Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 151/ШШ2023/00382

 

 

 

 

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.Э ,

Хариуцагч: Н.О ,  

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12,278,065 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай.

Нэхэмжлэлд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч: Д.Э ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.С. /дугаар ../,

Хариуцагчийн төлөөлөгч: Н.О,

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Д. /дугаар ../, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б..

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1.Нэхэмжлэгч Д.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Н.О т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Д.Э миний бие Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар ажлаас чөлөөлсөн дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзээд тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад Монгол улсын Дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ021/00553 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгосон. Анх ажлаас үндэслэлгүй халагдсан өдрөөс эхлэн бүтэн 3 жилийн хугацаанд сэтгэл санаа болон эдийн засгаараа маш их хохирсон. Миний бие шударгаар хөдөлмөр эрхэлснийхээ үндсэн дээр Төрийн банкнаас цалингийн зээл авсан боловч “Б” цэцэрлэгийн эрхлэгч Н.О т гэх хүний хууль бус тушаалаас болж ажлаас үндэслэлгүй халагдаж, цалингийн зээлээ төлж чадахгүй болж, улмаар Төрийн банкнаас тус шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 151/ШШ2019/01080 дугаартай шийдвэрээр надаас 11,615,913 төгрөг гаргуулж Төрийн банкинд олгосон. Миний бие нийт ажилгүй байсан хугацааны цалин 23,254,372.55 төгрөг нэхэмжилсэн боловч Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2020/00462 дугаартай шийдвэрээр 7,193,057 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Энэ хугацаанаас хойш хариуцагч давж заалдах болон хяналтын гомдол гаргаж явсаар байгаад 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Дээд шүүхийн тогтоол гарч хуулийн хүчин төгөлдөр болсон. Иймээс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хугацааны цалин 16,102,388 төгрөг, Төрийн банкинд цалингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн зээлийн хүүгийн өр 2,230,992 төгрөг, цалингийн зээлийн нэмэгдүүлсэн хүү болох 41,109 төгрөг, нийт 18,333,421 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. (хх-1-2)

1.2.Нэхэмжлэгч Д.Э ийн хүсэлтээр тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 151/ШЗ2021/03084 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Н.Отгончимэгийг хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэгээр сольсон. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин 18,333,421 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн байна.  (хх-57, 63-64)

1.3.Нэхэмжлэгч Д.Э нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Анх нэхэмжлэл гаргахдаа цалин олговрыг тооцохдоо өмнөх шүүхийн шийдвэрээр олгогдсон зарим хугацааны олговрыг оруулсан байсан тул шаардлагаа багасгаж байна. 1. 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх 170 өдрийн цалин 4,133,210 төгрөг /1 өдрийн цалин 24,313 төгрөг/; 2. 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүртэлх 335 өдрийн цалин 8,144,855 төгрөг, /1 өдрийн цалин 24,313 төгрөг/; 3. Төрийн банкны цалингийн зээлийн хүү 2,272,101 төгрөг, нийт 14,550,166 төгрөгийг хариуцагч Б цэцэрлэгээс гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ. (хх-87)

1.4.Нэхэмжлэгч Д.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-аар нэмэгдүүлэн шаардсан. (хх-104)

1.5.Нэхэмжлэгч Д.Э нь 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, тодруулж нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд тухайн шаардлагаа дэмжсэн.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.Э нь Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэгт 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл няраваар ажилласан. 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ажлаасаа халагдсан. Улмаар энэ талаарх маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлж, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа орсон. 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 7,193,057 төгрөгийг авсан.

-Өмнөх шүүхийн шийдвэрээр шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацааны цалин олговрыг нэхэмжилж, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр нэг өдрийн цалинг 24,313 төгрөгөөр тооцон шийдвэрлэсэн.

-Одоо 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл буюу 170 өдрийн цалин /1 өдрийн цалин 24,313 төгрөг/-д 4,133,210 төгрөг, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх 335 өдрийн цалинд 8,144,855 төгрөг, нийт 12,278,065 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Өмнө нь гаргасан Төрийн банкны цалингийн зээлийн хүү 2,272,101 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно” гэжээ. (хх-234)

1.6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Э ийн ажлаас халагдсантай холбоотой маргааныг өмнө нь шүүхээр шийдвэрлүүлсэн. Тэгэхээр тухайн үед нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 7 дугаар сарын 19-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулахаар шаардсан ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн. Иймээс нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааны буюу 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл гэж ялгаж салгасан.

Хариуцагч тал шүүхийн шийдвэрээр уг асуудлыг шийдэгдсэн гэж тайлбарлаж байна. Одоо нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагаар өмнө шүүхэд хандаж байгаагүй. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлал дээр ажлаас халагдсанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны цалин нэхэмжилсэн буюу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэнэ гэж, тогтоолынхоо хянавал хэсэгт дурдсан байдаг. Тэгэхээр энэ асуудлаар өмнө шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, шүүхээс ийм маргаан шийдвэрлэгдээгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Хариуцагчийн өмгөөлөгч дундаж цалин хөлс тооцох журам ярьж байна. Өмнөх журам хүчингүй болсон нь үнэн. Гэхдээ журам хүчингүй болохоор шүүхийн шийдвэр хүчингүй болно гэж байхгүй. Энэ харилцаа өөрөө тухайн үеийнхээ хуульд хамаарч байсан тул хуучин Хөдөлмөрийн тухай хуулиар шийдэгдэх ёстой” гэжээ.

2.1.Хариуцагч Н.О т нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан хариу тайлбартаа: “1.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлон гаргахаар заасан байдаг. Нэхэмжлэгч хариуцагчаар иргэн Н.О т намайг тодорхойлон гаргажээ. Н.О т миний бие “Б” цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг ба цэцэрлэгийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй боловч нэхэмжлэгчтэй иргэн хүний хувьд хөдөлмөрийн харилцаагүй болно. Иймд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг хариуцахгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2.Нэхэмжлэгчийн Төрийн банкнаас авсан зээл нь тэдгээрийн хоорондох зээлийн харилцаа ба үүссэн үр дагавар болох гэрээний үүргийг иргэн Н.О т хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна. 3.Нэхэмжлэгч анх шүүхэд 23,254,372 төгрөг нэхэмжилж байснаа тодорхой дурдсан ба энэхүү маргаан Улсын дээд шүүхийн хяналтын шатаар хэлэлцэгдсэн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00553 тогтоолоор эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Нэгэнт тогтоогдсон шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байсаар атал дахин нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ. (хх-47)

2.2.Хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэгийн эрхлэгч Н.О т шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1.Нэхэмжлэгч анх шүүхэд 23,254,372 төгрөг нэхэмжилж байснаа тодорхой дурдсан ба энэхүү маргаан Улсын дээд шүүхийн хяналтын шатаар хэлэлцэгдсэн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00553 тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Үүнээс хойш 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ажилд авах тухай тушаал гарсан ба урьд эрхэлж байсан ажилдаа одоо ажиллаж байна. Нэгэнт тогтоогдсон шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байсаар атал дахин нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2.Нэхэмжлэгчийн Төрийн банкнаас авсан зээл нь тэдгээрийн хоорондох зээлийн харилцаа ба үүссэн үр дагавар болох гэрээний үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч тал өмнө гарсан шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид 7,193,000 төгрөгийг төлж, мөн эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлөх үүргээ биелүүлсэн. Энэ асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр одоо ч хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. 

2.3.Хариуцагчийн өмгөөлөгч Л.Дашравдан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Э өмнө ажлаас үндэслэлгүй халагдсан үндэслэлээр шүүхэд хандаж, уг маргааныг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шийдсэн. Д.Э 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр анх нэхэмжлэл гаргасан байсан. Давж заалдах шатны шүүх харин ч нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрх нь нээлттэй байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчийн хамт оролцсон байдаг ба хурлын тэмдэглэлд тусгасан байдаг. Тэгэхээр нэгэнт шүүх шийдвэрлэсэн маргаанд дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь Монгол улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна гэсэн зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна. 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр энэ маргаан Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дууссан. Шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлсэн. Д.Э г ажилд нь эгүүлэн авсан.

Татгалзлын үндэслэл нь, нэгдүгээрт, Монгол улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-д заасан Улсын дээд шүүхийн үндсэн бүрэн эрхэд харшилж байна. Учир нь нэгэнт хэрэг маргааныг шүүх хянан шийдвэрлэсэн байхад дахин дээрх асуудлаар нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл байхгүй. Тэр үедээ хэрэг маргаанаа нэг мөр шийдүүлэх эрх нь байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүйнхээ төлөө одоо эцэслээд дууссан маргаанд хугацааг нь өөрчлөн оруулж ирж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-г зөрчиж байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хоёрдугаарт, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 335 хоногийн цалин хөлс нэхэмжилж байгаа. Энэ маргаан явж байхад хуучин Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж байсан. 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэ Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа тооцоолол нь өөрөө хуучин Хөдөлмөрийн тухай хуулийг барьсан байна. Энэ нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Тийм учраас шинээр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн хуультайгаа нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хоног хугацаагаа зөв тооцоод, шинэ хуулиа бариад цалин хөлс бодох журмаар нь бодоод явсан бол магадгүй манай талаас хүлээн зөвшөөрөөд хариуцагчийн зөвшөөрлийг баталчих асуудал байсан. Гэтэл нэхэмжлэгч талаас огт асуудал дэвшүүлээгүй, хуучин Хөдөлмөрийн хуулиар шийдүүлнэ гээд маргаад яваад байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа шүүх бодоод гаргачихна биз, аль хуулийг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэх мэтчилэн тайлбар гаргаж болохгүй. Энэ маргааныг шинэ хуулийн орчинд шийдэгдэх маргаан гэж хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тийм учраас энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зөв. Хөдөлмөрийн тухай хууль эргэн үйлчлэхгүй” гэв.

3.Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл (хх-1-2, 104, 234), хариуцагч солих тухай хүсэлт (хх-57), “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 112 дугаартай Төв аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол (хх-4-5), Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 151/ШШ2019/01080 дугаартай шүүгчийн захирамж (хх-6-7), Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Д.Э ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай” 223/МА2019/00036 дугаартай магадлал (хх-8-13), Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2020/00462 дугаартай шийдвэр (хх-14-20), Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Д.Э ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай” 223/МА2020/00009 дугаартай магадлал (хх-21-26), Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Д.Э ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай” 001/ХТ2021/00553 дугаартай тогтоол (хх-27-30), Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 151/ШЗ2021/01718 дугаартай шүүгчийн захирамж, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 151/ГХ2021/00123 дугаартай гүйцэтгэх хуудас (хх-31-32), Төв аймгийн Боловсрол, соёл урлагын газрын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 186 дугаартай албан бичиг (хх-33), Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаартай гэрээ (хх-34-35), нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-58-59), хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-53-54), Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 291 дугаартай албан бичиг (хх-181),

4.Хариуцагч талаас: Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, сургалт эрхлэх нөхцөл шаардлага, Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Н.О ийг ажилд томилох тухай” Б/16 дугаар захирамж (хх-80-84), Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдийн Б/07 дугаартай тушаал (хх-85), хариу тайлбар (хх-47, 69), хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-68),

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Э ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Н.О т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинд 18,333,421 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахаар нэмэгдүүлж, мөнгөн шаардлагын хэмжээг 6,055,356 төгрөгөөр багасган шаардсан ба нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Н.О ийг хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэгээр сольсон болно.

3.Нэхэмжлэгч Д.Э , түүний өмгөөлөгч Б.С  нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэгт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинд 12,278,065 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрх, түүний хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон. Үүнд:

-Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэгийн няравын ажлаас 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр халагдаж, уг маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлж, 2021 оны 8 дугаар сарын 09-ны өдөр ажилдаа орсон. Д.Э нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинд 7,193,057 төгрөгийг авсан.

-Өмнө шүүхийн шийдвэрээр шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацааны цалин олговрыг нэхэмжилж шийдвэрлүүлсэн. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр нэг өдрийн цалинг 24,313 төгрөгөөр тооцон шийдвэрлэсэн нь Монгол улсын Дээд шүүхийн шийдвэрээр хэвээр батлагдсан. Тийм учраас нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэж байгаа. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлээгүй хугацааны цалин хөлсийг шаардаж байгаа учраас нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзэж байна. Үйл явдал хуучин Хөдөлмөрийн хуулийн үйлчлэх үеийнх тул тухайн үеийн хуулиар шийдвэрлэнэ

Иймд 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх цалин 170 өдрийн цалин хөлсний олговорт 4,133,210 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх 335 өдрийн цалин хөлсний олговорт 8,144,855 төгрөг, нийт 12,278,065 төгрөгийг гаргуулах, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэгийг төлөөлөн эрхлэгч Н.Отгончимэг, түүний өмгөөлөгч Л.Д  нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна Үүнд: Хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэг нь өмнө гарсан шүүхийн шийдвэрийн дагуу Д.Э г ажилд нь эгүүлэн авсан. 7,193,000 төгрөгийг төлж, мөн эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлөх үүргээ биелүүлсэн. Тийм учраас энэ асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр нь одоо ч хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Тэгэхээр нэгэнт шүүх шийдвэрлэсэн маргаанд дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь Монгол улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна гэсэн зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хууль эргэн үйлчлэхгүй. Шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацааны цалин олговрын хэмжээг шинэ Хөдөлмөрийн хууль, шинэ журамдаа нийцүүлээд тооцож гаргаж ирсэн бол зөвшөөрөх боломжтой байсан хэдий ч нэхэмжлэгч нэхэмжлэлийн тооцооллоо зөв гаргаагүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.

5.Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нягтлан үзэж, хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор үнэлсэн болно.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: нэхэмжлэл (хх-1-2, 104, 234), хариуцагч солих тухай хүсэлт (хх-57), Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2020/00462 дугаартай шийдвэр (хх-14-20), Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Д.Э ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай” 223/МА2020/00009 дугаартай магадлал (хх-21-26), Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Д.Э ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай” 001/ХТ2021/00553 дугаартай тогтоол (хх-27-30), Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 151/ШЗ2021/01718 дугаартай шүүгчийн захирамж, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 151/ГХ2021/00123 дугаартай гүйцэтгэх хуудас (хх-31-32), Төв аймгийн Боловсрол, Соёл урлагын газрын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 186 дугаартай албан бичиг (хх-33), Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаартай гэрээ (хх-34-35), нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-58-59), Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 291 дугаартай албан бичиг (хх-181), Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, сургалт эрхлэх нөхцөл шаардлага, Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Н.О ийг ажилд томилох тухай” Б/16 дугаар захирамж (хх-80-84), Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдийн Б/07 дугаартай тушаал (хх-85), хариуцагчийн төлөөлөгчийн хариу тайлбар (хх-47, 69), шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 

6.1.Урьдчилан шийдвэрлүүлэх журмын тухайд

Нэхэмжлэгч Д.Э нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосны үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжгүй нь Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “...одоогоор хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны гишүүн, орлох гишүүнийг томилох нэрсийг ирүүлээгүй байна. Иймд суманд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй болно” гэсэн “Хариу хүргүүлэх тухай” 291 дугаартай албан бичгээр нотлогдож байна. (хх-181),

6.2.Ажлаас халагдсан ба ажилд эгүүлэн тогтоогдсон үйл баримтын талаар:

-Нэхэмжлэгч Д.Э нь Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэгт няравын албан тушаал эрхэлж байгаад Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар  ажлаас халагдсан байна.

-Д.Э нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 7,193,057 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2020/00462 дугаартай шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 223/МА2020/00009 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00553 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. (хх-14-30)

Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор:

-Д.Э г Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэгийн няравын ажилд эгүүлэн тогтоож,

-нэхэмжлэгчийн шаардсан хугацаагаар буюу 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх  (нийт ажлын 345 өдөр) хугацаагаар тооцож, нийт 7,193,057 төгрөгийг нэхэмжлэгч Д.Э д олгож,

-нэхэмжлэгч Д.Э ийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

Хариуцагч нь сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан болох нь Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 151/ШЗ2021/01718 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 151/ГХ2021/000123 дугаартай гүйцэтгэх хуудас,  2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай 52 дугаартай гэрээ зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. (хх-31-32, 34)

Хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэг нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 тушаалаар Д.Э г урьд эрхэлж байсан няравын ажилд томилж, сарын үндсэн цалинг ТҮ-4-1 шатлал болох 524,696 төгрөгөөр бодож цалинжуулахыг нягтлан бодогчид зөвшөөрсөн байна. (хх-85)

Дээрх шүүхийн шийдвэрээр тогтоосон 7,193,057 төгрөгийг хариуцагчаас Д.Энхтуяад олгосон ба энэ талаар зохигчид шүүхэд маргаагүй. (хх-31-32, 34, 85)

6.3.Хууль хэрэглээний талаар:

Нэхэмжлэгч Д.Э г ажлаас халсан, ажилд эгүүлэн тогтоосон үйл явдал бүгд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө буюу 1999 оны Хөдөлмөрийн хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх цаг хугацаанд болж өнгөрчээ.

Мөн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах энэ нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргаж, шүүх 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөдөлмөрийн хууль (шинэчилсэн найруулга) 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөнөөр 1999 оны Хөдөлмөрийн хуулийн үйлчлэл зогссон бөгөөд хуулийг дагаж мөрдөж журам, хуулийн буцаан хэрэглэх талаар Хөдөлмөрийн хууль (шинэчилсэн найруулга)-д тусгайлан заагаагүй байна.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж, Хөдөлмөрийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн 2 дугаар зүйлийн 2.3-т “Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд дараах эрэмбээр үйлчилнэ: 2.3.1.энэ хууль, 2.3.2.Монгол Улсын бусад хууль, 2.3.3.захиргааны хэм хэмжээний акт... гэж тус тус заасан учир тус маргааныг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн хууль (шинэчилсэн найруулга)-ийг баримтлан шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

6.4.Шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааны тухайд:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхийг хүссэн бөгөөд нэхэмжлэгч Д.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар 90 хоногийн хугацаанд нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй. (хх-1-2)

2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан Д.Э ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр эцэслэн шийдвэрлэж, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 151/ШЗ2021/01718 дугаартай “Албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамжийн дагуу 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай 52 дугаартай гэрээ байгуулагдаж, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 тушаалаар Д.Э г урьд эрхэлж байсан няравын ажилд томилсноор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэж дүгнэх үндэслэлтэй байна. (хх-14-32, 34)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дууссанаас хойш 50 хоногийн дараа нэхэмжлэгч урьд эрхэлж байсан цалин хөлсний олговрыг гаргуулахаар 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй болно.

7.Цалин хөлсний олговор гаргуулах шаардлагын тухайд

7.1.Нэхэмжлэгчийн шаардах эрх:

Нэхэмжлэгч Д.Э ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговрыг Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 тоот тушаал гарсан өдрөөс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож шийдвэрлэсэн нь Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2020/00462 дугаартай шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 223/МА2020/00009 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00553 дугаартай тогтоолоор нотлогдон тогтоогдож байна. (хх-14-30)

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд тухайн шаардсан хугацаа буюу Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэгийн эрхлэгчийн Б/02 дугаартай тушаалаар Д.Э г няравын ажлаас чөлөөлсөн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаагаар шүүх хэргийг хэлэлцүүлж, эцэслэн шийдвэрлэжээ.

Иймд нэхэмжлэгч Д.Э нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс хойших хугацааны цалин олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь шүүхэд гаргаагүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн ажилгүй байсан хугацаанд тухайн хугацаа хамаарахгүй байх тул хариуцагч талын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт шийдвэрлэсэн асуудлыг дахин нэхэмжилж байгаа, Улсын дээд Шүүхийн шийдвэр эцсийн байх зарчмыг хөндсөн гэж эс зөвшөөрсөн тайлбар нь үндэслэлгүй болно.

Дүгнэвэл, нэхэмжлэгч Д.Э нь Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар ажлаас халагдаж, мөн цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 тушаалаар урьд эрхэлж байсан няравын ажилд томилогдох хүртэл хугацаанд урьд эрхэлж байсан няравын ажлаа гүйцэтгэж эхлээгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл биелүүлээгүй буруутай байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.

Ажил олгогч  буюу Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэг нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтан Д.Э г өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, урьд эхэлж байсан няравын ажилд томилох тухай ажил олгогчийн тушаал 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гарснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан урьдчилсан нөхцөл хангагдсан байх тул нэхэмжлэгч Д.Э нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны дундаж  цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй.

7.2.Цалин хөлсний олговор олгох тухайд

Хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэг нь нэхэмжлэгч Д.Э г үндэслэлгүйгээр ажлаас халсны улмаас нэхэмжлэгч Д.Э ийн хөдөлмөрлөх, түүнд тохирсон цалин хөлс авах эрхийг зөрчсөн байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш урьд эрхэлж байсан

ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл дараах хугацааны нөхөн олговрыг тооцон олгох үүрэг хариуцагчид үүссэн. Үүнд:

-2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл буюу ажлын 173 өдрийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор,

-2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2021 оны 8 дугаар сарын 09-ны өдрийг хүртэл буюу ажлын 338 өдрийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, нийт ажлын 511 өдрийн олговор олгоно. 

7.3.Дундаж цалин хөлсийг тооцсон тухайд:

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2020/00462 дугаартай шийдвэрээр Д.Э ийн дундаж цалин хөлсийг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн тушаал гарахын өмнөх гурван сар буюу ажил эрхэлсэн 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 1, 2 дугаар сарын дундаж цалин хөлсөөр тооцож, “ажлын нэг хоногийн цалинг 24,313 төгрөг” гэж тогтоосонд давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолоор өөрчлөлт ороогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй.

Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нэг өдрийн цалин хөлсний олговор 24,313 төгрөгийг, нийт ажилгүй байсан ажлын 511 өдрөөр тооцоход хариуцагчаас 12,423,943 төгрөгийг гаргуулахаар байна.

Харин нэхэмжлэгч нь шүүхэд ажлын 170 ба 335 хоног, нийт ажлын 505 өдрийн цалин хөлсний олговрыг шаардсан тул тухайн шаардлагын хэмжээгээр хязгаарлан 12,278,065 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө Хөдөлмөрийн хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан дундаж цалин хөлс тодорхойлох журам шинэчлэгдсэн, энэ шинэ журмаар тооцоо гаргаагүй учраас зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч, ямар журмаар, ямар аргачлалаар, хэд хоногийн цалин хөлсийг олговорт хэдэн төгрөг байх талаар мэтгэлцээгүй, татгалзлын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийн тайлбарыг үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

8.Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах”-ыг ажил олгогчид үүрэгт болгон заасан.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан тул нэхэмжлэгч Д.Э ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёр тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлбэл зохино.

Иймд Д.Э ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох тайланг гаргаж, хуульд заасан журмын дагуу баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

9.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр, 63.1.3-т бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор хуульчилсан.

9.2.Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэгт холбогдуулан 18,333,421.90 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 274,221,86 төгрөгийг, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тухайн шаардлагад холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар 70,200 төгрөгийг, нийт 344,421.86 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

9.3. хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэгт холбогдох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 12,278,065 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.Э ийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр шүүх хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэгийн санхүүгээс 281,599 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э д олгож шийдвэрлэх зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэг /санхүү/ (РД:3867668)-ээс дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,278,065 /арван хоёр сая хоёр зуун далан найман мянга жаран таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э (РД: ...)-д олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Э ийн ажилгүй байсан хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу нөхөн төлж, тайлагнаж, баталгаажуулахыг хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэг /санхүү/-д даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Э ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 344,421.86 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Б цэцэрлэг /санхүү/-ээс 281,599 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.МӨНХБҮРЭН