Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 83

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч  Н.Эрдэмбилэг,

Хохирогч Ө.Одсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,

Шүүгдэгч Б.С, Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаансахиуст овогт Б. С, Адуучин овогт Ц. Б нарт холбогдох 201717000156 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн харьяат, 1983 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй,  ам бүл 5 , эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 

- Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

- мөн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 

- мөн шүүхийн  2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан,  регистртэй, Улаансахиус овогт Б.С,

2.  Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн харьяат, 1985 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй,  ам бүл 5 , нөхөр  3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн , бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Адуучин овгийн Ц.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Б.С, Ц.Б нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багийн нутаг дэвсгэр Төмөртэйн 17-6 тоотод 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ө.Одсүрэнг зодож эрүүл мэндэд нь баруун хацар, шанаанд, баруун чихэнд, уруулын баруун дээд хэсэг, эрүүнд, зүүн хацарт, зүүн чихэнд, хүзүүний баруун зүүн хэсэгт маажсан зулгаралтууд, баруун нүдний эргэн тойронд, баруун нүдний эргэн тойронд, баруун нүдний гадна буланд, зүүн нүдний дээд зовхинд, зүүн хацар, зүүн шанаанд цус хуралтууд, баруун хацар шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017.05.12-ны орой бид нар Стар бааранд ороод, тэндээсээ гарч гэртээ ирж амарч байхад Ө.Одсүрэн эгч архи уусан, согтуу манайд ирсэн. Тэгээд нэг шил “Ерөөл”  архи уусан. Нөхөр нь согтуу байгаа учраас манайд хононо гэсэн. Маргаан Ө.Одсүрэн эгчээс болсон. Гэрээс хөөгөөд гаргахаар хаалга эвдэлж орж ирээд байсан. Намайг цохиод байхаар нь зөрүүлж 2 удаа цохисон. Архи ууснаас болж ийм зүйл болсон. Миний буруу, би цагдаа дуудаад өгөх ёстой байсан юм байна. Үйлдсэн хэрэгтэй гэмшиж байна. 

 

- Шүүгдэгч Б.С мөрдөн байцаалтанд өгсөн:...Ө.Одсүрэн нь манай бэр эгч байгаа юм.  Бааранд Одсүрэн эгч, Ц.Болорчимэг бид нар 1 шил Ерөөл архи хувааж уучихаад гэртээ хариад унтах гэж байтал Одсүрэн эгч манай эхнэр Болорчимэгийг банзал, янхан гэж бахираад байхаар нь  Одсүрэн эгчийг татаж аваад Болорчимэгийг босгосон чинь Болорчимэг уурандаа Одсүрэн эгч рүү дайрч нүүрийг нь маажсан. Тэгээд Одсүрэн эгчийг гэрээсээ хөөж гаргаад хаалгаа түгжсэн чинь эргэж хаалганы цүүг мулт татаад орж ирээд үг хэлээр доромжлоод, миний салтаа руу өшиглөхөөр нь  би уурандаа Одсүрэн эгчийн нүүр рүү 2 удаа гараараа  цохисон. .. гэх мэдүүлэг / хх-н 79 х /, 

 

- Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би тэр өдөр юу болсныг, барнаас гарснаа санахгүй байгаа. Өглөө нь Одсүрэн эгчийг манай руу орж ирэхээр нь таны нүүр яасан юм гэтэл чи маажсан гэсэн. Хохирогчоос уучлал гуйсан. Тухайн үед яаснаа мэдэхгүй байгаа. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.  

 

- Шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтанд өгсөн:...Сэргэлэнбаатар бид хоёр баарнаас гараад гэррүүгээ таксигаар харих гэж байтал Одсүрэн эгч орж ирээд суучихсан. Тэгээд бид хамт манай гэрийн гадаа буугаад гэр рүүгээ ороход ээж, манай охин хоёр хамт унтаж байсан. Би ороод л архидаа согтоод унтаад өгсөн.  Маргааш өглөө босоход миний баруун хацар хөндүүртэй, толгойноос ус унаад байхаар нь ээжээс урьд шөнө юу болсон бэ гэж асуухад манай ээж хэлэхдээ “ Одсүрэнг Сэргэлэнбаатар гэртээ харьж унт гээд хаалгаа дотроосоо түгжээд байж байтал Одсүрэн хаалганы цүүг мулт татаад  орж ирээд чамайг янхан, гичий гэж доромжлоод чамайг үсдэж дараад байсан. Тэгээд Сэргэлэнбаатар дахиад хөөж гаргасан гэж байсан. Яг ямар асуудал болсон талаар би сайн санахгүй байгаа юм... гэх мэдүүлэг / хх-н 41 х /, 

 

- Хохирогч Ө.Одсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бид дундаа эвлэрсэн. Би газрын гэрчилгээгээ нэхэж орсон. Одоо газрын гэрчилгээгээ авсан учраас гомдолгүй. Манай нөхөр ээжийндээ архи уугаад тасраад унтсан байсан. Тиймээс эднийд очсон. Айлын цоож эвдэлснээс болж ийм зүйл болсныг ойлгож байгаа. Миний биед авсан гэмтэл арилсан. Шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. 

 

       - Гэрч П.Цогтбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: С нь эхнэрийн хамт нь 2017 оны 05 сарын 12-ний өдөр манай газрын гэрчилгээг барьцаанд тавьчихъя гэж гуйхад нь Одсүрэн дөрвүүлээ төв рүү орж Сэргэлэнбаатар манай газрын гэрчилгээг 200.000 төгрөгийн барьцаанд 14 хоногийн хугацаатай тавиад эхнэр бид хоёрт 100.000 төгрөг, өөрсдөө 100.000 төгрөгийг аваад явсан. Тэгээд эхнэр бид хоёр гэртээ хүнсний зүйл аваад үлдсэн мөнгөөр нь 3 том пиво авч би ихэнхийг нь уугаад ээжийндээ очиж амарсан.Тэгээд шөнийн 2 цагт босоход эхнэр байхгүй болохоор нь гэр рүүгээ очиход цоожтой байхаар нь С-ын гэр рүү орж зүүн орон дээр унтаж байсан эхнэрээ сэрээхэд нүүр ам нь зодуулчихсан байдалтай байсан. Тэгээд эмнэлэг рүү утастаж түргэн дуудсан... гэх мэдүүлэг,/ хх-н 14х /  

 

- Гэрч Ш.Цэрэнлхамын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 05 сарын 12-ны орой 20 цагийн үед гэртээ очиход манай охин Ц.Б, хүргэн Б.С нар байхгүй ач охин Ганчимэг гэртээ ганцаараа байсан.  Тэгээд амарч байтал шөнө 00 цагийн үед Б, С, Одсүрэн нар согтуу орж ирсэн. Тэр үед Болорчимэг “ эгчээ та бид хоёрын хажуугаар ороод унтаж амар гэсэн чинь Одсүрэн хэлэхдээ “ би яахаараа унтаж амардаг юм бэ, муу янхан гичий минь” гэхэд Болорчимэг хэрэлдэж гэрээсээ хөөж гаргаад хаалгаа түгжсэн юм. Тэгтэл Одсүрэн эргэж цоожтой гэрийн цүүг мулт татаад баруун орон дээр хэвтэж байсан Болочимэгийг үсдэхэд өөдөөд нь барьцалдаж аваад зууралдсан чигээрээ гадаа гараад ноцолдоод байсан. Тэгсэн Одсүрэн орж ирээд Сэргэлэнбаатарыг унтаж байхад татаж сэрээгээд газрын гэрчилгээгээ авна гэж нэхээд хоорондоо муудсан... гэх мэдүүлэг/ хх-н 15 х /  

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 сарын 17-ны өдрийн 186 тоот актын дүгнэлтэнд: 1.Ө.Одсүрэнгийн биед баруун хацар, шанаанд, баруун чихэнд, уруулын баруун дээд хэсэгт маажсан зулгаралтууд, баруун нүдний эргэн тойронд, баруун нүдний гадна буланд, зүүн нүдний дээд зовхинд, зүүн хацарт, зүүн шанаанд цус хуралтууд, баруун хацар шанааны зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэжээ. /хх-н 18-19 х /

 

- Ц.Б, Б.С нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-н 44-45 х /

 

- Ц.Б, Б.С нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 46-47 х /

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р багийн Засаг даргын 2017 оны 06 сарын 19-ний өдрийн 5/140 дугаартай албан тоот, / хх-н 48 х /

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багийн засаг даргын 2017 оны 06 сарын 19-ний өдрийн 4/379 дугаартай албан тоот, / хх-н 49 х /

 

- Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоол, мөн шүүхийн  2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар / хх-н 67-72 х /зэрэг болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар 

 

Шүүгдэгч Б.С, Ц.Б нар бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 12-ны шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Төмөртэйн 17-6 тоотод өөрийн гэртээ иргэн Ө.Одсүрэнг зодож эрүүл мэндэд нь “ баруун хацар, шанаанд, баруун чихэнд, уруулын баруун дээд хэсэг, эрүүнд, зүүн хацарт, зүүн чихэнд, хүзүүний баруун зүүн хэсэгт маажсан зулгаралтууд, баруун нүдний эргэн тойронд, баруун нүдний эргэн тойронд, баруун нүдний гадна буланд, зүүн нүдний дээд зовхинд, зүүн хацар, зүүн шанаанд цус хуралтууд, баруун хацар шанааны зөөлөн эдийн няцрал “ бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ө.Одсүрэнгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Ш.Цэрэнлхам, П.Цогтбаатар нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд, 2017.05.13-ны Яаралтай тусламжийн хуудас, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн эмчийн 186 тоот акт, шинжээч С.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь хохирогч Б.Одсүрэнгийн согтуурсан үедээ шүүгдэгч Ц.Болорчимэгийн гэрийн хаалганы цүүг эвдэж гэрт орж, ямарч шалтгаангүйгээр түүнийг хэл амаар доромжлон, үсдэж зодсон, мөн Б.Сэргэланбаатарыг хэл амаар доромжлон толгой, салтаа руу нь цохисон үйлдэлтэй холбоотойгоор үйлдэгдсэн болох нь шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарын ” Одсүрэн эгч манай эхнэрийг банзал, янхан гэж, намайг өрөндөө баригдсан гуйлгачин, орох оронгүй, айлд толгой хорогдож байгаа гуйлгачин гэж доромжлоод бэлэг эрхтэн рүү өшиглөхөөр нь би уурандаа нүүр рүү нь 2 удаа цохисон” гэх, гэрч Ш.Цэрэнлхамын “Болорчимэг “ эгчээ та бид хоёрын хажуугаар ороод унтаж амар гэсэн чинь Одсүрэн хэлэхдээ “ би яахаараа унтаж амардаг юм бэ, муу янхан гичий минь” гэхэд Болорчимэг хэрэлдэж гэрээсээ хөөж гаргаад хаалгаа түгжсэн юм. Тэгтэл Одсүрэн эргэж цоожтой гэрийн цүүг мулт татаад баруун орон дээр хэвтэж байсан Болочимэгийг үсдэхэд өөдөөд нь барьцалдаж аваад зууралдсан чигээрээ гадаа гараад ноцолдоод байсан. Тэгсэн Одсүрэн орж ирээд Сэргэлэнбаатарыг унтаж байхад татаж сэрээгээд газрын гэрчилгээгээ авна гэж нэхээд хоорондоо муудсан “ гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдоно.

 

Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар, Ц.Болорчимэг нарыг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлдсэн гэж үзнэ. Тэдгээр нь бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсэн атлаа хохирогчийн зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

Мөн уг хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн согтуурсан, бусдыг хэл амаар доромжилсон, зодсон буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байгааг дурдая.

 

Шүүгдэгч Б.С, Ц.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотолж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. 

 

Иймд шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар, Ц.Болорчимэг нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

 Шүүхээс шүүгдэгч Б.С, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

  

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин энэ хэрэг гарахад хохирогчийн согтуурсан, бусдын хэл амаар доромжилж, зодсон зүй бус үйлдэл нөлөөлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно.

 

         Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, гэмт хэргийн улмаас хохиогчид учирсан гэмтэл арилсан, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа, тэдгээр нь хоорондоо садан төрлийн холбоотой зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзвэл Б.С, Ц.Б нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

 

        Шүүгдэгч Б.С, Ц.Б нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ө.Одсүрэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  болохыг дурдая.  

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Улаансахиуст овогт Б.С, Адуучин овогт Ц.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 400 / дөрвөн зуун/ цагийн  нийтэд тустай ажил хийх ялаар, шүүгдэгч Ц.Б-г 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.С, Ц.Б нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

          4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар дээрх ялын биелэлтэнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

          5. Ялтан Б.С, Ц.Б нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ө.Одсүрэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ср, Ц.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН