Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 05-ны өдөр      Дугаар 222/МА2019/00010                   Баруун-Урт     

 

                                  Л.Нгийн нэхэмжлэлтэй, 

                          “СП” ХХК-д холбогдох 

                                       иргэний хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч Л.Н

Нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов. 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 211 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч “СП” ХХК-ийн давж заалдах гомдлоор Л.Нгийн “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 27579000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй “СП” ХХК-д холбогдох, СП” ХХК-ийн “зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй Л.Нд холбогдох  иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Нэхэмжлэгч Л.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018.04.26-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт байрлах СП ХХК-ийн захирал Ж.С уулзаж 1 сарын хугацаатай 17000.000 төгрөг зээлэх боломж байна уу гэхээр нь 17000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй гэрээ байгуулан өгсөн. 2018.05.26-нд СП ХХК дээр очиж Ж.Стай уулзахад орж ирэх ёстой байсан мөнгө орж ирсэнгүй, надад туслаач 1 сарын боломж олгооч гээд энэ сарынхаа хүүг өгье гээд 1386.000 төгрөгийг өгсөн. Би гэрээгээ 1 сараар буюу 2018.06.26-ныг хүртэл хугацаагаар сунгаж, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Би Солонгос яваад 10 сард ирж Стай уулзахад СП ХХК-ийн захирал П.Г гэдэг хүн болсон байсан. П.Г компанийн өрийг 2018 онд багтааж төлнө гээд надад албан бичиг хийж өгсөн. П.Гтай уулзахад С танд өртэй гэдгийг хэлсэн, манайд шалгалт хийгдэж байгаа энэ шалгалтын дүгнэлт юу гэж гарах юм бол үнэхээр “СП” ХХК-д таниас мөнгө авч зарцуулагдсан бол бид барагдуулна гэсэн. Шалгалт юу гэж гарсан гэхэд урьдчилсан байдлаар гарсан. Таны зээлийг 2 хувааж төлнө эхлээд үндсэн зээлийг төлж дараа нь хүү алдангийг яаж төлөх асуудалд хугацаа хэлж чадахгүй байна гэж байна гэхээр шүүхэд хандана гэхэд тэг гэж хэлсэн юм. Иймд СП ХХК-иас үндсэн зээл 17000.000 төгрөг, хүү 1356.000, алданги 9.193.000 төгрөг бүгд 27579.000 гаргуулж өгнө үү гэжээ. 

 

            Хариуцагч “СП” ХХК /захирал Г.П.Г/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: СП ХХК-ны гүйцэтгэх захирал Ж.С иргэн Л.Нгаас 2018.4.26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 17000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохирч зээлсэн байна. СП ХХК-ийг У ХХК болон Сүхбаатар хөгжил ҮТП ОНӨААТҮГ тус тус хувь нийлүүлэн байгуулсан бөгөөд компаний дүрмийн 7.1-д Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компани эрх барих байгууллага нь ТУЗ байна., 7.7.17-д гүйцэтгэх удирдлагаас ТУЗ-ын хурлаар хэлэлцүүлэх гэж үзсэн бусад асуудал, 8.8-д гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-аас олгосон эрх хэмжээний хүрээнд компаний нэрийн өмнөөс хэлцэл хийх гэж заасан байна. Дүрмийн дээрхи заалтуудын дагуу СП ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.С нь иргэн Л.Нтай зээлийн гэрээ байгуулахдаа ТУЗ-ын хурлаар хэлэлцүүлж, зөвшөөрөл авах ёстой байтал өөрөө дур мэдэн хууль бусаар компаний нэрийн өмнөөс хэлцэл хийсэн байх тул дээрхи зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэсэн заалтын дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй сөрөг нэхэмжлэл гаргасан. Би уг зээлийг бол төлөхгүй гэж хэлээгүй. Хэлцлийг хүчингүй болгож төлнө гэв.

 

Нэхэмжлэгч Л.Н “СП” ХХК-ийн  сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:  Зээлийн гэрээ байгуулсан Ж.С нь “СП” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажилладаг тул тухайн байгууллагыг төлөөлөх, үйл ажиллагаа явуулах, бусад байгууллага иргэнтэй гэрээ байгуулах, гэрээний хариуцлагаа хүлээх эрх зүйн чадамжтай, хуулиар олгогдсон бүрэн эрхийг эдэлж, үүргийг хүлээдэг албан тушаалтан мөн учраас бид энэхүү гэрээг байгуулсан. Бидний хооронд 2018 оны 04 дүгээр сарын 26, 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд нийцсэн, аль аль талын хүсэл зоригийн илэрхийлэл, хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болсон. Тус байгууллагын надаас зээлсэн мөнгө нь тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд зарцуулагдсан, надад төлөх зээлийн өр төлбөртэй болох нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Харин “СП” ХХК-ийн одоогийн захирал П.Г нь миний мөнгийг төлөхөөс зайлсхийж, цаг хожих зорилгоор энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаад харамсаж байна. Иймд “СП” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгож өгөхийг хүсье гэжээ.

 

            Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 211 дүгээр шийдвэрт:  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.1, 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан “СП” ХХК-ниас 27579000/ хорин долоон сая таван зуун далан есөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Нд олгож, “СП” ХХК-ийн хэлцлийн хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 845 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч “СП” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 295 845 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Нд олгож шийдвэрлэжээ.

 

             Хариуцагч “СП” ХХК-ийн захирал П.Г давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь “СП” ХХК-ийн дүрмийн 8.8-д ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд компанийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл хийхээр заасан байгаа боловч ТУЗ-өөс гүйцэтгэх захиралтай хийсэн гэрээгээ ирүүлээгүй учраас ямар эрх хэмжээ эдлэх талаар тохиролцсон байгаа нь тодорхойгүй... гэж дүгнэн тус компаниас 27579000 төгрөг гаргуулж, Л.Нд олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.  Тус компанийн захирал байсан Ж.С нь иргэн Л.Нгаас 2016 оны 04-р сарын 26-ны өдөр  зээлийн гэрээ байгуулан 17000000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирч зээлсэн бөгөөд энэ зээлийг компанийн ТУЗ-ийн зөвшөөрөлгүй хэлцэл хийж авсан тул манай компани төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.16-д ТУЗ-ийн бүрэн эрхэд “... энэ хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасны дагуу их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох ...”, 83 дугаар зүйлийн 83.8-д “... гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах ... үйл ажиллагаа явуулна ... “ гэж тус тус заажээ. Хуулийн энэ заалтын дагуу “СП” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.С нь иргэн Л.Нтай зээлийн гэрээ байгуулахдаа ТУЗ-ын хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөл авах ёстой байтал өөрөө дур мэдэн, хууль бусаар компанийн нэрийн өмнөөс хэлцэл хийсэн байх тул дээрхи зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг хэлцлийн дагуу мөнгө гаргуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэв.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хариуцагч “СП” ХХК 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр сөрөг нэхэмжлэлээ шүүхэд ирүүлж,  нэг хоногийн дараа нэхэмжлэгч Л.Нд сөрөг нэхэмжлэлийн хувийг гардуулсан хэдий ч түүнтэй холбогдуулан зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаагүй нь тэдгээрийг мэтгэлцэх эрхээр хангаагүй гэж үзэхээр байна.

 

 Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд даргалагч шүүх хуралдааныг нээхдээ зөвхөн Л.Нгийн нэхэмжлэлтэй СП ХХК-нд холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 27 579 000 төгрөг гаргуулах тухай” хэргийг шүүх хуралдаанаар  хянан хэлэлцэхийг мэдэгдэж танилцуулан хэлэлцэж дуусгасан байна.  Харин тухайн шүүх хуралдаанаар “СП” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   /хх-60, 67-70/

  Мөн шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт зохигчдын маргааны зүйл болон шаардлага, сөрөг нэхэмжлэлийн талаар, тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч  Л.Нгийн сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбар зэргийг тусгасан байх ёстой. Өөрөөр хэлбэл:  шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт сөрөг нэхэмжлэлийг,  тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн тайлбарыг тусгаагүй атлаа үндэслэх хэсэгт  сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж,  эцэслэн  шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2, 118.3 дахь хэсэгт заасан агуулгатай нийцэхгүй байна. 

 

Шүүх  хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295850 төгрөгийг шийдвэрлээгүй орхигдуулсаныг дурдах нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэр хүчингүй болж байгаа тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, түүний гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 211 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

Хоёр. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

Гурав. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

Дөрөв. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             О.БААТАРСҮХ

 

                                      ШҮҮГЧИД                               С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                      Д.БАЙГАЛМАА