Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2023/01028

 

 

 

 

2023       12          13                              151/ШШ2023/01028

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ... Г.Г,

Хариуцагч: ... Г.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б,

Хариуцагч: Г.Б

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:                 

1.Нэхэмжлэгч Г.Гнь хариуцагч Г.Г холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ тодорхойлохдоо: “Г.Гнь фэйсбүүк цахим орчинд Г.Бгийн Baagii baagii гэх цахим хуудаснаас Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Нацагдорж, Чандмань 6 дугаар гудамж, 605 тоотод байрлах 200 метр квадрат дулаантай газар зарна шүү. Приус-20 машинаар тулж болно, үнэ 12,000,000 төгрөг гэсэн зарын дагуу уулзсан. Г.Г, Г.Б нар уулзаж Г.Годоогоор бэлэн мөнгө алга, харин миний нэр дээр 75-72 ТӨА улсын дугаартай Тоёота Приус-20 маркын автомашинаар сольё гэсэн. Г.Б машиныг газраар солихыг хүлээн зөвшөөрч, машиныг 10,000,000 төгрөгөөр үнэлж, 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 0037 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээ байгуулах үед Г.Б үнийн дүнг өндрөөр хийвэл татварт их мөнгө төлөх учраас гэрээндээ 1,500,000 төгрөгөөр гэрээг хийнэ гэснээр гэрээг хийсэн. Харин Г.Гөөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Г.Бгийн өмчлөлд шилжүүлэн, мөн газрыг улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан. Харин үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд бичигдсэн 1,500,000 төгрөгийг төлөхгүй, зөвхөн 75-72 ТӨА улсын дугаартай Тоёота Приус-20 маркын автомашины 10,000,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан. Ингээд худалдаж авсан газартаа хувийн орон сууц барих гээд Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК, болон Төв Чандмань ДЭХГ газар нарт цахилгааны болон дулааны техникийн нөхцөл авах гээд хүсэлт гаргасан боловч тухайн газар нь Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст орсон Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалах дүрмийн 3-т заасан дулааны шугам ф500 мм хүртэл голчтой газар дор байрласан 5 метр хамгаалалтын зурваст орсон зэрэг хүн амьдрах, хувийн сууц барих боломжгүй газар болох эрх бүхий байгууллагын албан тоотоор тогтоогдсон. Г.Гын хувьд дээрх газарт амьдрах, хувийн орон сууц барих боломжгүй газар байгаа тул Г.Г газрын талаар хэлж, гэрээг цуцалж, машинаа буцаан авахаар шаардсан. Гэвч Г.Б нь машиныг чинь зарчихсан, би өөр хүнээс наад газрын чинь худалдаж авсан учраас тэр хүнтэй холбогдож учраа ол, надад хамаагүй гэх хариу өгсөн. Г.Гхудалдах, худалдан авах гэрээний үүргээ шударгаар биелүүлж өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн гэрээн заасан үүргээ биелүүлсэн боловч Г.Б нь хүн амьдрах, хувийн сууц барих боломжгүй газрыг шилжүүлж гэрээнд заасан биет байдлыг доголдолгүй байх үүргээ ноцтой зөрчсөн байна. Иймд Г.Г, Г.Б нарыг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, Г.Бгээс 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.1.Хариуцагч Г.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Г.Гтай газрыг Приус-20 машинаар сольж наймаа хийсэн. Би одоо нэхэмжилж байгаа 10,000,000 төгрөгийг бэлнээр өгөх боломжгүй байгаа тул өөрийн өгсөн машиныг нь өгөөд эвлэрэх хүсэлтэй байна. Г.Гын Приус-20 зарах гэхээр он хөгшин, 10,000,000 төгрөг хүрэх боломжгүй юм” гэжээ.   

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжийн баримт, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газрын гэрчилгээ, кадастр, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Төв чандмань-ДЭХГ-ын албан бичиг (хх-1-9)-ийг тус тус шүүхэд гаргаж өгчээ.

4.Хариуцагч талаас: хариу тайлбарыг гаргаж, түүний хүсэлтээр томилогдсон шинжээч нарын дүгнэлтийг хэрэгт хавсаргав.

5.Шүүх хуралдааны явцад зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд:

-“2.1.Г.Г, Г.Б нарын хооронд 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгчид шилжүүлсэн Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Нацагдорж чандмань 6 дугаар гудамж, 605 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-1427004182 дугаартай 200 м.кв газар нь эрчим хүч, дулааны хамгаалалтын зурваст орсон, өмчлүүлэх боломжгүй газрыг өмчлүүлсэн эд хөрөнгийн доголдолтой үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэнг талууд хүлээн зөвшөөрч байна.

2.2.Талууд нэхэмжлэлийн шаардлага болох 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлэх,

2.3.Нэхэмжлэгч гэрээний 2.2-д заасан мөнгийг шилжүүлсэн даруйд Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Нацагдорж чандмань 6 дугаар гудамж, 605 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-1427004182 дугаартай 200 м.кв газрыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх,

2.4.Хариуцагч үлдэх 5,000,000 төгрөгийг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцо эвлэрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Г.Гнь хариуцагч Г.Г холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...Г.Б нь хүн амьдрах, хувийн сууц барих боломжгүй газрыг шилжүүлж гэрээнд заасан биет байдлын доголдолгүй байх үүргээ ноцтой зөрчсөн” гэж тодорхойлжээ.

3.Хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбартаа: “Г.Гтай газрыг Приус-20 машинаар сольж наймаа хийсэн. Би одоо нэхэмжилж байгаа 10,000,000 төгрөгийг бэлнээр өгөх боломжгүй байгаа тул өөрийн өгсөн машиныг нь өгөөд эвлэрэх хүсэлтэй байна. Г.Гын Приус-20 зарах гэхээр он хөгшин, 10,000,000 төгрөг хүрэх боломжгүй юм” гэжээ.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн дүгнэлтээр  зохигч талуудын хооронд 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө буюу эрхийн улсын бүртгэлийн Г-1427004182 дугаарт бүртгэгдсэн газар нь доголдолтой /цахилгааны болон дулааны шугам давхцалтай, хувийн сууц барих боломжгүй/ байсан болох нь:

-Төв аймгийн Төв чандмань-ДЭХГ ОНӨААТҮГ-ын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 283 дугаартай албан бичиг, шинжээчийн дүгнэлт,

-Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн  2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 33/109 дугаартай албан бичиг, шинжээчийн дүгнэлт,

-Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 07/1233 дугаартай албан бичиг, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 07/1369 дугаартай албан бичиг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон.

5.С.Базардоржид 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зохигчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Гнь өөрийн эдлэх бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээлгэхээр 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгожээ. (хх-3)   

6.Зохигч талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, мөн зүйлийн 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэхээр харилцан тохиролцож, байгуулсан эвлэрлийн гэрээнд: 

   -“2.1.Г.Г, Г.Б нарын хооронд 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгчид шилжүүлсэн Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Нацагдорж чандмань 6 дугаар гудамж, 605 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-1427004182 дугаартай 200 м.кв газар нь эрчим хүч, дулааны хамгаалалтын зурваст орсон, өмчлүүлэх боломжгүй газрыг өмчлүүлсэн эд хөрөнгийн доголдолтой үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэнийг талууд хүлээн зөвшөөрч байна.

   2.2.Талууд нэхэмжлэлийн шаардлага болох 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч 10,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлэх,

   2.3.Нэхэмжлэгч гэрээний 2.2-д заасан мөнгийг шилжүүлсэн даруйд Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Нацагдорж чандмань 6 дугаар гудамж, 605 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-1427004182 дугаартай 200 м.кв газрыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх,

   2.4.Хариуцагч үлдэх 5,000,000 төгрөгийг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна” гэжээ.

7.Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд эвлэрлийн гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно. 

8.Нэхэмжлэгч Г.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бгээс 87,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

9.Шүүх 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” захирамжаар шинжээчийн зардлыг хүсэлт гаргагч хариуцахаар шийдвэрлэсэн тул захирамжийн биелэлтийг хангахыг хариуцагч Г.Г даалгав.

10.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласан болно.

11.Энэ захирамжийг хариуцагч заавал биелүүлэх үүрэгтэй ба сайн дураараа биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг сануулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Г.Г, Г.Б нарын хооронд 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгчид шилжүүлсэн Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Нацагдорж чандмань 6 дугаар гудамж, 605 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-1427004182 дугаартай 200 м.кв газар нь эрчим хүч, дулааны хамгаалалтын зурваст орсон, өмчлүүлэх боломжгүй газрыг өмчлүүлсэн эд хөрөнгийн доголдолтой үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэнг талууд хүлээн зөвшөөрч, гэрээг цуцалж;

-хариуцагч Г.Б нь 5,000,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Г.Г шилжүүлсэн даруйд нэхэмжлэгч Г.Гнь Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Нацагдорж чандмань 6 дугаар гудамж, 605 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-1427004182 дугаартай 200 м.кв газрыг хариуцагч Г.Бгийн өмчлөлд шилжүүлэх;

-хариуцагч Г.Б нь үлдэх 5,000,000 төгрөгийг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор нэхэмжлэгч Г.Гт төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Г.Гын урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Г.Бгээс 87,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Гт олгосугай. 

3.Тус шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 151/ШЗ2023/02494 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” захирамжийн биелэлтийг хангаж, шинжээчийн зардал 411,734 төгрөгийг Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт төлөхийг хариуцагч Г.Г даалгасугай.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч Г.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХБҮРЭН