Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Д.Ариунжаргал

Хохирогч Х.Д

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Т.Ц

Шүүгдэгч өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховогт Т-гийн Ц-т холбогдох эрүүгийн 201707000023 дугаарын хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: .................. регистрийн дугаартай, Х овгийн Т-гийн Ц. 

 Шүүгдэгч Т.Ц нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Е сумын Т багийн С хорооны 000 тоот хашаанд иргэн А-ийн гэрт иргэн Х.Д-тай маргалдан зодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: 2016 оны 03 дугаар сарын 16-нд өдрийн 12 цагийн үед А-ийнд цэргийн баяр тэмдэглээд нэг шил архи хувааж уугаад байж байхад гаднаас Ч гэдэг хүн орж ирээд удалгүй Б орж ирсэн. Тэгээд бид 3 гурван шил архи уусан. 15 цагийн үед Х.Д-ыг орж ирэхэд А ах чи архи уухаараа гай болдог шүү гээд хөөгөөд гаргасан. Х.Д удалгүй буцаж орж ирээд миний мотоциклиор явж, нэг шил архи авчирч уусан. Тэгээд Ч ахыг хүргэж өгчихөөд ирэхэд А, Х.Д 2 тасарчихсан байсан. Би Х.Д-ыг зодсон асуудал байхгүй. Хэд хоногийн дараа Д би чамайг зодоогүй гэдгийг чинь мэдэж байна. А л тийм юм хийчих шиг боллоо гэж ярьж байсан. Намайг орж ирэхэд орны өмнө унтаж байсан. Тухайн үед би өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан. Ч гуайг хүргэж өгчихөөд ирэхэд гэрт Д, Б, А 3 байсан. Д нь тасарчихсан байсан. Зодоон хийх тэнхээгүй орны өмнө унтаад өгсөн. Тэгээд бид нар нэмж нэг нэг татчихаад би явсан. Буцаж очоогүй. Би ямар ч буруугүй энэ хэд хоорондоо муудалцаад байсан. Цагаан сарын дараахан муудалцаад бөөн юм болж байсан. Би гэрч нь байна. Надад Д-тай муудалцах шалтгаан байхгүй гэх мэдүүлэг,

 

Хохирогч Х.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө: Т.Ц-тай ойр зуурын ярианаас болж муудалцсан... Зодоон болоход Ч байхгүй байсан... Миний баруун талын шанаа руу цохисон. Миний гэмтэл зүүн талдаа гарсан... Эргэж хараад мөрөө тавиулах гэхэд цохисон...Биеэрээ Ц руу эргэж хараагүй байсан юм... Хавтаст хэрэгт авагдсан зурган дээрх шиг байрлалтай орж ирээгүй. Нүүрээ зуух руу харуулж орж ирсэн. Энэ зураг худлаа... Анх А-ийнд орж ирэхэд Ч гуай байсан. Зодоон болоход Ч гуай байгаагүй ... гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч Ё.С-ийн “...Орой 20-21 цагийн хооронд хүнд зодуулсан байдалтай гэртээ ирсэн. Орой 17 цагийн үед залгахад архи уучихсан байсан. Тэгээд би дахиж залгаагүй. Тухайн үед гэмтсэн гэж бодоогүй. Шөнө дунд тархи толгой өвдөөд байна гэхээр нь өвчин намдаах эм өгөөд унтуулсан. Маргааш нь эмнэлэг орсон. Урьд өдөр нь хавирга өвдөөд байна гэхээр нь А ахыг дуудаад наалт, эм авахуулсан тухайн үед манайд мөнгө байхгүй байсан учир А ахыг дуудсан гэв. Маргааш нь өвдөөд болохгүй болохоор нь А ахыг дуудаад эмнэлэгт хүргүүлсэн. Эмнэлэгт очиход тархи толгой нь цөмөрчихсөн байна гэсэн... А ахын зуух руу уначихсан гэсэн... Маргааш нь А ахыг ирээд явсаны дараа хэлсэн... Гэмт хэргийн улмаас гэхээр хагалгааны төлбөр өндөр гардаг гэхээр нь мотоциклиос унасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, 

Гэрч Д.А-ийн “...2016 оны 03 дугаар сарын 16-нд  Ц бид 2 манайд нэг шил архи хувааж ууж байхад Д ирсэн. Тэгээд нэг шил архи нэмж авч уусан. Тэгээд Т.Ц, Д 2 маргалдаад гэрээс гарсан. Буцаж орж ирэхдээ энэ 2 заамдалцаж орж ирсэн. Тэгэхдээ зуух руу унаад, унахдаа Д-ын хажуу талын шанаа цус гараад түлэгдсэн байсан. Тухайн үед Т.Ц-т хэлж байсан. Чихнээс нь цус гарсан байна энэ аюултай шүү гэж хэлсэн. Ц яваад Д бид 2 үлдсэн. Хэсэг хугацааны дараа Т.Ц эргэж ирсэн тэгээд Д-ыг хөлийнхөө завсар хийж хэсэг сууж байгаад яваад өгсөн. Удалгүй манай эхнэр ирсэн. Д-ыг хүргэж өгөх гэсэн боловч унаа байхгүй байсан. Орой зах тараад манай дүү ирээд, дүүгийн машинаар Д-ыг гэрт нь хүргэж өгсөн...Гэрээс гараад 5 минутын дараа манай хаалгаар орж ирээд манай зуух руу унасан цохисныг нь хараагүй гэхдээ Ц ард нь зогсож байсан...Зодоон 5 цагийн үед болсон... Ч гуайг явахаас өмнө болсон ... Хоёулаа гэрт заамдалцаж орж ирсэн. Би харахдаа түлхлээ гэж харсан...Зурган дээр үзүүлсэн зүйлс үнэн...Би гал тогтооны өрөөнд байсан... Ч гуай эсрэг талд нь сууж байсан...” гэх мэдүүлэг, 

Мөрдөн байцаалтад өгсөн гэрч С.Б-ийн “... Д-ыг А, Цо нар гэх залуучууд Д-ыг мотоциклиос уначихсан юм шиг байна гэж хэлж оруулж ирчихээд яваад өгсөн... 2017 оны 03 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн үед А гэх залуу манай хүргэн ахынд ирээд Д, Ц гэх залуутай муудалцаад байсан. Би яг цохиж, зодолдсоныг нь мэдээгүй, гэхдээ өнөө өглөө босоход манай гэрт байсан хүмүүс Ц гэх залуу Д-ыг зуух руу цохиод унагаасан гэж ярьж байсан гэж хэлээд Д-ын биеийг асуугаад наалт авч ирээд наагаад явсан...Миний мэдэхээр Д-ын баруун чихний хонхорхойд нь цус гоожиж хатсан, баруун чихний ар талд цэврүү үсрээд түлэгдсэн, баруун шанаа нь юмаар зүсүүлцэн юм шиг харагдаж байсан...” гэх мэдүүлэг / 2 ХХ26-27,

Гэрч Х.Ч-ын “... гаднаас Д, С нар согтуу орж ирсэн. Тэгсэн А тухайн үед Д-т хандан чи архи уухаараа гай болдог шүү гэж хэлээд хөөгөөд гаргаж байсан. Тэгээд тэр хоёр намайг байх хугацаанд ахиж орж ирээгүй. Тэгээд би жоохон байж байгаад Ц-аар гэртээ хүргүүлээд очоод унтаад өгсөн юм... Ерөөсөө маргалдаж муудалцаагүй орж ирээд А-д хөөгдөөд гарсан...” гэх мэдүүлэг /2ХХ28-29/

2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн № 217 дугаартай шинжээчийн “...1. Иргэн Д-ын биед чамархай ясны цөмөрсөн хугарал, зүүн талын 4-р хавирганы хугарал, зүүн чамархайд дах хэлбэрийн хагалгааны сорив, зүүн дээд зовхины буулт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл болно. 

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна. 

4. шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 

5. Иргэн Д-н биед үүссэн 4-р хавирганы хугарал гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 

6. Иргэн Д-ын биед үүссэн дээрх гэмтлүүдээс тархинд үүссэн гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /2ХХ11-12/

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогчоор байцаасан тэмдэглэл, 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би С хороо .... тоот хашаанд хуурай ах болох А-ийнд очсон тухайн хашаанд миний ажлын байр мужааны цех байдаг. Би А-ийнд ороход Т.Ц согтуу сууж байсан. Би тухайн үед айлд очиж нэг шил архи хувааж уучихаад А-зүйлийг санахгүй  байна. Айлд ороход Ц, А 2 сууж байсан. Намайг ороход тоглоом хийгээд байх шиг Балбар занги юу байна гээд байсан. Тэгэхээр нь би нэртэй хүнийг нэрээр нь дуудаарай гээд маргалдсан тэгээд А ах та 2 гарч маргалдаарай гэсэн, бид 2 гадаа гарч жоохон маргалдаж байгаад буцаад гэрт орох үед миний баруун шанаа руу цохисон зүүн шанаагаараа зуух руу унахдаа ухаан алдаж унасан байсан. Гэртээ ирэхдээ ухаан орсон бараг үүрээр сэрсэн юм. Би эхнэрээсээ яаж гэртээ ирсэн талаар асуухад А ах чамайг хүргэж ирсэн гэсэн. Би 2 хоног гэртээ хэвтэж байгаад гар хөл татаад байхаар нь эмнэлэгт очоод үзүүлсэн. Тэгээд яаралтай хагалгаанд орохоор болсон. Хагалгаанд ороход зүрхний хэм алдагдаад 2 хоногийн дараа дахин хагалгаанд орсон. Тэгээд 10 гаруй хоногийн дараа дахин хагалгаанд орсон. Толгойны зүүн шанааны цөмөрсөн ясыг түүлгэж авахуулсан юм. Зодуулсанаас болж тархи толгойндоо гэмтэл авсан. Т.Ц-ыг ирж уулзан эм тарилганы тусламж үзүүлэх байх гэж удаан харсан боловч ирж уулзаагүй. Тэгээд очиж уулзахад эхэндээ мөнгө төгрөг өгнө гэдэг байсан боловч сүүлдээ би зодоогүй цагдаад өгч шалгуул гэх болсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон юм гэх мэдүүлэг /хх13/, хохирогчоор дахин байцаасан тэмдэглэл тухайн өдөр Т.Ц бид 2 гадаа маргалдаад би чамтай маргалдмааргүй байна гээд гэрт ортол Ц араас орж ирээд миний араас татаж зуурахад би тэр үед нь эргэж харсан юм тэгтэл миний баруун шанаа руу цохисон тэгээд би зуух мөргөж газар дээр унаад ухаан алдаж унасан. Тухайн үед А ах үүдээр оронгуут өрөөнд орон дээр сууж байсан гэх мэдүүлэг /хх16-17/, хохирогчоор 3 дахь удаагаа байцаасан тэмдэглэл 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр А ахын гэрт унахдаа тухайн хуучин хавиргаа гэмтээчихлээ гэж бодсон. Тухайн үед тархиндаа гэмтэл аваад хавирганы гэмтэлийг тоогоогүй. Тухайн үед хавиргаа хөндүүр болоод байхаар нь эмчээр наалт наалгаж байсан юм. Одоо бодоход тухайн үед зуух руу унахдаа 4 дүгээр хавиргаа хугалсан байсан. Хуучин хавирга сэдэрчихлээ гээд мэдүүлэг өгсөн байсан. Өмнө нь хавирга хугарч байсан эсэхийг албан ёсоор эмчлүүлж байгаагүй гэх мэдүүлэг, гэрч А-ийн мэдүүлэг 2016 оны 03 дугаар сарын 16-нд Ц бид 2 манайд нэг шил архи хувааж ууж байхад Д ирсэн. Тухайн үед Ц Балбар занги юу байна гэж мэндчилж байсан. Тухайн үед тэр 2 ямар нэгэн юм яриагүй тэгээд нөгөө архи дуусаад  Д-ын мотоциклийг Т.Ц унаад тэр 2 нэг шил архи авчирсан. Тухайн нэг шил архийг хувааж уугаад Д, Т.Ц 2 маргалдаад байсан яг юу гэж маргасныг сайн санахгүй байна. Тухайн үед гарч маргалд гээд гэрээсээ гаргасан юм. Удалгүй тэр 2 заамдалцчихсан орж ирсэн юм. Тэгээд Т.Ц, Д-ыг түлхтэл гэрийн зуух руу унасан. Тэгээд би Д-ыг татаж босгосон. Д-ын зүүн шанаа орчим зууханд түлэгдсэн байсан. Удалгүй Т.Ц яваад би Д-ыг гэрт нь хүргэж өгөх гэсэн боловч унаа байхгүй байсан. Тэгээд орон дээр хэвтүүлтэл орон дээрээс бууж дөрвөн хөллөж хэвтээд байсан. Тэр үед Т.Ц эргэж орж ирээд ямар нэгэн юм ярилгүй буцаад гараад явсан. Манай дүү Ба-г ирэхээр нь 19 цагийн үед гэрт нь хүргүүлсэн. Эхнэрт хэлэхдээ Д, Ц нар согтуу тэврэлдээд давхралдаад уначихлаа гэж хэлсэн. Тухайн үед Ц-ыг түлхэж унагаасны хэлээгүй. Тэгээд 2 хоноод байж байтал Д-ын эхнэр нь яриад толгой нь өвдөөд байна, эмнэлэгт үзүүлмээр байна гэсэн тэгээд би эхнэртэй нь хамт явж зургийг нь авхуулсан гэх мэдүүлэг /хх18-19/, гэрч Ц-ын мэдүүлэг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би 19 цагийн үед ажлаа тараад гэртээ гал түлчихээд А ахынд ортол Д гал тогооны өрөөнд сууж байсан. Тухайн үед А ах С эгч хоёрын нэгэнтэй нь гэрт нь хүргэж өгч байсан. Яг хэнтэй хүргэж өгснөө сайн санахгүй байна гэх мэдүүлэг хх23-24, гэрч Ё.С-гийн мэдүүлэг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байгаад үдээс хойш А-гийн хашаанд байх ажил руугаа оччихоод ирье гээд явсан. Тэгээд ирэхгүй удахаар нь залгатал архи уусан бололтой ярихаар нь хаана байгааг нь асуутал хэлэхгүй байсан. Тэгээд би дахиж залгаагүй. Нилээд орой Цо А 2 машинаар хүргэж ирээд эхлээд надад хэлэхдээ мотоциклиос унасан гэж хэлээд явсан. Тэгээд  би тухайн үед архи уусан болохоор нь газраар ор засаж өгөөд нэг их ойшоолгүй унтуулчихсан юм. Өглөө Д сэрээд толгой өвдөөд байна гээд эм уусан хавирга өвдөөд хөдөлж болохгүй байна гэхээр би А ах руу яриад хавирга нь хугарсан юм шиг байна гэж хэлэхэд А ах наалт эм авчирч өгсөн. Тэгээд би гадуур явж байгаад иртэл манай нөхөр Д толгой өвдөөд байна гээд эм байнга уугаад байж байсан. Тэгээд би дүүтэйгээ эмнэлгээр явж байгаад орой иртэл тархиар нь хатгаад орилоод хэвтэж байсан. А руу яриад унаа авчруулаад эмнэлэг рүү авч явсан. Тухайн өдөр амралтын өдөр байсан тул 2 хоног өнжөөд нэг дэх өдөр зургийг нь авахуулахад толгойны яс нь чамархайн хэсэгтээ цөмөрсөн байна гэж хэлсэн. Тэгээд 2 дахь өдөр хагалгаанд орсон боловч зүрх нь болохгүй байна гээд хагалгааг зогсоогоод гарч ирсэн. 2 хоногийн дараа дахин хагалгаанд орсон. Хэд хоногийн дараа оёдол нь задраад дахин хагалгаанд орсон  гэх мэдүүлэг, анх гэртээ ирсэн шөнөө ухаан ороод хэлэхдээ Ц А ахын гэрт байж байгаад намайг цохиод унагаасан тэгээд би зуух руу унасан тэгээд юу болсоныг санахгүй байна. Сая гэртээ сэрлээ гэсэн тэгээд би маргааш нь Ц-г хайгаад явсан боловч гэртээ байхгүй байсан. Харзатад байдаг хамтран амьдрагчид нь болсон зүйлийг хэлтэл Ц шөнө ирээд би Д-ыг А ахын зуух руу түлхээд унагачихлаа гэж үглэж байгаад унтсан. Тэгээд өглөө эрт гараад явсан гэсэн. Бо надад хэлэхдээ цагдаад өг гэсэн тэгэхээр нь би найз нөхдүүд учир ирээд уулзах байх гэж бодоод зөндөө хүлээсэн гэх мэдүүлэг, гэрч С-ийн мэдүүлэг тухайн өдөр 19 цагийн үед ажлаа тараад гэртээ иртэл Д манай орны өмнө дөрвөн хөллөөд сууж байсан. Манайд А Дхоёроос өөр хүн байгаагүй. Тэгээд Дашбалбар яасан юм бэ? гэж асуутал Цэндээ Д-ыг зуух руу түлхээд унагачихсан гэж байсан. Тэгээд би Д-аас гэр оронд чинь хүргээд өгөх үү яаж байна гэж асуухад зүгээр жоохон байж байгаад явна гээд байсан. Удалгүй А Цо-тай хамт Д-ыг хүргэж өгсөн. Маргааш нь би эрчүүдээ хүлээж авах гээд гэртээ цүнхээ тавих гээд иртэл манайд Ц, Б гэдэг залуутай ирсэн байхаар нь Дашбалбарын толгой нь өвдөөд байна гэж байна. Та нар эмчид үзүүл гэхэд Ц дуугарахгүй байсан гэх мэдүүлэг хх-30-31, гэрч А.Б-ийн мэдүүлэг тухайн өдөр би биржийн уурын зууханд өөрийн машинаас нүүрс буулгаж байгаад чиргүүлээ татах торос хэрэг болоод ойрхоноор нь А-гийнд очсон. Намайг очиход А, Ц, Дашбалбар, танихгүй хөгшин 4 сууж байсан. Тэгээд би тэндээс торос аваад явсан. Тэр хэд дундаа талдаа орсон нэг шил архи тавьсан байсан. Цэргийн баяр тэмдэглэж байна гээд сууж байсан учир Д-ын мотоциклиор Т.Ц-тай хамт яваад нэг шил архи авчирч өгсөн. Би тухайн архинаас уусан зүйлгүй задлаад өгөхөөр нь амсчихаад явсан гэх мэдүүлэг /хх-15-16/, гэрч Л.Б-ийн мэдүүлэг тэр өдөр Д манайд ганцаараа ирсэн.Тэгээд хоол хийж идсэн. Нэг хүн яриад багажаа өгөөч гэсэн тэгээд урагшаа А-ийн хашаанд байх Д-ын ажил дээр ирсэн. Д дотогшоо орж би гадаа хүүхэдтэйгээ хүлээж байгаад удах шинжтэй байхаар нь яваад өгсөн. Тухайн үед тэр хашаанд Ц А нар байх шиг болсон тэгээд би дахиж тэр хашаанд ороогүй тэндээсээ цэргийн баярын караоке тэмцээн үзэхээр явсан. Д тэндээ үлдсэн гэх мэдүүлэг, гэрч Г.Д-гийн мэдүүлэг тухайн өдөр Д руу яриад тасдагчаа өгч бай жоохон юм хийж байгаад өгье гэж ярьсан. Тэгээд ажил дээр ирээд авчих гэсэн. Тэгээд ажил дээр нь очтол бага зэрэг архи үнэртүүлчихсэн байсан. Би тасдагчийг нь аваад шууд яваад өгсөн юм гэх мэдүүлэг хх21-22, гэрч С.Б-ийн мэдүүлэг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн үед би Х багийн ..... тоотод байж байхад  А, Ц гэх залуучууд Д-ыг мотоциклиос уначихсан юм шиг байна гэж хэлээд Д-ыг оруулж ирчихээд явсан. Тухайн хүмүүсийг явсаны дараа би эхнэрт нь энэ хүнд зодуулчихсан юм шиг байна. Мотоциклиос унасан хүн ийм байхгүй гэхэд Сайнзаяа нээрээ зодуулчихсан юм шиг байна гээд А гэдэг хүн рүү залгахад утас нь холбогдохгүй тэгээд Ц гэдэг хүн рүү залгахад А ах унтаж байна. Маргааш танайд яваад очъё гээд утсаа тасалсан. 2016 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 08 цагийн үед А гэх залуу манай хүргэн ахынд ирээд Д Ц-тай зодолдсон гэхдээ өглөө босоход Ц гэх залуу Д-ыг зуух руу цохиж унагасан гэж ярьж байсан. 2016 оны 03 дугаар сарын 18-ны өглөө би Д-ын эхнэрийн хамт рентген зураг авхуулахад баруун шанааны яс бяцарсан байна гэж хэлээд яаралтай мэс засалд оруулсан гэх мэдүүлэг /хх 25-26/, гэрч Ч-ын мэдүүлэг 2016 оны 03 дугаар сарын 16-нд А-гийн гэрт очиход А, Ц, Б 3 байж байсан. Би нэг шил архи авч очсоныг хувааж уугаад байж байтал гаднаас Д, С нар согтуу орж ирсэн. Тэгээд А Д-т хандан чи архи уухаараа гай болдог шүү гээд хөөгөөд гаргасан. Тэгээд намайг байх хугацаанд тэр 2 дахиж орж ирээгүй. Удалгүй би Ц-аар хүргүүлэн гэртээ харьсан. Харин намайг явсанаас хойш тухайн газар юу болсон талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг, шинжээчийг байцаасан тэмдэглэл цагдаагийн газрын мөрдөн байцаагч М-ын  тогтоолоор Д-ын биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийж дүгнэлт гаргах нь үзлэгт зовиур юм мартана, толгой өвдөнө, нулимс гоожино. Хэсэг газрын үзлэгт зүүн чамархай тах хэлбэрийн цайвар ягаан өнгийн хагалгааны сорвитой ,зүүн зовхи бага зэрэг буусан эмнэлгийн бичиг баримтад №1335 өвчний түүхэнд тархины няцрал доргилт зүүн талын хавирганы хугарал, рентген зурагт зүүн чамархайн яс цөмөрсөн, зүүн 4 дүгээр хавирганы хугарал, мэс засалд хийсэн тэмдэглэлд ерөнхий унтуулгын дараа хагалгааны талбай, гарыг зохих ёсоор ариутгаж хагалгааны шархны оёдолыг авч нээхэд шархны доор бор шаргал өнгийн шингэн хуралдсан байсныг угааж шалгахад чамархайн доор доод үзүүрт хэсэгт 2 ширхэг сул ясны сэлтэрхий байсаныг авч шалгахад хатуу хальсанаас бага зэрэг цус шүүрч байгаа тул цус тогтоон гуурс тавьж үечлэн хаалаа гэсэн байсаныг үндэслэн дүгнэлт гаргахад иргэн Д-ын чамархай ясны цөмөрсөн хугарал, зүүн талын 4 дүгээр хавирганы хугарал зүүн чамархай тах хэлбэрийн цайвар өнгийн хагалгааны сорвитой, зүүн зовхи бага зэрэг буусан гэмтэл тогтоогдлоо дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар  амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна гэж дүгнэсэн байна хх78-79, өвчний түүх 2016 оны 03 дугаар сарын 18-ны 16 цаг 20 минутад стор нээлгэсэн байна хх41-42, нэмэлт шинжээчийн дүгнэлт иргэн Д нь чамархайн ясны цөмөрсөн хугарал зүүн чамархай тах хэлбэрийн цайвар ягаан өнгийн хагалгааны сорвитой, зүүн зовхи бага зэрэг буусан гэмтэл тогтоогдлоо дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл болно. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар  амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Иргэн Д-ын дээрх гэмтэлүүдээс тархинд үүссэн гэмтэл нь дангаараа гэмтэлийн хүнд зэрэгт хамаарна, хавирганы хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх11-12/, 

Хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Хохирлын баримт хавсаргасан байгаа хх164-188, хх-188 хохирогчийн өөрийн гаргасан баримтын жагсаалт байна. Үүнд ор хоногийн мөнгө 24000 төгрөг 4 удаа хэвтсэн 96000 төгрөг, компьютер оношилгоо 150.000 төгрөг, эм тариа 647.200, хагалгаанд орохдоо 592.000 төгрөг, шүүхийн лавлагаа 70.200 төгрөг, хот руу эмчилгээнд явахад хувийн унаагаар явсан 45000 төгрөг, хотоос ирэхдээ 46800 төгрөгийн замын зардал, өмгөөлөгчийн хөлс 350.000 төгрөг, хот руу эмчилгээнд явахдаа хувь хүнээс 1.650.000 төгрөг зээлсэн, Д миний бие сарын дундаж орлого 400.000 төгрөг гэмтсэнээс хойш 12 сар болж байна. Энэ хугацаанд олох ёстой орлого буюу 6.350.000 төгрөг нэхэмжилж байна. Миний бие 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр сум хөгжүүлэх сангаас 12 сая төгрөгийн зээл авч мужааны цехээ үргэлжлүүлэн багаж техник авч ажилласан, сард зээлийн хүү 350.000 төгрөг хийдэг. Гэмтсэнээс хойшхи 14 сарын хүүг хийж чадаагүй. Энэ хугацааны нийт хийх хүү 4.900.000 төгрөг болж байна. Д миний бие шүүгдэгч Ц-т зодуулсанаас хойш мөнгө төгрөг хэрэг болж гэрт байсан 5 ширхэг мөнгөн аяга, эхнэр С-ийн монетон ээмэг бөгжийг ломбарданд тавьж 445.000 төгрөг зээлсэн, хүүнд нь 168.600 төгрөг төлсөн нийт 613.600 төгрөг миний нэхэмжилж байгаа мөнгө нийтдээ 20.860.200 төгрөгийг шүүгдэгч Ц-аас гаргуулж өгнө үү гэсэн хүсэлт, өмгөөлөгчийн хөлс хавсаргасан, тухайн хүний олох ёстой байсан орлого сарын дундаж орлогыг тодорхойлсон тодорхойлолт /хх166/, 613.600 төгрөг бүхий өөрт байгаа мөнгөн эдлэлийг тавьж эм тариандаа зарцуулсан гэх ломбардны баримт хавсаргасан /хх167, хх168, хх169, хх170/, Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэсэн замын зардал 46.800 төгрөгийн баримт, шүүхээр ажилласан жил тогтоолгож байсан тэмдэгтийн хураамжийн 70.200 төгрөгийн баримт /хх172/, эм тариа авч байсан нийт 647200 төгрөгийн баримт /хх173-176/, хувь хүнээс 650.000 төгрөг зээлж авч эмчилгээнд зарцуулсан зээлийн гэрээ хх180, сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн зээл авсан баримт хх182-184, зээлийн эргэн төлөлтийн хуваарь хх184, группд 216000 төгрөг авч байсан баримт /хх186/, зэрэг баримтуудыг шинжлэн судлуулъя гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Гэрч С, гэрч Б-ийн мэдүүлэг, гэрч Ц-ын мэдүүлэг, гэрч Ж-ын мэдүүлэг хх21-22, Д, Ц нарын хүмүүсийг таних эсэх талаар Д гэх хүнийг танихгүй Ц манай ээжийн төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Ц-ын хувийн байдал зан ааш амьдрал гэхэд Т.Ц нь  ганцаараа дүү Б-нхаа байшинд амьдардаг ганц бие хүн байгаа юм. Т.Ц өөрийн гэсэн орон гэргүй, гэр бүлгүй ажил олдсон газар жолоочоор ажиллаад хөлсөөр явж байдаг. Аймаг дээр байхаасаа байхгүй нь их бага зэрэг архи уух гээд байдаг хүн, архи уухаараа ямар нэг зан ааш гаргаад байдаггүй, зан ааш гаргаж байсан удаа байхгүй, өөрөө их зүрх муутай хүн байгаа юм өөр илүү дутуу ааш байхгүй гэсэн зан байдлын талаар мэдүүлсэн мэдүүлэг, хх23-24 гэрч Ц-ын мэдүүлэг тухайн хүмүүсийг танина. Д-ын хөрөө рам зэрэг мужааны цех нь манай хашаанд байдаг юм. Өөр ямар нэгэн холбоо байхгүй.  2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр болсон асуудлын талаар үнэн зөвөөр ярина уу гэхэд тухайн өдөр 19 цагийн үед А ахынд ороход Д сууж байсан А ах С эгч хоёрын  нэгэнтэй нь Д-ыг хүргэж өгсөн яг хэнтэй нь хүргэж өгсөн талаар сайн санахгүй байна. Тухайн өдөр Д хүнд зодуулсан байсан уу Д-ын биеийн байдал ямар байсан гэхэд намайг ороход Д согтуу бололтой сууж байсан явах уу? гээд татахад өөрөө босоод ирсэн. Тэгээд машиндаа суулгаж аваад хүргэж өгсөн би ямар нэгэн гэмтэл хараагүй. Дараа нь гэртээ ирэхэд А  Ц, Д нар зодолдсон гэж байсан би Д ахыг согтуу байхад нь байнга хүргэж өгдөг байсан учир тухайн үед нэг их анзаарч хараагүй юм. Д ах тухайн үед хүнд зодуулсан гэмтсэн талаар хэлээгүй гэх мэдүүлэг, /хх-28-29/ гэрч Б-ийн мэдүүлэг бид хоёр 2013 оноос хойш амьдарч байгаа. Ц нь манайхаар ирэн очин байдаг.  Бид хоёр  албан ёсоор гэр бүл болоогүй. Ц нь Сутай хороонд дүүгийнхээ байшинд байдаг. Гэхдээ аймагт байхдаа манайд голдуу байдаг. Ц нь ямар нэгэн илүү зан ааш байхгүй. Та Д-ын эхнэр С-д хэлэхдээ Ц шөнө ирчихээд би Д, А ахын зуух руу түлхээд унагачихлаа гээд үглэж байгаад унтсан тэгээд өглөө эрт босоод явсан гэж хэлсэн тэгээд цагдаад өг гэж хэлсэн эсэх гэхэд: тийм зүйл байхгүй тэр шөнө Ц манайд ирж хоноогүй дүүгийнхээ гэрт хоносон. Нэг өдөр Д-ын эхнэр Ц-г хайгаад явж байсан нь үнэн гэх мэдүүлэг, гэрч С-гийн мэдүүлэг А, Ц 2 нилээн орой хүргэж ирээд явсан эхлээд хэлэхдээ мотоциклиос унасан гэж хэлээд хүргэж ирсэн гэх мэдүүлэг /хх25-26/, Ц-ыг ам бүл ганцаараа амьдардаг гэх багийн засаг даргын тодорхойлолт, ял шалгах хуудас /хх107/, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-2-3/,/ 2хх-6/, зуухны урд байсан тогоо плетка байгаагүй гэх мэдүүлэг, хх-6 зураг гэрч А-ийн дүрсэлж харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, нотлох баримтаар үнэлүүлэх шаардлага хангахгүй байна гэж үзэж байна, /2хх-8-9/ хохирогч Д-ын мэдүүлэг өмнө нь хавирга нь хугарч байсан эсэх нь тодорхойгүй байгаа, би биржийн ууран зууханд өөрийн машинаас нүүрс буулгаж байгаад чиргүүлээ татах торос хэрэг болоод ойрхоноор нь А-ийнд очсон намайг очиход А, Ц, Д, танихгүй хөгшин 4 сууж байсан. Тэгээд би тэндээс торос аваад явсан. Тэр хэд дундаа талдаа орсон нэг шил архи тавьсан байсан. Цэргийн баяр тэмдэглэж байна гээд сууж байсан учир Д-ын мотоциклиор Ц-тай хамт яваад нэг шил архи авчирч өгсөн. Би тухайн архинаас уусан зүйлгүй задлаад өгөхөөр нь амсчихаад явсан гэх мэдүүлэг  /хх-15-16/, гэрч Ц-ын мэдүүлэг Д-ыг хүнд зодуулсан талаар мэдэж байна уу? гэхэд тэр талаар мэдэхгүй сүүлд нь гэртээ эргэж ирэхэд А ах Сувдаа эгч 2 Цэндбазар Д-ыг түлхэж унагасан талаар ярьж байсан, Д-ыг гэрт нь хүргэж өгөхдөө Д-ыг мотоциклиос унасан талаар ярьсан эсэх гэхэд тийм зүйл байхгүй гэх мэдүүлэг, тухайн үед хохирогчийг гэрт нь хүргэж өгөхөөс өмнө яригдаагүй тэрний дараа нь ийм зүйл яригдсан гэх мэдүүлэг, 08 дугаар сарын 3-нд А-аас авсан мэдүүлэг, А-ийн мэдүүлгүүд өөр өөр байгаа гэрчийн мэдүүлэг тогтворгүй байна, /хх-26-27/ Б-ийн мэдүүлэг 2016 оны 03 дугаар сарын 16-нд 20 цагийн үед А, Ц гэх 2 залуу Д-ыг мотоциклиос уначихсан юм шиг байна гэж хэлээд оруулж ирсэн. Тэгэхээр нь би энэ мотоциклиос унаагүй юм шиг байна хүнд зодуулчихсан юм бишүү гэхэд эхнэр нь нээрээ тийм юм бишүү гээд залгахад дүү нь утсыг нь аваад А ах унтаж байна маргааш уулзъя гэж байна гэсэн маргааш нь А манай ахынд ирээд Д, Ц 2 муудалцаад байсан би яг цохиж зодохыг нь мэдэхгүй  гэх мэдүүлэг, /хх-28-29/ гэрч Ч-ын мэдүүлэг 2016 оны 03 дугаар сарын 16-нд А-ийн гэрт очиход А, Ц, Б, 3 байж байсан. Би нэг шил архи авч очсоныг хувааж уугаад байж байтал гаднаас Д, С нар согтуу орж ирсэн. Тэгээд А Д-т хандан чи архи уухаараа гай болдог шүү гээд хөөгөөд гаргасан. Тэгээд намайг байх хугацаанд тэр 2 дахиж орж ирээгүй. Удалгүй би Ц-аар хүргүүлэн гэртээ харьсан. Харин намайг явсанаас хойш тухайн газар юу болсон талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг, таныг тухайн гэрт байхад Д Ц нар муудалцсан эсэх гэхэд муудалцсан асуудал байхгүй Д А-д  хөөгдөөд гарч явсан гэх мэдүүлэг зэргийг тус тус шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг үндэслэн хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Т.Ц-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Д-ын биед гэмтэл учирсан гэж үзэхэд дараах бодит байдлын болоод хууль зүйн хувьд эргэлзээтэй байдал тогтоогдож байна. Үүнд:

1. 2-р хавтаст хэргийн 3-р хуудсанд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт мөн 2017 оны 05-р сарын 18-ны өдөр болсон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Д.А-ийн өгсөн “.... модон сандал нилээн наана байсан....”/1-р хх-ийн 221/ гэх мэдүүлэг, “....байшингийн гадна хаалганаас зуух хүртэл хэмжихэд 3м20см байв....” хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 1/ зэргээс харахад хохирогч хавиргаараа сандал дээр унаад улмаар зуух мөргөж гэмтэл авсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

2. Хохирогч Х.Д “...Т.Ц-тай ойр зуурын ярианаас болж муудалцсан... Зодоон болоход Ч байхгүй байсан... Миний баруун талын шанаа руу цохисон. Миний гэмтэл зүүн талдаа гарсан... Эргэж хараад мөрөө тавиулах гэхэд цохисон...” гэх мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн бөгөөд 2-р хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургуудаас харахад мөргөсөн гэх зуух нь цохисон чиглэлийн дагуу бус эсрэг талд байгаа тул улсын яллагчийн яллах дүгнэлтийг нь бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзлээ.

3. Гэрч Д.А, хохирогч Х.Д, гэрч Ё.С нар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “.... зүүн чих нь түлэгдсэн цэврүүтсэн байсан....” гэх боловч гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн баруун чихний хонхорхойд нь цус тогтож хатсан, баруун чихний ар тал нь цэврүү үсрээд түлэгдсэн, баруун шанаа нь юмаар зүсүүлцэн юм шиг харагдаж байсан...” /2-р хх-ийн 26-27/ гэх мэдүүлэг мөн анх эмнэлгийн байгууллага хүлээн аваад нээсэн өвчтөний түүхэнд дээрх түлэгдэл болон зүсэгдсэн шархны талаар дурдагдаагүй. 

4. 2017 оны 05-р сарын 18-ны өдөр болсон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Х.Д нь мэдүүлэхдээ "....Ч гуай байсан, ширээний хажууд замилаад суучихсан, юу болж байгааг мэдэхээргүй байсан....намайг унасанаас хойш хүргэж өгсөн байх....”/1-хх-ийн 200/ гэж мэдүүлсэн боловч 2017 оны 09-р сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “.....Ч гуай байхгүй байсан, А, Ц бид гурвуулаа байсан....” гэж үйл явдал болох үед байсан гэх гэрчийн талаар өөр өөрөөр мэдүүлсэн.

5. Гэрч Х.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.... 2016 оны 03 дугаар сарын 16-нд А-ийн гэрт очиход А, Ц, Б 3 байж байсан. Би нэг шил архи авч очсоныг хувааж уугаад байж байтал гаднаас Д, С нар согтуу орж ирсэн. Тэгээд А Д-т хандан чи архи уухаараа гай болдог шүү гээд хөөгөөд гаргасан. Тэгээд намайг байх хугацаанд тэр 2 дахиж орж ирээгүй. Удалгүй би Ц-аар хүргүүлэн гэртээ харьсан. Харин намайг явсанаас хойш тухайн газар юу болсон талаар мэдэхгүй байна.... намайг гэрт байхад Д, Ц нар муудалцсан асуудал байхгүй Д А-д  хөөгдөөд гарч явсан....”/2-р хх-ийн 28-29/  гэх мэдүүлэг, 

6.  Тухайн үйл явдлыг нүдээр үзсэн гэх гэрч Д.А “... Ц, Д-ыг түлхэж унагасан...” гэж, хохирогч Х.Д “... Ц намайг баруун шанаанд цохиж унагасан...” гэх зэргээр болсон үйл явдлыг зөрүүтэй байдлаар мэдүүлсэн.

7. Хохирогч Х.Д нь “....сандал дээр унаад хавиргаа гэмтээсэн....”, “....хэрэг гарах үед Х.Ч байхгүй байсан...” гэж хэргийн нөхцөл байдалд тохируулан мэдүүлгээ өөрчилж байгаа тул түүний мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан түүнийг цагаатгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд  Эрүүгийн байцаан шийтгэх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Т.Ц-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдоогүй тул хохирогч Х.Д-ын гаргасан хохирол гаргуулах тухай 20.860.200 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Ц нь цагдан хоригдоогүй зэргийг дурдаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогч Т.Ц-ын иргэний цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгохоор тус тус шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6, 36.3 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Д-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Т.Ц-ын цагаатгасугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 201707000023 дугаартай эрүүгийн хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцаасугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Х.Д-ын гаргасан шүүгдэгч Т.Ц-аас хохирол гаргуулах тухай 20.860.200 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

4. Шүүгдэгч Т.Ц нь өөрт учирсан болон бусад эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай. 

  5. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Ц нь цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдсугай. 

7. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Ц иргэний цахим үнэмлэхийг буцаан олгосугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар цагаатгах тогтоолыг танилцуулснаар хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлүүдээд зааснаар цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор улсын яллагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, цагаатгагдсан этгээд шүүхийн шийдвэрийн цагаатгасан шалтгаан, үндэслэлд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.МӨНХТУЛГА