| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 195/2026/0321/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/458 |
| Огноо | 2026-02-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2026/ШЦТ/458
2026 02 12 2026/ШЦТ/458
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,
улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
шинжээч Д.Б*** /цахимаар/,
хохирогч Б.Т***,
шүүгдэгч Б.Д***, М.С*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Д***, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.С*** тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ****** дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авснаар, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1*** оны *** дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймагт төрсөн, 27 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар гудамжны *** тоот хаягт оршин суудаг, урьд:
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн *** оны *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
*** овогт *** *** /РД: *********/.
Монгол улсын иргэн, 1*** оны 07 дугаар сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт *** дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар гудамжны *** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*** овогт М*** С*** /РД: *********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д*** нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 22-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” үйлчилгээний газарт эхнэр М.С*** нь бүжгийн талбай дээр маргалдсан М.М*** хамт явж байсан хохирогч Б.Т*** цамцнаас татаж хоолойг боох, ширээнээс татаж унагаах зэргээр олон удаагийн үйлдлээр биед нь халдаж зүүн шуу ясны доод 1/3 хэсэгт далд хугарал, баруун зовхины дотор булан зүүн бугуй, баруун өвдөг, хэвлийд цус хуралт, хүзүү, баруун эгэм, зүүн тохой зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч М.С*** нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” үйлчилгээний газарт хохирогч М.М***эй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж, үснээс нь зулгааж биед нь баруун зовхи, эрүүнд цус хуралт, баруун нүдний зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч нарын гэм бурууг шүүхийн өмнө нотолж, яллах байр сууртай оролцсон ба хавтаст хэргээс 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1079 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
- Шүүх хуралдаанд хохирогч Б.Т*** нь баримтаар эмчилгээний зардалд зарцуулсан 103,550 төгрөг болон сэтгэцэд учирсан хохирлыг тус тус нэхэмжлэх байр суурьтай,
- Шүүгдэгч Б.Д*** нь хохирогч Б.Т***г зөвхөн 2-3 удаа хавсарч унагаасан зүүн шуу ясны доод 1/3 хэсэгт далд хугарал, хэвлийд цус хуралт үүссэн гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж, гэм буруугийн хувьд маргаж оролцсон ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн компакт дискт бэхжүүлсэн хяналтын камерын бичлэгийг шинжлэн судалж,
- Шүүгдэгч Н.С*** нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно гэдгээ шүүгдэгч нар бичгээр тус тус илэрхийлсэн болно.
2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
3. Шүүгдэгч Б.Д*** хохирогч Б.Т*** биед удаа дараагийн үйлдлээр халдаж эрүүл мэндэд нь зүүн шуу ясны доод 1/3 хэсэгт далд хугарал, баруун зовхины дотор булан, зүүн бугуй, баруун өвдөг, хэвлийд цус хуралт, хүзүү, баруун эгэм, зүүн тохой зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол,
Шүүгдэгч Н.С*** нь хохирогч М.Ма*** үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, эрүүнд цус хуралт, баруун нүдний зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учруулсантай холбоотой дараах баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
3.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан: “... *** төвийн баар дотор бусдад зодуулсан гэх ...” тэмдэглэл, лавлагааны хуудас /хавтаст хэргийн 8-9 дугаар хуудас/
3.2. Хохирогч М.М*** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “.... Би 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо *** тоот гэртээ байж байхад нэг хашаад тусдаа амьдардаг найз ***, *** нар гадуур жаахан суух уу гэхээр нь зөвшөөрөөд 20 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** төвийн нийтийн караокед орсон. ... бүжиглэж байхад манай найз *** бүжгийн талбай дээр үл таних 3 эмэгтэй маргалдаад байхаар нь би боль гээд салгасан чинь нэг эмэгтэй миний нүүр рүү гараараа цохихоор нь би зөрүүлээд цохиход газар унагаагаад үсдээд дахиад нүүр рүү цохисон..., камерын бичлэг үзэхэд урт үстэй, цагаан футболктой хар өнгийн өмдтэй 25-30 орчим насны эмэгтэй миний нүд болон толгой хэсэг рүү 3-4 удаа цохиж байгаа харагдсан.... тухайн эмэгтэй манай найз *** бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад цаашаа биеэрээ түлхээд байсан. Тэгэхээр би тухайн эмэгтэйг цааш нь холд гээд түлхтэл нөгөө эмэгтэй уурлаад маргаан эхлүүлсэн...., би тухайн үед 0.5 литр хэмжээтэй Сэнгүр пивоноос 4 ширхэг уусан байсан ба бага зэргийн согтолттой байсан. Миний баруун нүд хөхөрсөн би шүүх эмнэлэгт үзүүлсэн. ...150,000 төгрөгөөр томографик хийлгэсэн. ... сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгоно....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15, 17-18 хуудас/,
3.3. Хохирогч Б.Т*** мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 24-ний 22 цагийн цагийн үед би өөрийн эхнэр с болон найз *** нарын хамт Сонгинохайрхан үргийн *** дүгээр хороо *** худалдааны төвийн В1 давхарт байрлах night club-т орсон юм. Тэгээд бид гурав хэсэг юм ярьж суунгаа пиво уугаад байж байсан. Тэгээд гаднаас 2 залуу 3 эмэгтэй орж ирсэн байсан. Би тэр 2 залуугийн 1 залууг нь зүс таньдаг ба тухайн залууг *** гэдэг юм. Тэгээд бид хоёр мэндлээд гар бариад тэр 5 цаад өрөө рүү орсон. Удалгүй ***, М*** нар бүжгийн талбай дээр бүжиглэж байтал нөгөө 3 эмэгтэй *** хажууд бүжиглээд У*** цааш нь биеэрээ түлхээд байсан юм. Тэгэхээр нь М*** нөгөө 3 эмэгтэйг жаахан цаашаа бай гээд түлхтэл нөгөө 3 эмэгтэйн урт хар үстэй цагаан футболк хар өнгийн өмдтэй 25-30 орчим насны эмэгтэй нь *** рүү уурлаад дайрсан. Тэгэхээр нь би очоод салгатал нөгөө 3 эмэгтэй өрөө рүүгээ орсон. Тэгээд бид 3 ширээн дээрээ ирээд сууж байтал тэр 3 эмэгтэй 2 залуугаа дагуулаад өрөөнөөсөө гараад ирсэн. Тэр 5 ирээд 2 залуу нь над руу ирснээ зүс таних *** цуг явж байсан саарал өнгийн цамцтай 30 орчим насны залуу намайг "Чи чинь нээрээ цагдаа билүү. Би цагдаа зодож үзээгүй" гээд миний гараас барьж байгаад 3 удаа хавирч унагаасан. Тэгээд тухайн баарын баармен залуу салгасан. Тэгээд нөгөө 5 хүн буцаад өрөө рүүгээ орохоор нь ***, *** бид 3 дахин ширээндээ суугаад байж байтал нөгөө саарал цамцтай 30 орчим насны залуу хүрч ирээд шууд миний цамцнаас татаад намайг сандлаас унагаасан. Тэгээд *** салгах гэтэл урт хар үстэй цагаан футболк хар өнгийн өмдтэй 25-30 орчим насны эмэгтэй нь Маржангүл рүү дайраад үснээс нь зулгаагаад газарт унагааж байгаад нүүр хэсэг рүү нь 3-4 удаа цохиж байгаа харагдсан. Тэгээд бид нар салцгаасан. Тэгээд бид нар ширээн дээрээ сууж байтал Шар өнгийн үстэй цайвар цамцтай 30 орчим насны эмэгтэй ирснээ ширээн дээр байсан пивоны шилийг аваад *** рүү шидсэн. Тэгээд Маржангүл бултаад оногдоогүй. Тэгээд *** гэх залуу манай ширээнд ирж суугаад над руу "Чи цагдаа билүү. Чамайг яаж чадахыг чинь харъя" гэх мэтээр янз бүрээр хараагаад байсан. Мөн урт хар үстэй цагаан футболк хар өнгийн өмдтэй 25-30 орчим насны эмэгтэй нь "Та нар яаж ч чадахгүй. Чиний цагдаа байх чинь хамаагүй. Би 100.000 төгрөгөөр л торгуулна. Та нар юу ч олж долоохгүй харж байгаарай гэж хэлсэн. Тэгээд би *** цагдаа дууд гээд цагдаа дуудсан....тухайн үед зүс таних *** гэх залуутай цуг явж байсан саарал өнгийн цамцтай 30 орчим насны эрэгтэй намайг барьж байгаад 3 удаа хавирч унагаасан. Мөн намайг сууж байхад цамцнаас татаж сандлаас унагаасан. Тухайн үед ямар нэгэн гэмтэл мэдэгдээгүй харин маргааш нь Сонгинохайрхан дүүргийн *** дугаар амбулаторид үзүүлэхэд миний зүүн гар тохойны үе хэсгээр хугарсан байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. ... тэр залуу намайг чи чинь цагдаа билүү, би цагдаа зодож үзээгүй гээд миний гараас барьж байгаад 3 удаа хавирч унагаасан мөн сууж байсан цамцнаас татаж намайг газар унагаасан... сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгоно... хохирлоо нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-24 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.4. Гэрч Э.У*** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... *** бид хоёр бүжгийн талбай дээр бүжиглэж байтал хар үстэй цагаан футболк хар өнгийн өмдтэй 25-30 орчим насны эмэгтэй биеэрээ над руу ойртоод шахаад бүжиглээд байхаар нь манай найз *** нөгөө эмэгтэйг надаас холдуулсан. Гэтэл нөгөө эмэгтэй нь уурлаад *** цааш түлхсэн. Тэгэхээр нь манай нөхөр *** тэр хоёрыг салгаад бид 3 ширээн дээрээ сууж байхад нөгөө эмэгтэй цуг орж ирсэн хүмүүстэйгээ цуг манай ширээ рүү ирээд шар өнгийн үстэй цайвар цамцтай 30 орчим насны эмэгтэй нь ширээн дээр байсан пивоны шилийг аваад *** рүү шидсэн. Тэгээд *** бултаад оногдоогүй. Тэгээд байж байтал саарал цамцтай 30 орчим насны эрэгтэй манай нөхөр лүү шууд дайраад хоолойноос нь боогоод татаж унагаасан. Тэгсэн манай нөхөр намайг битгий оролц гээд ойртуулаагүй. Тэгэхээр нь салгаагаагүй. Тэгээд удалгүй тэр хүмүүс өрөө рүүгээ ороод байж байснаа буцаж гарч ирээд саарал цамцтай 30 орчим насны залуу нь манай нөхрийг 2 удаа хавирч унагасан. Тэгээд ***салгах гэтэл хар үстэй цагаан футболк хар өнгийн өмдтэй 25-30 орчим насны эмэгтэй *** үсдэж аваад унгаасан. Тэгээд нүүр лүү нь хэд хэд цохиж байгаа харагдсан. Тэгээд бид нар салаад байж байтал *** гэх залуу нь манай ширээн дээр ирээд "Чи цагдаа байхаараа яадаг юм гээд янз бүрээр хэлээд доромжлоод байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд бид нар цагдаагийн хэлтэс рүү явсан.....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас/,
3.5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2549 дугаартай: “... Б.Т*** биед зүүн шуу ясны доод 1/3 хэсэгт далд хугарал, баруун зовхины дотор булан, зүүн бугуй, баруун өвдөг, хэвлийд цус хуралт, хүзүү, баруун эгэм, зүүн тохой зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна....” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,
3.6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 685 дугаартай: “*** овогтой *** /РД: ***/-ийн сэтгэц 2025 оны 01 дүгээр сарын 22-нд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас/,
3.7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2522 дугаартай: “... М*** биед баруун нүдний зовхи, эрүүнд цус хуралт, баруун нүдний зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна....” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,
3.8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 684 дугаартай: “*** ***/РД: *********/-ийн сэтгэц 2025 оны 01 дүгээр сарын 22-нд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 70-72 дугаар хуудас/,
3.9. Шүүгдэгч Б.Д*** сэжигтнээр өгсөн: “... бүжгийн талбай дээр манай эхнэр үл таних эмэгтэй хүнтэй маргалдсан байдалтай байсан бөгөөд би салгаад юу болсон талаар асуутал бүжиглэж байхад намайг цохиж авсан гэж хэлж байсан. Тэгээд маргалдаж байсан хүнээс би эхнэрээ салгаад бүжгийн талбай дээрээс өөрсдийн сууж байсан өрөө рүү орох гэтэл манай эхнэртэй маргалдсан үл таних эмэгтэй араас надтай хамт явж байгаа манай найз цагдаа хүн шүү, муу янхан минь, гичий минь гээд хэл амаар доромжлоод байсан бөгөөд тухайн цагдаа гэж хэлээд байсан эрэгтэй нь надтай уулзаад би чамайг шоронд суулгана, ямар хэргээр шоронд суумаар байна гээд байхаар нь уурлаад төрийн нэр барьсан пязда минь ингээд хүнд хийгээгүй хэрэг хүлээлгээрэй гээд тухайн үл таних эрэгтэйг би хоолойноос боож байгаад хэд, хэдэн удаа хавсарч унагаасан. Энэ үед надтай хамт явж байсан хүмүүс болон баарны ажилтан намайг салгаад болиулсан. Тэгээд өрөөндөө ороод сууж байтал манай эхнэр *** нөгөө маргалдаад байсан үл таних эмэгтэй хүнтэй дахин маргалдаад газарт унагааж нүүр орчим нь гараараа цохиж авсан. Хэдэн удаа цохисон талаар нь мэдэхгүй байна. Тэгээд би уур хүрээд эмэгтэй хүнд гар хүрэхгүйгээр хамт явж байсан өөрийгөө цагдаа гээд байсан эрэгтэйг хоолойноос нь боогоод суудал дээрээс нь татаж босгож ирээд хавсарч унагаасан. Удалгүй цагдаагийн алба хаагчид ирсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-39 дүгээр хуудас/,
3.10. Шүүгдэгч Н.С*** яллагдагчаар өгсөн: “... 150 см өндөртэй богино шар үстэй эмэгтэй ирснээ шууд намайг татаад “Манай найз цагдаа чи мэдэх үү гээд цохиод авсан. Тэгсэн нэг үл таних эрэгтэй тухайн эмэгтэйг надаас холдуулсан. Тэгээд би тухайн эмэгтэйг бүжгийн талбай дээр 1 удаа цохисон. Тэгээд бид хэд өрөө рүүгээ ороод буцаад гарч ирээд байж байхад буйдангийн хажууд намайг нөгөө эмэгтэй үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үсэдсэн цохиогүй. Тэгээд манай нөхөр *** намайг өмөөрөөд үл таних 30-35 орчим насны 178 см орчим өндөртэй залууг "Чиний цагдаа байх чинь хэнд хамаатай юм" гэсэн. Ямар нэгэн байдлаар цохисон унагаасан үгүйг хараагүй мэдэхгүй байна. Тэгээд цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 166 дугаар хуудас/
3.11. Шүүгдэгч Б.Д*** яллагдагчаар өгсөн: “... би бүх зүйлээ ярьсан нэмж ярих зүйлгүй. Тухайн өдөр дуудлага мэдээллээр ирж ажилласан цагдаагийн алба хаагч нарын энгэрийн камерын бичлэг болон *** нэртэй баарны гадна талын камерын бичлэг дээр гомдол мэдээлэл гаргаад байгаа хүний халтирч унаж байгаа бичлэг байгаа. Дараа нь бид нар цагдаагийн байгууллага дээр ирээд шалгуулж байх хугацаанд тухайн хүний гар хугарсан зүйл байхгүй хүнтэй мэндлээд над руу хуруугаараа чичлээд яваад байсан. Тухайн үед намайг дуудаж байсан бол би энэ талаарх камерын бичлэгүүдийг олж өгөх байсан. Одоо устсан байх. Над руу 2025 оны 07 сард утсаар холбогдож дуудах үед би хөдөө орон нутагт явж байсан тул ирээгүй. Тэгээд 2025 оны 09 сард дуудах үед нь би ирээд тайлбар мэдүүлгээ өгсөн. Надтай маргалдсан цагдаа гэх эрэгтэй чамд хэрэг үүрүүлнэ гээд байсан тийм болохоор намайг буруутгаж байна гэж би ойлгож байна. Надад одоо өөрийгөө зөвтгөх нотлох баримт байхгүй болсон байна. Хэрэг болсон өдрөөс хойш би 1 сарын дараа тухайн үед шалгаж байсан мөрдөгчтэй уулзаад ажилтай байна дараа 7 хоногт ирж уулз гэж хэлэхээр нь явсан. Би дараа 7 хоногт нь дуудсан цагдаагийн алба хаагчийн дугаар луу залгатал холбогдох боломжгүй байсан бөгөөд дахиж намайг дуудаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний хэлсэн ярьсан зүйл бүгд үнэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 150 дугаар хуудас/,
3.12. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 78-85 дугаар хуудас/
3.13. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискт бэхжүүлсэн хяналтын камерын бичлэг зэрэг болно.
4. Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарыг яллах үндэслэл болгосон нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтоож чадсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
5. Гэм буруугийн талаар.
5.1. Хэргийн үйл баримтуудаас дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Д*** нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” караоке бааранд эхнэр М.С*** нь бүжгийн талбай дээр маргалдсан М.М*** хамт явж байсан хохирогч Б.Т*** цамцнаас татаж хоолойг боох, ширээнээс татаж унагаах зэрэг удаа дараагийн үйлдлээр биед нь халдаж. “зүүн шуу ясны доод 1/3 хэсэгт далд хугарал, баруун зовхины дотор булан, зүүн бугуй, баруун өвдөг, хэвлийд цус хуралт, хүзүү, баруун эгэм, зүүн тохой зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий” хүндэвтэр хохирол,
Шүүгдэгч Н.С*** нь хохирогч М.М*** үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхи, эрүүнд цус хуралт, баруун нүдний зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
- Хохирогч Б.Т***, М.М*** нарын мэдүүлэг /хх-ийн 13-15, 17-18, 21-24/, гэрч Э.Уянгын мэдүүлэг /хх-ийн 27-29/, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2549, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2522 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 41-42, 48-49/, шүүгдэгч Б.Д*** сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-39, 150/, шүүгдэгч Н.С*** яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 166/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 78-84/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискт бэхжүүлсэн хяналтын камерын бичлэг,
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д*** гаргасан: “... би хавсарч унагаасан болохоо хүлээн зөвшөөрч байгаа ...” гэх мэдүүлэг, шүүгдэгч М.С*** гаргасан: “Хохирогч М.М***н биед учирсан хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа ...” гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
6. Хууль зүйн дүгнэлт.
6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
6.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн объектив талын шинж нь шүүгдэгчийн нийгэмд аюултай, гэм буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан идэвхтэй үйлдэл байхыг шаарддаг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн зүгээс үйлдсэн гэмт үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байхыг ойлгоно. Тус бүлэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
6.3. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2549 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Т*** биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл,
шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2522 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.М*** биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон байна.
6.4. Шүүгдэгч Б.Д*** хохирогч Б.Т*** хоолойноос нь боох, суудлаас татаж унагах, хөлийг нь хавсарч унагаах зэрэг үйлдлээр “зүүн шуу ясны доод 1/3 хэсэгт далд хугарал. баруун зовхины дотор булан. зүүн бугуй, баруун өвдөг, хэвлийд цус хуралт, хүзүү, баруун эгэм, зүүн тохой зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий” бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь энэ гэмт хэргийн субьектив талын санаатай байх шинжийг хангасан.
6.5. Шүүгдэгч Б.Д*** гаргасан хохирогч Б.Т*** 2-3 удаа хавсарч унагаасан, цохисон зүйлгүй, хэрэг гарсан цаг хугацаанаас хойш 7 сарын дараа надад хэргийг танилцуулсан, хохирогчийн биед учирсан гэх зүүн шуу ясны доод 1/3 хэсэгт далд хугарал, хэвлийд цус хурсан гэх гэмтлийг би учруулаагүй, шинжээчийн дүгнэлт сүүлд гарсан, гар нь хугарсан хүн 50-60 кг бүхий эмэгтэй хүнийг баарны гадна талбайгаас зүгээр өргөөд явсан нь тухайн үед шуу яс хугараагүй болохыг илэрхийлж байна, мөн мөрдөгчийн энгэрийн камерын бичлэгийг хавсаргаагүй гэх тайлбарыг тус тус хүлээн авах боломжгүй байна.
Тодруулбал, шүүгдэгч Б.Д*** нь ch2_20250122_224534 гэж хадгалсан хяналтын камерын бичлэгийн 07:33 секундэд хохирогчийг хавсарч унагаасан, 07:36 секундэд хохирогчийг доош нь түлхэж шалан дээр савж унагаасан, 07:42 секундэд хохирогчийг дахин хавсарч унагаасан,
ch2_20250122_225714 гэж хадгалсан хяналтын камерын бичлэгийн 08:48, 11:02 секундэд хохирогчийг тус тус сандлаас татаж унагаах, 13:02 секундэд хавсарч татах, хоолойноос нь боож, сандал дээр сууж байхад нь хойш татаж байгаа зэрэг нь тодорхой бичигдсэн байна.
Мөн хэрэг учрал гарсан гэх цаг хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 22-ны шөнийн 23 цагийн үед байх ба шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр албажиж, хохирогч Б.Т*** биед учирсан гэмтлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шинжээчийн дүгнэлтээр тогтоосон нь шинжээчийн дүгнэлтийг хожимдож гарсан гэж үзэх боломжгүй байна.
6.5.1. Шинжээч эмч Д.Б*** нь хохирогч Б.Т*** учирсан гэмтлийн талаар “... Б.Т*** биед зүүн шуу ясны доод 1/3 хэсэгт далд хугарал, баруун зовхины дотор булан, зүүн бугуй, баруун өвдөг, хэвлийд цус хуралт, хүзүү, баруун эгэм, зүүн тохой зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэж дүгнэсэн,
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Д.Б*** гаргасан: “... шуу ясны хугарал нь дарах, мушгих, цохих, цохигдох, дарж унах зэрэг үйлдлийн улмаас үүсэх боломжтой. Миний бие хохирогч Б.Т*** 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үзлэг хийсэн байх ба хохирогчид рентген зураг авхуулж ирэхийг зөвлөсний дагуу СХДЭМТөвд рентген зураг авхуулж авч ирсэн зурагт зүүн шуу ясны доод хугарал 1/3 хэсэгт далд хугарал бүхий гэмтэл авсан болохыг оношилсон. ... Шуу яс нь зөрүүгүй далд хугарал авсан, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн, шокийн байдалтай байгаа зэрэг тохиолдолд тодорхой хугацаанд өвдөлт мэдрэхгүй байх боломжтой, харин шуу яс хугарахдаа зөрсөн, ил хугарал авсан тохиолдолд өвдөлт мэдрэх нь мэдрэг байна. Хэд хүртэлх кг жин бүхий ачаа үүрэх, тэврэх боломжтойг тодорхой илэрхийлэх боломжгүй. Ил хугарал нь хугарсан хэсэгт шарх үүсэж, овойх, товойх байдлаар хугарал ил гарч ирэхийг хэлдэг бол далд хугарал нь арьсан дор үүсэж, гадна талд хөхрөлт үүсэх байдлаар үүсдэг ...” гэх мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Б.Д*** хэлэлцүүлэгт гаргасан “гар нь хугарсан хүн 50-60 кг бүхий эмэгтэй хүнийг баарны гадна талбайгаас зүгээр өргөөд явсан нь тухайн үед шуу яс хугараагүй болохыг илэрхийлж байна” гэх тайлбар няцаагдаж байна.
Тодруулбал, хохирогч Б.Т*** нь 3-4 шил 0.5 литр Сэрүүн нэртэй согтууруулах ундаа хэрэглэсэн болохоо хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлдэг ба түүнд учирсан “зүүн шуу ясны доод 1/3 хэсэгт далд хугарал” бүхий гэмтлийг авахдаа согтууруулах ундаа хэрэглэсний улмаас тодорхой хугацаанд өвдөлт мэдрээгүй, маргааш нь өвдөлт мэдрэгдэж эхэлсэн тул эмнэлэгт үзүүлсэн талаар хохирогч мэдүүлсэн нь тогтоогдож байгаа. Харин эхнэр болох Э.У*** /50-60кг бүхий хүнийг/ өргөх, тэврэх боломжтой эсхүл боломжгүйг нарийвчлан тодорхойлж, тоон үзүүлэлтээр илэрхийлэх боломжгүй болох нь шинжээчийн тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна.
6.6. Иймд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг болон хяналтын камерын бичлэгт авагдсан үйл баримт зэргийг харьцуулан үзэхэд хохирогч Б.Т*** учирсан хүндэвтэр зэргийн гэмтэл нь шүүгдэгч Б.Д*** зүгээс хохирогчийн эрх чөлөөнд халдан, удаа дараагийн үйлдлээр хавсарч, татаж, хөмөрч унагаах, хоолойг боох, хойш түлхэх зэрэг үйлдлийн улмаас үүссэн шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.
6.7. Түүнчлэн шинжээч эмч С.Э*** нь хохирогч М.М*** учирсан гэмтлийн талаар: “...М.М*** биед баруун нүдний зовхи, эрүүнд цус хуралт, баруун нүдний зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэж дүгнэсэн
6.8. Хэрэгт авагдсан камерын бичлэгт шүүгдэгч М.С***, хохирогч М.М*** нар маргалдаж улмаар шүүгдэгч хохирогчийг үсдэх, нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж байгаа нь тодорхой бичигдсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруу, хэргийн зүйчлэлд маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон ба шүүгдэгч М.С*** маргаан зодоон хийх явцдаа хохирогч М.М***н нүүрэн тус буюу баруун нүд рүү 2 удаа гараараа цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.
6.9. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Б.Д*** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Н.С*** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байх тул тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
6.10. Мөн талуудын хооронд үүссэн тухайн маргаан зодоон нь караоке, баар буюу олон нийтийн газраар үйлчлүүлж байсан үйлчлүүлэгч нарын хооронд үүссэн байх боловч уг маргаан зодоон нь хохирогч М.М*** бүжгийн талбайд цуг бүжиглэж байсан Э.У*** налж, шахсан шүүгдэгч Н.С*** үйлдлийг эсэргүүцэн маргаан үүсгэсэн үйлдлээс шууд эхлэлтэй ба хамт байсан хүмүүс маргаан зөрчилдөөнийг эв зүйгээр шийдвэрлэж чадаагүй, “******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.О*** “... эд зүйлийг хүлээн авах үед ямар нэгэн гэмтэл байгаагүй, иймд манай байгууллагын зүгээс гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 132х/ авагдсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийг давхар шалгах шаардлагагүй гэж шүүхээс үзэв.
7. Хохирол-хор уршиг.
7.1. Хохирогч Б.Т*** нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 103,550 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тус тус нэхэмжилсэн ба хохирогчийн эмчилгээ үйлчилгээтэй холбоотой Эрүүл мэндийн даатгалын санд 42,880 төгрөгийн хохирол,
- Хохирогч М.М*** нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 150,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тус тус нэхэмжилсэн ба хохирогчийн эмчилгээ үйлчилгээтэй холбоотой Эрүүл мэндийн даатгалын санд 149,762 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
7.2. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 685 дугаартай: “*** овогтой *** /РД: ******/-ийн сэтгэц 2025 оны 01 дүгээр сарын 22-нд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 684 дугаартай: “****** /РД: ***/-ийн сэтгэц 2025 оны 01 дүгээр сарын 22-нд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 70-72 дугаар хуудас/-үүд тус тус авагдсан.
7.3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд /Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйл, 11.6 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршиг буюу “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл” нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба “Нэгдүгээр” зэрэглэлд хамаарч “нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтооно” гэж заасан.
7.4. Нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шүүгдэгч Б.Д***, Н.С*** нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй, шүүгдэгч Н.С*** гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлж буюу 4,99х660,000=3,293,400 төгрөгөөр тогтоож, хохирол төлбөрт баримтаар нэхэмжилсэн 103,550 төгрөгийг нэмж нэгтгэн нийт 3,342,950 төгрөгийг шүүгдэгч Б.Д*** гаргуулж, хохирогч Б.Т*** олгохоор,
- хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлж буюу 4,99х660,000=3,293,400 төгрөгөөр тогтоож, хохирол төлбөрт баримтаар нэхэмжилсэн 150,000 төгрөгийг нэмж нэгтгэн нийт 3,443,400 төгрөгийг шүүгдэгч Н.С*** гаргуулж, хохирогч М.М*** тус тус олгохоор шийдвэрлэлээ.
7.5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т зааснаар шүүгдэгч Б.Д*** 42,880 төгрөг, шүүгдэгч Н.С*** 149,762 төгрөгийг тус тус гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.
8. Эрүүгийн хариуцлагын талаар.
8.1. Улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Д***г: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ...”
Шүүгдэгч Н.С***: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... 550,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ...” саналыг тус тус гаргасан.
8.2. Хохирогч Б.Т***с: “... Улсын яллагчтай санал нийлж байна ...” гэв.
8.3. Шүүгдэгч Б.Д***с: “... Тусгайлан гаргах саналгүй ...” гэв.
8.4. Шүүгдэгч Н.С***с: “... Тусгайлан гаргах саналгүй ...” гэв.
8.5. Шүүгдэгч Б.Д*** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
8.6. Шүүгдэгч Н.С*** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
8.7. Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж:
8.7.1. Шүүгдэгч Б.Д*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Шүүгдэгч Н.С*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тус тус шийдвэрлэлээ.
8.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б. *** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С*** оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Н.С*** нь торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг тус тус тогтоох хэсэгт заах нь зүйтэй байна.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б*** *** нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** овогт Б*** Дэ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
Б*** овогт М*** С***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д***г 600 /зургаан зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.С***г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.С*** оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Д*** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч Н.С*** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасныг баримтлан Б.Д*** эмчилгээний зардалд 103,550 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 3,293,400 төгрөг, нийт 3,342,950 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т***,
Шүүгдэгч Н.С*** эмчилгээний зардалд 150,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 3,293,400 төгрөг, нийт 3,443,400 төгрөгийг гаргуулж хохирогч М.М*** тус тус олгосугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар Б.Д*** 42,880 төгрөг, Н.С*** 149,762 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч *** *** нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ