Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 13-ны өдөр      Дугаар 222/МА2019/00008                   Баруун-Урт     

 

                                   Г.Аын нэхэмжлэлтэй, 

                                           Л.Бд холбогдох 

                                           иргэний хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч Г.А

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн

Нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов. 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэнгийн давж заалдах гомдлоор  Г.Аын “авто машины үнэ 7000000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй Л.Бд холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Нэхэмжлэгч Г.А нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 09 дүгээр сарын 03-нд иргэн Л.Баас Бонго-G3 маркийн автомашиныг 8 500 000 төгрөгөөр худалдаж авахаар болж 7 000 000 төгрөгийг дансаар нь хийгээд үлдэгдэл 1 500 000 төгрөгийг 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцоод машиныг аваад явсан. Машиныг унаад сумаас 50 км-т байдаг гэрлүүгээ явж байхад машин 2 удаа унтарч зогссон. Ингээд аргадас хийж зөөлөн яваад гэрийнхээ гадаа аваачиж тавьсан. Машиныг угааж байхад 2, 3 дугаар нум нь хугархай байсан. Сумаас ирж байхад хянах самбар дээр улаан гэрэл асч байсныг мэддэг хүнээс асуухад хөөх помп эвдрэлтэй байна гэсэн. Ингээд маргааш нь би хүний унаагаар сум орж энэ тухай Бд хэлэхэд надад 1 хуучин, 1 шинэ нум өгснийг би машинд сольж тавиагүй. Уг машиныг худалдаж авахын тулд би банкнаас зээл авсан. Уг машины мотор суларсан, асаад унтардаг болохыг мэдээд буцааж аваачиж өсгөн. Машинаа буцааж авахыг Б өөрөө зөвшөөрсний дагуу 2018.9.12-ны өдөр авга ах Энхбаатарын хамт машиныг унаж авчран өөрт нь хүлээлгэж өгөхөд асааж үзээд шалгаад авсан. Харин дараа нь машины моторыг нь цохиулаад хэлэлгүйгээр хашаанд авчирч тавьсан, түүнээс хойш машин асаагүй гэж намайг гүтгэсэн. Машиныг хүлээлгэж өгснөөс хойш сумын төвөөр хог ачаад, мөн мах зараад явж байсныг би өөрөө ч мэднэ, сумын иргэд ч гэрчилнэ. Энэ хүн машины бардак цоорсон байна, 500 000 төгрөг төлүүлнэ гэсэн. Машиныг авах үед бардак дээшээ сойлттой байсан учир би цоорхой байсан эсэхийг анзаараагүй. Үндэслэлгүй ийм их хэмжээний мөнгө төлж чадахгүй гэхэд тэгвэл оёж өг гэсэн учраас би оёуулж өгсөн. Мөнгийг чинь өгнө гэсэн. Өгөхгүй болохоор нь утсаар ярихад хотод явж байна, мөнгийг чинь өгнө өө, чи миний машиныг өөрөө эвдсэн, уучлаарай гэвэл мөнгийг чинь би одоо ч өгсөн болно гэсэн. Тэгэхээр нь би угаасаа эвдээгүй юм чинь зөвшөөрөөгүй. Хэрвээ намайг эвдсэн гэж үзсэн бол Улаанбаатар хот руу авч явахаасаа өмнө надад мэдэгдэх ёстой байсан. Гэтэл хотоос ирээд би машинаа засуулж ирсэн, чиний мөнгөнөөс 1 000 000 төгрөг хасна гэсэн. Ингээд би машиныг унаа ч үгүй, яагаа ч үгүй байж мөнгө төлж чадахгүй гэсэн. Тэгээд энэ асуудлаа цагдаад өгч шийдүүлье гэхэд тэгвэл би чамаар моторын мөнгөө төлүүлнэ гэж дарамталсан. Тиймээс Л.Баас машины үнэд төлсөн 7 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

           Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018.9.03-ны өдөр Г.Аын хүсэлтээр цагаан өнгийн Бонго-G3 маркийн автомашинаа 8 500 000 төгрөгөөр худалдсан. Г.А аавынхаа дүү Гтай цуг ирж миний машиныг үзэж хараад, масло тосыг нь шалгаж үзээд бэлнээр 7 000 000 төгрөгийг өгөөд 1 500 000 төгрөгийг сарын дараа мал борлуулаад өгнө гэж тохиролцоод аваад явсан. 2018.9.12-ны өдөр ирээд таны машиныг унтрахаараа асдаггүй машин гээд хүн ярьж байна, би ер нь наймаа буцлаа гээд аваад ирсэн. Тэгээд байрлуулж тавих гээд асаахад хар утаа хаяад машин эвдэрсэн байсан. Тэгээд Улаанбаатар хот руу ачиж яваад засварын газар үзүүлэхэд мотороо солих шаардлагатай гэсэн. Би Улаанбаатар хот Ө К-120-оос мотор 1 300 000 төгрөгөөр худалдаж аваад засварын газар 500 000 төгрөгний ажлын хөлс төлж мотороо солиулсан. Миний машин бол Ат худалдах үед ямар ч эвдрэл гэмтэлгүй, би өөрөө сум аймгийн хооронд байнга явдаг байсан машин. А миний машиныг худалдаж авъя гэж авчихаад хүний амаар үг хийж буцаасан үйлдэлд би гайхаж байна. Иймд моторын үнэ 1 300 000 төгрөг, мотор солиулах ажлын хөлс 500 000 төгрөг, тээврийн хөлс 200 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулаад үлдэгдэл 5 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

              Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А нь 2018.9.03-нд иргэн Бтай худалдах-худалдан авах гэрээ хийсэн. Энэ гэрээний үнийн дүн 8 500 000 төгрөг байгаа. Үүний 7 000 000 төгрөгийг машинаа худалдан авахаас өмнө Бы данс руу шилжүүлж, 1 500 000 төгрөгийг сарын дотор өгөхөөр тохирсон. А нь машин худалдан авснаас хойш нум нь хугарсан гэж ирээд нэг шинэ нум, нэг хуучин нум авч явсан. Машиныг 7, 8 хоногийг дараа буцааж авч ирэхдээ машины мотор нь болохгүй байна, масло их идэж байна гэж машиныг авчирч өгснөөр гэрээний нэг тал гэрээнээсээ татгалзсан. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасан байгаа. Энэ хүн машинаа авч, урьдчилгаа төлбөрийг өгсөн. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардах эрхээ алдана гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Тиймээс Аын хувьд шаардах эрхээ алдсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн хувьд машины засварын зардалд зарцуулсан 2 000 000 төгрөгийг хасч, 5 000 000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байгаа гэв.

 

            Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэрт:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л. Баас 7 000 000 /долоон сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ат олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Аын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Баас улсын тэмдэгтийн хураамжинд 126 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ат олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Г.А нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Л.Баас “Бонго-G-3 маркийн ачааны авто машиныг 8500000 төгрөгөөр худалдан авч дансаар 7000000 төгрөгийг шилжүүлж,  үлдэгдэл 1500000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тохиролцоод машиныг авч явсан байна. 2-3 хоногийн дараа сумын төв орж Баас 2 нум авч явсан бөгөөд энэ үеэр машины эвдрэлийн талаар ярьж байгаагүй бөгөөд харин 10 гаруй хоногийн дараа машиныг нь эвдчихээд болохгүй байна гэж Бд авчирч өгсөн байдаг. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсаныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно”, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар А нь эд хөрөнгийг сайн дураар хүлээж авсан байх ба гэрээнээс татгалзсантай холбоотой зардлыг бүрэн хариуцах учиртай юм. Мөн хуулийн 255 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Г.А нь шаардлага гаргах эрхээ алдсан байх тул хариуцагч Л.Бы машины моторын үнэ 1300000 төгрөг, мотор солиулсаны хөлс 500000 төгрөг, тээврийн хөлс 200000 төгрөг, бүгд 2000000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцон шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх худалдах худалдан авах гэрээнээс үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

  Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй  байна.

 

Нэхэмжлэгч Г.А нь “хариуцагч Л.Баас Бонго G3 маркийн машиныг худалдах-худалдан авахдаа шилжүүлсэн 7000000 төгрөгөө буцаан гаргуулах тухай”  нэхэмжлэлээ шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагч Л.Б “би Г.Ат доголдолгүй машин өгсөн, харин миний машины моторыг цохиулаад өгсөн тул моторын үнэ, засуулахад болон тээвэрлэхэд гарсан  зардлууд болох 2000000 төгрөгийг хасаж, 5000000 төгрөг буцааж өгөхийг зөвшөөрнө” гэв.

 

Гэрч А.Эын “Би 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Г.Аын худалдаж авсан гэх Бонго G3 маркын автомашиныг сумаас 45 км-т байдаг гэрт нь хүргэж өгөхөд замдаа 2 удаа унтраад асахгүй, 20-30 минутын дараа асааж байсан. Г.Аын гуйснаар түүнтэй хамт машиныг 9-ний өдөр сумын төвд Л.Бы гадаа хүргэж өгөөд явахад Г.А, Л.Б хоёр уулзаад үлдсэн” гэх мэдүүлэг, мөн хариуцагч Л.Бы шүүх хуралдаанд өгсөн “... Г.А 2 хоногийн дараа ирээд 2 нум хугарсан байна гэхээр нь зарж байсан 2 нумаа өгөөд, хөөх помпны улаан гэрэл асаж байна гэхэд надад байхдаа асаж байсан гэж хэлсэн” /хх-21, 34/ гэх тайлбар зэргээс үзэхэд  хариуцагч Л.Б нь Г.Ат биет байдлын доголдолтой автомашин өгсөн нь тогтоогджээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “Л.Б автомашины гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлээгүй байсан” гэх тайлбар өгчээ. Эдгээр нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт   заасан худалдагч худалдах-худалдан авах гэрээгээр  биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. 

 

Худалдан авагч гомдлын шаардлага гаргах 6 сарын хугацааны дотор биет байдлын доголдолтой автомашиныг худалдагчид буцаан өгч, худалдах - худалдан авах гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсэгт тус тус заасантай нийцжээ.

Худалдан авагч гэрээнээс татгалзсан тул мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар худалдагч 7000000 төгрөгийг худалдан авагчид буцаан төлөх үүрэг үүсчээ.

 

Хариуцагч Л.Б нь машины мотор цохисонтой холбогдох 2000000 төгрөгийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буюу татгалзаж байгаа бол түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гарган өгч нотлох үүргээ биелүүлээгүйгээс гадна сөрөг нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

Зохигчид автомашиныг хүлээн авсан эсэх талаар маргаагүй учир хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй юм. 

 

Худалдагч Л.Б нь худалдан авагч Г.Ат автомашины доголдлыг мэдсээр байж доголдолгүй хэмээн зарсан нь машинаа гэр лүүгээ авч явах замд унтрах, улаан гэрэл нь байнга асах, 2,3 дугаар нум хугарсан байсан зэргээр нотлогдож байгаагаас үзэхэд худалдан авагч энэ доголдлын талаар автомашиныг хүлээн авахдаа  мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдаагүй байна. 

 

Худалдан авагч Г.А нь Л.Баас автомашин худалдан авч Дарьганга сумаас 45 км-т байдаг “Өвдөг” гэх газар нутаглах өөрийн гэр лүү болон буцааж Дарьганга сум руу худалдагчид хүргэж өгөхдөө  А.Эаар жолоодуулан явсан  нь худалдан авагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогддог тул хариуцагчийн өмгөөлөгчийн “Г.Аыг автомашины моторыг цохиулан авчирч өгсөн”  гэх давж заалдах гомдол үндэслэлгүй юм.   

   

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

 

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх  нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

Хоёр.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

 

Гурав. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             О.БААТАРСҮХ

 

                                      ШҮҮГЧИД                               С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                      Д.БАЙГАЛМАА