Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 66

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б ,

Улсын яллагч Д.Ариунжаргал,

Өсвөр насны шүүгдэгч Э.Н , түүний хууль ёсны төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Э.Н-т холбогдох 201707000095 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, Говь-Алтай аймгийн ............ сумын ............ багийн ................ тоотод оршин суудаг, 2000 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, ах дүү нарын хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, ............... регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, Урианхай овогт Э-ны Н  гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Өсвөр насны яллагдагч Э.Н  нь 17 нас 02 сар 12 хоногтой байхдаа 2017 оны 06 сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 7-24 тоот хашаанд байсан монгол гэрийн цоожийг эвдэлж ороод гэрт байсан хөөрөг болон бусад эд зүйлсийг нууцаар хулгайлан авч, иргэн Н.Д-д 3.530.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Н нь 17 нас 02 сар 12 хоногтой байхдаа 2017 оны 06 сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 7-24 тоот хашаанд байсан монгол гэрийн цоожийг эвдэлж ороод гэрт байсан хөөрөг болон бусад эд зүйлсийг нууцаар хулгайлан авч, иргэн Н.Д-д 3.530.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2017 оны 06 сарын 05-ны өдөр талбай дээр тоглож байгаад гэртээ харих замдаа айлын хашаанд ороход ганц гэр байсан. Ил цоожтой байсан гэрийн хаяан дахь төмрөөр цоожийг хөшиж гэрт ороод хөөрөг, хар өнгийн батерэй цэнэглэгч, ил байсан 20.000 төгрөгийг авсан. Орой нь урагшаа явж ахыгаа авчирсан. Маргааш нь цагдаад мэдүүлэг өгсөн байгаа...Би их буруу зүйл хийсэн түүндээ гэмшиж байна ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Аав, ээж, нутаг усныхаа нэрийг бодоод цаашид сайн сурч аав, ээжийн сайн хүү байхыг хүсч байна... Дахиж ийм хэрэг үйлдэхгүй. Албадлагын арга хэмжээ авч өгнө үү. Цаашдаа сурч хүмүүжих болно...”   гэх мэдүүлэг,  

Хохирогч Н.Д-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд оршин суудаг өөрийн хүү Д-ынд ирсэн. Тэгэхдээ 10 кг ноолуур авч ирсэн юм. Д-ын гэрт байхдаа өөрийнхөө сүүжин хөөргийг гаргаж авдар дээр нь тавьж үлдээгээд 2017 оны 06 сарын 06-ны өдөр 15 цаг өнгөрч байхад гэрээс нь гарч явсан. Тэгэхдээ гэрийг нь цоожлоод явсан мөн 10 кг ноолуураа авч яваад тушаасан. Орой нь манай хүүхэд ирээд гэрийн хаалга онгорхой байна гэдгийг хэлсэн. Тэгээд гэрт ирээд үзэхэд миний хөөрөг болон бусад эд зүйлс алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг/хх 19-20-рт/,

Хохирогч Н.Д-ын мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “...Миний хохирлыг Э.Н  төлж барагдуулсан байгаа гэхдээ хулгайд алдсан чихэр болон бэлэн 20.000 төгрөгийн хохирол барагдаагүй энэ зүйлсийг би буцааж авахгүй тиймээс надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 21-22-рт/,

Гэрч Х.Ж-ны мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2017 оны 06 сарын 05-ны өдөр өөрийн нөхөр Н.Д-ын хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд оршин суудаг өөрийн хүү Д.Д-ын гэрт ирсэн. Манай нөхөр өөрийн хөөргийг хөдөө гэрээс авч ирээд хүү Д-ын гэрийнх нь зүүн хойд талын авдар дээр тавьсан байсан. 2017 оны 06 сарын 06-ны өдөр 15 цаг өнгөрч байхад гэрээс нь гарч явсан тэгэхдээ гэрийг нь цоожилсон. Нөхөр бид 2 гадуур явахдаа хөдөөнөөс авч ирсэн 10 кг ноолуураа авч яваад тушаасан. Харин орой нь манай хүүхэд ирээд гэрийн хаалга онгорхой байна гэдгийг хэлсэн. Тэгээд гэрт нь ирээд үзэхэд манай нөхрийн хөөрөг болон бусад эд зүйлс алга болсон байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг/хх 22-23-рт/,

Өсвөр насны шүүгдэгч Э.Н-ын мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлсэн: “...Би айлын гэрээс хулгай хийж авсан хөөргийг эзэнгүй хоосон хашаанд хийсэн байгаа алга болохоос нь өмнө очиж авмаар байна түүний дараа би дахин байцаалт өгнө...” гэх мэдүүлэг /хх 41-рт/

Өсвөр насны шүүгдэгч Э.Н-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “...2017 оны 06 сарын 06-ны өдөр 15 цагийн орчимд Баянхайрхан багийн сагсны талбай дээр тоглож байгаад 16 цагийн орчимд гэр лүүгээ харихаар явсан. Гэртээ харих замдаа манай арын гудманд байдаг Баянхайрхан баг 7-24 тоот хашаанд очсон юм. Хашаа эзэнгүй байсан. Хашаанд ганц гэр байсан гэрийн хаалганы цоож нь эл цоожтой байсан. Цоожийг нь гэрийн хаяанд байсан матигар төмрөөр хөшиж эвдээд гэрт ороод хоймрын авдар дээр байсан 20.000 төгрөг, хар өнгийн батерей цэнэглэгч, хоймрын авдар дээр даалинтай байсан хөөрөг зэрэг эд зүйл байсныг аваад тэр хашаанаас 3 хашаа дошоо яваад айлын эзэнгүй хашаанд буланд нь далд тавьсан юм...” гэх мэдүүлэг /хх 44-45-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 06-

ны өдрийн №16 тоот “...1.Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлж авсан 1 ширхэг гутлын улны мөр нь сэжигтэн Э.Н-аас хурааж авсан гэх гутлын улны дардастай тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 35-37-рт/,

Эд зүйлийн үнэлгээ “...хөөрөг 3,5 сая, гар утасны цэнэглэгч 2.000 төгрөг, том чихэр 8.500 төгрөг...”/хх 27-рт/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 5-7-рт/,

Хураан авах тогтоол, эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл/хх 10-13-рт/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 14-15-рт/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол/хх 16-17-рт/,

Шийтгэх тогтоолын хуулбар/хх 73-74-рт/,

Ял шалгах хуудас/хх 47-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл/хх-5-7-рт/, хураан авах тогтоол/хх-10-13-рт/, хохирогч Н.Д-ын мэдүүлэг/хх-21-22-рт/, Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх-19-20-рт/, гэрч Э.Ж-ны мэдүүлэг/хх-23-рт/, шүүгдэгчийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг/хх-41-рт/, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-44-45-рт/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол/хх-16-17-рт/, эд зүйлд үнэлгээ хийсэн баримт/хх-27-рт/, шинжээчийн дүгнэлт/хх-35-37-рт/, шийтгэх тогтоолын хуулбар/хх-73-74-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх-14-рт/, хохирогчийн мэдүүлэг/хх-20-22-рт, Э.Н-ын өгсөн мэдүүлэг/хх-44-45-рт/, Багийн засаг даргын тодорхойлолт/хх-56-рт/, шагналын тодорхойлолт/хх-56-58-рт/, батламж, өргөмжлөл, шагналуудыг хавсаргасан/хх-60-63-рт/, хохирогчийн гомдол саналгүй гэсэн нотариатаар батлуулсан хүсэлт/хх-66-рт/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болон өсвөр насны шүүгдэгч Э.Наранбаатарын сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс өсвөр насны шүүгдэгч Э.Н-ыг бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Н-ын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй, өсвөр насны шүүгдэгч нь эд зүйлийн үнэлгээгээр 3.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн сүүжин хөөрөг, 2.000 төгрөгийн үнэлгээ бүхий хар өнгийн батерэй цэнэглэгч зэргийг хүлээлгэн өгсөн бөгөөд/хх 14-15-рт/, хохирогч Н.Д  нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...Миний хохирлыг Э.Н  төлж барагдуулсан байгаа гэхдээ хулгайд алдсан чихэр болон бэлэн 20.000 төгрөгийн хохирол барагдаагүй энэ зүйлсийг би буцааж авахгүй  тиймээс надад нэхэмжлэх зүйл байхгүй/хх 21-22-рт/, ... хохирогч Н.Д-ын Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гаргасан “...миний дунд гарын сүүжин хөөргийг 2017 оны 06 сард Э  овогтой Н  нь хулгайлсан бөгөөд эргүүлж хөөргийг өгсөн тул бидний хооронд ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно. Э.Н-т гомдол саналгүй нь үнэн болно...” гэх нотариатаар батлуулсан хүсэлт/хх 66-рт/-ыг гаргасан байх тул өсвөр насны шүүгдэгч Э.Н-ыг бусдад учруулсан хохиролоо төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзэв.

Харин өсвөр насны шүүгдэгч Э.Н нь өмнө нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгайн ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцов.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Урианхай овогт Э-ны Н-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон дээрх байдлаар тогтоогдож байх тул шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу 17 нас 02 сар 12 хоногтой байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Н-т оногдуулах 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Н  нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж уг ялаа эдэлж дуусаагүй байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Н-т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас нотлох баримтаар тогтоогдож байгаа эдлээгүй үлдсэн 88 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 11 хоногийн хорих ялаар тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хэмжээг 1 жил 2 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож уг хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н  нь эд мөрийн баримтаар хураагдсан хос гуталаа авахаас татгалзсан тул энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гол хэсгээр муруйсан төмөр нэг ширхэг, хос хар гутлыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Мөн энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь хохирогчид хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Урианхай овогт Э-ны Н-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Н-ыг 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ялтан Э.Н-т оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Н-т оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Н-ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 88 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 11 хоногийн хорих ялаар тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хэмжээг 1 жил 2 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

6. Ялтан Э.Н-ыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гол хэсгээр муруйсан төмөр нэг ширхэг, хос хар гутлыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, ялтан нь бусдад төлөх төлбөргүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Э.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.МӨНХТУЯА