Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 151/ШШ2023/00756

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Г,

Хариуцагч: . Т.Т.,

Нэхэмжлэлийн шаардлага: Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Г ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Н ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Д .

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Г  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Г-1426006041 дугаартай гэрчилгээтэй Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ есөн зураа, 2 дугаар гудамж, 28а тоот хаягт байрлах 4116041989 нэгж талбарын дугаартай, 700м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч юм. Гэтэл Т.Т  гэх хүн миний өмчлөлийн газрыг өөрийн газар гээд хашаа барьчхаад чөлөөлж өгөхгүй байна. Би газраа чөлөөлүүлж авахаар холбогдох байгууллагад нь хандаж өргөдөл гаргасан боловч шүүхээр шийдвэрлүүлэх хэрэгтэй гэсэн хариу өгсөн. Т.Т тай утсаар ярихад манай өмгөөлөгчтэй газрын асуудлаар ярь гээд надтай харьцахгүй байсан тул газраа чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие энэ газартаа бууж гэр, хашаа барих шаардлагатай байна. Иймд хариуцагч Төгсбадрахаас миний өмчлөлийн 0.07 га газрыг чөлөөлж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Т.Т  нь Төв аймгийн Баянчандмань сумын Замтын адагт үйлдвэрлэлийн цогцолбор сумын Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 95 тоот шийдвэр, нэгж талбайн 4116034190 дугаартай 29975.0 м2 299775 га газарт 2000 оноос одоог хүртэл үхрийн фермийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Т.Т  нь өөрийн үхрийн фермээ өргөжүүлэх чиглэлээр үхрийн фермийн харалдаа ар талын 2-3 га газрыг арчлан тордож мод, ногоо тарих, тугал бяруугаа бэлчээж, хөдөө аж ахуйн цогц үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийн зэрэгцээ энэ газар дээрээ үр хүүхэд, ач, зээ нараа өсгөн хүмүүжүүлэн амьдрал ахуйгаа авч явж ирсэн байна. Ийм учраас уг газар нь иргэн Т.Т тай салшгүй холбоотой гэж үзэхээс өөр аргагүй юм. Т.Т  өөрийн давуу эрхээрээ уг газраа өмчлөн авахаар өргөдөл гаргасаар байтал өөр хүнд шилжүүлэн олгосон нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Нэгт: Иргэн Т.Т  нь олон удаа өргөдөл хүсэлт гаргасаар байсан ч газрын асуудлыг шийдвэрлэж өгөөгүй нь иргэн Т.Т ын буруутай үйлдэл биш бөгөөд харин газар өмчлөн авах эрх нь дуусгавар болоогүй хэвээр үргэлжилж байгаа гэж үзэж байна. Өргөдлийн хариу шийдвэрлэгдээгүй байхад уг хөөцөлдөж байсан газрыг бусдад олгосон нь хууль бус гэж үзэж байна. Хоёрт: Сумын засаг дарга Г.А нь уг газрыг бусдад санаатай өгсөн нь албан тушаалаа урвуулан ашиглан иргэн Т.Т ын эрх дуусгавар болоогүй байхад гуравдагч этгээдэд дуусаагүй байсан эрхийг шилжүүлсэн явдал нь албан тушаалтан танил тал, хээл хахууль, ашиг хонжоо хайсан үйлдэл гэж үзэхээс өөр аргагүйд хүргэж байна. Иймд Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Т.Т  өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан тул иргэн Б.Г  нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Тухайн газрынх нь асуудлыг хөөцөлдөхөд Т.Т  нь 2019 онд тухайн газрыг хувьчилж авахаар өргөдөл өгсөн байсныг олж мэдсэн. Энэ газрыг яагаад хувьчилж өгөөгүй юм бэ? гэхэд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол гараагүй учраас хувьчилж өгөөгүй гэж хэлсэн. Б.Г  гэх хүн утсаар яриад газраа авмаар байна гэж хэлэхээр нь хүний өмчилж авах гээд өргөдлөө өгсөн газрыг авч болохгүй гэдгийг хэлж байсан. Гэтэл Засаг дарга надад газар өгсөн гэж хэлж байсан. Газрыг ямар журмын дагуу хэрхэн авдаг талаар Б.Г  мэдэхгүй, газраа хаана байрлаж байгаа ч мэдэхгүй. Нэхэмжлэгчийг уг газрыг авахаас өмнө Т.Т  тухайн хашааг авахаар өргөдөл өгөөд, хашаа бариад мод тарьчихсан. Учир байдлыг хэлэхээр Засаг даргатай уулзах гээд 3 удаа очсон боловч Засаг дарга байхгүй байсан. Энэ хэргийг иргэний хэргийн шүүхээр биш Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх ёстой байсан. Би Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг үүсгэсэн, захирамж гаргаагүй байна гэж шүүгчийн туслах нь хэлсэн. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул иргэний хэргийн асуудлыг түдгэлзүүлэх зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

   3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Г ийн иргэний үнэмлэхний хуулбар (хх-1-3), Төв аймгийн Баянчандмань сумын  засаг даргын захирамж (хх-4), газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-5), кадастрын зураг (хх-7), газрын албанд гаргасан газар өмчлөх тухай хүсэлт, холбогдох баримтууд (хх-6, 8-16), газар чөлөөлөх тухай албан мэдэгдэл (хх-17), Төв аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг (хх-18)-ийг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Хариуцагчаас: итгэмжлэл (хх-26), хариу тайлбар (хх-26), Төв аймгийн Баянчандмань сумын засаг даргад хандсан өргөдөл, хариу өгөх мэдэгдэл (хх-28-29), зураг (хх-30-40), Төв аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын “Иргэн Т.Н ид өгсөн албан бичиг (хх-45) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Б.Г ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Б.Г  нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Г-1426006041 дугаартай гэрчилгээтэй Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ есөн зураа, 29 дүгээр гудамж 03 тоот хаягт 4116041989 нэгж талбарын дугаартай газар 700м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч юм. Т.Т  нь өөрийн хашаагаа сунгаж барьсан учраас би хашаагаа барих боломжгүй байна. Иймд Т.Т аас миний өмчлөлийн газрыг чөлөөлүүлж өгнө үү” гэжээ.

3.Хариуцагч Т.Т ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: “Т.Т  нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 95 тоот шийдвэр, нэгж талбарын 4116034190 дугаартай 29975.0 м2 299775 га газарт 2000 оноос одоог хүртэл үхрийн фермийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Т.Т  өөрийн давуу эрхээрээ уг газраа өмчлөн авахаар өргөдөл гаргасаар байтал өөр хүнд шилжүүлэн олгосон нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Энэ нь Т.Т ын буруутай үйлдэл биш бөгөөд харин газар өмчлөн авах эрх нь дуусгавар болоогүй хэвээр үргэлжилж байгаа гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Т.Т өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан тул иргэн Б.Г нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлж шийдвэрлэсэн болно.

5.1.Талуудын маргаж буй Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ есөн зураа 29 гудамж, 03 тоот хаягт байршилтай 4116041989 нэгж талбарын дугаартай 700 м.кв газрын өмчлөгч нь нэхэмжлэгч Б.Г  мөн болох нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон эрхийн улсын бүртгэлийн Г-1426006041 дугаарт бүртгэсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын газрын даамалаас хэвлэсэн кадастрын зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. (хх-5, 7)

5.2.Хариуцагч Т.Т  нь Төв аймгийн Баянчандмань сумын сумын Эрдэнэ 3 дугаар баг, Есөн зураад 1416034190 нэгж талбарын дугаартай 3000 м.кв газар эзэмшигчдэг болох нь Төв аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр нотлогдож байна. (хх-18)

5.3.Хариуцагч Т.Т ын хуульд заасан журмын дагуу эзэмшиж буй газар, нэхэмжлэгч Б.Г ийн өмчлөлд хууль ёсоор олгож, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн газрын байршлууд хоорондоо давхцахгүй, өөр өөр нэгж талбартай байгаа нь тогтоогдож байна.

5.4.Нэхэмжлэгч Б.Г ийн өмчлөлийн 0,07 га газар нь иргэн Т.Т ын хашаалсан талбайд орсон болох нь:

-“Танай сумын Эрдэнэ 3 дугаар баг Есөн зураад сумын Засаг даргын 2022 оны А/565 дугаар захирамжаар иргэн С.Бааст, 2022 оны А/566 дугаар захирамжаар иргэн Г.Я , 2022 оны А/567 дугаар захирамжаар иргэн Б.Г  нарт газар өмчилсөн байна. Дээрх иргэдийн өмчилсөн газар дээр нь хашаа барьсан байгаа тул тус хашааг буулгаж, газар чөлөөлж өгнө үү гэсэн өргөдөл ирүүлээд байна. Дээрх иргэдийн өргөдлийг судлаж үзэхэд танай сумын Эрдэнэ 3 дугаар баг, Есөн зураад 1416034190 нэгж талбарын дугаартай 3000 м.кв газар эзэмшигч Т.Т  нь 2,5 га газар илүү хашаалсан байна. Иймд иргэн Т.Т ын хашааг кадастрын зургийн дагуу бариулж газар өмчилсөн иргэдийн эрхийг зөрчиж байгаа асуудлыг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэж эргэж хариу мэдэгдэнэ үү” гэх Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболдод явуулсан Төв аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг,

-“...Иргэн Т.Т ын Баянчандмань сумын сумын Есөн зураа гэх газар эзэмшиж байгаа 3 га газраас илүү хашсан газарт сумын ИТХ-ын тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумн Засаг дарга иргэнд газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байгаа тул холбогдох хууль хяналтын байгууллагаар уг асуудлыг шийдвэрлүүлэхийг зөвлөж байна” гэх Төв аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн албан бичиг (хх-45),

-хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н , нэхэмжлэгч Б.Г  нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна. (хх-18, 27)

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхээр шаардаж буй газар давхцаагүй, эсхүл Төгсбадрахын өмчлөл, эсхүл эзэмшлийн газар гэдэг үндэслэлээр маргаагүй бөгөөд энэхүү маргаан бүхий газарт хариуцагч Т.Т  фермийн үйл ажиллагаа эрхлэн өргөтгөн ашиглаж байсан бөгөөд газраа томруулахаар өргөдлөө өгсөөр байтал өөр этгээдэд өмчлүүлсэн нь үндэслэлгүй, захиргааны хэргийн шүүхэд хандсан гэж тайлбарласан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Б.Г д газар олгосон Засаг даргын шийдвэрт захиргааны журмаар маргаж байгаа бөгөөд захиргааны шүүхэд хандах боломжит хугацаа олгож өгөх хүсэлт гаргасан тул тус шүүх 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн.

7.Өөрийн шаардлага, татгалзал тайлбарыг нотлох гэдэг нь тэдгээрт дурдагдаж буй үндэслэлийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг баримтаар тогтоохыг хэлэхээс гадна уг үндэслэл нь хуульд зааснаар зүй ёсны болох талаар батлахыг хэлнэ.

7.1.Б.Г д газар өмчлүүлсэн захиргааны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд өгнө, өгсөн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгааг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй байна. (хх-41)

7.2.Газар өмчлөгч Б.Г  нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй тул Т.Т  нь өөрийн давуу эрхээрээ уг газраа өмчлөн авахаар өргөдөл гаргасаар байтал өөр хүнд шилжүүлэн олгосон нь хууль бус гэх хариуцагчийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

7.3.Хариуцагч Т.Т , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н  нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх эрхтэй бөгөөд Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан гэх боловч уг татгалзсан үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

8.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, мөн зүйлийн 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмчлөлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж, хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа үйлдлийн улмаас өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж тодорхойлж байх бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Г  нь шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г ийн өмчлөлийн Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ есөн зураа 29 гудамж, 03 тоот хаягт байршилтай 4116041989 нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг чөлөөлөхийг Т.Т д даалгаж шийдвэрлэв.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г ийн өмчлөлийн Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ есөн зураа 29 гудамж, 03 тоот хаягт байршилтай 4116041989 нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг чөлөөлөхийг хариуцагч Т.Т д даалгасугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Т.Т аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНХБҮРЭН