| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2023/00661/И |
| Дугаар | 151/ШШ2023/00878 |
| Огноо | 2023-11-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 151/ШШ2023/00878
2023 11 06 151/ШШ2023/00878
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... Ц.Ж.,
Хариуцагч: ... Ү.Б.,
Нэхэмжлэлийн шаардлага: газар, үл хөдлөх хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай.
Нэхэмжлэлд 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Э,
Хариуцагч: Ү.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Б,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1.Нэхэмжлэгч Ц.Жнь хариуцагч Ү.Бд холбогдуулан газар, үл хөдлөх хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ”Миний бие 1985 онд Төв аймгийн Алтанбулаг сумын 10 дугаар анги төгсөөд Анагаахын сургуулийг сувилагч, хүүхдийн эмчээр төгсөж, улмаар сумандаа эмнэлэгт 1988-2009 он хүртэл ажиллаж уг хугацаанд буюу 2007 онд өөрийн өмчлөлийн 500 м.кв газартай, 28 м.кв талбайтай хувийн сууцтай болсон. 2009 онд Улаанбаатар хотод шилжин сууршиж дээрх үл хөдлөх хөрөнгөө хажуу айл нутгийн хүмүүст захиад бид эргэж тойрдог байсан.
Гэтэл Б.Т гэдэг хүн худалдах санал гаргахаар нь би зөвшөөрч тэр хүн 500,000 төгрөг өгөөд үлдэгдэл 3,000,000 төгрөг өгөөгүй тул би наймаа буцаах
саналаа хэлээд гэрчилгээнүүдээ шилжүүлж өгөөгүй юм. 2022 онд тэтгэвэртээ гараад сумандаа очтол хашааг минь хажуу айлын Ү.Б өөрчлөөд Т нас барсан, хүү Г надад зарсан гэсэн. Би зараагүй гэж түүнд хэлээд уг үйлдлээ зогсоохыг шаардаж энэ талаар сумын Засаг дарга, газрын албанд хүсэлт өгсөн. Үүний дагуу дээрх албад Ү.Бд шаардлага өгсөн ч тэрээр биелүүлээгүй тул би Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан тул миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэзн төлөөлөгч Ж.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Жнь Анагаах ухааны их сургуулийг төгсөөд 1988 оноос 2009 он хүртэл Төв аймгийн Алтанбулаг суманд эмчээр 20 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд тухайн сумандаа амьдарсан. Ц.Жнь сургуульд орохоосоо өмнө ээж, аавын хамтаар амьдарч байсан. 2007 онд тус сумаас 500 мкв газрыг өмчлөн авч, тухайн газраа 28 м.кв талбай бүхий хувийн сууц барьсан. Ц.Жнь 2009 онд Улаанбаатар хот руу шилжих болсон ба өөрийн хашаа, байшингаа хажуу айлууддаа захин үлдээсэн байдаг. Ингэхэд Б.Тгэх хүн дээрх хашаа, байшингаа 2,500,000 төгрөгөөр /3 сая төгрөг ч гэж ярьдаг/ худалдаач гэсэн санал тавьсан байдаг. Гэсэн хэдий ч өөрөө энэ байшиндаа ирж очино, зарахгүй гэсэн хариу өгсөн байдаг боловч дараа нь Б.Тнь ... би Төв аймагт суурьшиж байгаа юм, оршин суух газаргүй болсон тул байшиндаа суулгаач... гэсний дагуу 28м.кв талбайтай хувийн сууцандаа суулгахаар болсон. Явцын дунд Б.Тнь дахин байшингаа худалдах уу? гэсэн санал тавихад нь Ц.Жнь Б.Ттай бичгийн хэлбэрээр харилцан тохирч, 500,000 төгрөгийг бэлнээр авч, 2,500,000 төгрөгийг дараа өгөхөөр тохирч итгэлцлийн үндсэн дээр гэрээ байгуулсан. Тухайн Б.Тнь мөнгөө өгөөгүй тул Ц.Жнь гэрээнээсээ татгалзах талаар ярихад Тумбааш нь ...Би мөнгийг чинь өгнө... гэж олон сар явсаар байгаад мөнгөө ч авч чадаагүй, сүүлдээ хашаа, байшингийнхаа 2 гэрчилгээгээ үлдээсэн байдаг. Ингээд Ц.Жнь 2022 онд өндөр насны тэтгэвэрт гарч, өөрийн хашаа байшиндаа очиход Тумбааш гэх хүний хүү гэх Б.Г нь Ү.Б гэх хүнд хашаа, байшинг нь зарсан байдаг. Ингээд Ц.Жнь сум орон нутгийнхаа холбогдох төрийн байгууллагад хандан өөрийн үл хөдлөх хөрөнгөө чөлөөлүүлэх талаар хандсан. Ингээд Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газар болон газрын албанаас уг газрыг чөлөөлөх талаар мэдэгдлийг Ү.Бд өгсөн байдаг. Ингээд мэдэгдлийг Ү.Б биелүүлээгүй тул Ц.Жнь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон. Т гэх хүн нас барсан гэж ярьдаг ба Тийн хүү гэх Б.Г нь дээрх хашаа, байшинг Ү.Бд зарсан гэж ярьдаг. Ингээд /2007 онд авч байсан/ үл хөдлөхийн гэрчилгээ нь олдоогүй тул Ц.Жнь өөрөө хөөцөлдөн нийтэд зарлуулан 2023 оны 4 дүгээр сард гэрчилгээгээ гаргуулан авсан. Мөн ингэж явж байхдаа Ц.Жнь 2007 онд үл хөдлөхийн гэрчилгээгээ банкны барьцаанд тавьж байсан юм билээ. Улмаар банкнаас чөлөөлүүлэх хуудас авч дахин шинээр гэрчилгээ авсан. Одоо хуучин гэрчилгээ нь эдгээр хүмүүст байгаа ба ямар учраас банкнаас чөлөөлж аваагүй, ямар учраас хашаа байшинг нь зарсан юм гэдгийг эдгээр хүмүүс ярьж өгөх байх. Анх үл хөдлөх эд хөрөнгөө зарах тохиролцоотой байсан ба 500,000 төгрөгийг нь авсан. Ер нь 3,000,000 төгрөгөөр тохиролцоод сүүлдээ мөнгөө ч авч чадаагүй. Ц.Ж тай уулзахад 500,000 төгрөгийг нь өгөх боломжгүй. Учир нь байшинд суусны хөлсөндөө авна гэж ярьж байна лээ. Иймд хашаа, байшинг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
2.1.Хариуцагч Ү.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т гэх хүн 2012 оны 5 дугаар сард нас барсан юм байна лээ. Ингээд түүний хүүхдүүд нь 2012 оны 7 дугаар сард надтай уулзаад ...манай ээж энэ газар амьдарч байгаад нас барсан бөгөөд бид энэ хашаа, байшинг хэрэглэхгүй, амьдрахгүй тул та мөнгийг нь өгөөд худалдан аваач, ээж маань энэ байшинг хүнээс худалдан авсан ба бидэнд худалдах, худалдан авах гэрээ нь байгаа. 3,000,000 төгрөгөөр худалдан аваач... гэсэн. Ингээд худалдах худалдан авах гэрээ хийж 3,000,000 төгрөгөөр худалдан авсан. Би 2012 оны 7 дугаар сарын 25-ны хавьцаа бэлнээр 3,000,000 төгрөгийг хүү Б.Гд өгсөн. Тухайн үед Б.Г дүү Б.Ч ын хамт ээжийнхээ юмыг ачаад явж байсан” гэв.
2.2.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дараах дүгнэлтийг гаргаж байна. Үүнд:
-Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд гээд гурван этгээд байна. Дээрх гурван этгээдийн хэн хэний хооронд ямар харилцаа үүссэн бэ? ямар шаардах эрх үүссэн бэ? ямар үүргээ гүйцэтгэсэнгүй вэ? гэдэг асуудлыг шүүх зөв тодорхойлох байх гэж бодож байна. Б.Т болон Ц.Ж нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байна.
-Эхний асуудал нь худалдах, худалдан авах буюу иргэд хооронд хийгддэг Иргэний хуулиар зохицуулсан асуудал, энэ дотроо нэгэнт хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг үндэслээд эд хөрөнгийн улсын бүртгэлийн хуулиар зохицуулагддаг харилцаа явж байна. Өөрөөр хэлбэл, би нэг хүнтэй худалдах, худалдан авах гэрээ хийгээд тогтоосон маягтын дагуу бүртгүүлэх нь Иргэний хуульд заасан асуудал. Нэгэнт худалдах, худалдан авах гэрээгээ барьж очоод улсын бүртгэлийн газар материалаа бүрдүүлээд өгөх нь миний эд хөрөнгийн улсын бүртгэлийн хуулиар олгогдсон эрх байгаа. Тэгэхээр Б.Тийн хувьд маягтаа бөглөсөн байгаа нь худалдах, худалдан авах гэрээгээ үндэслээд өргөдлөө өгсөн.
-Хэрэв Б.Г гэх хүн энэ асуудалд хамааралгүй юм бол Ү.Б яг хариуцагч мөн үү? Учир нь Ц.Жнарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Гэрээг хийсэн гэдгээ нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа. Энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулъя, энэ гэрээнээс татгалзъя, эсхүл энэ гэрээг хүчингүйд тооцуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага байхгүй. Ийм учраас энэ нь өөрөө эргэлзээтэй, шийдвэрлэхэд бэрхшээлтэй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд маш хүндрэлтэй болж байна.
-Хэрэв бусдад худалдах, худалдан авах гэрээгээр хөрөнгөө шилжүүлчихээд дахин гэрчилгээ авч, тэрийгээ шилжүүлж өгөхгүй, одоо хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлье гэх юм бол энэ иргэний эрх зүйн харилцаа биш, энэ эрүүгийн эрх зүйн харилцаа болно. Гэрээгээр халхавчилсан залилан. Бид нар үүнийг тогтоохгүй.
-Нэхэмжлэгчийн зүгээс мөнгө өгсөн гэдгээ нотол гэж яриад байгаа. Тэгвэл мөнгө аваагүй гэдгээ өөрсдөө нотлох хэрэгтэй.
-Хэрэв 2 хүн гэрээ хийгээд төлбөрийг төлж дуусгаагүй байвал нотариат худалдах, худалдан авах гэрээ гэдгээр баталгаажуулгүй. Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байна шүү дээ. Энэ бол тусдаа зохицуулах асуудал. Хэн бүгдэд илт асуудал байна шүү дээ. Хэрэв мөнгөө төлөөгүй байсан бол зээлээр худалдах, худалдан авах гэрээг батална шүү. Нотариатын үйлдэл хийх заавар, журам, Нотариатын тухай хуульд эрх зүйн байдлыг нь тодорхой тусгасан байгаа.
-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйл болон 112 дугаар зүйл гэж тайлбарлаж байна. Энэ нь өөрөө гэрээнээс татгалзах, хууль бусаар эзэмших зэрэгтэй огт хамааралгүй заалт байгаа юм.
-Шаардах эрх гэдэг асуудал яригдана. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд шаардах эрхийн талаар зохицуулсан байгаа. Тодруулбал 2010 онд гэрээ байгуулчихаад 2023 онд буюу 13 жилийн дараа гэрээнээс татгалзаж болдог уу?
-Гуравдагч этгээд болон хариуцагч нарын хооронд яригдсан тохирооны асуудал, хэлцэл, бичгийн хүрээнд байхгүй ч гэсэн Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэх боломжтой үзэгдэл болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 252 дугаар зүйлд заасан эрхийн доголдолтой гэдэг асуудал байна. Өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлээд өгчих боломжтой. Энэ бол эрх зүйн үр дагавар үүсгэх харилцаа ба нээх хууль зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байгаа.
Эцэст нь дүгнээд хэлэхэд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, шүүхээс юу шаардаад байгаа нь ойлгомжгүй, хариуцагчаа ч зөв тодорхойлоогүй. Хамгийн гол нь шүүхээс хууль бус шийдвэр гаргуулахыг шаардаад байгаа тул энийг хангах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх ээж маань ...Төв аймгийн Алтанбулагт газар байна. Ээж нь авчих уу?... гэж хэлсэн. 2010 онд байсан санагдаж байна. Би хашааг үзээд голсон. Би өөрөө мужааны багш, барилгын инженер мэргэжилтэй хүн. Ээж маань гэрт амьдардаг байсан. Ингээд зундаа 1-2 удаа л зуссан байх. Би энэ ямар учиртай газар, байшин юм бэ? гэхэд ...Ц.Ж гэж хүн зарах гэж байгаа юм. Яаралтай мөнгө хэрэгтэй байна гээд миний данснаас мөнгийг нь шилжүүлсэн. Дараа нь тохирсон хугацаанд үлдсэн 2,500,000 төгрөгийг нь өгсөн. Тэгээд юу болсон бэ гэтэл нэрээ шилжүүлээгүй, утсаа салгаад хот руу явчихсан. Гэхдээ мөнгийг нь өгчихсөн, бичиг баримтаа өгчихсөн тул нэг өдөр ирээд нэрээ шилжүүлэх байх, араас нь залгаад утсаа авахгүй байна гэсэн. Ингэж явсаар 2012 онд ээж маань нас барсан. Надад тэр хашаа, байшин үнэндээ ямар ч хэрэггүй байсан тул хөрш болох Ү.Бийг аваач гэж хэлсэн. Бараг л аваач гэж гуйсан. Ингээд бид харилцан тохиролцоод 3,000,000 төгрөгөөр зараад газрынх нь албан ёсны бичиг баримтыг гэрээний хамт өгсөн. Б.Г нь одоо Ц.Жаас нэр шилжүүлэн авах юм байна гээд л үлдсэн. Би ээжийнхээ хэрэглэж байсан тавилга, бурхан зэргийг аваад үлдсэнийг нь тэр чигт нь орхиод явсан. Улмаар гэрээ хийснээс хойш 13 жилийн дараа гэнэт Ц.Жгэх хүн гарч ирсэн. Ү.Бээс 3,000,000 төгрөг авсан мөн гэрээ болон бичиг баримтыг түүнд өгснийг миний дүү гэрчилнэ. Тухайн үед дүүтэйгээ хамт явж байсан. Ийм л зүйл болсон” гэв.
4.Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл (хх-1), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-2), иргэний үнэмлэхний хуулбар (хх-3), итгэмжлэл (хх-4), Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн сумт тоот хаягт байрлах газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000791575, 000979777 дугаартай 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн гэрчилгээ (хх-5-6), Алтанбулаг сумын газрын даамал Ч.Мийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №1 дугаар бүхий мэдэгдэх хуудас (хх-7), хашаа байшингийн фото зураг (хх-42)-ийг гаргаж өгсөн.
5.Хариуцагч талаас: хариу тайлбар (хх-16, 31), Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000049754, №000049754 дугаартай 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрчилгээ (хх-17-18), иргэний үнэмлэхний хуулбар (хх-19), эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, өргөдөл (хх-20-21, 25, 27), 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Газар худалдах худалдан авах гэрээ (хх-22-23), Хадгаламж банкны 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 31 дугаартай 04 тоот зээлийн гэрээний хугацаа дуусгавар болж зээл хүүний өрийн үлдэгдэлгүй болсон тухай тодорхойлолт (хх-24), 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ (хх-26), Төв аймгийн алтанбулаг сумын 1 дүгээр багийн засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 05/119 дугаартай Б.Т оршин суудаг нь үнэн тухай тодорхойлолт (хх-29, 37), газрын кадастрын зураг (хх-30), 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн харилцан тохиролцооны гэрээ (хх-32)-г гаргаж өгсөн.
6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: тайлбар, иргэний үнэмлэхний лавлагааг (хх-125-126)-г гаргаж өгсөн.
7.Шүүх хариуцагч талын хүсэлтээр Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс эрхийн улсын бүртгэлийн Y-..., Y-... дугаар бүртгэгдсэн газар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, мэдүүлэг, өргөдөл, иргэний бичиг баримт, кадастын болон байшингийн плахн зураг, фото зураг, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцааны гэрээ дуусгавар болгох мэдүүлэг, Төрийн банкны барьцаанаас чөлөөлүүлэх албан бичиг, үрэгдүүлсэн гэрчилгээ шинээр олгох мэдүүлэг, өргөдөл, хүчингүйд тооцуулах сонины зар, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцох тухай улсын байцаагчийн дүгнэлт, өмчлөлийн өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээ, шинээр олгосон газрын болон ул хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг хувийн хэрэгт авагдсан баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлж, хэрэгт хавсаргасан. (хх-55-121)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Жийн газар, үл хөдлөх хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагч Ү.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Ц.Жнь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Ц.Жнь 2007 онд өөрийн өмчлөлийн 500 м.кв газартай, 28 м.кв талбайтай хувийн сууцтай болсон. 2009 онд Улаанбаатар хотод шилжин сууршиж дээрх үл хөдлөх хөрөнгөө хажуу айл нутгийн хүмүүст захиад бид эргэж тойрдог байсан.
Б.Т гэдэг хүн худалдах санал гаргахаар нь би зөвшөөрч тэр хүн 500,000 төгрөг өгөөд, үлдэгдэл 3,000,000 төгрөг өгөөгүй тул би наймаа буцаах саналаа хэлээд гэрчилгээнүүдээ шилжүүлж өгөөгүй юм. 2022 онд тэтгэвэртээ гараад сумандаа очтол хашааг минь хажуу айлын Ү.Б өөрчлөөд Б.Тнас барсан, хүү Г надад зарсан гэсэн. Би зараагүй гэж түүнд хэлээд уг үйлдлээ зогсоохыг шаардаж, энэ талаар сумын Засаг дарга, газрын албанд хүсэлт өгсөн. Үүний дагуу дээрх албад Ү.Бд шаардлага өгсөн ч тэрээр биелүүлээгүй тул би Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Ү.Бийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэжээ.
3.Хариуцагч Ү.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Үүнд: Б.Тгэх хүн 2012 оны 5 дугаар сард нас барснаас хойш хүү Б.Г нь дүү Б.Чын хамт 2012 оны 7 дугаар сард надтай уулзаад ...манай ээж энэ газар амьдарч байгаад нас барсан бөгөөд бид энэ хашаа, байшинг хэрэглэхгүй, амьдрахгүй тул та мөнгийг нь өгөөд худалдан аваач, ээж маань энэ байшинг хүнээс худалдан авсан ба бидэнд худалдах, худалдан авах гэрээ нь байгаа. 3,000,000 төгрөгөөр худалдан аваач... гэсэн. Ингээд 3,000,000 төгрөгөөр худалдан авсан. Би 2012 оны 7 дугаар сарын 25-ны хавьцаа бэлнээр 3,000,000 төгрөгийг хүү Б.Гд бэлнээр өгсөн, төлбөр тооцоогоо дуусгасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Г нь “Газар, байшинг би мөнгийг төлж ээж Б.Тд худалдаж авч өгсөн, төлбөр тооцоо дууссан учраас нотариат гэрээг гэрчилсэн, бүх бичиг баримтыг бүрдүүлээд улсын бүртгэлд бүртгүүлэхэд нэхэмжлэгч өөрөө олдохгүй, алга болсон учраас нэрээ шилжүүлж чадахгүй байсаар ээж нас барсан. Ү.Бд хашаа, байшингийн бичиг баримтыг бүрэн хүлээлгэн өгч, 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөгийг бэлнээр авсан” гэв.
5.Нэхэмжлэгч Ц.Жнь төлөөлөх эрхийг Ж.Эд 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэлээр 3 жилийн хугацаагаар олгожээ. (хх-4)
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Нэхэмжлэл (хх-1), хариуцагчийн хариу тайлбар (хх-16, 31), бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар (хх-125), Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн сумт тоот хаягт байрлах газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000791575, 000979777 дугаартай 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн гэрчилгээ (хх-5-6), Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000049754, №000049754 дугаартай 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрчилгээ (хх-17-18), Алтанбулаг сумын газрын даамал Ч.Мийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №1 дугаар бүхий мэдэгдэх хуудас (хх-7), хашаа байшингийн фото зураг (хх-42), эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, өргөдөл (хх-20-21, 25, 27), 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Газар худалдах худалдан авах гэрээ (хх-22-23), Хадгаламж банкны 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 31 дугаартай 04 тоот зээлийн гэрээний хугацаа дуусгавар болж зээл хүүний өрийн үлдэгдэлгүй болсон тухай тодорхойлолт (хх-24), 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ (хх-26), Төв аймгийн алтанбулаг сумын 1 дүгээр багийн засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 05/119 дугаартай Б.Т оршин суудаг нь үнэн тухай тодорхойлолт (хх-29, 37), газрын кадастрын зураг (хх-30), 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Харилцан тохиролцооны гэрээ (хх-32), эрхийн улсын бүртгэлийн Y-1401000023, Y-1401000297 дугаар бүртгэгдсэн газар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, мэдүүлэг, өргөдөл, иргэний бичиг баримт, кадастын болон байшингийн план зураг, фото зураг, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцааны гэрээ дуусгавар болгох мэдүүлэг, Төрийн банкны барьцаанаас чөлөөлүүлэх албан бичиг, үрэгдүүлсэн гэрчилгээ шинээр олгох мэдүүлэг, өргөдөл, хүчингүйд тооцуулах сонины зар, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцох тухай улсын байцаагчийн дүгнэлт, өмчлөлийн өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээ, шинээр олгосон газрын болон ул хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж буй хувийн хэрэгт авагдсан баримтууд (хх-55-121), эрэг авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.
7.1.Нэхэмжлэгч Ц.Жийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, иргэн Б.Тнь тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөөгүй, 2 жил шахам нэхсэн ч өгөөгүй учраас наймаа буцлаа, өмнө өгсөн 500,000 төгрөгийг хашаа байшинд суусны хөлсөнд авна гэж Б.Тумбаашид хэлснээр гэрээнээс татгалзсан, Б.Т бичиг баримтыг алга болгосон гээд буцааж өгөөгүй учраас гэрчилгээг шинээр гаргуулж авсан. Газар, үл хөдлөх хөрөнгө миний өмчлөх эрхэд байгаа гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар 2023 оны 4 дүгээр сарын 12-ний өдөр өмнөх гэрчилгээг үрэгдүүлсэн, бусад өмчлөгч нар нргдох хэсгээ бэлэглэсэн үндэслэлээр дахин шинээр олгосон эрхийн улсын бүртгэлийн 000751575, 000979777 дугаартай гэрчилгээг шүүхэд гаргаж өгч маргажээ.
7.2.Хариуцагч Ү.Б нь иргэн Б.Тийн хүү Б.Гаас маргаж буй хашаа, байшинг 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөгөөр худалдаж авснаас хойш нэхэмжлэгч Ц.Ж холбогдож нэрээ шилжүүлж өгөхийг хүсэхэд завгүй байна, дараа болъё гэдэг байсан. Намайг худалдаж авсныг одоо мэдэж байгаа юм биш. 2014 онд пийшингээ авъя гэж яриад нөхөр Гаар авахуулж байсан. Алтанбулаг сум руу засмал зам тавигдсантай холбоотойгоор газрын үнэ өссөн учраас арван хэдэн жилийн дараа ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар маргаж буй газар, үл хөдлөх эд хөрөнгийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн 000049764, 000022563 дугаартай гэрчилгээ, Ц.Ж, Б.Т нарын хооронд байгуулсан 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Харилцан тохиролцооны гэрээ болон бусад холбогдох бичиг баримтуудыг шүүхэд гаргаж өгч, нэхэмжлэлийн шаардагыг эс зөвшөөрч маргажээ.
8.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ өмчлөгчийн хувьд шаардаж байгаа гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа газар, үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэж тодорхойлсон.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулж хуулийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зохицуулсан.
Хуулийн энэ зохицуулалтын дагуу шаардах эрхийг тодорхойлохдоо шаардах эрх бүхий этгээд нь эд хөрөнгийн өмчлөгч байх, үүрэг бүхий этгээдийн эзэмшил нь хууль бус байх гэсэн урьдчилсан нөхцөлүүдийг шалгаж тогтоох учиртай.
9.Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тухайд:
9.1.Маргааны зүйл болж буй Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 500м.кв газар, өвлийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ц.Ж, Г.Ц, Г.Т нарт үүссэн болох нь хэрэгт авагдсан Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 927 дугаартай албан бичигт хавсарган ирүүлсэн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, улсын бүртгэлийн 000049764, 000022563 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-58-70/
9.2.Улмаар Ц.Жнь дээрх газар болон үл хөдлөх эд хөрөнгийг Монгол шуудан банкинаас зээл авч, барьцааны гэрээ байгуулснаар 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн болон Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. (хх-69-75, 100-107)
9.3.Ц.Жнь маргаж буй газрын барьцааны бүртгэлийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн мэдүүлгээр, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн бүртгэлийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн улсын бүртгэлд хийлгэжээ. (77-78, 109-110)
9.4.Ц.Жнь улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцох тухай зарыг “Өдрийн сонин” сонины 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дугаарт нийтлүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл, мэдүүлэгт үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 774 дугаартай дүгнэлтээр маргаж буй Ц.Ж, Г.Ц, Г.Т нарт олгосон газрын өмчлөх эрхийн 000049764 дугаартай гэрчилгээ, үл хөдлөхийн эд хөрөнгийн эрхийн 000022563 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцож, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өмчлөгч Ц.Ж, Г.Ц, Г.Т нарт шинээр 000768497 дугаартай газрын өмчлөх эрхийн эрхийн улсын гэрчилгээ, мөн өмчлөгч нарын нэрээр 000979871 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус олгожээ. (хх-79-84, 111-116)
9.5.Өмчлөгч Г.Ц, Г.Тнар нь 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээ”-гээр дээрх газар, үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсгүүдээ Ц.Жт шилжүүлснээр өмнөх гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, 2023 оны 4 дүгээр сарын 12 ны өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000751575 дугаартай гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000979777 дугаартай гэрчилгээг тус тус шинээр олгосон, иргэн Ц.Жнь газар, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр шинэчлэн бүртгэгдсэн байна.
10.Үүргийн болон өмчийн хэлцлийн тухайд:
10.1.Нэхэмжлэгч Ц.Жнь 000022563 дугаартай эд хөрөнгийн бичиг, 000049764 дугаартай өмчийн эрхийн бичиг, 18605285597909 кадастрын зургийг үндэслэн 4х7 хэмжээтэй өвлийн сууц, 500м.кв талбайтай 3 тал хашааг Б.Тд 3 сая төгрөгөөр зарахаар тохиролцов. 500,000 төгрөгийг 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дансаар шилжүүлнэ. Үлдсэн 2,500,000 төгрөгийг 2010 оны 5 дугаар сард багтаан авахаар тохиролцож, 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Харилцан тохиролцооны гэрээ” гэх хэлцлийг иргэн Б.Т тай байгуулж, талууд гарын үсэг зуржээ. (хх-32)
Талууд энэ тохиролцооны дагуу 500,000 төгрөгийг Ц.Ж хүлээн авсан, тухайн үеэс Б.Т хашаа, байшинд амьдарсан үйл баримт нотлогдож байна.
10.2.”Нэхэмжлэгч Ц.Жнь хамтран өмчлөгч Г.Ц, Г.Т нарын зөвшөөрөлтэйгээр иргэн Б.Ттай харилцан тохиролцож, Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 500м.кв, 18605285597909 нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-1401003922 дугаарт бүртгэгдсэн газрыг 500,000 төгрөгөөр худалдав” гэх Газар худалдах, худалдан авах гэрээг 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулж, нэг талаас Ц.Ж, Г.Ц, Г.Т нар, нөгөө талаас Б.Тнар гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлсэн байна. (хх-22)
Нэхэмжлэгч Ц.Ж нь хамтран өмчлөгч Г.Ц, Г.Т нарын зөвшөөрөлтэйгээр иргэн Б.Ттай харилцан тохиролцож, дээрх газар дээр байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1401002927 дугаарт бүртгэлтэй 4х7м.кв хэмжээтэй өвлийн сууцыг иргэн Балдандоржийн Тумбаашид 2,500,000 төгрөгөөр худалдах ба төлбөрийг гэрээ байгуулсан өдөр төлж дуусгасан” гэсэн 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нэг талаас Ц.Ж, Г.Цэгмэд, Г.Т нар, нөгөө талаас Б.Т нар гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлсэн. (хх-26)
Ц.Ж, Г.Ц, Г.Т нар болон Б.Т нарын хооронд 2010 онд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээс үзэхэд Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 500м.кв газар, үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлын болон эрхийн зөрчилгүй /зээлийн үүргээ биелүүлсэн тухай банкны бичиг хавсаргагдсан/, гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй байдлаар шилжүүлэх үүргийг гэрээний худалдагч тал буюу Ц.Ж, Г.Ц , Г.Тнар хүлээжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан өвөгчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Ийнхүү талуудын хооронд 2009 онд хэлцэл хийгдэж, 2010 онд гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулснаас хойш иргэн Б.Т тухайн газар, үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ авч, амьдарсан байх ба зохигчид энэ талаар маргаагүй.
Дээрх гэрээний гол шинж нь хөрөнгө нэг өмчлөгчөөс нөгөө өмчлөгчид бодитоор шилжсэн байхыг шаардах бөгөөд энэ гол шинж биелэгдсэн талаар маргаагүй бөгөөд өмчийн хэлцэл хүчин төгөлдөр хийгдсэн, Ц.Ж, Б.Т нарын хооронд байгуулсан үүргийн хэлцлийг үндэслэн өмчийн эрх Б.Тд шилжсэн үйл баримт тогтоогдож байна.
2009 онд хүлээн Б.Таас 500,000 төгрөгийг Ц.Ж хүлээн авснаа нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд уг төлбөрийг дээрх гэрээнд төлбөр тооцоо хийгдсэн гэж бичигдсэн ба үүнд нэхэмжлэгч маргаагүй.
Иймд газар худалдах, худалдан авах гэрээний хариу төлбөр хийгдсэн гэж дүгнэх үндэслэлтэй юм.
Нэхэмжлэгч тал нь “Б.Т 2,500,000 төгрөгийг төлөөгүй учраас наймаа буцлаа гэдгээ хэлээд гэрчилгээг шилжүүлж өгөөгүй” буюу хариу төлбөр төлөх үүргээ гэрээний нөгөө тал биелүүлээгүй гэх боловч талуудын хооронд байгуулагдсан бигээр хийгдэж, нотариатаар гэрчлүүлсэн гэрээн төлбөр төлөгдсөн талаар заасан байхад түүнийг үгүйсгэж няцаасан баримт хэрэгт авагдаагүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Ц.Ж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь гэрээний нөгөө тал Б.Тийг 2,500,000 төгрөгөө төлөөгүй учраас наймаа буцлаа гэдгээ Б.Тд хэлээд бичиг баримтаа авъя гэхэд Б.Тнь алга болсон гээд буцааж өгөөгүй, өмнө өгсөн 500,000 төгрөгийг хашаа байшинд амьдарсны хөлсөнд суутгана гэж тайлбарлаж байгаа хэдий ч тус гэрээгээр тохиролцсон хөлсөө аваагүй, түүнийг удаа дараа Б.Таас шаардаж байсан, гэрээнээс татгалзах санал гаргасан талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох баримтыг гаргаж өгөх, нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ иухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлэ байгаа болон эг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн ч гаргах эрхтэй байхад худалдан авагч Б.Т нь гэрээний дагуу шилжүүлэн авсан газар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс маргаан үүссэн байна.
10.3.Нэхэмжлэгч Ц.Жнь нэхэмжлэлийн шаардлагаа өмчлөгчийн эрхийг хамгаалуулах агуулгаар тодорхойлсон боловч үндэслэлээ Б.Ттай байгуулсан гэрээг үндэслэж байна.
Зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч болон Б.Т нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг бодитоор хүлээлгэн өгсөн, эзэмших эрхийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэний дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх боловч гэрээнээс татгалзах саналыг Б.Тд мэдэгдсэн үндэслэлээр хариуцагч Ү.Бийн эзэмшлийг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсаны үр дагаврыг арилгуулах шаардлагыг гэрээний оролцогч бус этгээд Ү.Бд холбогдуулан гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
10.4. Дээрх өмчийн хэлцлийг үндэслэн Б.Тийн хүү гэх Б.Г нь “Ц.Ж, Б.Тнарын хооронд байгуулагдсан бичгийн гэрээ, гэрээнд хавсаргагдсан баримт бичгийг, газар, байшингийн хамт Ү.Бийн эзэмшилд шилжүүлж, хариу төлбөрт 3,000,000 төгрөгийг авсан болох нь 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн газрын болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, мэдүүлэг, өргөдөл, банкны зээлгүй тодорхойлолт зэрэг хавтаст хэргийн 17-30 дугаар хуудсанд авагдсан, хариуцагч Ү.Бд эх хувиар хадгалагдаж байгаа гэх баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Маргаж буй газар, түүн дээр байрлах өвлийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 7 сараас хойш Ү.Б эзэмшилдээ авч, арчилж хамгаалж, хашааг сайжруулан блоклосон, байшинг агуулахын зориулалтаар ашиглаж байгаа буюу өмчийн хэлцэл хийгдсэн болох нь зохигч талуудын тайлбараар нотлогдож байх ба энэ тухайд талууд маргаагүй.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах үүргийн харилцаа үүссэн боловч гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага хангаагүй байна.
Нэхэмжлэгч нь Б.Т ийг нас барсны дараа түүний хүү гэх Б.Г, хариуцагч Ү.Б нарын хооронд хариу төлбөртэй хийгдсэн үүргийн болон өмчийн хэлцлийг хүчин төгөлдөр эсэхэд нэхэмжлэгч Ц.Ж маргаагүй, шаардлага гаргаагүй.
Мөн иргэн Б.Тийг нас барсанд талууд маргаагүй боловч хэргийн оролцогчдын хэн аль нь түүнийг нас барсан лавлагааг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь Б.Ттай ямар хамааралтай болохыг, төрөл садангийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгөөгүй, энэ талаар хүсэлт гаргаагүй болно.
Өөрөөр хэлбэл, Б.Т нас барснаар өв залгамжлал хэзээ, хэнд, хэрхэн үүссэн, захиран зарцуулах эрх олгогдсон эсэх нь нотлогдохгүй боловч талууд уг үйл баримтад маргаагүйг дурдах нь зүйтэй.
11.Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:
Нэхэмжлэгч нь газар, үл хөдлөх хөрөнгөө бусдын хууль бус эзэмшилд шилжсэнийг 2022 онд мэдсэн гэж, хариуцагч Ү.Б нь автозам тавигдсанаас хойш газрын үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь арван хэдэн жилийн дараа газар, үл хөдлөх эд хөрөнгийг зараагүй гэж тайлбарлан шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.
Хариуцагч Ү.Б нь газар болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар, худалдах худалдан авах гэрээ, мэдүүлэг, өргөдөл зэрэг бүх бичиг баримт бүрэн байсан учраас хариу төлбөрийг төлж авснаас хойш хэд хэдэн удаа өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа этгээд болох Ц.Жаас эд хөрөнгийн шилжүүлж өгөхийг утсаар ярьсан боловч завгүй гээд ирээгүй гэх тайлбараа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
“Ц.Ж нь 2014 онд пийшингээ авъя гэж яриад нөхөр Ганбаатараар авахуулж байсан” гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд үгүйсгээгүй буюу татгалзаагүй байна.
Ц.Ж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараа хариуцагч Ү.Б нь 2022 онд анх Алтанбулаг сумандаа ирээд Б.Тийг нас барсны хүү Б.Г нь хашаа, байшинг хариуцагч Ү.Бд зарсныг мэдсэн, өмнөх гэрээнээс татгалзсан учраас миний өмчлөлд эд хөрөнгө хэвээр байгаа үндэслэл зааж, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна” гэж заасан.
Хариуцагч Ү.Б нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож буй Б.Гтай 2012 онд хийсэн газар, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах хэлцлийн дагуу шилжсэн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил Ү.Бд бодитойгоор шилжсэнээс хойш сонирхогч этгээдийн хувьд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2022 онд дууссан байна.
Дүгнэвэл, хэдийгээр улсын бүртгэлийн баримтаар нэхэмжлэгч Ц.Жнь маргаан бүхий тухайн газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн боловч энэ маргааны тухайд зөвхөн улсын бүртгэлийн үнэн зөв байдлаар нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзэх, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл буюу хариуцагч Ү.Бийн эзэмшлийг шууд хууль бус эзэмшигч гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцэхгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Ж газар, үл хөдлөх эд хөрөнгийг Ү.Цатцэнгэлийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ж улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1., 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Ү.Бд холбогдох газар, үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Ц.Ж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ж улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН