Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 34

 

       Д.Д-д холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Д.Д /цахимаар/, түүний өмгөөлөгч Б. Батгэрэл, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолтой, Д.Д-д холбогдох, 2135000000086 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..., эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Т сумын  багт оршин суух, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 115 дугаар шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Т ургийн овогт Д-ийн Д.

Шүүгдэгч Д.Д нь Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутаг Нуурын эхэн гэх газраас иргэн Б.Ц-ийн хоёр тооны үхэр буюу олон тооны бод малыг 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хулгайлж, хохирогчид нийт 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Т ургийн овогт Д-гийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Дыг 6 жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 6 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1’000’000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох шарга зүсмийн, зөв гуяндаа мухар олом тамгатай 10 настай морийг шүүгдэгч Д.Д-аас тус тус гаргуулж улсын төсөвт оруулж,

шүүгдэгч Д.Д-ын шарга зүсмийн, зөв гуяндаа мухар олом тамгатай 10 настай морийг битүүмжилсэн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 24 дүгээр  прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж,

шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуучин эмээл нэг ширхэг, хуучин тохом нэг ширхэг, хазаар нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж тус тус шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Анхан шатны шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

          Д.Д нь 2021 оны 05 сарын 9-ний өдөр Тэс сумын 11-р багийн нутаг дэвсгэрээс бусдын 2 тооны үхэр хулгайлсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар анхан шатны шүүхээс 6 жил  хорих ялаар шийтгэгдсэн.

Анхан шатны шүүх  ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал, худал мэдүүлэг өгсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзсэн талаар дүгнэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдгийг гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн байх, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байх, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг урьдчилсан нөхцөлгүйгээр бүрэн хүлээн зөвшөөрч нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх объектив ойлголт гэж дүгнэжээ. Ийнхүү дүгнэлт хийсэн атлаа миний үйлчлүүлэгчийг гэм буруугийн талаар маргасан, гэм буруугаа ойлгож гэмшээгүй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь шүүгдэгч Д.Д нь 2021 оны 06 сарын 14-ний өдөр яллагдагчаар  "..Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна" гэж мэдүүлсэн.

Мөн хохирогч Ц.Ц-д хохиролд 2.600.000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол төлж барагдуулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй талаарх тодорхойлолт зэргээр нотлогдож байна. Энэ талаар шүүх хохирол, хор уршгийг бүрэн нөхөн төлсөн гэж дүгнэсэн атлаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх субьектив тайлбараар шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлгүй болно гэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хохирол, хор уршгийг төлсөн байх нь гэм буруугаа хулээн зөвшөөрч байгаагийн үндсэн нэг обкектив ойлголт гэж дүгнэсэн хэрнээ шүүгдэгчийн хохирол төлсөн байдлыг үүнд хамруулж үзээгүй байгаа нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэг харилцан зөрүүтэй гэж маргах үндэслэл болж байна.

Хохирогч Ц.Цгийн хулгайд алдагдсан 2 тооны үхэр нь нийт 1.600.000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөгөөр үнэлэгдсэн байх бөгөөд малаа эрж хайхад гаргасан зардлын нотлох баримт хэрэгт авагдаагүй байдагг ,эсэн хэдий ч Д.Д-ын зүгээс хохирогчийн нэхэмжилсэн хэмжээгээр сайн дураараа хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Энэ нь түүний гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ дүгнэлт хийж буй хандлага бөгөөд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч буйг илтгэх бодит илэрхийлэл юм.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн хэрнээ түүнд 6 жил хорих ял оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт 2-8 жилийн хорих ял оногдуулахаар хуульчлагдсан, шүүх хуульд заасан хэмжээний дотор ял оногдуулсан хэдий ч тухайн  үйлдсэн гэмтхэргийн хувьд ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Мөн худал мэдүүлсэн гэж үзэн ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-д “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй" гэжээ.

Иймд гомдолд дурдсан болон хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 02-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, уг ялыг 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэв.

  Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгч Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс улсын яллагчийн гаргасан ялын саналыг  шинжлэн судлуулж байна. Прокурорын хувьд шүүгдэгчид оногдуулах ялын санал гаргахаас биш, тухайн саналыг хүлээн авах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд тухайн саналаас дээгүүр, эсхүл доогуур ял оногдуулах нь шүүгчийн дотоод итгэлээр шийдвэрлэх асуудал байгаа юм.

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж эсхүл зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно гэж заасан. Мөн хуулийн 39.5 дугаар зүйлд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох болон өөрчлөх үндэслэлийг заасан байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, биеэ авч яваа байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа” гэв.

Шүүгдэгч Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид учруулсан хохирол болох эрлийн зардалд 1.000.000 төгрөг, 2 үхрийн үнэ 1.600.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн. Би адилхан малчин хүн байж хүний мал хулгайлсандаа маш их харамсаж байна. Би өнгөрсөн хугацаанд маш их зүйлийг ойлгож ухаарсан. Би дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолтой, 2135000000086 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг  үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Д 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутаг “Нуурын эхэн” гэх газраас хохирогч Б.Цэрмаагийн өмчлөлийн хоёр тооны үхэр буюу олон тооны бод мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, уг нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжид  хамаарч байгаа талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Д-ын өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүхэд: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчилсан ба шүүх Д.Д-д хуульд заасан хэмжээний дотор ял оногдуулсан хэдий ч тухайн гэмт хэргийн хувьд ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд түүнд оногдуулсан хорих ялыг багасган хорих ялын доод хэмжээг оногдуулж, уг хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу  зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж  өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-ыг бусдын 2 тооны үхэр буюу олон тооны бод мал  хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж болохоор хуульчилсан боловч шүүх гэм буруутай этгээдийн  тухайн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууд нь тохирсон ял шийтгэлийг сонгож оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзнэ. 

Хэрэгт, шүүгдэгч Д.Д  мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж, хохирол, хор уршгийг сайн дураараа арилгасан нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба харин  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хэрэгт тогтоогдсон дээрхи нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Д.Д-ын бусдын хоёр тооны үхэр хулгайлсан гэм буруутай үйлдэлд хоёр жил хорих ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирно гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, анхан шатны шүүхээс оногдууулсан зургаан жил хорих ялыг хөнгөрүүлэн хоёр жил хорих ял болгон өөрчлөх үндэслэлтэй байна.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж,

мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт: “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө буюу 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн, давж заалдах шатны шүүх түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан зургаан жил хорих ялыг өөрчилж, хоёр жил хорих ял оногдуулсан тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс оногдуулсан хоёр жил хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих хуульзүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжтой байх тул шийтгэх тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэлээ.

Д.Д нь анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл нийт 44 хоног цагдан хоригдсон тул түүний цагдан хоригдсон хоногийг  ял эдлэх хугацаанд  нь оруулан тооцож, үлдэх 1 жил 10 сар 16 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 10 сар 16 хоногоор тогтоох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолын 2 дугаар заалтын 6 жил гэснийг 2 жил гэж, 3 дугаар заалтын 6 жил гэснийг 2 жил гэж тус тус өөрчилж,

Шийтгэх тогтоолд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Д-д оногдуулсан хоёр жил хорих ялыг хоёр жил зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай гэсэн нэмэлт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Д-д зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй гэсэн нэмэлт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Д зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй гэсэн нэмэлтүүдийг тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Д-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 44 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Д.Д-ын биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 10 сар 16 хоногоор тогтоосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Д-ыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                             Н.МӨНХЖАРГАЛ

                                                                        Л.АЛТАН