Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар  151/ШШ2023/00568

 

 

 

 

 

                                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ж.Г,

Хариуцагч: Ц.Х,

Нэхэмжлэлийн шаардлага: 12,000,000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд  2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: 

Нэхэмжлэгч: Ж.Г  ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Д (1913),

Хариуцагч: Ц.Х 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1.Нэхэмжлэгч Ж.Г   нь Ц.Х т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Миний хүү Г.Л нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 2020/ШЦТ/182 дугаартай шийтгэх тогтоолын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бүх насаараа хоригдох ял шийтгэл оногдуулсан. Тухайн үед хүү Г.Л ын эрх ашгийг хамгаалуулахаар 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өмгөөлөгч Ц.Х  тай  хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, үйлчилгээний хөлсийг 3,000,000 төгрөгөөр тохирч ажилласан юм. Гэвч өмгөөлөгч Ц.Х нь хэргийн явцын талаар бидэнд ямар ч мэдээлэл өгдөггүй байсан, тухайн үед хүү Г.Л ыг мөрдөгч нар зодож хэргийг хүчээр хүлээлгэсэн байж болзошгүй байгаа талаар, мөн энэ хэргийг хамтран амьдрагч Э.М үйлдсэн байж магадгүй талаар хэлсээр байхад миний тавьсан хүсэлтийг үл тоомсорлож энэ талаар цаашид огт шалгуулахгүй орхигдуулсан, шүүх хуралдаанд ар гэрийг оролцуулаагүй, хяналтын шатны хуралдаанд гомдол гаргалгүй орхигдуулж, одоо хүү Г.Л маань бүх насаараа хорих ял эдэлж байгаа юм.

 

 Өмгөөллийн ажлын хөлсөнд би Ц.Х т Маяти маркын автомашин өгсөн бөгөөд тухайн үеийн үнэ ханшаар тооцоход 15,000,000 төгрөг болж байна. Иймд өмгөөлөгч Ц.Х аас Маяти маркын машины зөрүү төлбөрт 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

1.2.Нэхэмжлэгч Ж.Г   нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай хүүхдийг Г.Л гэдэг. Асрамжид байдаг манай охины 4 настай хүүхэд нас барсан. Тэрэнд манай хүүг буруутгасан. Хүүхдийг Э.М хөлөөс нь аваад газар савсан, буузаа идсэнгүй гэж багана мөргөж ойчихоор нь хөлөөс аваад савсан гэж ярьсан. Би хийсэн хэрэг байхгүй, хүний хийсэн хэрэгт сууж байна гэж ярьдаг. Би хэрэг гарсан өдөр цагдаа дээрээс ирсэн. Тэгэхэд Э.М “бараг өөрөө ялаа үүрээд явсан нь дээр” гэж Ц.Х өмгөөлөгчид хэлсэн. Энэ хоёр гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа хүүхэд байхгүй. Э.М нь чөлөөтэй гадуур явж байгаа.

Би ковидын үед мөнгө байхгүй болоод охинтойгоо яриад Маяти машиныг өгье гэж ярьсан. Ц.Х  тай  “манай хүүхдийг өмгөөлөөд өг, Маяти машиныг ав” гэсэн. Аппаратурыг солиод асах машин байсан. Би гайгүй өмгөөлөх байх гэж бодоод өгсөн. Тэгэхэд бүх насаараа хоригдох ял авсан. Хогийн хөтлөөс машиныг портероор чирч авчирсан. Хууль зүйн туслалцаа авахдаа тэдэн төгрөг гэж яриагүй. Хүүхэд өмгөөлөөд Э.М тэгж ярьж байна шүү гэдгийг хэлэх байх гэж бодож явсан. Тэгтэл тэгж яриагүй. Би “Ар урт” дэлгүүрийн гадаа таарч асууж байсан. Энэ хэрэг яасан бэ? энэ хэргийг эргээд задалбал яасан юм бэ гэхэд энэ хэргийг задлах юм бол бүх зүйл баларна гэж хэлсэн. Надад өөр зүйл хэлээгүй. Би өөрөө очиж асууж ярьдаг болохоос надад ямар ч мэдээлэл байдаггүй байсан. Би шүүх хуралд ороогүй. Хурал хийнэ гэж дуулгаагүй. Маяти машин 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй учраас зөрүү 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Г   нь хүү Г.Л ын эрүүгийн хэрэгт өмгөөлөгч Ц.Х  тай  хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, үнэ хөлсийг 3,000,000 төгрөгөөр тохирсон. 2020 онд Covid-19 халдварт өвчин гарсан байсан ба миний үйлчлүүлэгч Ж.Г   бичиг үсэг мэдэхгүй, мөн өмгөөлөгч Ц.Х хэргийн үйл явцын талаар мэдээлэл өгөөгүйгээс болоод одоог хүртэл ямар ч мэдээлэлгүй байна. Мөн өмгөөлөгч Ц.Х нь тухайн эрүүгийн хэрэг дээр анхан шат болон давж заалдах шатны шүүхээр орсон ба Ж.Г  ийн гомдлыг дараа дараагийн байгууллагад уламжилж өгөөгүй. Иймд  Ж.Г   нь 2023 онд Монголын өмгөөлөгчийн холбоонд хандсан ба 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өмгөөлөгч Ц.Х т сануулах арга хэмжээ авч шийдвэрлэсэн. 2023 оны 4 дүгээр сард Хүний эрхийн үндэсний комиссоос Улсын их хуралд тавьсан илтгэл дээр “Г. Л  талаар: оюун ухааны хомсдолтой хүнд бүх насаар нь хорих ял өгсөн байна” гэх ноцтой мэдээлэл орсон. Г.Л ын эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлийг үзэхэд өмгөөлөгч Ц.Х үйлчлүүлэгчээ буруутгасан, эсрэг асуулт тавьсан байсан. Өмгөөлөгч ажлаа дутуу хийж өмгөөлөгчийн хууль журмыг зөрчсөн учраас Ж.Г   иргэний нэхэмжлэл гаргасан. Хүүхдийнх нь эрх ашгийг зөрчсөн байдалтай байлгаж байгаа учраас тухайн үед өгсөн Маяти гэх машины үнэ нь 15,000,000 төгрөг. 3,000,000 төгрөгөөр тохирч өмгөөлүүлсэн боловч энэ хүн ажлаа тууштай хийгээгүйгээс болж хүүхэд нь бүх насаараа хорих ял авсан учраас зөрүү мөнгө авах тухай нэхэмжлэл гаргаж байна. Өмгөөлөгч Ц.Х т машины бүх баримтыг өгсөн тул Ж.Г  т байхгүй” гэжээ.  

3.1.Хариуцагч Ц.Х нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ж.Г  ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тэдний хүүгийн гэмт хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг гэж тохиролцож түүний гуйлтаар хуучин явдаггүй машиныг чирч авсан. Мотор, кроп эвдэрхий байсан, хоосон байхаар яахав гэж бодоод 3,000,000 төгрөгт авсан” гэжээ. 

3.2.Хариуцагч Ц.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Г.Л ын өмгөөлөгчөөр орсон. Зээ дүүгээ алсан хэргийн хурал нь хаалттай болсон. Ж.Г  ийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилоогүй, улсаас томилсон. Шүүхээс гарч байгаа шийдвэрийг би өөрчлөх боломжгүй. Шүүх хурал нь 2022 оны 4 сарын 20-ны өдөр болсон санагдаж байна. Энэнээс эхэлж Ж.Г   гуай намайг хууль бус зүйл хийлгэх гээд байсан. Бэр охиноо алсан болгож, хүүхдээ алаагүй болгох гээд байдаг. Би Ж.Г  тай гэрээ хийгээгүй. Би өөрөө уншиж өгч Г.Л аар гарын үсэг зуруулж авсан. Энийг ирээд ав гэхээр нь би хоосон байгаад яах вэ гэж бодож Маяти машиныг авсан. Та энийг аваад миний хүүг өмгөөлж өгнө үү гэсэн гэж үнэнээ ярьж байна. Эвдэрхий машин өгсөн нь үнэн. Одоо байхгүй. Эвдэрсэн юмнууд нь манай хашаанд байгаа. Бусдыг нь хүнд өгсөн. Гадна талын арьс нь байхгүй. Би 15,000,000 төгрөгөөр аваагүй. Би хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ Г.Лтай хийсэн. Хуулийн байгууллагын бүх хүмүүс Авлигатай тэмцэх газарт шалгагдсан. Г.Л д бүх хариу нь очсон. Ямар ч үндэслэлгүйгээр 12,000,000 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохгүй байгаа учраас хариуцагчийн зүгээс няцаасан нотлох баримт гаргах шаардлагагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

4.Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төв аймгийн Зуунмод сумын багийн Засаг даргын тодорхойлолт, Монголын өмгөөлөгчдийн холбоо мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын хуулбар, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар (хх-2-7);

5.Хариуцагчаас шүүхэд иргэний үнэмлэхний лавлагаа, хариу тайлбар зэрэг (хх-13,17) баримтуудыг гаргаж өгсөн.

6.Шүүхээс хариуцагч Ц.Х ын хүсэлтээр Монголын өмгөөлөгчдийн холбооны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 тоот сахилгын хэргийг шүүгчийн захирамж гарсан боловч хариуцагч хүсэлтээсээ татгалзсан болно.  

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Г  ийн 12,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.       

2.Нэхэмжлэгч Ж.Г   нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Миний хүү Г.Л т 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 2020/ШЦТ/182 дугаартай шийтгэх тогтоолын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бүх насаараа хоригдох ял шийтгэл оногдуулсан. Тухайн үед хүү Г.Л ын эрх ашгийг хамгаалуулахаар 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өмгөөлөгч Ц.Х  тай  хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, үйлчилгээний хөлсийг 3,000,000 төгрөгөөр тохирч ажилласан. Өмгөөллийн ажлын хөлсөнд би Ц.Х т “Маяти” маркын автомашин өгсөн бөгөөд тухайн үеийн үнэ ханшаар тооцоход 15,000,000 төгрөг болж байна. Иймд Ц.Х аас Маяти маркын машины зөрүү төлбөрт 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

3.Хариуцагч Ц.Х дараах үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн. Үүнд: “Иргэн Ж.Г  ийн хүүгийн гэмт хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг гэж тохиролцож, түүний гуйлтаар хуучин явдаггүй машиныг чирч авсан. Мотор, кроп эвдэрхий байсан, хоосон байхаар яахав гэж бодоод 3,000,000 төгрөгт авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэлээ нотлож чадахгүй байгаа учраас хариуцагчийн зүгээс няцаасан нотлох баримт гаргаж өгөх шаардлагагүй ба хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

4.Шүүхээс хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.

4.1.Хариуцагч Ц.Х нь нэхэмжлэгч Ж.Г  ийн хүү “Г.Л т холбогдох эрүүгийн хэрэг”-т өмгөөлөгчөөр оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлжээ.  

4.2. “Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн эрүүгийн 2034000000092 дугаартай хэргийг хянан хэлэлцсэн 2020/ШЦТ/182 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Л ыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж, бүх насаар нь хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Х ын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1., 6.9 дүгээр зүйлийн 1., 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн буюу бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээсэн байна. (хх-5)

4.3.Ж.Г   нь өмгөөлөгч Ц.Х “миний хүү Г.Лхагважавт хууль зүйн туслалцааг хангалттай үзүүлж чадаагүй, Г.Л бүх насаараа хорих ял авсан, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргаагүй үндэслэлээр гаргасан гомдлыг Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо хянаад “Өмгөөлөгч Ц.Х т ёс зүйн “сануулах” хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн, тогтоолд хэн аль тал нь гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр болсон байна.(хх-4-6)

5.Нэхэмжлэгч Ж.Г   нь өмгөөлөгч Ц.Х  тай  “хүү Г.Л ын эрх ашгийг хамгаалуулахаар 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, үйлчилгээний хөлсийг 3,000,000 төгрөгөөр тохирсон боловч өмгөөллийн ажлын хөлсөнд “Маяти” маркын автомашин өгснийг тухайн үеийн үнэ ханшаар тооцоход 15,000,000 төгрөг болж байгаа учир зөрүү төлбөр 12,000,000 төгрөгийг гаргуулна гэж шаарджээ.

6.Хариуцагч Ц.Х нь “Ж.Г  тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй, харин Г.Л тай гэрээ байгуулж, хэрэгт нь өмгөөлөгчөөр ажилласан, хууль бус зүйл шаардаж байсан учраас би болохгүй гэдгийг тайлбарласан, хаалттай хурал байсан учир ар гэрийнхэнд хэлэх боломжгүй, мөн Ж.Г  ийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоогүй, хэргийн оролцогч биш бөгөөд хүүгийнхээ өмгөөллийн хөлсөд явдаггүй Маяти машиныг ав гэж гуйсан учраас авсан гэж шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

7.Нэг талаас Ц.Х нь “Г.Л т холбогдох эрүүгийн хэрэгт Г.Л ын өмгөөлөгчөөр оролцох”-оор, нөгөө талаас Ж.Г   нь “хүү Г.Л т” өмгөөллийн үйлчилгээний хөлсөд 3,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байх тул зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Ж.Г   нь тохиролцсон хөлсөндөө Маяти маркын автомашиныг өгөхийг хүссэн, хариуцагч Ц.Х нь явдаггүй автомашиныг чирж ирж, өөрийн ашиглалтад шилжүүлэн авсан талаар зохигч талууд шүүх хуралдаанд тайлбарлаж байх ба энэ талаар шүүхэд маргаагүй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 5 дугаар зүйлийн 5.1-ийн 4-т “Өмгөөлөгч тухайн хүн, хуулийн этгээдийн өмгөөлөгчөөр оролцох болсноо үйлчлүүлэгчийн бичгээр үйлдсэн хүсэлтээр баталгаажуулж, шүүх, прокурор, мөрдөгчид бичгээр мэдэгдэнэ” гэж зааснаар өмгөөлөгчтэй заавал гэрээ байгуулсан байхыг шаардахгүй, мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-д “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өмгөөлөгчөө өөрөө сонгоно”, 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн зөвшөөрснөөр, эсхүл хүссэнээр тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн нь өмгөөлөгч сонгож болно” гэж заасан.

Хариуцагч Ц.Х ын Г.Л тай гэрээ байгуулсан, гэрээ байгуулаагүй бол шүүх хуралд оруулахгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

9.Нэхэмжлэгч Ж.Г   нь Маяти маркын автомашины тухайн үеийн үнэлгээ 15,000,000 байсан, үүнээс тохиролцсон хөлс болох 3,000,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 12,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хууль зүйн туслалцаа үйлчилгээний хөлсөд өгсөн Маяти маркын тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, тээврийн хэрэгслийн эзэмшигч нь хэн болох, ямар эвдрэл гэмтэлтэй байсан, гэмтлийг засч сайжруулах боломжтой байсан эсэх, одоо хаана байгаа, маргаж буй хөрөнгө нь ямар үнэлгээтэй болохыг нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүргээ нэхэмжлэгч Ж.Г  , түүний өмгөөлөгч Д.Д нар биелүүлээгүй байна.

10.Нэхэмжлэгч Ж.Г  ийн гэрээгээр тохиролцсон хөлснөөс 12,000,000 төгрөгөөр илүү үнэлгээ бүхий хөрөнгийг хариуцагч Ц.Х т шилжүүлсэн үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын шүүхийн мэтгэлцээнд гаргасан тайлбараар нотлогдон тогтоогдохгүй байна.

11.Хариуцагч Ц.Х т хууль зүйн туслалцаа үзүүлэх мэргэжлийн үүргээ биелүүлэхдээ ёс зүйн зөрчил гаргасан үндэслэлээр “сануулах” хариуцлага хүлээлгэсэн нь 15,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Маяти машины зөрүү төлбөрт 12,000,000 төгрөгийг шаардах эрхийн үндэслэл болохгүй.

12.Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Х аас 12,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ж.Г  ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

13.Нэхэмжлэгч Ж.Г   нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 206,950 төгрөгийг урьдчилан төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байх тул бүхэлд нь улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.   

14.Нэхэмжлэгч Ж.Г   нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхэд мэдүүлэх, өмгөөлөл хууль зүйн туслалцаа авах эрхтэй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг хангаж, нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Х аас 12,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ж.Г  ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Г ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХБҮРЭН