Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 36

 

 

         С.Л, Б.Б нарт

              холбогдох эрүүгийн хэргийн

                               тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 266 дугаар шүүгчийн захирамжтай, С.Л, Б.Б нарт холбогдох, 2135000710101 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд : прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Батгэрэл, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

Монгол улсын иргэн, .., эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Б сумын  дугаар багт оршин суух,  А овогт С-гийн Л.

Монгол улсын иргэн, .., 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар тариалангийн инженер мэргэжилтэй, Увс аймгийн Б сумын, ам бүл-3, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Б сумын  дугаар багийн тоот оршин суух, Ц овогт Б-гийн Б.

Яллагдагч С.Л нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай захирамжаар иргэн Т.Д-д “Ашигласан хуванцар сав, пластик тор боон лааз дахин боловсруулах” төсөлд 6 сая төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож, бусдад давуу байдал бий болгосон,

-Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаартай захирамжаар өөрийн эхнэр Ш.Л-ийн нэр дээр бүртгэлтэй "Түшиг хангай" ХХК-д "Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх" төсөлд 20.0 сая төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож өөртөө давуу байдал бий болгосон,

-Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаартай захирамжаар сум хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүн, иргэн Х.А-ийнирүүлсэн "Зоогийн газар нийтийн караоке" нэртэй төсөлд 15.0 сая төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож бусдад давуу байдал бий болгон улсын төсөвт нийт 41.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Б нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газарт хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн, сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн гишүүнээр ажиллахдаа тус сумын засаг даргаар ажиллаж байсан С.Лгийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай захирамжаар иргэн Т.Д-д "Ашигласан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах" төсөлд 6 сая төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

-Апбан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А/107 дугаартай захирамжаар өөрийн эхнэр Ш.Л-ийн нэр дээр бүртгэлтэй "Түшиг хангай" ХХК-нд "Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх" төсөлд 20.0 сая төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14- ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 3.3.3- д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож өөртөө давуу байдал бий болгосон гэмт гэмт хэргийг үйлдэхэд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

-Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А/107 дугаартай захирамжаар сум хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүн, иргэн Х.А-ийн ирүүлсэн "Зоогийн газар нийтийн караоке" нэртэй төсөлд 15.0 сая төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож бусдад давуу байдал бий болгон улсын төсөвт нийт 41.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж улсын төсөвт нийт 41.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Увс аймгийн Увс аймгийн Ерөнхий Прокурорын орлогч А.Турдыбекээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт С-гийн Л, Ц овогт Б-гийн Б нарт холбогдох эрүүгийн 2135000710101 дугаартай хэргийг Увс аймгийн Прокурорын газарт буцааж,

яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл хэвээр хэрэглэж шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “ Шүүх  “...энэ гэмт хэрэг нь Сумын засаг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаартай захирамж гарч, сум хөгжүүлэх сангаас гүйлгээ хийгдэснээр төгссөн гэж үзэх тул цаг хугацааны хувьд сүүлд хуурамч тэмдэглэл үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалын гэмт хэргийн шинжгүй болно.

Яллагдагч Б.Б-гийн 2020 оны 11 дүгээр 04-ний өдрийн сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн үйлдлийн цаг хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А/107 дугаартай захирамжаар Сум хөгжүүлэх сангаас гүйлгээ хийгдэхэд уг тэмдэглэл байсан эсэхийг тогтоох зэргээр бүрэн тогтоох боломжтой байна...” гэж дүгнэсэн байна.

Шүүгчийн захирамжийг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад Б.Б “...Тухайн өдрийн хурлын тэмдэглэлийг би өөрөө бичсэн. Надад ямар нэгэн байдлаар дарамт шахалт ирж байгаагүй. Гэхдээ сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Лгээс би эхнэрийн компанид трактор авмаар байна. Урьдчилгаа мөнгө хэрэгтэй болчлоо, би зөвлөлийн хүмүүст ерөнхийдөө ярьж хэлж байгаа. Сум хөгжүүлэх сангаас бага хувийн хүүтэй зээл авмаар байна. Одоо тэтгэвэрт гарах боллоо, газар тариалангийн ажилдаа идэвхтэй орно, чи зээлийн материалыг бүрдүүл” гэж хэлж байсан. Харин Х.Алтангэрэл надад манай суманд зоогийн газар, кароаке хэрэгтэй байна гэж хэлж байсан удаатай. Тэд намайг дарамталсан байдлаар харьцаагүй. Тухайн тэмдэглэлийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлын өрөөнд бичиж байсан...” гэж мэдүүлсэн.

Үүнээс үзэхэд С.Б нь тухайн хурлын тэмдэглэлийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үйлдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд сумын Санхүүгийн албанаас сум хөгжүүлэх сангаас зээл олгох төсөл сонгон шалгаруулахдаа хэн, хэзээ ямар байдлаар оролцож хэнийг сонгон шалгаруулсан нь ач холбогдолтой биш, зөвхөн сумын Засаг даргын захирамжийг үндэслэн олгодог, мэргэжилтэн Б.Байгальмаа нь сум хөгжуулэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын дагуу төслийг сонгон шалгаруулаагүй гэдгийг мэдэж байсан мөртлөө сумын Засаг даргын захирамжийг үндэслэн Зээлийн гэрээ байгуулан зээл олгож байгаа нь энэ гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсэн үйлдэл, сум хөгжүүлэх сангаас гүйлгээ хийгдэхэд хурлын тэмдэглэл байсан эсэх нь хэрэгт ач холбогдолгүй юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Л 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай захирамжаар иргэн Т.Д-д 6 сая, 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А/107 дугаартай захирамжаар өөрийн эхнэр Ш.Л-ийн нэр дээр бүртгэлтэй "Түшиг хангай" ХХК-нд "Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх" төсөлд 20.0 сая, иргэн Х.А-ийнирүүлсэн "Зоогийн газар нийтийн караоке" нэртэй төсөлд 15.0 сая төгрөгийн зээлийг тус тус хууль бусаар олгож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн Б.Б Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр олгоход дэмжпэг үзүүлж хамтран оролцсон нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдсон.

Иймд шүүгчийн 2021/ШЗ/266 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэгдсэн. Б.Бг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн сум хөгжүүлэх сангийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, Түшиг хангай ХХК, иргэн А нарт зээл олгоход урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэж ял сонсгож яллах дүгнэлт үйлдсэн. Өөрөөр хэлбэл, С.Л-гийн үйлдсэн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсэн гэж буруутгаж, Б.Бг тухайн хурлыг тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж урьдчилан амлаж уг гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж яллагдагчаар татсан. Тэмдэглэлийг үндэслэн тус сумын Засаг даргын захирамж гарсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд оролцсон орлогч прокурор А.Турдыбекийн зүгээс тус сумын Засаг даргын захирамж гарсны дараа тэмдэглэл үйлдэгдсэн гэдэг асуудалтай маргахгүй байна гэж тайлбарлаж байсан. Б.Бгийн хувьд Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр А/107 дугаар захирамж гарсны дараа тэмдэглэл үйлдсэн. Б.Б тайлбартаа “Аудитын газраас шалгалт ирэхээр захирамжийн тэмдэглэлийг нэхэх учир аудитын газрын шалгалтад зориулж тухайн тэмдэглэлийг үйлдсэн ба хэзээ, хэдний өдөр тэмдэглэл бичсэнээ санахгүй байгаа. Захирамж гарсны дараа тэмдэглэл үйлдэгдсэн учир захирамж гарсан он сар өдрөөр тэмдэглэлийн он сарыг бичсэн” гэж мэдүүлдэг. Б.Бгийн захирамж гарсан өдөр тэмдэглэл үйлдэгдсэн гэх мэдүүлгээр уг гэмт хэрэг нотлогдон тогтоогдож байна гэж үзэх боломжгүй юм. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд Б.Б гаргасан мэдүүлэгтээ “Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр А/107 дугаар захирамж гарсны дараа тэмдэглэл үйлдэгдсэн” гэж мэдүүлсэн. Б.Б өөрийн үйлдэгдсэн гэм хэргийг нотлох үүрэггүй субъект юм. Төрийн санд гүйлгээ хийгдэх үед төсөл сонгон шалгаруулсан материал очсон тул ямар нотлох баримтууд төрийн санд очсон талаар шалган тогтоогоогүй талаар шүүгчийн захирамжид дурдсан байдаг. Б.Байгальмааг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хурлын тэмдэглэл бичиж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэж яллаж байгаа нь учир дутагдалтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ажиллагаа хийгдээгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны 266 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Сумын Засаг даргын захирамж гарахын тулд тэмдэглэл шаардлагатай байдаг тул Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр А/107 дугаар захирамжийг гаргахын тулд хурлын тэмдэглэлийг үйлдсэн байдаг. Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр А/107 дугаар захирамжийн дагуу сум хөгжүүлэх сангаас иргэдэд төсөл сонгон шалгарсан мэтээр санхүүжилт өгсөн.

С.Л уг гэмт хэргийг үйлдсэнээр өөртөө давуу байдал бий болгосон. Б.Бгийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны 266 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх яллагдагч С.Л, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос яллагдагч С.Лг Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 41 сая төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

яллагдагч Б.Байгальмааг Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газарт хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн, сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн гишүүнээр ажиллахдаа тус сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Лгийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 41 сая төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх С.Л, Б.Б нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй  мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хуульзүйн үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд хэргийг прокурорт буцаах үндэслэлийн талаар хуульчилсан бөгөөд дээрхи хуульд  заасан үндэслэл тогтоогдоогүй байхад шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэх хууль ёсны байх зарчимд нийцээгүй гэж үзнэ.

Яллагдагч С.Л, Б.Б нарт холбогдох хэрэгт шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж,  яллагдагч Б.Байгальмаа 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэхдээ хэзээ, хаана үйлдсэнийг бусад нотлох баримтаар нотолж тогтоогоогүй байна. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаартай захирамжаар Сум хөгжүүлэх сангаас гүйлгээ хийгдэхэд уг тэмдэглэл байсан эсэхийг тогтоох нь зүйтэй” гэх үндэслэлийг зааж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хуралдаан зохион байгуулагдаагүй буюу дээрхи төслүүдийг зөвлөлөөр огт хэлэлцүүлээгүй атал Б.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сум хөгжүүлэх сангийн орон тооны бус зөвлөл хуралдаж, төсөл сонгон шалгаруулсан мэтээр тэмдэглэл хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон байна.

Яллагдагч Б.Б уг тэмдэглэлийг хэзээ, хэрхэн үйлдсэн талаараа 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “би тухайн тэмдэглэлийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажил дээр бичсэн” гэж, мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт: “тухайн үед зөвлөлийн хурал хуралдах боломжгүй гэдгийг би Засаг даргад хэлж байсан, өрсөлдөх төсөл байгаагүй учраас Засаг дарга энэ төслүүдийг санхүүжүүлсэн байсан. Үүний дараа холбогдох материал бүрдүүлэхийг надад үүрэг болгосны дагуу би тэмдэглэл хөтөлж материалд хавсаргасан юм” гэж, мөн яллагдагч С.Л шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт: “Төслүүд дотроос гайгүй хоёр төсөл байсан ба өөр өрсөлдөх төсөл байхгүй гэж үзээд санхүүжилт хийж, захирамжаа гаргасан.Тухайн хоёр төслийг сонгосон учир би Б.Бд хурлын тэмдэглэл хөтлөхийг үүрэг болгосон” гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд тэмдэглэл хэзээ үйлдсэнийг тогтоолгохоор хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх нь хэрэгт зайлшгүй хийх ажиллагаа биш гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх С.Л, Б.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоон, яллагдагч нарын гэм бурууг хянан хэлэлцэх боломжтой гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 266 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч С.Л, Б.Б нарт холбогдох, 2135000710101 дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч С.Л,Б.Б нарт  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                            Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                    Л.АЛТАН