхэмжлэгч ч өмнө нь хариуцагч Э.А танилцуулаагүй байна. (хх-18)

6.3.Д.Инь ”М.Д” ХК-тай 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 22021280 дугаартай “Классик тээврийн хэрэгслийн даатгал”-ын гэрээгээр ...УНЗ улсын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдэж, 2016 онд Монгол Улсад орж ирсэн зах зээлийн үнийг 100,000,000 төгрөгөөр талууд тохиролцон үнэлж, үнэлгээний 1,5 хувьтай тэнцэх хураамж төлж, 1 жилийн хугацаатай байгуулжээ. (хх-11-14)

Энэ даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд гэрээний 1.1.b-д заасан “даатгалын зүйлд замын хөдөлгөөнд оролцох үед тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэхэд учирсан хохирлыг нөхөн төлнө” гэсэн даатгалын тохиолдол үүссэн. Иймд хариуцагч Э.Агийн даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 11,956,930 төгрөгийг “М.Д” ХК-аас Д.Игийн эзэмшлийн Голомт банк дахь дансанд “EB-МАНДАЛ-с НТ22021280 CL 2023/441 ш-в” гүйлгээний утгаар 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлж, тухайн хохирлыг нэхэмжлэх эрхийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Д.Итай байгуулсан “Хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ”-ээр нэхэмжлэгч М.Д” ХК өөртөө шилжүүлэн авчээ. (хх-9-10)

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно” гэж, 123 дугаар зүйлийн 123.4-т “Үүрэг гүйцэтгэгч нь шаардах эрх шилжих тухай мэдэгдэл хүлээн авах үеийн бүх татгалзал, хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй” гэж, мөн хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” гэж, Даатгалын тухай хуулийн 8.7-д “даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж  тус тус заасантай нийцэж байна.

7.Хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авснаар “М.Д” ХК нь хариуцагч Э.Ахолбогдуулан гэм хорын хохиролд 11,956,930 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Харин тухайн хохирлыг нөхөн төлөх этгээд нь хэн болохыг буюу хариуцагчаар хэнийг тодорхойлох нь нэхэмжлэгч “М.Д” ХК-ийн эрхэд хамаарах бөгөөд зам тээврийн осол гаргасан 70-42УНИ улсын дугаартай Тоёото Аксио маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Тера анлимитэд” ХХК байх боловч тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.А гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар шаардсаныг шүүх үндэслэлтэй гэж дүгнэв.

8.Д.И, “М.Д” ХК нарын хооронд байгуулагдсан “Классик тээврийн хэрэгслийн даатгал”-ын гэрээний 2.5-д “Хохирлыг нөхөн төлсний дараа буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэх эрхээ Даатгагчид шилжүүлэх ба Даатгагчийн буруутай этгээдэд нэхэмжлэл гаргах үйл ажиллагаанд бүхий л талын туслалцаа үзүүлж хамтран ажиллах үүрэгтэй. Мөн 2.6-д “Даатгалын тохиолдол үүссэнийг нотлох аливаа зүйл, баримт бичиг, нөхөн төлбөрийн материалд хамаарах бусад баримт, нотолгоог өөрчлөлт оруулахгүй хадгалах бөгөөд даатгалын зүйл эвдэрсэн эсхүл гэмтсэн тохиолдолд тухайн эвдэрсэн, гэмтсэн хэсгийг Даатгагчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн хяналтаас гаргахгүй буюу устгахгүй байх үүрэг”-ийг даатгуулагч хүлээсэн.

Хэрэгт авагдсан баримтаар даатгуулагч дээрх хүлээсэн үүргээ биелүүлж даатгагч буюу нэхэмжлэгчид эвдэрсэн буюу гэмтсэн хэсгийг өөрийн хяналтаас гаргахгүй буюу устгахгүй байх үүргээ биелүүлээгүй, засварын газарт орхиж үрэгдүүлсэн болох нь шүүх хуралдаанд даатгуулагч Д.Игийн өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

9.“Классик тээврийн хэрэгслийн даатгал”-ын гэрээний “нөхөн төлбөрийн нөхцөл”-ийн 11-д “Даатгалын эрсдлийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хохирол үнэлгээний компанийн үнэлгээний тайланг үл хамааран Даатгагчийн сонголтоор мөнгөн эсвэл гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих хэлбэрээр нөхөн төлнө”, 13-т “Даатгалын зүйл түүний тодорхой хэсгүүдэд учирсан хохирлыг Даатгагч солих, сэлбэх эсвэл бодит үнээр нөхөн төлсөн тохиолдолд тухайн эд зүйл нь Даатгагчийн эзэмшилд шилжинэ” гэж заасан гэрээний заалтуудаа даатгагч, даатгуулагч хэн аль нь зөрчсөний улмаас хариуцагч Э.Ань эвдэрч гэмтсэний улмаас сольсон гэх багажийг /шилтэй/ нь салган өөртөө авч, учирсан бодит хохирлыг нөхөн төлөхөд гарах зардлаа бууруулах /сольсон хаалгыг засч борлуулах/ боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн, хариуцагчийн “хагараагүй багажны шилийг” хохиролд оруулан төлснийг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

10.Хариуцагч Э.А хохирлын бодит хэмжээг үл зөвшөөрч маргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар татгалзлын үндэслэлээ нотлохоор ”Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аар шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан.

”Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь шүүхэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлтдээ:  “......УНЗ улсын дугаартай Лэндровер Рэнжровер маркийн автомашинд ослын улмаас учирсан хохирлын бодит үнэ цэнийг 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн байдлаар тодорхойлох үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэлээ. ...УНЗ улсын дугаартай Лэндровер Рэнжровер маркийн автомашины багажны хаалганы зах зээлийн үнэ цэнэ 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 9,376,000 төгрөг болохыг тодорхойлов. Үүнд: Хойд багажны хаалга солих-7,656,000 төгрөг, будах зардал 1,020,000 төгрөг, багажны хаалга солих зардал-200,000 төгрөг, шил солих зардал 500,000 төгрөг болногэжээ. (хх-50-65)

Энэ шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар дахин шинжээч томилох хууль зүйн үндэслэлийг нотлоогүйг дурдах нь зүйтэй.

11.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, Иргэний хуулийн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар хохирлыг үнэлсэн шинжээчийн дүгнэлтэд заасан 9,376,000 төгрөгийн мөнгөн дүнгээс “багажны шил солих зардал-500,000 төгрөг”-ийг хасч, үлдэгдэл 8,876,000 төгрөгийг хариуцагчийн гэм буруутай болгоомжгүй үйлдлийн улмаас учруулсан бодит хохирол гэж дүгнэж, тухайн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

12.Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-т зааснаар тухайн хэрэгт иргэдийн төлөөлөгч Д.Э сонгогдсон ба шүүх хуралдаанд оролцож, дүгнэлтээ уншиж сонсгон, бичгийн хэлбэрээр гаргаж өгсөн.

Иргэдийн төлөөлөгчийн Э.Ань авто машин барьж явахдаа хурд хэтрүүлэн гэрлэн дохион зогсож байгаа машиныг мөргөснөөр буруутай болон хэргээ хүлээсэн. Гэм буруутай Э.Ань хэргээ хүлээн зөвшөөрч “М.Д” ХК-ийн нэхэмжлэлийг төлөхөөр шийдвэрлэх нь зөв гэж үзэж. Сольсон хаалгаа авна гэж байгаа боловч одоо байхгүй байгаа юм байна. 5,000,000-6,000,000 төгрөг өгчихвөл болно байх” гэх дүгнэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, даатгагч, даатгуулагч нарын гэрээний үүргийн биелэлт, хариуцагчийн гэм буруу, хариуцагчийн төлбөл зохих зардлын хэмжээг ихэсгэхэд нөлөөлсөн нэхэмжлэгч, гэрч нарын үйлдэл, эс үйлдэл зэргийг тал бүрээс нь харьцуулан хянан үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

13.Шүүх, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Э.А гэм хорын хохиролд 8,876,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М.Д” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,080,930 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,261 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Э.А156,966 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М.Д” ХК-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Э.Агэм хорын хохиролд 8,876,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М.Д” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,080,930 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,261 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Э.А156,966 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М.Д” ХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.МӨНХБҮРЭН

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.АЛТАНТУУЛ

 

 

                         ШҮҮГЧ                         Д.ОТГОНЧУЛУУН