Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 221/MA2017/0550

 

 

 

 

 

 

2017 оны 8 сарын 02 өдөр                   Дугаар 221/МА2017/0550                          Улаанбаатар хот

        

М.Наранмандахын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Б.Наранмандах, хариуцагч Д.Мөнх-Эрдэнэ, гуравдагч этгээд Ш.Шинэбаяр нарыг оролцуулан хийж, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 113/ШШ2017/0005 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, М.Наранмандахын нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 113/ШШ2017/0005 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 31 дүгээр зүйлийн 31.1.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Наранмандахыг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын орлогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 5417700 /таван сая дөрвөн зуун арван долоон мянга долоон зуун/ төгрөгийг Баянтал сумын Засаг даргаас гаргуулж М.Наранмандахад олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргад даалган шийдвэрлэж,

2 дахь заалтаар, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 хоногийн дотор М.Наранмандахыг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд томилсон захирамж гаргах, ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 5417700 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх буюу хүн амын орлогын албан татварын суутган тооцож, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 113/ШШ2017/0005 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 113/ШШ2017/0005 дугаар шийдвэрийг Баянтал сумын Засаг дарга Д.Мөнх-Эрдэнэ миний бие 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гардан авсан болно.

М.Наранмандахын нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад буруу дүгнэлт хийсэн, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж М.Наранмандахын нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь ханган шийдвэрлэсэн хэмээн үзэж байна.

Анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч М.Наранмандахыг ажил, албан тушаалаас нь чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.1.2 дахь хэсгийг зөрчсөн, Хурлын Тэргүүлэгчидтэй албан ёсоор хүргүүлээгүй, Хурлын Тэргүүлэгчид нь Засаг даргын орлогч М.Наранмандахыг ажлаас чөлөөлөх асуудлаар хуралдаж, шийдвэр гаргаагүй болох нь дээрх байдлаар нотлогдож байх тул хариуцагчийн болон гуравдагч этгээдийн тайлбарыг зөвтгөх үндэслэлгүй юм” гэж үзжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.1.2 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 468 тоот албан бичгээр Баянтал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцүүлэх тухайгаа хүргүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон гэж үзэж байна

Хэдийгээр Ш.Шинэбаярыг нэрийг нь дэвшүүлэх асуудал гэж харагдаж байгаа боловч тус хуралдаанаар сумын Засаг даргын орлогчийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцүүлэн, М.Наранмандахыг чөлөөлөх, Ш.Шинэбаярыг томилохыг дэмжсэн утга бүхий 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101 тоот албан бичгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсний дагуу М.Наранмандахыг ажлаас чөлөөлөх тухай сумын Засаг даргын захирамж гарсан болно.

Нэхэмжлэгч М.Наранмандахыг ажлаас чөлөөлөх процесс нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.1.2 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирсэн албан бичгийн дагуу буюу 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр М.Наранмандахыг ажлаас чөлөөлсөн болно. Миний хувьд сумын Засаг даргаар 2016 оны 08 дугаар сард томилогдон ажиллаж байгаа ба урьд нь М.Наранмандахыг ажлаас чөлөөлөх боломж байсан боловч гагцхүү хууль дээдлэх зарчмыг баримтлан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчтэй зөвшилцөн чөлөөлсөн нь дээрх байдлаас харагдаж байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс дээрх байдлын он цагийн дараалал болон бусад хүчин зүйлд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байгаа нь шийдвэрийн үндэслэх хэсгээс харагдаж байна.

Он цагийн дарааллаар нь авч үзвэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101 тоот “сумын Засаг даргын орлогчийг чөлөөлөх, томилохыг зөвшилцсөн” албан бичиг ирсний дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “М.Наранмандахыг ажлаас чөлөөлөх тухай” Б/13 дугаар захирамж гарсан. Зөвшилцсөн албан бичиг ирээгүй байхад М.Наранмандахыг ажлаас чөлөөлсөн зүйл огт байхгүй болно.

Мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцохоор 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүх дээр очиход шүүгчийн туслах нь иргэний үнэмлэх байхгүй байна гэсэн үндэслэлээр шүүх хуралдаанд оролцуулаагүй байна. Орон нутагт төрийн албанд хамт зүтгэж байгаа хүмүүсийн хувьд бие биенийгээ танихгүй байх асуудал байхгүй гэж үзэж байгаа ба урьд нь хэргийн материалтай танилцах гэх мэт асуудлаар зөндөө уулзаж байсан болно.

Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч миний биеийг оролцуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2. “хэргийн оролцогч, ...шүүх хуралдаанд оролцох”, 20.1.5. “шүүх хуралдааны бусад оролцогчид асуулт тавих”, 20.1.7. “хуульд заасан бусад эрх”, 98 дугаар зүйлийн 98.2. “Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримт, захиргааны үйл ажиллагааны үндэслэлийг нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ” гэсэн зүйлийг зөрчсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хуралдаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэрчээр асуулгах хүсэлт гаргах боломжтой байсан.

Уг гэрчүүдээр тус хуралдаанаар сумын Засаг даргын орлогчоос М.Наранмандахыг ажлаас чөлөөлөх талаар хэлэлцсэн эсэхийг мэдэх боломжтой байсан гэж үзэж байна.

Ажилгүй байсан хугацааны цалин 5417700 төгрөг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийлгэхийг даалгасан захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 113/ШШ2017/0005 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Наранмандахын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.Наранмандахаас “Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.12-т зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч нь сонгуулийн үр дүнд буюу бүрэн эрхийн хугацаанд томилолтын журмаар ажиллах төрийн улс төрийн албан тушаал бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.1.2-т зааснаар сумын Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөх асуудлыг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн сумын Засаг дарга шийдвэрлэх бүрэн эрхтэй байна.

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг дарга нь тус сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд Ш.Шинэбаярыг томилуулах саналаа 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 468 дугаар албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлснийг тус Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Засаг даргын саналыг дэмжсэн хариу хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Улмаар хариуцагч нь Баянтал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “... Засаг даргын орлогч даргаар Ш.Шинэбаярыг томилуулах саналыг дэмжсэн” гэсэн 101 дүгээр албан бичгийг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/13 дугаар захирамжаар М.Наранмандахыг сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлсөн нь хуулийн дээрх заалтад нийцжээ.

Өөрөөр хэлбэл, Баянтал сумын Засаг дарга нь нэг л орлогчтой тул уг орон тоонд Ш.Шинэбаярыг томилуулахаар хүргүүлсэн саналыг сумын Засаг даргын орлогч М.Наранмандахыг чөлөөлж, Ш.Шинэбаярыг томилох асуудлыг зөвшилцсөн санал гэж үзэхээр байх төдийгүй иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 24 дүгээр албан бичгээр сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд Ш.Шинэбаярын нэрийг дэвшүүлсэн нь М.Наранмандахыг чөлөөлөх үндэслэл гэж ойлгож дэмжсэн болохоо илэрхийлсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Наранмандахын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 113/ШШ2017/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.12, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг баримтлан М.Наранмандахын “Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН

                        ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН