Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 35

 

       Б.Г-д холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 255 дугаар шүүгчийн захирамжтай, Б.Г-д холбогдох, 2035001650063 дугаартай эрүүгийн 2 хавтас хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, .., эрэгтэй, дээд боловсролтой, байгаль хамгаалал, экологич мэргэжилтэй, Увс аймгийн Д сумын ..., ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Д сумын .. багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, М ургийн овогт Б-ын Г.

Шүүгдэгч Б.Г нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Давст сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны улсын байцаагчаар ажиллахдаа “Жамц давс” ХХК-ийн захирал Ч.М-гээс түүнд ирүүлсэн Давст сумын нутагт байрлах Шүдэн Уул давсны уурхайн ордыг ашиглах байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 2018 оны 11 дүгээр сард Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Б-эд танилцуулж, Жамц давс ХХК-ийн захирал Ч.Мгээс 2018 оны 11 дүгээр сард хоёр удаагийн гүйлгээгээр 1.000.000 төгрөг авч бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М ургийн овогт Б-ын Г-д холбогдох эрүүгийн 2035001650063 дугаартай хэргийг Увс аймгийн Прокурорын газарт буцааж,

Шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл хэвээр хэрэглэж шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “ Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2021/ШЗ/255 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Прокурорын зүгээс шүүгдэгч Б.Гыг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу Жамц давс ХХК-ийн шүдэн уул давсны уурхайн ордыг ашиглах байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг танилцуулж өөртөө давуу байдал бий болгож Жамц давс ХХК-ийн захирал Ч.Мгээс 2018 оны 11 дүгээр сард хоёр удаагийн гүйлгээгээр 1.000.000 төгрөг авсан гэж ялласан атлаа шүүгдэгчийг тухайн үйлдлийг хийхэд хүргэж 1.000.000 төгрөг өгсөн “Жамц давс” ХХК-ийн захирал Ч.Мг гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгаж тогтоогоогүй байгаа нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй байна гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй ба дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Прокуророос шүүгдэгч Б.Гыг нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Давст сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны улсын байцаагчаар ажиллахдаа Жамц давс ХХК-ны захирал Ч.Мгээс түүнд ирүүлсэн Давст сумын нутагт байрлах Шүдэн Уул давсны уурхайн ордыг ашиглах байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж өөртөө давуу байдал бий болгож 2018 оны 11 дүгээр сард Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Бэд танилцуулж Жамц давс ХХК-ийн захирал Ч.Мгээс 2018 оны 11 дүгээр сард хоёр удаагийн гүйлгээгээр 1.000.000 төгрөг авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Монгог Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэл шилжүүлсэн.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон ба үүнд Жамц давс ХХК-ийн захирал Ч.Мгийн Увс аймгийн Давст сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны улсын байцаагч Б.Г буюу шүүгдэгчид 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй эсэх талаас мөрдөн шалгах ажиллагааг хангалттай явуулсан.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны дүнд авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь Жамц давс ХХК-ийн захирал Ч.Мгийн Увс аймгийн Давст сумын нутагт байх Шүдэн уул давсны уурхайн ордыг ашиглах байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хүлээн авч, улмаар тус уурхай байрлах иргэдэд танилцуулах нэрээр түүнээс 1.000.000 төгрөг авсан болох тогтоогдож байгаа ба Ч.Мгийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй болох нь:

Гэрч Ч.Мгийн "... Б.Г-ын данс руу 2018 оны 11 дүгээр сард 2 удаагийн гүйлгээгээр 1.000.000 төгрөгийг шилжүүлж байсан. Энэ талаар шалгахаар л мэдсэн. Ямар учиртай шилжүүлэг хийсэн бэ гэхээр Давсны уурхайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг багийн иргэдийн хуралд танилцуулах зорилгоор Б.Г болон байгаль хамгаалагч нь гэх /нэрийг нь санахгүй байна/ хүмүүс хамт явж байгаад автомашин нь Давст сумаас хойш 60 километрийн зайд байдаг багийн ойролцоо байдаг голын мөсөнд цөмөрч автомашинд нь эвдрэл гэмтэл үүсээд зогссон юм байна лээ. Тийм учраас түүнд учирсан автомашины эвдрэл гэмтэл болон шатахууны зардал, сумаас автомашин дуудаж ирүүлсэн шатахууны зардалд 1,0 сая төгрөгийг шилжүүлсэн. Би өөрөө сайн дураараа өгсөн. Надаас Ганболд мөнгө өгчих гэж нэхэх юм уу, шаардсан зүйл огт байхгүй. Хэрэв үүнийг авлига өгсөн гэх байдлаар шалгаж байгаа бол тийм зүйл огт биш шүү. Авлига маягаар өгсөн бол би Б.Г-ын дансаар хийхгүй шүү дээ, энэ бол наад захын жишээ шүү дээ. Эхлээд явахад нь бензин тос, цаашлаад бусад зардалдаа зориул гэж 500.000 төгрөгийг өгсөн. Тэгтэл автомашин нь эвдэрсэн тул эвдэрсэн эд ангиа засуулж янзлуулаарай, мөн цаанаас дуудсан автомашины бензиний мөнгийг өгөөрэй гээд дараа нь 500.000 төгрөгийг шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /1-ХХ-90-92 хуудас/,

яллагдагч Ганболдын "...Миний ганц алдаа бол тухайн үед хувийн эрх ашгийн үүднээс биш нийтийн эрх ашгийн төлөө явж байна гэж бодож уг компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг дэмжиж байна гэж багийн иргэдийн нийтийн даргад тайланг танилцуулахдаа Жамц Давс ХХК-ийн захирал Ч.М гэх хүнээс 2 удаагийн үйлдлээр нийт 1.0 сая төгрөг авсандаа буруутгаж байна. Би тухайн компаниас мөнгө авах ёсгүй гэдгээ мэдэж байсан ба тухайн үед мөнгө авсан буруутай үйлдэл хийсэн. Энэ хэрэгт орсондоо маш их гэмшиж байна..." гэх мэдүүлэг /2-ХХ-124-126 хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдсон, өөрөөр хэлбэл хэрэгт шүүгчийн захирамжид заасан Ч.Мгийн шүүгдэгч Б.Г-д 1.000.000 төгрөг өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг мөрдөгч, прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргийнхээ дагуу шалгасан гэж үзэж байна.

Иймд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэрэгт авагдсан хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЗ/255 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 255 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч Б.Г нь гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Шүдэн Уул ХХК-ийн захирлаас авсан 1.000.000 төгрөгийг ажил хийж гүйцэтгэсний төлбөр буюу ажил хийх явцдаа машиндаа бензин хийсэн мөнгөндөө авсан юм” гэж мэдүүлсэн байдаг. Шүдэн Уул ХХК-ийн захирал Мягмарсүрэн ч энэ талаар мэдүүлэг өгсөн байгаа. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа нь тодорхойгүй байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд яллагдагч Б.Г-д холбогдох хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Б.Гыг нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Давст сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байхдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж, өөртөө давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд прокурорт буцаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Анхан шатны шүүх “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамждаа: “Прокуророос шүүгдэгч Б.Гыг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу Жамц давс ХХК-ийн Шүдэн уул давсны уурхайн ордыг ашиглах байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг танилцуулж өөртөө давуу байдал бий болгож Жамц давс ХХК-ийн захирал Ч.Мгээс 2018 оны 11 дүгээр сард хоёр удаагийн гүйлгээгээр 1.000.000 төгрөг авсан гэж ялласан атлаа шүүгдэгчийг тухайн үйлдлийг хийхэд хүргэж 1.000.000 төгрөг өгсөн Жамц давс ХХК-ийн захирал Ч.Мг гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалган тогтоогоогүй байгаа нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй байна” гэх үндэслэлүүдийг зааж хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэх зарчимд нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагааг хянаад Б.Г-д  холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээ, хязгаарын хүрээнд хэргийн бодит байдлыг тогтоон шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 255 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Г-д холбогдох, 2035001650063 дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Б.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.ЖАМБАЛСҮРЭН

 

    ШҮҮГЧИД                                                 Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                    Л.АЛТАН