Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 151/ШШ2023/00757

 

 

 

 

 

 

                                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨΜΗΘΘС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .Г.Я,

Хариуцагч:   Т.Т,

Нэхэмжлэлийн шаардлага: Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Г. Я,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Д

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1. Нэхэмжлэгч Г. Я нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Би 2021 онд Төв аймгийн Баянчандмань сумын газрын албанд 0,07 га газар зохих ёсоор авахаар өргөдөл гаргаж, 2022 онд 0,07 га газрын өмчлөгч болсон. Миний бие 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Г-1426006057 дугаартай гэрчилгээтэй Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг Эрдэнэ есөн зураа, 29 дүгээр гудамж 03 тоот хаягт байршилтай 4116041988 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч юм. Уг 0,07 га газартаа хашаа барих гэтэл 2,5 га газарт Т.Т нь сунгаж барьсан хашаагаа авахгүй байгаа тул би хашаагаа барих боломжгүй байна. Иймд миний хууль ёсны эрхийг хангаж, өмчлөлийн 0,07 га газрыг хариуцагч Т.Т ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэв.

 2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Иргэн Т.Т нь Төв аймгийн Баянчандмань сумын Замтын адагт үйлдвэрлэлийн цогцолбор сумын Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 13- ны өдрийн 95 тоот шийдвэр, нэгж талбарын 4116034190 дугаартай 29975.0 м.кв газарт 2000 оноос одоог хүртэл үхрийн фермийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Т.Т нь өөрийн үхрийн фермээ өргөжүүлэх чиглэлээр үхрийн фермийн харалдаа ар талын 2-3 га газрыг арчлан тордож мод, ногоо тарих, тугал бяруугаа бэлчээж, хөдөө аж ахуйн цогц үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийн зэрэгцээ энэ газар дээрээ үр хүүхэд, ач, зээ нараа өсгөн хүмүүжүүлэн амьдрал ахуйгаа авч явж ирсэн байна. Ийм учраас уг газар нь иргэн Т.Т тай салшгүй холбоотой гэж үзэхээс өөр аргагүй юм. Т.Т өөрийн давуу эрхээрээ уг газраа өмчлөн авахаар өргөдөл гаргасаар байтал өөр хүнд шилжүүлэн олгосон нь хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Нэгд: иргэн Т.Т нь олон удаа өргөдөл хүсэлт гаргасаар байсан ч газрын асуудлыг шийдвэрлэж өгөөгүй нь иргэн Т.Т ийн буруутай үйлдэл биш бөгөөд харин газар өмчлөн авах эрх нь дуусгавар болоогүй хэвээр үргэлжилже байгаа гэж үзэж байна. Өргөдлийн хариу шийдвэрлэгдээгүй байхад уг хөөцөлдөж байсан газрыг бусдад олгосон нь хууль бус гэж үзэж байна.

Хоёрт: сумын засаг дарга Г.А д нь уг газрыг бусдад санаатай өгсөн нь албан тушаалаа урвуулан ашиглан иргэн Т.Т ийн эрх дуусгавар болоогүй байхад гуравдагч этгээдэд дуусаагүй байсан эрхийг шилжүүлсэн явдал нь албан тушаалтан танил тал, хээл хахууль, ашиг хонжоо хайсан үйлдэл гэж үзэхээс өөр аргагүйд хүргэж байна. Иймд Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Т.Т өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан тул иргэн Г.Я нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар (хх-1-3), Төв аймгийн Баянчандмань сумын засаг даргын захирамж (хх-4), Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-5), кадастрын зураг (хх-8), газар өмчлөх тухай хүсэлт, холбогдох баримтууд (хх-6-7, 9- 10), Төв аймгийн Баянчандмань сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай тогтоол (хх-11-16), 2023 оны 40 дүгээр сарын 27-ны өдрийн газар чөлөөлөх тухай албан мэдэгдэл (хх-17), Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 20 2023 оны 4 дүгээр сарын 12- ны өдрийн 07/423 дугаартай албан бичиг (хх-18), мөн газрын 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 07/1012 дугаартай албан бичиг (хх-50) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4. Хариуцагчаас: итгэмжлэл (хх-26), хариу тайлбар (хх-27), иргэн

Т.Төгсбадрахаас 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан өргөдөл, хариу өгөх мэдэгдэл (хх-28-29), Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 07/910 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд (хх-34-39), нэхэмжлэл/хэргийн мэдээлэл (хх-40), Т.Нямдоржид олгосон итгэмжлэл (хх-41) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Г.Я ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Г.Я нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: "2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Г-1426006057 дугаартай гэрчилгээтэй Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ есөн зураа, 29 дүгээр гудамж 03 тоот хаягт 4116041988 нэгж талбарын дугаартай газар 700м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч юм. Т.Т нь сунгаж барьсан хашаагаа авахгүй байгаа учраас би хашаагаа барих боломжгүй байна. Иймд миний өмчлөлийн газрыг хариуцагч Т.Т аас чөлөөлүүлж өгнө үү" гэжээ.

 

3. Хариуцагч Т.Т ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н  нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: "Т.Т нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 95 тоот шийдвэр, нэгж талбайн 4116034190 дугаартай 29975 м.кв газарт 2000 оноос одоог хүртэл үхрийн фермийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Т.Т өөрийн давуу эрхээрээ уг газраа өмчлөн авахаар өргөдөл гаргасаар байтал өөр хүнд шилжүүлэн олгосон нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Энэ нь Т.Т ийн буруутай үйлдэл биш бөгөөд харин газар өмчлөн авах эрх нь дуусгавар болоогүй хэвээр үргэлжилж байгаа гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Т.Т өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан тул иргэн Г.Я нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2., 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.

4.1. Талуудын маргаж буй Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ есөн зураа 29 гудамж, 03 тоот хаягт байршилтай 4116041988 нэгж талбарын дугаартай 700 м.кв газрын өмчлөгч нь нэхэмжлэгчГ.Я мөн болох нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон эрхийн улсын бүртгэлийн Г-1426006057 дугаарт бүртгэсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хэвлэсэн кадастрын зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. (хх-5)

4.2.Хариуцагч Т.Т нь Төв аймгийн Баянчандмань сумын сумын Эрдэнэ 3 дугаар баг, Есөн зураад 1416034190 нэгж талбарын дугаартай 3 га газар эзэмшдэг болох нь Төв аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичиг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбараар нотлогдох байна. (хх-18, 27)

4.3. Хариуцагч Т.Т ийн хуульд заасан журмын дагуу эзэмшиж буй 3 г газар, нэхэмжлэгч Г.Я ийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн 0,07 га газрын байршлууд хоорондоо давхцахгүй, өөр өөр нэгж талбартай байна.

4.4. Нэхэмжлэгч Г.Я ийн өмчлөлийн 0,07 га газар нь иргэн Т. Т ын илүү хашаалсан гэх 2,5 га талбайд орсон, давхцал үүссэн болох нь:

"Танай сумын Эрдэнэ 3 дугаар баг Есөн зураад сумын Засаг даргын 2022 оны А/565 дугаар захирамжаар иргэн С.Б т, 2022 оны А/566 дугаар захирамжаар иргэн Г.Я , 2022 оны А/567 дугаар захирамжаар иргэн Б.Г  нар т газар чмечилсөн байна Дээрх иргэдийн өмчилсөн газар дээр нь хашаа барьсан байгаа тул тус хашааг буулгаж, газар чөлөөлж өгнө үү гэсэн өргөдөл ирүүлээд байна. Дээрх иргэдийн өргөдлийг судлаж үзэхэд танай сумын Эрдэнэ 3 дугаар баг, Есөн зураад 1416034190 нэгж талбарын дугаартай 3000 м.кв газар эзэмшигч Т.Т нь 2,5 га газар илүү хашаалсан байнаИймд иргэн Т.Т ийн хашааг кадастрын зургийн дагуу бариулж газар өмчилсөн иргэдийн эрхийг зөрчиж байгаа асуудлыг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэж эргэж хариу мэдэгдэнэ үү" гэх Баянчандмань сумын Засаг дарга Г.А д явуулсан Төв аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичиг, -4116041988 нэгж талбарын дугаартай өмчлөлийн газрыг кадастрын мэдээллийн санд шалгаж үзэхэд бусдын эзэмшил, өмчлөлийн газартай давхцалгүй бөгөөд зохих зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэний хашаатай давхцалтай байна" гэх Төв аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн албан бичиг (хх-50).

-"...Иргэн Т.Т ийн Баянчандмань сумын сумын Есөн зураа гэх газар эзэмшиж байгаа 3 га газраас илүү хашсан газарт сумын ИТХ-ын тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумн Засаг дарга иргэнд газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байгаа тул холбогдох хууль хяналтын байгууллагаар уг асуудлыг шийдвэрлүүлэхийг зөвлөж байна" гэх Төв аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн албан бичиг (хх-34),

-хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н ийн шүүхэд ирүүлсэн тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна. (хх-18, 27, 50)

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхээр шаардаж буй газар давхцаагүй, эсхүл Т.Т ийн өмчлөл, эсхүл эзэмшлийн газар гэдэг үндэслэлээр шүүхэд маргаагүй бөгөөд энэхүү маргаан бүхий газарт хариуцагч Т.Т фермийн үйл ажиллагаа эрхлэн өргөтгөн ашиглаж байсан бөгөөд газраа томруулахаар өргөдлөө өгсөөр байтал өөр этгээдэд өмчлүүлсэн нь үндэслэлгүй, захиргааны хэргийн шүүхэд хандсан гэх тайлбарыг шүүхэд гаргасан.

6. Өөрийн шаардлага, татгалзал тайлбарыг нотлох гэдэг нь тэдгээрт дурдагдаж буй үндэслэлийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг баримтаар тогтоохыг хэлэхээс гадна уг үндэслэл нь хуульд зааснаар зүй ёсны болох талаар батлахыг хэлнэ

6.1. Тус шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч Г.Я д газар олгосон Засаг даргын шийдвэрт захиргааны журмаар маргаж байгаа бөгөөд захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах боломжит хугацаа олгох хүсэлтийг үндэслэн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан Т.Т аас Т.Н д "Т  ын нэхэмжлэлтэй Төв аймгийн Чандмань сумын засаг дарга Г.А д холбогдох 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А65 тоот захирамжийг хүчингүй болгуулах захиргааны хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөх" эрх олгосон итгэмжлэл нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу Г.Я д газар өмчлүүлсэн захиргааны шийдвэртэй хамааралтай болох нь нотлогдохгүй байна. (xx-41)

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Г.Я д газар өмчлүүлсэн захиргааны шийдвэрийг хүчингүй болгуулахын тулд Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Т.Т өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгааг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл, 80 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл түдгэлзүүлэх үндэслэл үндэслэл үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй юм. (хх-27)

6.2. Газар өмчлөгч Г.Я нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй тул Т.Т нь өөрийн давуу эрхээрээ уг газраа өмчлөн авахаар өргөдөл гаргасаар байтал өөр хүнд шилжүүлэн олгосон нь хууль бус гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

6.3. Хариуцагч Т.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н  нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх эрхтэй бөгөөд Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан гэх боловч уг татгалзсан үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

7.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" гэж, мөн зүйлийн 27.3-т "Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна", 27.4-т "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж заасныг зөрчиж хариуцагч Т.Т нь өөрт нь эзэмших эрх олгогдоогүй 2,5 га газрыг давуу эрхээр эзэмших эрхтэй байсан үндэслэлээр маргаж, нэхэмжлэгч Г.Я ийн өмчлөлийн 0,07 га газар дээр барьсан хашаагаа татаж авахгүй, газрыг эзэмшиж байгаа үйл баримт нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

8. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмчлөлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж, хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа үйлдлийн улмаас өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж тодорхойлж байх бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д "Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй" гэж, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д "Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно" гэж зааснаар нэхэмжлэгч Г. Я  нь шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Я ийн өмчлөлийн Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ есен зураа 29 гудамж, 03 тоот хаягт байршилтай 4116041988 нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг чөлөөлөхийг Т.Т д даалгаж шийдвэрлэв.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Я ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

10.Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч Т.Т  д 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гардуулан, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н  нарт үүргийг танилцуулж, эрхийг тайлбарлан өгч, Т.Н д 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хэргийн материалыг тус тус танилцуулсан байна. (хх-21-26, 47, 49)

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н  нь тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхэд аливаа хүсэлт ирүүлээгүй бөгөөд хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэгч Г.Я хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Я ийн өмчлөлийн Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ есөн зураа 29 гудамж, 03 тоот хаягт байршилтай 4116041988 нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг чөлөөлөхийг хариуцагч Т.Т д даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Я ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Т.Т аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Я д олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдо гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Д.МӨНХБҮРЭН