Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 157

 

“Э Б Э и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын

хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Танхимын тэргүүн М.Батсуурь   

Шүүгчид:                   Л.Атарцэцэг,

                                  Г.Банзрагч,

                                  Д.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:         Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох.

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн “Э Б Э и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, “Э Б Э и” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн NE-026887 /ХА-019922/ дугаартай өргөдлийн дагуу Говь-Алтай аймгийн Цогт сумын Баруун нэртэй газарт 2443.81 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0881 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2018/0083 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, С.М нар.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0881 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э Б Э и” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн “Э Б Э и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, “Э Б Э и” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн NE-026887 /ХА-019922/ дугаартай өргөдлийн дагуу Говь-Алтай аймгийн Цогт сумын Баруун нэртэй газарт 2443.81 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2018/0083 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 881 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Нэхэмжлэгч “Э Б Э и” ХХК нь тус компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэр /компанид холбогдох хэсэг/ нь өргөдөл шийдвэрлэх хуулийн хугацааг баримтлаагүй, шийдвэр гаргахаасаа өмнө сонсох ажиллагааг хийгээгүй, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэл нь хуулийн шаардлага хангаагүй зэрэг зөрчилтэй хууль бус захиргааны акт гэж үзэж, уг хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэгдүгээрт, Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хариуцагч хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна гэж дүгнэсэн. Харин давж заалдах шатны шүүх хариуцагчийг иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн боловч энэхүү зөрчил нь захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл биш гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна.

5. Хоёрдугаарт, Шүүх “хариуцагч Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрээр Засаг даргын дэмжээгүй саналд үндэслэн нийт 56 компанийн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан ба уг шийдвэрийг гаргахын өмнө “Өдрийн сонин”-ын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 041 (5608) дугаарт сонсох ажиллагаа хийх талаар мэдэгдсэний дагуу шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27.2.2-т нийцсэн” гэж үзсэн.

6. Сонсох ажиллагааны талаарх шүүхийн дүгнэлт нь Кадастрын хэлтэс NЕ-026887 дугаартай өргөдлийг шийдвэрлэхдээ “Э Б Э и” ХХК-д өргөдлийг нь шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүйг үгүйсгэх үндэслэл болж чадахгүй гэж үзэж байна. Учир нь, сонсох ажиллагаа нь шийдвэр гаргах ажиллагааны нэг хэсэг болох тул тухайн шийдвэр гаргах ажиллагааны хугацаанд багтсан байх ёстой. Гэтэл шийдвэр гаргах ажиллагаа нь өөрөө хуулийн хугацаанд явагдаагүй, хууль зөрчсөн учраас дээрх сонсох ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй юм.

7. Хариуцагч нь сонсох ажиллагааны хэлбэрээ сонгохдоо зорилгодоо нийцсэн байдлаар, тухайн асуудлыг шийдвэрлэхэд зохистой хувилбарыг сонгож хэрэглээгүй. Тодруулбал, “Э Б Э и” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Кадастрын хэлтэс 1 жил 7 сар гаруй хугацааны дараа шийдвэрлэсэн. Ийм урт хугацааны дараа өргөдлийг шийдвэрлэхдээ сонсох ажиллагааг хэлбэрийн төдий явуулж, “Э Б Э и” ХХК-ийн бодит нөхцөл байдалд тохиромжгүй хэлбэрийг сонгож хэрэглэсэн. Үүний улмаас нэхэмжлэгч “Э Б Э и” ХХК-д шийдвэр гаргах ажиллагаанд ашиг сонирхлоо илэрхийлэн оролцох бодит боломж хязгаарлагдсан.

8. Гуравдугаарт, шүүх “...аймгийн Засаг даргын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжээгүй” саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр нь хуульд нийцсэн” гэж үзсэн тухайд: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Говь-Алтай аймгийн Засаг даргаас ирүүлсэн ““Э Б Э и” ХХК-д Цогт сумын нутаг дэвсгэрт Баруун нэртэй газарт 2443.81 гектар талбайд тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй” гэсэн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 261 дүгээр “дэмжихгүй” саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байдаг. Дээрх Засаг даргын “дэмжихгүй” санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5.“Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэснийг зөрчсөн.

9. Аймаг, нийслэлийн Засаг даргаас хуулийн хугацаанд “дэмжихгүй” санал ирүүлсэн тохиолдолд өргөдлийг хэрхэн шийдвэрлэхийг хуулиар шууд зохицуулаагүй байна. Харин хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийн зохицуулалтаас үзэхэд аймаг, нийслэлийн Засаг даргын татгалзсан хариу буюу тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” санал нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзах ёстой гэдэг нь харагдаж байна. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д заасан аймаг, нийслэлийн Засаг даргын “дэмжсэн хариу” гэдэг бол “хуульд нийцсэн дэмжсэн хариу” байх ёстой. Захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахдаа гагцхүү “хуульд нийцсэн дэмжсэн санал”-ыг үндэслэх шаардлагыг тус тус илэрхийлж байна.

10. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийг хэрхэн хэрэгжүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар дотоод заавраараа дэлгэрүүлэн зохицуулсан бөгөөд уг зааврыг баталсан эрх зүйн акт нь хүчин төгөлдөр хэвээр байхад түүнийг дагаж мөрдөөгүй байна. Тиймээс, хуулийн дээрх зохицуулалтыг шүүх хэрэглэхдээ хуулийн хугацаанд “дэмжихгүй” санал өгсөн бол тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана гэж хэт явцууруулан тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ, Ашигт малтмал, газрын тосны газрыг аймгийн Засаг даргын саналын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх чиг үүрэггүй гэж дүгнэсэн нь захиргааны байгууллагын хууль тогтоомжид нийцүүлэн баталсан хүчин төгөлдөр баримт бичгийг үгүйсгэсэн дүгнэлт болсон байна.

11. Мөн, анхан болон давж заалдах шатны шүүхүүд Засаг даргын саналыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны акт бөгөөд энэ саналын талаар нэхэмжлэгч шүүхэд маргаагүй тул “хууль зүйн үндэслэлгүй санал” гэх нэхэмжлэгчийн тайлбарт дүгнэлт хийх боломжгүй гэсэн нь “хэргийг эцэслэн шийдвэрлэх” шүүхийн хяналтын чиг үүргийг хангалттай хэрэгжүүлж чадаагүй гэж үзэхэд хүргэж байна. Учир нь, Говь-Алтай аймгийн Засаг даргын “Э Б Э и” ХХК-ийн гаргасан NЕ-026887 /ХА-019922/ дугаартай өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй саналыг үндэслэлтэй эсэхэд анхан болон давж заалдах шатны шүүхүүд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй хэрнээ уг саналыг үндэслэн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 319 дүгээр шийдвэрийг хуульд нийцсэн хэмээн дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хүлээн зөвшөөрөгдөхүйц, хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна.

12. Шүүхийн шийдвэрт дурдсанчлан, захиргааны байгууллага бол хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Гэхдээ Үндсэн хууль, түүнд нийцсэн хууль, тогтоомж, бусад байгууллагын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Хуульд нийцээгүй буюу хууль бус болох нь илэрхий шийдвэр /санал/-ыг хүлээж авахгүй байх, дагаж мөрдөж, биелүүлэхгүй байх, өөрийнхөө гаргах шийдвэр, явуулж буй үйл ажиллагааныхаа үндэслэл болгохгүй байх бүрэн эрхтэй. Тиймээс хариуцагч нь Засаг даргын хуульд нийцээгүй дэмжээгүй саналыг хүлээн авахаас татгалзаж, өргөдлийн дагуу нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах бүрэн эрхтэй гэж үзэж байна.

13. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0881 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2018/0083 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

15. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Засаг даргын “дэмжихгүй” санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэснийг зөрчсөн. ...хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэхдээ хуулийн хугацаанд “дэмжихгүй” санал өгсөн бол тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана” гэж хэт явцууруулан тайлбарлаж хэрэглэсэн. ...хариуцагч нь Засаг даргын хуульд нийцээгүй “дэмжээгүй” саналыг хүлээн авахаас татгалзаж, өргөдлийн дагуу нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах бүрэн эрхтэй...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна. 

16. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тодорхойлсон ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, хариуцагч нь энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3, 19.4, 19.5-д заасны дагуу “Э Б Э и” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч /2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр/ гаргасан өргөдлийг хүлээн авч бүртгэн, анхан шатны болон зураг зүйн шүүлт хийж тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн, 11 дүгээр сарын 10-ны өдрийн 6/8946 тоот албан бичгээр Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар хандахад, мөн Засаг даргаас “дэмжихгүй” гэсэн хариу /2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 261 дүгээр албан бичгээр/ ирүүлснийг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нөхцөл байдлууд тогтоогджээ.  

17. Иймээс хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрээр Говь-Алтай аймгийн Засаг даргаас ирүүлсэн “дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэн нэхэмжлэгч “Э Б Э и” ХХК-ийн тус аймгийн Цогт сумын нутагт орших Баруун нэртэй 2443.81 гектар талбайд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5-д заасантай нийцсэн байна.

18. Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллага нь хуульд зааснаар нэхэмжлэгч “Э Б Э и” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг хүлээн авч бүртгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Говь-Алтай аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, энэ талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.   

19. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ” гэж зааснаас үзэхэд Засаг даргын саналыг үндэслэж тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эсэх асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан, өөрөөр хэлбэл Засаг даргын дэмжсэн, эсхүл татгалзсан санал нь тусгай зөвшөөрөл олгоход тавигдах үндсэн нөхцөл, шаардлагуудын нэг болох учраас тухайн саналыг үндэслэн захиргааны байгууллага шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн байна.

20. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Говь-Алтай аймгийн Засаг даргын “дэмжихгүй” гэсэн санал нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлах боловч тус захиргааны акттай маргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, иймд аймгийн Засаг даргын санал хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй талаар хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.  

21. Түүнчлэн, хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 319 дүгээр шийдвэрээр Засаг дарга нарын “дэмжихгүй” саналд үндэслэн нийт 56 компанийн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бөгөөд тухайн актыг гаргахаас өмнө, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж, Өдрийн сонины 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 041 (5608) дугаарт нийтлэн мэдэгджээ. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасантай нийцэж байх тул захиргааны байгууллагыг сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй гэж үзэх, энэ үндэслэлээр гаргасан хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй байна.  

22. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Э Б Э и” ХХК-ийн, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгох, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн NE-026887 /ХА-019922/ дугаартай өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож зөв шийдвэрлэжээ.

23. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0881 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2018/0083 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

                           ШҮҮГЧ                                                                      Б.МӨНХТУЯА