| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2022/00982/И |
| Дугаар | 151/ШШ2023/00329 |
| Огноо | 2023-04-07 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 151/ШШ2023/00329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: М.Ц ,
Нэхэмжлэлийн шаардлага: 68,643,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Г.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Хариуцагч: Ч.Д ,
Хариуцагч Ч.Д ийн өмгөөлөгч: М.М ,
Хариуцагч: М.Ц ,
Хариуцагч М.Ц ийн өмгөөлөгч: Ш.А ,
Гэрч: П.Ө ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Г .
1.Нэхэмжлэгч Г.Б нь Ч.Д д холбогдуулан 68,643,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/02548 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 519 дугаар магадлалаар нэхэмжлэгч Г.Б оос 68,643,000 төгрөгийг гаргуулж “С ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч Ч.Д нь 68,643,000 төгрөгийн үнэ бүхий 23,450 литр түлшийг өөрийн өмчлөлийн 8140ТӨА маркийн тээврийн хэрэгслээр 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “С ” ХХК-аас нэхэмжлэгч Г.Б ийн нэр дээр падаан бичүүлэн тээвэрлэж Төв аймгийн Заамарын уурхайд борлуулж төлбөр мөнгийг хувьдаа авсан. Энэ талаар хариуцагч Ч.Д нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн байдаг.
Гэтэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 00519 дугаар магадлалаар хариуцагч Ч.Д ийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Г.Б ийн нэр дээр падаан бичүүлж авсан 23,450 литр түлшний төлбөр 68,643,000 төгрөгийг нэхэмжлэгч надаас гаргуулж С ХХК-д олгохоор шийдвэрлэж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалыг нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгч Г.Б төлж барагдуулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь түлшний төлбөрийг М.Ц д аваачиж өгсөн, түлш зарсан төлбөрөөс би огт аваагүй гэж тухайн түлш тээвэрлэсэн үйл баримтыг Сүхбатаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлгээс тэс өөрөөр тайлбар гаргаж байх тул хамтран хариуцагчаар М.Ц г оролцуулж, хариуцагч нараас 68,643,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. (хх-1-3, 113-114)
2.Хариуцагч Ч.Д нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б т холбогдох иргэний хэрэгт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд би гэрчээр оролцсон бөгөөд энэ хэрэг асуудалд намайг ямар ч холбогдол хамааралгүй гэдгийг шүүх хурал дээр Б.Б гэдэг хүн нотолж хэлсэн байгаа. Би М.Ц гэх хүний гуйлтаар 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн 81-40 ТӨА дугаартай шатахуун тээвэрлэдэг цистерн машинаар 45,962,000 төгрөгийн үнэ бүхий 23,450 литр түлшийг С ХХК-ийн агуулахаас ачиж, Заамар суманд түүнд авчирч өгсөн. М.Ц нь Б.Б гэдэг хүнтэй утсаар ярьсан, намайг очоод түлш ачаад аваад ир гэсэн, би энэ тээврийг хийсэн ба М.Ц , Б.Б нар хоорондоо юу ярьж, юу гэж тохирсоныг би мэдээгүй. Харин би шүүх хурал дээр "...Түлшийг жижиг уурхайнуудад аваачиж буулгаад борлуулж мөнгийг нь өөрөө авсан" гэж андуурч мэдүүлсэн байна лээ. Би энэ тээвэрлэлтийг хийсний дараа тун ойрхон хугацаанд буюу 7-10 хоногийн дараа Дарханы “Гурван тэжээл" ХХК-аас мөн түлш тээвэрлэж Заамарт аваачиж, өөрөө зарж борлуулсан, үүнтэй андуурсан байсан. Б.Б аас М.Ц дөгч явуулсан түлшийг би тээвэрлэж хүргэж өгөх үүргийг л гүйцэтгэсэн, ямар нэгэн түлшний үнэ гэж мөнгө төгрөг аваагүй, харин эхнэр М.Сайханцэцэг түлш тээвэрлэсэн ачилтын мөнгө гэж 1,200,000 төгрөгийг эгч М.Цэцэгмаагаас дансаар шилжүүлж авсан байдаг. Би ер нь цистерн машинтай байхдаа 3 удаа тээвэрлэлт хийсэн нь эхнийх нь Б.Б гийн өгч явуулсан түлшийг М.Ц дхүргэж өгсөн, 2 дахь нь хэд хоногийн дараа Дарханы Г ХХК-аас 15 тонн түлш бэлэн мөнгөөр худалдаж аваад Заамарт аваачиж жижиг уурхайнуудад буулгаж борлуулан мөнгөө өөрөө авсан, 3 дахь удаа мөн Дарханы "Г " ХХК-ийн түлшийг ачиж тээвэрлэж яваад Баянчандмань сумын нутаг 52-ын даваа нэртэй газар онхолдож, осол гаргаад машин ч эвдэрч, ченжид зарагдсан, би ч гэмтэл авч тийм тээвэрлэлт хийгээгүй зогссон юм. Ийм учраас би иргэн Г.Б ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. (хх-120)
3.Хариуцагч М.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Б Б.Б нар уурхай хамтран ажиллуулж байсан хүмүүс. Б.Б надаас техник түрээслэдэг байсан бөгөөд уурхайг бичиг баримтын зөрчилтэйн улмаас ажиллуулаагүй 2 сар шахам болж, түрээсийн төлбөр, ажилтнуудын цалин хөлсний өр үүссэн байсан. Ингээд Б.Б тай ярилцаад 27,000,000 төгрөг техникийн түрээсэнд авахаар тохирч, түүнийгээ түлшээр хийе гэсэн учир зөвшөөрсөн. Ингээд Ч.Д д ачуулж ирсэн түлшийг хүлээн авсан. Тээврийн төлбөрийг Ч.Д ийн эхнэрийн дансаар шилжүүлсэн. Ч.Д г яагаад өөрөө зарж борлуулсан гэж мэдүүлснийг мэдэхгүй. Хэд хэдэн удаагийн тээвэрлэлээ андуурсан байх. Б.Б н өгсөн түлшийг зарж, өөрийн түрээсийн төлбөрийг гаргаж, мөн ажилтнуудын цалин хөлсийг өгсөн. Мөн үлдсэн мөнгийг Б н шилжүүлж өг гэсэн хүмүүст өгч төлбөр тооцоо дууссан. Б.Б нь шүүх дээр шатахууны асуудал үүсэх үед олборлосон зүйлээ Г.Б т 50 хувийг түрээсийн төлбөрт, 50 хувийг шатахууны төлбөрт тооцуулахаар өгч байсан боловч Г.Б шатахууны төлбөрийг хийгээгүй байж байгаад өр төлбөрийг бөөгнүүлсэн байна гэж мэдүүлж байсан. Б.Б , Г.Б хоёрын яриа тохироог мэдэхгүй. Сүхбаатар дүүргийн шүүхээр маргааныг шийдвэрлэх үед Б.Б аас шаардаж авах боломжтой байсан. Түүнийг нас барсан учраас надаас нэхэж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл (хх-1-2, 113-114), С ХХК, ШТМ-ын зардлыг падаан (хх-6), Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны, 9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд хууль сануулан гэрчээр Ц.Б С.Д , С.Г , Б.Б нараас авсан тэмдэглэл (хх-7-18), Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр (хх-19-25), Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн магадлал (хх-26-32), Ц.Б д олгосон итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах тухай хүсэлт (хх-41, 62), 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 38,000,000 төгрөгийг С ХХК-д Г.Б оос шилжүүлэг хийсэн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер (хх-64), 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 31,631,280 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Г.Б оос шилжүүлсэн “Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер” (хх-63) зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
5.Хариуцагч Ч.Д ээс: Н.С д олгосон итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах тухай хүсэлт (хх-44, 59), Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-60), хариу тайлбар (хх-70, 120), эхнэр М.С ийн Хаанбанк дахь ... дугаартай депозит дансны хуулга (хх-131-136) зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
6.Хариуцагч М.Ц аас: Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-123-124), М. Ц ийн өвчний түүх, эмчилгээний баримтууд (хх-137-163) М.Ц.ийн Хаанбанк дахь ... дугаартай депозит дансны хуулга (хх-190-193) зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
7.Шүүх хариуцагч Ч.Д ийн өмгөөлөгчийн хүсэлтээр: “Жаст ойл” ХХК-
аас 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Д ХХК-ийн 15,000 литр түлшийг ачсан тухай Шатахуун тослох материалын зарлагын падаан №2600 (хх-106-107), Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэрчээр С.Д , С.Г , Ч.Д , Б.Б нарыг асуусан баримтын хуулбар (180-183), “81-40ТӨА улсын дугаартай автомашин 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22 цагийн орчим онхолдсон талаарх гомдлыг хянаж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан Төв аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 27 дугаартай тогтоол, холбогдох баримтууд (хх-77-90)-ыг бүрдүүлж, хариуцагч М. Ц ийн өмгөөлөгч Ш.А ын хүсэлтээр П.Ө ыг гэрчээр асуусан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Б ийн 22,981,000 төгрөгийн шаардлагыг хангаж, 45,662,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Г.Б нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/02548 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 519 дугаар магадлалаар нэхэмжлэгч Г.Б оос 68,643,000 төгрөгийг гаргуулж С ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Хариуцагч Ч.Д нь 68,643,000 төгрөгийн үнэ бүхий 23,450 литр түлшийг өөрийн өмчлөлийн 8140ТӨА маркын тээврийн хэрэгслээр 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр С ХХК-аас нэхэмжлэгч Г.Б ийн дээр падаан бичүүлэн тээвэрлэж Төв аймгийн Заамарын уурхайд борлуулж төлбөр мөнгийг хувьдаа авсан.
Энэ талаар хариуцагч Ч.Д нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн байдаг.
Шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон учир Г.Б 68,643,000 төгрөгийг төлж барагдуулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь түлшний төлбөрийг М.Ц даваачиж өгсөн, түлш зарсан төлбөрөөс би огт аваагүй гэж тухайн түлш тээвэрлэсэн үйл баримтыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлгээс тэс өөрөөр тайлбар гаргаж байх тул хамтран хариуцагчаар М.Цэцэгмааг оролцуулж, хариуцагч нараас 68,643,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. (хх-1-3, 113-114)
3.Хариуцагч Ч.Д нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: “Хариуцагч Г.Б т холбогдох С нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд би гэрчээр оролцсон бөгөөд энэ асуудалд намайг ямар ч холбогдол хамааралгүй гэдгийг шүүх хурал дээр Б.Б гэдэг хүн нотолж хэлсэн байгаа. Би М. Ц ийн гуйлтаар 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн 81-40 ТӨА дугаартай шатахуун тээвэрлэдэг цистерн машинаар 45,962,000 төгрөгийн үнэ бүхий 23450 литр түлшийг С ХХК-ийн агуулахаас ачиж, Заамар суманд түүнд авчирч өгсөн. М.Ц , Б.Б гэдэг хүнтэй утсаар ярьсан, намайг очоод түлш ачаад аваад ир гэсэн, би энэ тээврийг хийсэн ба М.Цэцэгмаа, Б.Б нар хоорондоо юу ярьж, юу гэж тохирсоныг би мэдээгүй. Харин би шүүх хурал дээр "...Түлшийг жижиг уурхайнуудад аваачиж буулгаад борлуулж мөнгийг нь өөрөө авсан" гэж андуурч мэдүүлсэн байна лээ. Би энэ тээвэрлэлтийг хийсний дараа тун ойрхон хугацаанд буюу 7-10 хоногийн дараа Дарханы “Гурван тэжээл" ХХК-аас мөн түлш тээвэрлэж Заамарт аваачиж, өөрөө зарж борлуулсан, үүнтэй андуурсан байсан. Б.Б аас М.Ц дөгч явуулсан түлшийг би тээвэрлэж хүргэж өгөх үүргийг л гүйцэтгэсэн, ямар нэгэн түлшний үнэ гэж мөнгө төгрөг аваагүй, харин эхнэр М.Сайханцэцэг түлш тээвэрлэсэн ачилтын мөнгө гэж 1,200,000 төгрөгийг эгч М.Цэцэгмаагаас дансаар шилжүүлж авсан байдаг. Би ер нь цистерн машинтай байхдаа 3 удаа тээвэрлэлт хийсэн нь эхнийх нь Б.Б гийн өгч явуулсан түлшийг М.Ц д хүргэж өгсөн, 2 дахь нь хэд хоногийн дараа Дарханы Г ХХК-наас 15 тонн түлш бэлэн мөнгөөр худалдаж аваад Заамарт аваачиж жижиг уурхайнуудад буулгаж борлуулан мөнгөө өөрөө авсан, 3 дахь удаа мөн Дарханы "Г " ХХК-ны түлшийг ачиж тээвэрлэж яваад Баянчандмань сумын нутаг 52-ын даваа нэртэй газар онхолдож осол гаргаад машин ч эвдэрч ченжид зарагдсан, би ч гэмтэл авч тийм тээвэрлэлт хийгээгүй зогссон юм. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. (хх-120)
4.Хариуцагч М.Ц нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: “Г.Б Б.Б нар уурхай хамтран ажиллуулж байсан хүмүүс. Б.Б надаас техник түрээслэдэг байсан бөгөөд уурхайг бичиг баримтын зөрчилтэйн улмаас ажиллуулаагүй 2 сар шахам болж, түрээсийн төлбөр, ажилтнуудын цалин хөлсний өр үүссэн байсан. Ингээд Б.Б тай ярилцаад 28,000,000 төгрөг техникийн түрээсэнд авахаар тохирч, түүнийгээ түлшээр хийе гэсэн учир зөвшөөрсөн. Ингээд Ч.Д д ачуулж ирсэн түлшийг хүлээн авсан. Тээврийн төлбөрийг Ч.Д ийн эхнэрийн дансаар шилжүүлсэн. Ч.Д г яагаад өөрөө зарж борлуулсан гэж мэдүүлснийг мэдэхгүй. Хэд хэдэн удаагийн тээвэрлэлтээ андуурсан байх. Б.Б өгсөн түлшийг зарж, өөрийн түрээсийн төлбөрийг гаргаж, мөн ажилтнуудын цалин хөлсийг өгсөн. Мөн үлдсэн мөнгийг Б.Б н шилжүүлж өг гэсэн хүмүүст өгч төлбөр тооцоо дууссан. Түүнийг нас барсан учраас надаас нэхэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: нэхэмжлэл (хх-1-2, 113-114), С ХХК, ШТМ-ын зардлыг падаан №1954 (хх-6), Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэрчээр С.Д , С.Г , Ч.Д , Б.Б нарыг асуусан баримт (хх-7-18, 180-183), Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/02548 дугаартай шийдвэр (хх-19-25), Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 00519 дугаартай магадлал (хх-26-32), 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 38,000,000 төгрөгийг С ХХК-д Г.Б оос шилжүүлэг хийсэн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер (хх-64), 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 31,631,280 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Г.Б оос шилжүүлсэн “Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер” (хх-63), хариуцагч Ч.Д ийн хариу тайлбар (хх-70), 81-40ТӨА улсын дугаартай автомашин 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22 цагийн орчим онхолдсон талаарх гомдлыг хянаж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан Төв аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 27 дугаартай тогтоол, холбогдох баримтууд (хх-77-90), эхнэр М С ийн Хаанбанк дахь .... дугаартай депозит дансны хуулга (хх-131-136), “Ж ” ХХК-аас 2018 оын 9 дүгээр сарын 04-ний өдөр Д ХХК-ийн 15,000 литр түлшийг ачсан тухай Шатахуун тослох материалын зарлагын падаан №2600 (хх-106-107), М.Ц Хаанбанк дахь ... дугаартай депозит дансны хуулга (хх-190-193) зэрэг авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.
7.“С ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Б т холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 002-18/32 гаргасан тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г үндэслэн нийт 193,069,800 төгрөгийг гаргуулахаар шаардсан иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/02548 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Б оос нийт 88,439,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, үлдсэн 9,639,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна. (хх-19-25)
7.1.Дээрх шийдвэрт давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 519 дугаартай магадлалаар “хариуцагч Г.Б оос 68,943,000 төгрөгийг гаргуулж С ХХК-д олгож, 109,126,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгох” өөрчлөлт оруулснаар тус шүүхийн магадлал хүчин төгөлдөр болжээ. (хх-26-32)
Магадлалын үндэслэх хэсэгт: Нэхэмжлэгч С ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагчид 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нийлүүлсэн 23,450 литр газрын тосны үнэд 45,962,000 төгрөгийг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийн алдангид 22,981,000 гаргуулахаар Г.Б оос шаардах эрхтэй гэж дүгнэсэн байна.
7.2.Тус маргаанд хариуцагчаар татагдсан Г.Б нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалыг биелүүлж, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 38,000,000 төгрөгийг С ХХК, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 31,631,280 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, нийт 68,643,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. (хх-63-64)
8.Нэхэмжлэгч Г.Б нь шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн 23,450 литр түлшний үнэ 45,962,000 төгрөг, алдангид төлсөн 22,681,000 төгрөг, нийт 68,643,000 төгрөгийг хариуцагч Ч.Д , М.Ц нараас гаргуулахаар шаардсан.
8.1.Нэхэмжлэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, түлшийг ачиж аваачаад жижиг уурхайнуудад зарж борлуулан мөнгийг өөртөө авсан үндэслэлээр тээвэрлэсэн жолооч Ч.Д , түлшийг хүлээн авч, борлуулсан үндэслэлээр М.Ц г хариуцагчаар тодорхойлон, хариуцагч тус бүрээс тэнцүү хэмжээгээр буюу Ч.Д гээс 34,321,000 төгрөг, хариуцагч М.Ц гаас 34,321,000 төгрөгийг тус тус тодруулан шаардаж байна.
9. 23,450 литр түлшний үнийг гаргуулах шаардлагын тухайд:
9.Нэхэмжлэгч Г.Б ийн нэхэмжилж буй 23,450 литр түлшний үнийг 1 литрийг 1960 төгрөг, нийт 45,962,000 төгрөг болох нь хэрэгт авагдсан С ХХК-ийн ШТМ-ын зарлагын падаан №1954 баримтаар нотлогдож байна. (хх-6)
9.1. Хариуцагч Ч.Д нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр С ХХК-аас 23,450 литр түлш ачсан, падаанд гарын үсэг зурсанд маргаагүй бөгөөд түлшийг тээвэрлэн М.Ц дхүлээлгэн өгсөн, би зарж борлуулж хувьдаа аваагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн байна.
9.1.1.Хариуцагч Ч.Д нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 23,450 литр түлшийг өөрийн өмчлөлийн 8140ТӨА маркын тээврийн хэрэгслээр С ХХК-аас ачсан, Г.Б ийн нэр дээрх падаанд гарын үсэг зурсан, Б.Б н буулга гэсэн газар буюу М.Ц дхүлээлгэн өгч, тээврийн хөлсөд эхнэр М.С ийн дансаар 1,200,000 төгрөг хүлээн авсан гэж тайлбарласныг хариуцагч М.Ц хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Ч.Д г түлш тээвэрлэсэн, тээврийн хөлсийг төлөгдсөн эсэхэд маргаагүй болно.
9.1.2.Хариуцагч Ч.Д г тээвэрлэсэн 23,450 литр түлшийг Төв аймгийн Заамарын уурхайд борлуулж төлбөр мөнгийг хувьдаа авсан гэж С ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Б т холбогдох иргэний хэрэгт Ч.Д ийн гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг үндэслэн шаардаж байгаа боловч нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлгүүд нь хянан шийдвэрлэж буй энэ иргэний хэргийн хувьд бичгийн нотлох баримтаар үнэлэгдэх бөгөөд хариуцагч Ч.Д маргааны зүйл болж буй түлшийг болон мөнгийг өөртөө аваагүй гэж шүүхэд тайлбарласан, хамтран хариуцагчаар татагдсан М.Ц тухайн түлшийг түлш хэлбэрээр бүрэн хүлээн авсан, зарж борлуулсан болохоо хүлээн зөвшөөрч байх тул Ч.Д г 23,450 литр түлшийг Төв аймгийн Заамарын уурхайд борлуулж төлбөр мөнгийг авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгах үндэслэлгүй байна. (хх-7-18)
9.1.3.Ч.Д нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өөрийн 8140ТӨА маркын тээврийн хэрэгслээр С ХХК-аас 23,450 литр түлшийг ачиж, Төв аймгийн Заамар суманд уг түлшийг М.Ц д буулгаж өгсөн, тээвэрлэлтийн хариу төлбөр болох 1,200,000 төгрөгийг эхнэр М.С ийн дансаар М.Цэцэгмаагаас хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан М.С ийн депозит дансны хуулга, С ХХК-ийн ШТМ-ын зарлагын падаан №1954, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. (хх-6, 131)
Өөрөөр хэлбэл, Ч.Д нь түлшийг тээвэрлэн М.Ц дхүлээлгэн өгсөн, М.Ц нь тээвэрлэлтийн хөлсөд 1,200,000 төгрөгийг төлснөөс дүгнэхэд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар тээвэрлэгч нь ачааг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээсэн гэрээ М.Ц , Д.Д нарын хооронд байгуулагдсан, гэрээний үүргээ талууд шударгаар биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Г.Б ийн түлшний төлбөрт шаардсан 22,981,000 төгрөгийг хариуцагч Ч.Даваацэрэнгээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдон тогтоогдохгүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9.2.Хариуцагч М.Ц нь Ч.Д ийн тээвэрлэж ирсэн түлшийг хүлээн авч, зарж борлуулсанд маргаагүй боловч нь Б.Б аас техникийн түрээсийн авлагатай байсан бөгөөд Б.Б төлбөрөө шатахуунаар хийе гэсний дагуу ачуулсан түлшийг хүлээн авч, борлуулан 28,000,000 төгрөгийг авлагаа авснаас, үлдэх Б.Б гийн ажилтнуудын цалин хөлсийг төлж, үлдэгдлийг Б.Б н шилжүүлж өг гэсэн хүмүүст өгч төлбөр тооцоо дууссан, Г.Б Б.Б нар уурхай хамтран ажиллуулж байсан хүмүүс бөгөөд Б.Б нас барсан учраас надаас нэхэж байгаа нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
9.2.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй.
9.2.2.Тээвэрлэгдсэн түлш нь хэний өмчөөс хэний өмчид шилжсэн тухай асуудал маргааны гол зүйл бөгөөд тус маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг үндэслэн С ХХК-д 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 23,450 литр түлшний үнийг алдангийн хамт Г.Б төлсөн гэж үзнэ.
9.2.3.Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д “хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар хөрөнгийг олж авсан этгээдээс Г.Б нь шаардах эрхтэй байна.
9.2.4.Тухайн түлшийг хариуцагч М.Ц нь хүлээн авсанд маргаагүй бөгөөд харин Б.Б аас авах авлагадаа тооцож авч, зарж борлуулсан, илүү гарсан орлогыг Б.Б н нэрийн өмнөөс шилжүүлж тооцоо дууссан, Б.Б , Г.Б нар хамтран ажиллаж байсан гэж тайлбарлах боловч хариуцагч тайлбар татгалзал, түүний үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, нотлох үүргээ бүрэн биелүүлж чадаагүй гэж үзэв.
9.2.5.Иймд хариуцагч М.Ц нь 23,450 литр 45,962,000 төгрөгийн түлшийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хүлээн авч, захиран зарцуулсан гэж дүгнэх үндэслэл нотлогдож байх тул учирсан хохирлыг хариуцагч М.Ц аар нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Г.Б ийн шаардаж буй хэмжээгээр буюу түлшний төлбөрт 22,981,000 төгрөгийг хариуцагч М.Ц аас шаардсанаар гаргуулах нь зүйтэй байна.
10.Алданги гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Г.Б нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн
68,643,000 төгрөгийн дүнд 22,981,000 төгрөгийн алданги орж төлөгдсөн учраас 22,681,000 төгрөгийн алдангийг нэхэмжилж, хариуцагч М.Ц , Ч.Д нараас адил хэмжээгээр буюу хариуцагч тус бүрээс 11,340,500 төгрөгийг шаардаж байна гэжээ.
10.1.Хариуцагч Ч.Д нь шатахуун тээвэрлэж, М.Ц д хүлээлгэн өгсөн, үүргийн зөрчил гаргаагүй гэж, хариуцагч М.Ц нь шатахууныг Г.Б оос бус Б.Б аас хүлээн авсан, өр төлбөртөө суутган тооцож, илүү гарсан мөнгийг Б.Б н өр төлбөртэй хүмүүст шилжүүлж өгсөн, үүрэг үүсэхгүй гэж эс зөвшөөрч маргаж байна.
10.2.Г.Б нь С ХХК-тай шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдан авсан шатахууныхаа үнийг тохиролцсон хугацаанд төлөөгүй үндэслэлээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги төлөх үүрэг үүссэн гэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/02548 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 519 дугаар магадлалаар шийдвэрлэсэн нь хариуцагч Ч.Д , М.Ц нарт алданги төлөх үүргийг үүсгэхгүй.
10.3.Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар, нэхэмжлэгч Г.Б хариуцагч Ч.Д нарын хооронд болон нэхэмжлэгч Г.Б хариуцагч М.Ц нарын хооронд ямар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгааг нотлоогүй, талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээ хэлцлийг шүүхэд гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэв.
10.4.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, мөн зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.9-д “Буцаан шаардах шаардлагад энэ хуулийн 232 дугаар зүйл хамаарахгүй” гэж тус тус заасан.
Иймд нэхэмжлэгч Г.Б нь С ХХК-д төлсөн алдангийн 22,681,000 төгрөгийг хариуцагч Ч.Д , М.Ц нараас шаардах эрхгүй тул тухайн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж байна.
11.Шүүх, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 232 дугаар зүйлийн 232.3-т заасныг баримтлан хариуцагч М.Ц аас түлшний үнэд шаардсан 22,981,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б т олгож, хариуцагч М.Ц аас алдангид шаардсан 11,340,500 төгрөгийг, хариуцагч Ч.Д ээс шаардсан 34,321,000 төгрөг (түлшний үнэ 22,981,000 төгрөг, алданги 11,340,500 төгрөг) гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 501,165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч М.Ц аас
272,855 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар Боржигин овогт Ч.Д ийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 68,643,000 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШЗ2022/03145 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамж нь энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдах нь зүйтэй. (хх-45-46)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 232 дугаар зүйлийн 232.3-т заасныг баримтлан хариуцагч М.Ц аас 22,981,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б т олгож, хариуцагч М.Ц д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 11,340,500 төгрөгийг, хариуцагч Д д холбогдох 34,321,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 501,165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч М.Ц аас 272,855 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Боржигин овогт Ч.Д ийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 68,643,000 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШЗ2022/03145 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамж нь энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН