Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2023/00335

 

 

 

 

 

 

                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, Ерөнхий шүүгч Д.Алтантуул, шүүгч Д.Отгончулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,                                                                                                                                                     

Нэхэмжлэгч: . Д.Д.

Нэхэмжлэгч: . Д.Б.

Хариуцагч:  . Ц.Б.

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 13,401,000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Б,

Гэрч: Д.Х, Д.Г, П.Б, Л.М, Г.Т

Иргэдийн төлөөлөгч: М.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Д , Д.Б нар нь хариуцагч Ц.Б т холбогдуулан  гэм хорын хохиролд 22,401,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1.“Д.Д  миний бие Төв аймгийн Баянхангай сумын нутаг Эрүү гэх газар 112 дугаар пойлинд Б ийн хөрөнгө оруулалтаар хамтран гэр бүлийн хэрэгцээнд 2022 оны 6 дугаар сард хүний өөрийн 36 га талбайд тосны ургамал тарьж газар тариалан эрхлэн амьдарч байсан. Тариалалтын явцад 2022 оны 8 дугаар сард Төв аймгийн Баянхангай сумын малчин Ц.Б ийн олон тооны мал удаа дараа бидний энэ тариан талбай руу орж дөнгөж ургаж байсан тосны ургамлыг идэж маш их хохирол учруулж бидний амьдрах нөхцлийг маш хэцүү болгосон. Миний хүү Д.Б нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр сум орон нутгийн Баянхангай сумын Засаг даргын Тамгын газарт гомдол гаргаж сумын ажлын хэсгээр тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас гарсан хохирлын хэмжээг 22,401,000 төгрөгийн хохирол учирсан гэдгийг тогтоолгосон. Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу Ц.Б аас хохирлыг гаргуулж өгнө үү” гэжээ. 

1.2.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь  2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар үед 9,000,000 төгрөгөөс татгалзаж үлдэх 13,401,000 төгрөгийг Ц.Б аас гаруулахаар шаардаж,  тайлбарлаж байна.

1.3.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эвлэрэн хэлэлцэх саналд 10,000,000 төгрөгөөр тохирч болно гэж санал гаргаж, тухайн шаардлагаа шүүх хуралдаанд дэмжин оролцож, хариуцагчаас 10,000,000 гаргуулахаар шаардаж байна” гэжээ. 

2.Нэхэмжлэгч Б.Б ийн өмгөөлөгч Р.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төв аймгийн Баянхангай сумын нутаг Эрүү гэх газар нэхэмжлэгч нар тосны ургамал тарьсан байдаг. Хариуцагч Ц.Батмөнхийн мал орж талхалж, идсэний улмаас Баянхангай сумын ажлын хэсгийн дүгнэлтээр нийт 22,401,000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосноос хойш энэ жилийн тариалалтаас олсон 9,000,000 төгрөгийг хасч нэхэмжилсэн. Шүүх хуралдаанд  Д.Б нэхэмжлэлийн шаардлагаа эвлэрэх хамгийн боломжтой дүнгээр багасгаж, 10,000,000 төгрөг гаргуулахаар санал болгосон ч хариуцагч зөвшөөрөхгүй байна. Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус үндэслэн иргэн Ц.Б аас хуульд заасан журмын дагуу 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал багийн 112 пойлд Д.Б нь 36 га газарт тосны ургамал тариалсан боловч Ц.Б ийн мал удаа дараа орж идсэн гэжээ. Мөн сумын Засаг даргын Тамгын газар, Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж тус ажлын хэсэг “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас гарсан хохирлыг тооцох ажлын хэсгийн дүгнэлт” гаргасан ч тус дүгнэлтэд Д.Б ийн 2022 онд 36 га талбайд тосны ургамал тариалан байхад Ц.Б ийн мал 2022 оны 8 дугаар сарын 05, 22, 24, 26, 30-ны өдөр орсон гэх өргөдлийн дагуу ажлын хэсэг 9 дүгээр сарын 09, 12-ны өдрүүдэд хэмжилт хийсэн. Ц.Б  н гэр тариалангийн талбайгаас 840 метрт байсан. Д.Батхуягийнх хонь, ямаатай бөгөөд тариалангийн талбайг хашаажуулаагүй үед үхэр, адуу орсон байх ул мөртэй байсан ба тахлагдсан талбайн тоо хэмжээг тусгасан бөгөөд тус тахлагдсан талбайд Д.Б ийн мал орж талхалсан болохыг тогтоогоогүй тул манай хонь ямаатайг заасан ч талбайд үхэр, адууны мөр байгааг заасан. Тус дүгнэлтэд талбайг Д.Б ийн мал орсныг шууд зааж дүгнэж тогтоогоогүй байна. Хэрэгт ч мөн энэ талаарх нотлох баримт байхгүй манай мал ч тус талбайд ороогүй байхад зөвхөн талбайгаас манай гэр 840 метр зайд байдаг учраас орсон байж болох таамгаар дүгнэлт гаргаж хүн хохироохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчийн өмгөөлөгч Т.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс тариан талбайд учруулсан хохирол 22,401,000 төгрөгийг эд хөрөнгөд учруулсан хохирол хэмээн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болсон Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас хохирлын үнэлгээг тооцох ажлын хэсгийн дүгнэлт байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дураараа 2 ч удаа багасгалаа. Тариалан эрхлэхэд гарсан зардал, үрээ хэзээ цацсан, хашаажуулахад хэдэн төгрөгийн зардал гарсан, тариагаа хурааж аваад хэдэн төгрөгийн ашиг олсон зэрэг баримтаа өнөөдрийг хүртэл шүүхэд нотлох баримтаар өгөөгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй. Бид гэрчийн мэдүүлгийг сонслоо. Тэгэхээр дүгнэлтээр тариаланд учирсан хохирлыг тооцсоноос биш Ц.Б ийн мал талбайд орсон гэдгийг хэрэгт авагдсан баримтаар нотолж чадсангүй. Мөн дүгнэлтээр тариалангийн талбайд голчлон үхэр адууны мөр байсан гэж хэлж байна. Үхэр, адууны талхалсан хохирлыг А.Э бас төлөх юм уу? Мөн дээр нь нэхэмжлэгч Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.5-д заасан үүргээ биелүүлээгүй. Ц.Б ийн гэр тариалангийн талбайгаас 840 метрийн зайд малаа хашаалдаг байсан. Тийм болохоор ямар нэгэн байдлаар нүү, яв гэсэн албан бичиг өгөөгүй. Ц.Б  малаа хариулгатай байх үүрэгтэй ч гэсэн нэхэмжлэгч мөн тариалангийн талбайгаа мал, амьтнаас хамгаалан хашаалах үүргээ хэрэгжүүлээгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхойгүй, үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримт эргэлзээтэй гэдэг нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.Иргэдийн төлөөлөгч М.Батзаан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ажлын хэсгийн тодорхойлолт ойлгомжгүй, хэлж ярьж байгаа үг яриа нь үнэн худал нь мэдэгдэхгүй байх тул 50 хувь нэхэмжлэгч тал, 50 хувь хариуцагч тал хоёр тохиролцох, нэхэмжлэгч талд хариуцагч 5,000,000 төгрөг өгөх нь зүйтэй” гэжээ.  

6.Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл (хх-1-2), нэхэмжлэлийн багасгасан шаардлага (хх-72, 78), Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 06/63 дугаартай албан бичиг (хх-5), Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/147 дугаар захирамж (хх-6), Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас гарсан хохирлыг тооцох ажлын хэсгийн дүгнэлт (хх-8-9), итгэмжлэл, Д.Д гийн нэгж талбарын 4121021120 дугаартай 120025 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ, кадастр (хх-11-12), Төв аймгийн Баянхангай сумын иргэн Б.Х , Ц.Б  нарын тодорхойлолт (хх-13-14), фото зураг (хх-15-20, 64-66), 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-37), ЗГ22/05/25 дугаар Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь (хх-67-68), Т.Үнэнбаатарын “ХААН банк” ХХК дахь 5303298869 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга (хх-69-70), тариалалтын тооцоо (хх-71) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

7.Хариуцагч талаас: хариу тайлбар (хх-32), итгэмжлэл (хх-31), 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-33-35) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

8.Шүүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх Г.Оюунцэцэгийг гэрчээр, шүүхийн санаачлаагаар “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас гарсан хохирлыг тооцох ажлын хэсгийн дүгнэлт”-тэй холбоотойгоор ажлын хэсгийн ахлагч Д.Х , гишүүн Д.Г , Н.Б , Л.М , Г.Т нарыг гэрчээр тус тус асуусан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж дүгнэв.  

2.Нэхэмжлэгч Д.Д , Д.Б нар нь хариуцагч Ц.Б аас гэм хорын хохиролд нийт 22, 401.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх шатанд 12,401,000 төгрөгөөс татгалзаж 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Хэмжээгээр хэргийг хянан хэлэлцэв.

3.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шаардах эрхийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

“Төв аймгийн Баянхангай сумын иргэн Ц.Б ийн мал бидний Төв аймгийн Баянхангай сумын нутаг Эрүү гэх газар тосны ургамал 36 га талбайд тариалсныг талхалснаас хохирол учруулсан. Үүнийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Баянхангай сумын Засаг даргын Тамгын газарт гомдол гаргаж сумын ажлын хэсгээр дүгнэлт гаргуулахад нийт 22,401,000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон гэжээ. Хариуцагч Ц.Б аас 22,401,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна”

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага багасгаж 2022 оны 10 дугаар сард үлдэгдэл тосны ургамлаа хураан авч нийт 9,000,000 төгрөг олсон тул хохирлын үнэлгээнээс хасч, нийт 13,401,000 төгрөг болгож багасгаж хариуцагч Ц.Б аас нэхэмжилж байна гэж тодорхойлжээ.  

Хэргийг хэлэлцүүлэх шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага тодорхойлохдоо “нэхэмжлэлийн шаардлагын 13,401,000 төгрөгөөс татгалзаж, тариалсан тосны ургамлыг талхалж, идэж устгасан үндэслэлээр нийт 10,000,000 төгрөгийг гэм хорын хохиролд төлүүлнэ” гэж шаарджээ. 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд: “Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал багийн 112 пойлинд Д.Б нь 36 га газарт тосны ургамал тариалсан боловч Ц.Б ийн мал удаа дараа орж идсэн гэжээ. Мөн сумын Засаг даргын Тамгын газар, Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж тус ажлын хэсэг “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас гарсан хохирлыг тооцох ажлын хэсгийн дүгнэлт” гаргасан ч тус дүгнэлтэд Д.Б ийн 2022 онд 36 га талбайд тосны ургамал тариалсан байхад Ц.Б ийн мал 2022 оны 8 дугаар сарын 05, 22, 24, 26, 30-ны өдөр орсон гэх өргөдлийн дагуу ажлын хэсэг 9 дүгээр сарын 09, 12-ны өдрүүдэд хэмжилт хийсэн. Ц.Б  н гэр тариалангийн талбайгаас 840 метрт байсан. Д.Б ийнх хонь, ямаатай бөгөөд тариалангийн талбайг хашаажуулаагүй үед үхэр, адуу орсон байх ул мөртэй байсан ба талхлагдсан талбайн тоо хэмжээг тусгасан бөгөөд тус талхлагдсан талбайд Ц.Б  н мал орж талхалсныг тогтоогоогүй тул манай хонь ямаатайг заасан ч талбайд үхэр, адууны мөр байгааг заасан. Тус дүгнэлтэд талбайг Ц.Б  н мал орсныг шууд зааж дүгнэж тогтоогоогүй байна. Хэрэгт ч мөн энэ талаарх нотлох баримт байхгүй, манай мал ч тус талбайд ороогүй байхад зөвхөн талбайгаас манай гэр 840 метр зайд байдаг учраас орсон байж болох таамгаар дүгнэлт гаргаж, хүн хохироохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5.Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг хүссэн бөгөөд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

6.Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Д  нь өөрийн бүрэн эрхийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр итгэмжлэлээр Д.Батмөнхөд 3 жилийн хугацаатайгаар, хариуцагч Ц.Б  нь өөрийн бүрэн эрхийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр итгэмжлэлээр А.Э т 3 жилийн хугацаатайгаар тус тус олгосон. /хх-10, 31/

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: нэхэмжлэл (хх-1-2), нэхэмжлэлийн багасгасан шаардлага (хх-72, 78), Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 06/63 дугаартай албан бичиг (хх-5), Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/147 дугаар захирамж (хх-6), Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас гарсан хохирлыг тооцох ажлын хэсгийн дүгнэлт (хх-8-9), Д.Д гийн нэгж талбарын 4121021120 дугаартай 120025 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ, кадастр (хх-11-12), Төв аймгийн Баянхангай сумын иргэн Б.Хангай, Ц.Батхишиг нарын тодорхойлолт (хх-13-14), фото зураг (хх-15-20, 64-66), Д.Б ийн ЗГ22/05/25 дугаар Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь (хх-67-68), Үнэнбаатарын Тогтохмэндийн “ХААН банк” ХХК дахь депозит дансны хуулга (хх-69-70), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар (хх-32), Г.О , Д.Х , гишүүн Д.Г , Н.Б , Л.М , Г.Т  нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:  

Нэхэмжлэгч Д.Д  нь Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт баг, 112 дугаар поль хаягт нэгж талбарын 4121021120 дугаартай 120025 м.кв газрыг “Үр тарианы усалгаагүй тариалан” эрхлэхээр эзэмшдэг. /хх 3, 11-12/

Нэхэмжлэгч Д.Б нь /Төв аймгийн Баянхангай сумын нутаг Эрүү гэх газарт/ нийт 36 га талбайд тосны ургамал тарьсан. /хх-8-9/

Хариуцагч нь Ц.Б  нь Төв аймаг Баянхангай, 1 дүгээр баг, Найрамдалд мөн л тус тариалангийн талбайн мал бүхий өрхөөр амьдардаг.

Нэхэмжлэгч Д.Б Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын Тамгын газарт өргөдөл гаргасан. /энэ талаар талууд маргаагүй./

Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд, хууль зүй, дотоод хэргийн сайд, сангийн сайдын хамтарсан 2018 оны 008 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаар Аргачлал батлах тухай тушаалын дагуу Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/147 дугаар захирамжаар иргэн Д.Б ийн гаргасан өргөдлийн дагуу Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг нь: “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас гарсан хохирлыг тооцох ажлын хэсгийн дүгнэлт”-ийг гаргасан байна. /хх-8-9/

Дүгнэлтээр “Д.Б ийн тариалангийн талбайд 2022 оны 9 дүгээр сарын 2, 12-ны өдөр очин хэмжилт хийсэн. 9 дүгээр сарын 02-ны өдөр хэмжилт хийхэд Д.Б болон ажлын хэсгийн гишүүд, малаа оруулсан гэх Ц.Б  н хадам ээж Шинэчимэг байсан. Ц.Б  н гэр тариалангийн талбайгаас 840 метрийн зайтай байсан. Талбайн ургалтын хувьд тааруу, шингэн ургасан байна. Талбайг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний хооронд бүрэн хашаалж дууссн байна. Тариалангийн талбайд орсон малын зураг, бичлэгтэй танилцсан. Ц.Б  н хонь ямаатай бөгөөд тариалангийн талбайд хашаажуулаагүй үед үхэр, адуу орсон байх ул мөртэй байсан. Талбайн баруун, баруун хойно, баруун урд, хойд хэсгүүдээр мал орж талхлан идэж их хэмжээний хохирол учирсан байдалтай байсан. Үүнээс үзэхэд талхалсан 20 га, идсэн талбай 2,5 га, нийт 22.5 га гэж тооцон, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлалын 2.6-д заасны дагуу тооцоход 22,401,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Мөн гэрч Д.Х ын “...тариалалтын талбайд очиж байсан. ...идсэн, талхалсан гэх газраар нь явж үзсэн... хохирол тооцох мэдлэг дутмаг байсан..., анх удаа оролцсон... мал идсэн, ургац налсан газрыг хэмжээд зохих журам томьёоны дагуу үнэлгээг гаргасан... дүгнэлтэнд гарын үсэг зурсан” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Б ын “Би 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Д.Б ийн тариалангийн талбайд очсон. ...Засгийн газрын хамтарсан тогтоолоор батлагдсан журмын дагуу үнэлгээ тогтооно гэсний дагуу бид тухайн газарт хэмжилт хийн үнийн дүнг тооцож гаргасан...мал орсон талбайн хэмжээг 22.5 га гэж тооцсон. Энэ тооцоог газрын даамал гаргасан... тариан талбайн зах хэсгээрээ тааруу ургасан, жижиг малын хөлийн мөртэй...хугарсан байдалтай, талхалсан байсан, хэний мал гэдгийг мэдэхгүй, ер нь мал орсон байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Г ийн “Би 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Д.Б ийн тариалангийн талбайруу явсан. Миний ажлын чиг үүрэг бол хохирол учирсан талбайн хэмжээг тогтоох байсан. Өөрөөр хэлбэл мал идсэн налсан хэсгийг хэмжээд нийт талбайн хэдэн хувьд хохирол учирсан болохыг хэмжсэн. JPRS-ээр хэмжиж Авто кад 2019 программаар боловсруулсан нийт тариалалт хийсэн газрын хэмжээ нь 36 га түүнээс хохирол учирсан талбайн хэмжээ 22.5 га газар байсан. Нийт талбайн 62.5 хувь талхлагдсан” гэх мэдүүлэг,

Гэрч Л.М ийн “ ажлын хэсгийн дүгнэлтэд гарын үсэг зурсан...тус үйл явдал Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт болсон үйл явдал бөгөөд тухайн үед багийн дарга амралттай байсан тул би ажлын хэсэгт орж Д.Б ийн тариалангийн талбайд очсон. Ингэхдээ би тариалангийн талбайд очсон ... талбайруу ороогүй ...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Тэмүүжингийн “... ажлын хэсгийн дүгнэлтэд гарын үсэг зурсан. Би тухайн үед Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын хэсгийн төлөөлөгчөөр түр ажиллаж байсан. Би гарын үсэг зурсан” гэх мэдүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

8.Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээхийг хориглосон ба мөн зүйлийн 24.5-д “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлалыг тариалангийн, хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж хуульчилсан.

Үүний дагуу “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлал”-ыг Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийг сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаартай “Аргачлал батлах тухай” тушаалаар баталж, захиргааны хэм хэмжээний актын №3990 дугаарт бүртгэсэн тул хуулийн хүчин төгөлдөр гэж үзнэ.

Энэ аргачлалын 3 дахь хэсгийн 3.1-д “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учирсан хохирлыг тооцох, баримтжуулах чиг үүргийг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хэрэгжүүлнэ”, 3.2-т “сумын газар тариалангийн мэргэжилтэн, татварын улсын байцаагч, газрын даамал, багийн Засаг дарга, сумын хэсгийн төлөөлөгчийг оролцуулсан бүрэлдэхүүнтэй байна. Ажлын хэсгийн ахлагчийг гишүүдийн дийлэнх олонхийн саналаар сонгоно”, мөн 3.4-т “Ажлын хэсэг нь талуудын хохирол тогтоолгох тухай хүсэлтийг хэлээн авсан даруй төлөөлөл томилж ажиллуулна”, 3.7-д  “...ажлын хэсэг дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг Ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд Ажлын хэсгийн ахлагч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж журамласан бөгөөд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 128 дугаар тогтоолоор баталсан “Таримал ургамлыг мал, тэжээвэр амьтдаас хамгаалах журам”-аар илүү нарийвчлан зохицуулжээ.

Тус 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/147 дугаартай “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас гарсан хохирлыг тооцох ажлын хэсгийн дүгнэлт”-д ажлын хэсгийн ахлагчаар Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Д.Х , газар тариалан бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтэнг түр орлон гүйцэтгэгч П.Б , газрын даамал Д.Г , Хөшөөт багийн Засаг дарга Л.М , Лүн сумын хэсгийн төлөөлөгч Г.Т  нар байгуулагдан, тариалангийн талбайд Д.Х , Д.Г , П.Б  нар үзлэг хийж ажилласан нь гэрч нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, зохигч талуудын тайлбараар нотлогдож байх ба ажлын хэсэг буюу комисс нь төлөөллөөрөө дамжуулан талбайд үзлэг, шалгалт хийж, комиссын дарга буюу Засаг даргын орлогч баталгаажуулж, комиссын гишүүд гарын үсгээ зурсан нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийг сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаартай “Аргачлал батлах тухай” тушаалаар батлагдсан “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлал”-ын 3.3, 3.4, 3.5 дэх заалтуудыг зөрчөөгүй байна. (хх-6, 8-9)

Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан комиссын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/147 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн дагуу “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас гарсан хохирлыг тооцох ажлын хэсгийн дүгнэлт”-ийг эс зөвшөөрч, дүгнэлтийг хүчингүй болгуулахаар хариуцагч тал шүүхэд гомдол гаргаагүй, энэ талаар маргаагүй учир дүгнэлт хуулийн хүчин төгөлдөр байна.   

9.Нэхэмжлэгч Д.Д гийн эзэмшлийн, нэхэмжлэгч Д.Б ийн тосны ургамал тарьсан тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орж тариалсан тосны ургамлыг идэж, тариалангийн талбай талхлагдаж, 22,401,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин тухайн хохирлыг нөхөн төлөх этгээд нь хэн болохыг буюу хариуцагчаар хэнийг тодорхойлон шаардах нь нэхэмжлэгч Д.Д , Д.Б нарын эрхэд хамаарах бөгөөд “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас гарсан хохирлыг тооцох ажлын хэсгийн дүгнэлт”-ээр тогтоосон хэмжээгээр гэм хорын хохирлыг арилгахыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй ба тухайн хохирлыг бүхэлд нь хариуцагч Ц.Б аас шаардаж гаргасан нэхэмжлэлээ хэргийг хэлэлцэх явцад багасгасан нь мөн нэхэмжлэгчийн эрхэд хамаарах ба хариуцагчаас 10,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан тул шаардаж буй хэмжээгээр хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан ба мөн зүйлийн 497.2-т зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлийг тодорхойлж, гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотлох үүргийг хариуцагч талд ногдуулсан.

Дээрх хуулийн агуулгаас үзэхэд гэм хорын хариуцлага хүлээхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн эд хөрөнгөд гэм хор учирсан байх, үйлдэл /эс үйлдэхүй/ болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, түүний гэм буруу нь санаатай болон болгоомжгүй үйлдэл нь тухайн зохицуулалтын урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.

Гэм бурууг тогтооход учирсан хохирлыг бий болгох хүсэл нь хариуцагчид байсан эсэх нь хэрэгт ач холбогдолгүй, харин тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтнаас хамгаалах хашаалах, мал, тэжээвэр амьтны өмчлөгч нь байнгын маллагаатай байлгах нөхцөлийг бүрдүүлсэн байх, хохирол учруулахгүй байх, хамгаалахад ямар санаа зорилго байв гэдэг нь чухал юм.

Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар тариалангийн талбайд мал оруулахыг хориглох бөгөөд малчин, мал бүхий иргэдэд нутаглах газар бага үндэслэлээр бусдын тариалсан талбайд малаа оруулахгүй байх, талбайгаас 500 метрийн дотор бэлчээхгүй байх үүргээ биелүүлж байсан буюу хууль зөрчөөгүй гэдгээ хариуцагч нотлох үүрэгтэй.

Хариуцагч Ц.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нь хонь, ямаатай талбайгаас 840 метрийн зайд зуссан гэдэгт маргахгүй байх боловч зөвхөн манайх бог малтай биш, өөр айлууд бог малтай, манай бод мал буюу үхэр, адуу тухайн нутагт байгаагүй, бог мал байнгын хариулгатай, хөлсний малчинтай байсан, тариалангийн талбайн хашаан доогуур шурган орж буй зурагт авагдсан мал манай мал биш гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлийг шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

11.Мал бүхий иргэд мал, тэжээвэр амьтнаа байнгын хариулга, маллагаатай байлгах, тариалангийн талбайд оруулахгүй байх үүргээ биелүүлээгүй эс үйлдлээрээ гэм хор учруулахад хүргэсэн гэм буруутай, тухайн гэм буруутай эс үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.Д , Д.Б нарын үр тарианы усалгаагүй тариалангийн талбайд тарьсан тосны ургамлыг идэгдэх, гэмтэх, устгагдах зэргээр эд хөрөнгөд бодит хохирол учирсан, эс үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой буюу эс үйлдэхүйгээр гэм буруутай гэж үзсэн.

Иймд Иргэний хуулийн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч нар нь хариуцагч Ц.Б аас эд хөрөнгөд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр хариуцуулах нь зүйтэй гэж дүгнэв.

12.Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдоггүй тул тариалангийн талбайд мал бэлчээх, мөн тариалангийн талбайд тосны ургамал тарьсан этгээд нь талбайд орсон малыг малчинд хүлээлгэн өгөөгүйгээс маргаан үүсгэсэн буруутай гэж үзэхээр байна.

Д.Д , Д.Б нар нь өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүргийг Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д зааснаар хүлээнэ.

Тариалан эрхлэгч Д.Д , Д.Б нар нь тариалалт хийсэн талбайд мал, тэжээвэр амьтан оруулахгүй байх бүх талын арга хэмжээ авах, мал, тэжээвэр амьтан орсон бол тухайн мал, амьтныг хашаалж, эзэнд нь хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй эс үйлдэл нь талбайд мал олон удаа орох, хохирлын хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн ба хохирлын хэмжээг их гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж зааснаар хохирлын хэмжээг тал хувиар бууруулан гэм хорын хохиролд 5,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Б аас гаргуулж, нэхэмжлэгч Д.Д , Д.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000  төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

13.Иргэдийн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:Ажлын хэсгийн тодорхойлолт ойлгомжгүй, хэлж ярьж байгаа үг яриа нь үнэн худал нь мэдэгдэхгүй байх тул 50 хувь нэхэмжлэгч тал, 50 хувь хариуцагч тал хоёр тохиролцох, нэхэмжлэгч талд хариуцагч 5,000,000 төгрөг өгөх нь зүйтэй” гэжээ.  

Хэргийг хянан хэлэлцээд Ц.Б  нь малчин өрх болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч байна. Тухайн малыг байнгын маллагаатай байлгах, тариалангийн талбайд оруулахгүй байх үүргээ хариуцагч эс биелүүлснээс бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан, хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн буруутай эс үйлдэл нөлөөлсөн байдал тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангах нь зүйтэй гэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. 

14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Ц.Б аас 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д , Д.Б нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч Ц.Б аас гэм хорын хохиролд 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д , Д.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Ц.Б аас 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д , Д.Б нарт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.МӨНХБҮРЭН

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.АЛТАНТУУЛ

 

 

                         ШҮҮГЧ                         Д.ОТГОНЧУЛУУН