| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 194/2025/2389/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/260 |
| Огноо | 2026-01-23 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Цагаатгах тогтоол
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2026/ШЦТ/260
2026 01 23 2026/ШЦТ/260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,
Улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,
Шүүгдэгч С.Э , түүний өмгөөлөгч Д.Очирваань, М.Батбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт С.Э-д холбогдох эрүүгийн 24020048704** дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, ** , дээд боловсролтой, химич мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас *** одонгоор шагнагдсан, урьд ял шийтгэгдэж байгаагүй, *** овогт С.Э- /РД:**** /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Э нь *** даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт (албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх), 7.1.3 дахь хэсэгт (албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах), 7.1.6 дахь хэсэгт заасан (албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх),
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг (Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх), мөн хуулийн 37.1.2 дахь хэсэг (өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх),
Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1 "...эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах", "хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх" дэх хэсэг,
"Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 26.4 "Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ", 26.4.1 "энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх" 26.4.4 "тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх" гэснийг тус тус зөрчиж, 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** т "Хөрсний чанарын хяналт, шинжилгээ хийх мониторингийн цэгийг нэмж байгуулах" тендер сонгон шалгаруулалтад үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдож ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт зөрчилтэй буюу "*** " ХХК-ийг Зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаа ирүүлээгүй байхад байсан мэтээр үнэлгээний хорооны бусад гишүүдэд танилцуулж, улмаар тендерт тус аж ахуй нэгжийг сонгон шалгаруулж, 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Зээлийн мэдээллийн сангийн лавлагааг нөхөж авч тендерийн баримт бичигт хавсарган, улмаар тендерт шалгаруулж давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь гэмт хэргийн шинжгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талууд уг үйлдэлтэй холбоотой дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
- 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 03/7422 дугаартай Сангийн яамны зөвлөмж /1-р ХХ-ийн 12-13-р хуудас/,
- Тендерийн баримт бичигт авагдсан *** компанийн зах зээлийн мэдээллийн сангийн лавлагаа /1-р ХХ-ийн 119-р хуудас/,
- 21 аймгийн хэмжээнд хөрсний чанарын хяналт шинжилгээ хийх тендерийн баримт бичиг /1-р ХХ-ийн 17-87-р хуудас/,
- *** ХХК-ийн баримт бичиг, лавлагаа /1-р ХХ-ийн 88-117-р хуудас/,
- Гэрч Х.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр манай ***-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар тендер сонгон шалгаруулалт явагдсан. Энэ тендер нь 300 сая төгрөгийн төсөвт өртөгтөй, Улаанбаатар хот, 21 аймгийн 1100 цагт хөрсний хяналтын шинжилгээ хийж тайлан зураглал гаргах ажил юм. Энэ тендерт *** даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Э нь үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан. С.Э нь болохоор хамаарал бүхий ***-н Орчны шинжилгээний хэлтсийн дарга Б-ын компанийг шалгаруулсан. Тухайн тендерт ирсэн материал нь баримт бичгийн шаардлагыг хангаагүй байсан...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 6-8-р хуудас/,
Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 онд өндөр насны тэтгэвэрт гарсан бөгөөд Төрийн бус байгууллагын төлөөлөл болж тухайн тендерт оролцохоор томилогдсон. Яамнаас эрх шилжүүлээд ирсэн гэж байсан. Аймаг болгонд цаг уурын лаборатори байдаг бөгөөд зарим шинжилгээгээ тухайн төвүүдээр шинжилгээ хийх юм байна гээд ярьж байсан. Гэхдээ үнэлгээний хорооны хуралдаанд би оролцоогүй. Би ямар компани орсныг мэдэхгүй байна. Тухайн үед надад яамнаас тендер зарла гэсэн, яамны захиалгатай юм гээд надад танилцуулж байсан юм. Харин дараа нь сонгууль дөхөж байхад С.Э- надаар үнэлгээний хорооны шийдвэр дээр гарын үсэг зуруулсан. Би ерөнхийдөө зарчмын хувьд дэмжээд л гарын үсэг зурчихсан юм. Бүрдэл хангахгүй байхад шалгаруулсан бол луйвар болсон байна шүү дээ. С.Э- үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга учраас материалын бүрдэл хангаагүй байсан бол танилцуулах үүрэгтэй шүү дээ. Гэтэл надад шалгарсан гээд байгаа компанийн материал дутуу байгаа талаар мэдэгдэхгүйгээр материал бүрэн хангасан, энэ компани шалгарсан гээд гарын үсэг зуруулсан шүү дээ. Би ямар ч байсан хуралд ороогүй, намайг үнэлгээний хорооны гишүүн болсон шүү гээд дараа нь гарын үсэг зуруулсан. Би одоо л *** ХХК шалгарсан гэдгийг мэдэж байна шүү дээ. Би энэ компанийн талаар ч мэдэхгүй. Би өмнө нь тендерийн үнэлгээний хорооны даргаар ажиллаж байхдаа хурлын тэмдэглэл хий, миний хэлж байгааг тэмдэглэ гээд хэлээд байхад ерөөсөө тэмдэглэл хөтөлдөггүй байсан. Би Б-г зүс танина. *** лабораторид ажилладаг гэдгээр нь мэднэ. Энэ лаборатори нь ***-ын харьяа байгууллага байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 182-184-р хуудас/,
Гэрч Н.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тиймээ тус үнэлгээний хорооны даргаар ажилласан. 2024 онд 5, 6 тендерийн үнэлгээний хороонд ажилласан болохоор одоо сайн санахгүй байна. 5-аас доошгүй гишүүнтэй үнэлгээний хороо байгуулах ёстой байдаг. Миний ойлгосноор 5-7 гишүүнтэй байгуулсан болов уу. 2 хөндлөнгийн төлөөлөл байсан байх. Үнэлгээний үйл явцын талаар санаж байгаа зүйлээ хэлэхэд хамгийн сонирхолтой нь яамнаас манай газарт албан бичгээр ийм тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гүйцэтгэгчийг ирүүл гэсэн байсан. Ингээд намайг үнэлгээний хорооны даргаар томиллоо гэсэн. Ингээд үүрэг авсан тул нарийн бичгийн дарга гишүүдээ цуглуулаад анхны хурлаа хийгээд энэ байдлыг танилцуулж байсан. Тэр хурал дээр онцлог зүйл нь юу байсан бэ гэвэл яамнаас ажлын даалгаврыг батлаад ирүүлчихсэн байсан бөгөөд энэ даалгаврын дагуу гүйцэтгэгчийг шалгаруулж зөвлөмжийг яаманд ирүүл гэсэн байсан. Тэрний дагуу газрын удирдлага яам руу энэ талаар хэлж байсан. Үнэлгээний хороо ажлын даалгаврыг өөрчлөх боломжгүй хүндрэлтэй асуудал гарах юм байна гэтэл та нар өөрчлөх саналтай байвал албан бичгээр ханд гэсэн. За нэгэнт ажлын даалгавар ирсэн тул энэ ажлыг нь сонгон шалгаруулж өгье гээд хурлаа хийгээд цахим сайтад зараа байршуулах ажлаа хийж нээлттэй тендерийг хуулийн дагуу зарласан. 2 дахь хурлыг тендер нээснээс хойш 1-2 хоногийн дараа хийсэн байх. Тэр хурлаар одоо санаж байгаагаар ганц оролцогч оролцсон, төсөвт өртөгт багтсан байсан. Тендерийн нарийн бичиг С.Э г үнэлгээний хорооны гишүүдэд тендер бариер холбоотой танилцуулгыг хийгээрэй гэсэн үүргийг өгсөн. Цахим тендер учраас дарга, нарийн бичиг нь цахимаар нилээн олон баримтыг татаж аваад шалгадаг болсон. Энэ бичгүүдийг нь шалгахад өртэй компаниуд тендерт орох боломжгүй болсон байгаа. Тендерт оролцсон компани дээр гишүүдээс санал асуугаад шийдвэрээ гаргаад зөвлөмжөө танилцуулсан. Би одоо тэмдэглэлд байгаа болов уу, 1 компани орж ирсэн учраас аль болох шаардлагыг хангасан байвал гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчдаа хүргүүлье гэж хэлж байсан. Зөвлөмжөө газрын даргадаа л өгсөн. Газрын дарга миний ойлгосноор зөвлөмжийг яам руу хүргүүлсэн гэж ойлгосон. Тэрнээс хойш процессийг би мэдэхгүй байна. Манай үнэлгээний хорооны бүрэн эрх ингээд л дуусаж байгаа юм. Нарийн бичиг С.Э хурлын тэмдэглэлийг хөтлөх ёстой хөтлөөд тэмдэглэл дээр гарын үсэг зуруулсан гэж ойлгож байгаа. Бид нар энэ жил үнэлгээгээ хийхдээ Сангийн яамнаас жишиг болгосон загвар дээр ажилласан санагдаж байна. С.Э даргын өрөөнд болсон санагдаад байна. Тэр өрөөнд дэлгэцтэй учраас тэнд хийсэн санагдаад байна. Б.М ыг байсныг санахгүй байна. Миний санаж байгаагаар ирц хүрсэн гэдгийг санаж байна. 5 гишүүн байхад ирц хүрсэн гэж үзэж байгаа. Хажуу талд ижил хурал зарлачихсан үед өөр хуралд сууж байгаад бусад гишүүд орж ирдэг тохиолдлууд байдаг. Миний ойлгосноор нарийн бичгийн дарга тендерийн материалыг танилцуулаад бүх баримт бичгийг байгаа гэж бодоод үнэлсэн. Үнэлгээний хорооны даргын хувьд би хайнга хандчихаж байгаа юм байхдаа. Манай бусад гишүүд ч байгаа л гэж ойлгосон байх. Би одоо байгаа л гэж ойлгоод зөвлөмж өгсөн шүү дээ. Ийм яриа гараагүй. Тэмдэглэлд хийгдээгүй л бол тийм яриа байхгүй. Сайн нягталж үзээгүй нь том сургамж болж байна. Мэдээж шинэ хуулийн дагуу тендерийн үнэлгээний хороонд ажиллахдаа бас л суралцаж байна. Би энэ тендерт хайнга хандсан асуудал нотлогдож байгаа юм шиг байна. Маш их сургамж авлаа...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 195-197-р хуудас/,
Гэрч О.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Он сарыг нь сайн санахгүй байна. Гэхдээ энэ хөрсний шинжилгээний тендерийн асуудлаар хуралдаж байснаа санаж байна. Тухайн хуралд Г дарга, нарийн бичгийн дарга С.Э , гишүүн Г.А , болон миний бие байсныг санаж байна. А , М ах хоёр байсныг санахгүй. ***-ын 2-р давхарт уулзалтын өрөөнд болсон гэж санаж байна. Нэг компани орж ирсэн энэ нь болж байна, энэ нь байна гээд С.Э- эгч бүгдийг нь танилцуулаад явж байсан.Тэгээд л дэмжсэн гээд санал өгчихсөн. С.Э- эгч дэлгэцэн дээр гаргаж ирээд л энэ нь энэ байна гээд л үзүүлээд байсан санагдаад байна. Би өмнө нь үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаагүй болохоор нарийн бичгийн ажлыг ямар хэцүү ажил вэ гэж бодоод сууж байсан. Яагаад гэхээр С.Э- эгч дэлгэцэн дээр компанийн материалийг харуулаад хурлыг удирдаж байсан юм. Үнэлгээний хорооны хурал дээр энэ нь хаана байна, тэр нь хаана байна гээд ярилцаад явж байгаад сүүлд нь зөвшөөрсөн гээд гарын үсэг зурж байсан. Үнэлгээний хуудас бөглөж байсан санагдаж байна. Нэг дор 2 тендер болоод байсан. Ажлын хажуугаар их хэцүү юм билээ. Хурлын тэмдэглэлийг С.Э- эгч хөтөлсөн байхаа. С.Э- эгч л танилцуулаад байсан. Аудио бичлэг хийсэн хийсэн эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үедээ дутуу материалтай гэж ойлгоогүй. С.Э- эгч дэлгэцэн дээр үзүүлээд тэр нь байна, энэ нь байна гээд үзүүлээд байсан. Тэгээд тэнцэж байна гээд шалгаруулсан. Би тухайн үедээ бүх юм нь бүрэн гэж бодоод гэж бодоод гарын үсэг зурчихсан, дутуу материалтай байсныг мэдээгүй. Энэ талаар ёстой мэдэх зүйл алга. Би үнэлгээний хороонд бараг анхны удаа оролцож байсан, надад үнэлгээний хороонд ажиллах туршлага ерөөсөө байгаагүй. Гэнэт нэг дор 2-3 удаа үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан бөгөөд яасан хэцүү ажил вэ л гэж ойлгож байсан. С.Э- эгчийг Орчны шинжилгээний мэргэжлийн хүн болохоор өөрийнхөө юмыг сайн мэдэж байна гэж бодоод байсан. Би орчны шинжилгээний мэргэжлийн хүн биш болохоор үнэхээр энэ талаар мэдэхгүй байна. Би бүх материал нь болчихсон байна гэж бодоод л гарын үсэг зурчихсан. Тэрнээс ямар нэгэн дарамт шахалт, эсхүл мөнгө төгрөг авсан зүйл огт байхгүй. Өөр оролцогч оролцоогүй болохоор өөр компанитай харьцуулах юм байхгүй байсан болохоор нь тэр нь байна гэж хэлээд байхаар нь байна л гэж ойлгоод гарын үсэг зурчихсан. Нөхөж авч болохгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Тэгэхээр тийм яриа гарах үндэс байхгүй...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 185-187-р хуудас/,
Гэрч Ц.А гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Харин дараа нь 2 дахь буюу тендерийн үнэлгээ хийсэн хурал нь 4 давхарт С.Э гийн албан тасалгаанд болж байсан. Энэ хурал дээр нарийн бичгийн дарга С.Э нь зарим нэг юмыг нь хэвлэчихсэн байсан бөгөөд зарим материалыг нь нөүтбүүкнээсээ үзүүлээд хурлыг удирдаж явж байсан. Галаа дарга хурал дээр асуулт асууж байсан гэж санагдаад байна. Гэхдээ ямар асуулт байсныг бол санахгүй байна. Миний санаж байгаагаар хуралд Г дарга, С.Э , Г.А , О.О болон миний бие байсан. О.О эгч жаахан хоцорч орж ирж байсныг санаж байна. Би тухайн үед гишүүнээр оролцож байсан болохоор ирцийн асуудлыг мэдэхгүй. Гол нь үнэлгээ хийх материалаа л үзээд явсан. Ер нь бол ирц бүрдээгүй бол хуралдаж болохгүй. Би яг хурал хэзээ болсон өдрийг санахгүй байна. Гэхдээ цайны цагаас өмнө болсон бөгөөд ганцхан оролцогч байсан учраас энэ хурал сунжирч удаагүй. Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа зэрэг бүх зүйлийг нь нөүтбүүк дээр С.Э- нарийн бичиг байна гээд гүйлгээд байсан. Би нарийн бичигт итгээд байна гэж ойлгосон. Би өөрийн нүдээр харсан эсэхийг санахгүй байна. Хуулиараа ерөнхий шаардлагатай холбоотой дутуу материал байвал тодруулга авах хэлбэрээр хурлыг хойшлуулж болохгүй тухай заасан байдаг. Нууцалж ирүүлсэн материал нь зөвхөн нарийн бичигт харагдна, нарийн бичиг л цахимаас татаж авна. Бидний хувьд санхүүгийн чадавхыг нотолсон баримтыг үзүүлсэн. Тэгэхээр нууцалж ирүүлсэн эсэхийг нь бид мэдэхгүй шүү дээ. Үнэлгээний хорооны хурал дээр бүх баримт бичиг нь бүрэн байна гэж хэлж байснаас дутуу материалыг нөхөж авах талаар яригдаагүй. Уг нь бол 2,3 дугаар давхарт том дэлгэц байдаг. Гэтэл энэ хурлыг нарийн бичгийн даргын өрөөнд болсон бөгөөд нөүтбүүк дээр бараг харагдахгүй шахуу байхад тийм баримт бичиг нь байна гээд танилцуулаад байхаар нь нарийн бичигт итгэсэн...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 192-194-р хуудас/,
Гэрч Г.А- гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хөрсний шинжилгээ хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гишүүнээр орсон. Гэхдээ би өмнө нь өөрөө нэг тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаад өөр хуралдаанд гишүүнээр ажилласан. Их ойр ойрхон тендер зарлаад байсан. Энэ тендерийг яамных байж манайхаар зарлуулсан гээд яригдаад байсан. Тухайн үед өөр өөр тендерүүд зэрэг зарлагдаад байсан болохоор сайн санахгүй байна. С.Э нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэгэхээр С.Э- тэмдэглэл хөтөлсөн байх. Энэ тендерийн ажлыг үнэлгээний хорооны анхны хуралдаан дээр энэ манайх өөрсдөө хийх боломжтой ажлыг яагаад өөр компаниар хийлгэх гээд байгаа юм бэ гээд л ярилцаж байсан бөгөөд нэгэнт яамаас зарла гэж байгаа бол шалгуурыг нь өндөр тавиад өгье, мэргэжлийн бус хүмүүс орчихвий гэж ярилцаж байсан. Нэгэнт мөнгө зарж байгаа юм бол өндөр шаардлага тавиад тэр шаардлагыг нь хангаад компани ороод ирж байгаа бол бидэнд сайн дата үлдэх юм байна гэж ярилцаж байсан. Үнэлгээ хийсэн хуралдаан дээр хэдэн гишүүд байсан гэдгийг санадаггүй. Үнэлгээ хийсэн сүүлийн хуралдааны талаар би огт санахгүй байна. Дутуу материалтай байсан бол шалгаруулж болохгүй. Энэ үнэлгээний хорооны хурлын талаар санахгүй юм. Энэ хуралдаан дээр зээлийн мэдээллийн сангийн лавлагаа дутуу, байхгүй байсан бол шалгаруулна гэж байхгүй. Миний оролцсон үнэлгээний хорооны хурал дээр дутуу материал байсан бол хурлыг хойшлуулаад дахин хурал зарлаж байсан тохиолдол байснаас зөвлөмжөө гаргачихъя, дутуу материалаа нөхөөд авчихъя гэдэг тийм зүйл огт ярьж байгаагүй. Би Б-г танина. Аргазүйн зөвлөлийн хурал дээр 1, 2 удаа тааралдаж байсан. Ажлын уялдаа холбоо байхгүй болохоор ер нь бол харилцдаггүй. Ажлын чиг үүргээр С.Э манай хэлтэст лабораторийг хариуцдаг болохоор Б-тай харилцах үүрэгтэй...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 188-190-р хуудас/,
С.Э гийн албан тушаалд томилогдсон тушаалууд /1-р ХХ-ийн 220-250-р хуудас/,
С.Э гийн *** дугаарын сүүлийн 6 сарын орсон, гарсан ярианы хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /3-р ХХ-ий 154-157-р хуудас/,
О.М-ын *** дугаарын, Б.Б-рагчаагийн *** дугаарын орсон, гарсан ярианы хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /4-р ХХ-ийн 97-99-р хуудас/,
Х.Э-т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар /4-р ХХ-ийн 45-р хуудас/,
*** ХХК-ийн албан мэдэгдэл болон холбогдох баримтууд /4-р ХХ-ийн 51-59-р хуудас/,
Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам /4-р ХХ-ийн 62-68-р хуудас/,
*** ХХК-ийн холбогдох материалууд /1-р ХХ-ийн 86-р хуудас/,
Х.Э-ээс АТГ-ын ахлах мөрдөн байцаагчид гаргасан хүсэлт /1-р ХХ-ийн 109-р хуудас/,
Монгол банкны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн б-10/801 дугаартай албан тоот /1-р ХХ-ийн 148-р хуудас/,
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/4809 дугаартай албан тоот /1-р ХХ-ийн 150-р хуудас/,
*** ХХК-ийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р ХХ-ийн 171-р хуудас/,
Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /3-р ХХ-ийн 189-191-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн.
Улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж, уяалдаа холбоотойгоор үйл баримтыг сэргээн дүрсэлж, шүүх бодит байдалд нийцсэн шийдвэр гаргахад нөлөөлөх ач холбогдлыг харгалзсан үнэлсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Улсын яллагч “...шүүгдэгч С.Э г нэр бүхий гэрчүүдийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...С.Э нь *** ХХК-ийн зээлийн мэдээллийн сангийн лавлагааг байгаа мэтээр танилцуулсан...”гэх агуулга бүхий мэдүүлэг, С.Э , Б.М , Б.Б нарын утасны дугаарын орсон, гарсан ярианы хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэргээр буруутган яллаж дүгнэлт, тайлбар гаргасан.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Тухайлбал:
Гэрч Н.Г ийн: “...Миний ойлгосноор нарийн бичгийн дарга тендерийн материалыг танилцуулаад бүх баримт бичгийг байгаа гэж бодоод үнэлсэн. Үнэлгээний хорооны даргын хувьд би хайнга хандчихаж байгаа юм байхдаа. Манай бусад гишүүд ч байгаа л гэж ойлгосон байх. Би одоо байгаа л гэж ойлгоод зөвлөмж өгсөн шүү дээ...” гэх мэдүүлэг,
Гэрч О.О ийн: “...Нэг компани орж ирсэн энэ нь болж байна, энэ нь байна гээд С.Э- эгч бүгдийг нь танилцуулаад явж байсан.Тэгээд л дэмжсэн гээд санал өгчихсөн. С.Э- эгч дэлгэцэн дээр гаргаж ирээд л энэ нь энэ байна гээд л үзүүлээд байсан санагдаад байна...” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.А гийн: “...Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа зэрэг бүх зүйлийг нь нөүтбүүк дээр С.Э- нарийн бичиг байна гээд гүйлгээд байсан. Би нарийн бичигт итгээд байна гэж ойлгосон. Би өөрийн нүдээр харсан эсэхийг санахгүй байна...” гэх агуулга бүхий мэдүүлэг хэрэгт авагджээ.
Шүүхээс гэрчийн мэдүүлгийн үнэн зөвийг үнэлэхдээ гэрч нь хэргийн бусад оролцогчтой садан төрөл, найз нөхдийн холбоо эсхүл тухайн хэрэгт хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдлыг сайтар нягталбал зүйтэй.
Тодруулбал: Гэрч Б.М , Н.Г , О.О , Ц.А , Г.А нар нь хөрсний чанарын хяналт, шинжилгээ хийх сонгон шалгаруулалтад үнэлгээний хорооны гишүүдээр ажиллаж, *** ХХК-г шалгаруулсан шийдвэрийг гаргажээ.
Өөрөөр хэлбэл *** ХХК-г тендерт шалгаруулсан тэдний хамтын шийдвэр нь дээрх компанид давуу байдал бий болгосон гэж С.Э г буруутасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй...” гэж заасан ба дээрх гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхдээ харгалзан үзлээ.
Хавтаст хэрэгт С.Э гийн *** , О.М-ын *** , Б.Б-гийн *** дугааруудын орсон гарсан ярианы хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан тендерийн үнэлгээний хорооны сонгон шалгаруулах хурал болж байх цаг хугацаанд С.Э г Б.Б, О.М- нартай утсаар ярьсан гэж буруутгадаг.
Гэвч дээрх нотлох баримт нь шүүгдэгч С.Э г *** ХХК-д давуу байдал бий болгосон буюу түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг эргэлзээгүй нотолсон баримт болохгүй.
Мөн С.Э нь **** хэлтсийн дарга Б.Б-тай ажил үүргийн хувьд уялдаа холбоотой ажилладаг болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.Э нь тендерийн үнэлгээний хорооны хуралдаанд **** ХХК-ийн зээлийн мэдээллийн лавлагааг ирүүлсэн мэтээр үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулсан гэх нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсонгүй.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь зарим тохиолдолд нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашигласан, төрийн албан хаагч хууль дээдлэх, шударга ёсыг эрхэмлэх, төрийн албанд иргэдийн итгэлийг алдахуйц үйлдэл гаргахгүй байх, ил тод байдал, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёс зүйн зарчмыг зөрчсөн мэт харагдаж болох ч бодит байдалд зохион байгуулалтын алдаатай шийдвэр, хувийн ашиг сонирхолд тулгуурлаагүй, ашиг олох, эсхүл өөртөө болон бусдад давуу байдал бий болгох санаа агуулаагүй, хийж буй үйлдэл нь бодит мэдээлэл судалгаанд үндэслэлгүй ашигтай гэж төсөөлсөн байхаас гадна бодит хохирол, хор уршиг учраагүй байдаг.
Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг нь өөрт болон бусдад хууль бус байдал бий болгох зорилгоор эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байх ингэснээр хохирол учруулсан байхыг шаарддаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй байхаар зохицуулсан.
Өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх боловч гэм буруутай этгээдийн үйлдлийн шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилго, гэмт үйлдэл болон түүний үр дагаварт хандаж буй сэтгэхгүйн хандлага нь бодит агуулгаар шийдвэр үйлдэлд нөлөөлсөн байхыг илэрхийлнэ.
Мөн аливаа гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг тодорхойлог нэг үндсэн хэмжүүр бол гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан бодит хохирол байдаг.
Хохирол нь гэмт хэргийн улмаас үүсч буй алдагдал, гарз бөгөөд эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн тодорхой этгээдийн хувьд эдийн болон эдийн бус сөрөг үр дагавар ба тооцон хэмжиж болохуйц байхын зэрэгцээ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүссэн шалтгаант холбоог заавал агуулсан байна.
***-аас “Хөрсний чанарын хяналт, шинжилгээ хийх мониторингийн цэгийг нэмж байгуулах” тендер зарлаж, уг тендерт *** ХХК материалаа ирүүлдэг.
Тендерийн үнэлгээний хороо хуралдаж *** ХХК-г зээлийн мэдээллийн лавлагааг ирүүлээгүй байхад нь тендерт шалгаруулсан.
**** ХХК-ийн зээлийн мэдээллийн лавлагаанд хугацаа хэтэрсэн зээлгүй талаар болон дээрх тендерийн ажлаас ямар нэгэн санхүүжилт аваагүй зэргээс дүгнэвэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, хэн нэгний хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй гэж үзэхээр байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр С.Э д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
С.Э г цагаатгаж шийдвэрлэсэн тул түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.
С.Э нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсантай холбоотой хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасан журмын дагуу өөрийн оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн 2 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6, 36.9, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн прокурорын газраас *** овогт С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. С.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлд заасан журмын дагуу С.Э нь өөрт учирсан хохирлыг өөрийн оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, С.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС