Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2022/00022

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, шүүгч Д.Отгончулуун, шүүгч Б.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.Н

Хариуцагч: Н.Ү

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 4,530,000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 10 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н,

хариуцагч Н.Ү,

хариуцагчийн өмгөөлөгч Ц.Х.,

гэрч Г.О,

иргэдийн төлөөлөгч Ш.Н. /онлайнаар/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н нь эхнэр А ийн хамт супер портер маркийн 6783ТӨВ улсын дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 20 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын төвөөс 30 боодол өвс худалдаж аваад гэр рүүгээ буцах замдаа мөн сумын 4 дүгээр багийн нутаг Цагаан хөтлийн баруун доод бэлд нь машин цасанд суугаад чирж чадахгүй байтал Приус-41 маркийн машин ирэхэд нь гар өргөж зогсоогоод эхнэрийг гэр рүүгээ явуулаад би машин дээрээ үлдсэн. Төд удалгүй араас машин ирэхээр нь гар өргөж зогсоогоод, машин цасанд суучихлаа гэж хэлтэл 3 залуу бууж ирээд түрээд гаргая гээд, Ү нь манай машиныг бариад, би нөгөө 2 залуутай түрэлцэж, машинаа цаснаас гаргасан. Гэтэл Ү гэх залуу тэр чигтээ миний машиныг бариад явчихсан. Би нөгөө 2 залуугийн машинд нь суугаад араас нь очиход ... миний машиныг жолоочийн талаар нь унагачихсан байсан. Тэнд байсан хүмүүстэй машинаа хамжиж босгоод асаах гэтэл миний машиныг асахгүй байсан.

Тэнд байсан жийп маркийн машинаар машинаа чирч гэрт аваачаад тавьсан...

Хохирлын хэмжээ бага тул хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэхээс татгалзаж, шийдсэн. Миний машинд 3,885,000 төгрөгийн хохирол учирсан. Миний машин авгайн мөнгөний түрийвч, түрийвчинд гараар цохиж хийсэн цэцгэн хээтэй алтан ээмэг, 7-8,000 төгрөг байснаа нэхэмжлэлгүй, машинд учирсан гэм хорын хохирлоо гаргуулахаар тохиролцоо хийсэн боловч өнөөг хүртэл төлөхгүй байгаа тул иргэний журмаар хохирлоо гаргуулах хүсэлтэй байна.

Иймд Н.Ү аас машинд учирсан хохирол болох 3,885,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 105,000 төгрөг, бичиг баримт хуулбарласан, нотариатын төлбөр 40,000 төгрөг, эрх зүйн туслалцаа авсны төлбөр 500,000 төгрөг, нийт 4,530,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Ү , хариуцагчийн өмгөөлөгч Ц.Х  нарын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 01 дүгээр сарын 27-нө өвлийн хүйтэнд машин нь цасанд суучихсан байсныг тэдэнд тус болох, амь насыг нь аврах гэж тус болсон. Машиныг цаснаас гаргаж явж байгаад онхолдуулсан нь үнэн. Тухайн үед машинд зүүн талын толь хагарсан, хөшөг нь эвдэрсэн, зүүн равч цөмөрсөн, зүүн талын хаалга гажиж онгойхгүй болсон байсан. Үүнийг гэрч Б, О нар гэрчилнэ. Машиныг чирж асаагаад Б.Н өөрөө унаад гэр рүүгээ явсан. Мотор нь эвдэрсэн бол яагаад ч асахгүй, явахгүй шүү дээ. Мөн 3 ширхэг нум хугарсан бол яагаад ч явахгүй. Үнэмшилтэй нэхэмжлэл гаргамаар байна. Осол болсон үеэс хойш 3 сарын дараа үнэлгээ хийлгэсэн нь эвдэрсэн зүйлээ бүгдийг оруулах нөхцөлийг бүрдүүлжээ. Тухайн үед эвдэрсэн хөмсөг, толь, зүүн талын аравч төлбөрийг төлж өгөх боломжтой. Тухайн үед эвдэрсэн зүйлсийг мэдэж байгаа. Үүнийхээ төлбөрийг төлөх боломжтой. Нэхэмжлэлд дурдсан 4,530,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Гэрч Г.О  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр бид сумаас гараад Зүүнбаян руу хариуцагчийн гэр рүү явж байхад цасан шуургатай байсан учир Цагаан хөтөл өгсөж байх замд нэг хүн ганцаараа машин нь цасанд суучихсан зогсож байсан. Ойр хавьд 10 километрийн зайд ямар ч айл байхгүй, түүнд туслах хүн байхгүй байсан учир тэр ахыг орхиод явж чадалгүй тусалсан. Бид машиныг нь цаснаас гаргаад, Н.Ү  машиныг нь цастай хэсгээс гарах хүртэл унаж яваад уруу хэсэгт гулгаад машин нь хажуу талаараа унасан. Бид машиныг нь босгоод асааж өгөөд явуулсан. Тухайн өдөр Д.Н гэх ахтай ярилцаж эвдрэл гэмтлийг нь төлж өгье гэж хэлсэн боловч хэрэггүй гэсэн. Машины кузовны дээд аравч нь хонхойж орсон, толь нь гэх мэт зүйл хугарсан байсан. Банк, аккумлятор эвдрэх нөхцөл байгаагүй. Магадгүй өмнө моторын эвдрэл байсан байх боломжтой гэв.

Иргэдийн төлөөлөгч Ш.Н  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Н.Ү  нь нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулах хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Н  нь хариуцагч Н.Ү д холбогдуулан тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 3,885,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 105,000 төгрөг, шүүхийн зардалд 40,000 төгрөг, эрх зүйн туслалцаа үзүүлсний төлбөр 500,000 төгрөг, нийт гэм хорын хохиролд 4,530,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. .

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохирлыг тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Ү аас гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зохигч талууд мэтгэлцсэн болно.

Хьюндэй портер маркийн 6783ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь нэхэмжлэгч Д.Н  байна. /хх-15/

2021 оны 01 дүгээр сарын 27-ны цасан шуургатай өдрийн 20 цаг 00 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтлийн баруун доод бэлд нэхэмжлэгч Д.Н ын хүсэлтээр цасанд суусан нь портер маркийн 6783ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч Н.Ү  жолоодож, цаснаас гаргаж яваад тээврийн хэрэгслийг унагааж, осол гаргасан болох нь шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргахгүй байна. /хх-1-3, 11-17, 46/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Эй жэй жэй эм ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хохирлын үнэлгээ, 2021 оны 2 дугаар сарын 22-ний өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Төв аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгчийн хохирогчоор Д.Н ыг тогтоосон мөрдөгчийн тогтоол, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, гэрчээр Н.Ү , Г.О , Б.Б  нараас мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, Осол гарсан замын байдал, фото зургууд, Төв аймгийн Дрокурорын газрын Прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 177 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, гомдлын хариу зэрэг бичгийн баримтуудын шүүхэд гаргажээ. /хх-6, 11-14,16-34/

Хариуцагч Н.Ү  нь тээврийн хэрэгслийг зогсоовол цасанд дахин суухаар байсан учраас толгой өөд өсөөд зогсох гэхэд хальтираад машин хажуу талаараа унасан, тухайн үед эвдрэл гэмтлийг нь засаж өгье гэхэд зүгээр гэж явуулсан, одоо тээврийн хэрэгсэлд ийм их хэмжээний эвдрэл гэмтэл гарсан гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, цасан шуурганд хээр хөдөө суусан хүнийг иргэнийхээ үүргийг биелүүлж тусламж үзүүлсэн, машин цаг агаар, байгалийн нөхцөлөөс болж халтирч гулссан, хохироох санаа байгаагүй, тухайн үед машиныг нь асааж өгөөд гэр рүү нь явуулсан байхад машин асахгүй, мотор цохисон зэргээр нэхэмжилж байгаа, мөн хууль зөрчиж гаргуулсан үнэлгээний баримтыг үндэслэлгүй гэж маргажээ.

Хохирлын үнэлгээг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Төв аймагт нэхэмжлэгч өөрөө хийлгэсэн гэж дүгнэлтэд бичсэн боловч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тухайн эвдрэлтэй тээврийн хэрэгсэл анхнаасаа асаагүй, нэхэмжлэгчийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах өвөлжөөнд байгаа гэж тайлбарлаж байгаа нь хоорондоо зөрүүтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаандгүй буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байна.

Дээрх хуулийн агуулгаас үзэхэд гэм хорын хариуцлага хүлээхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн эд хөрөнгөд гэм хор учирсан байх, үйлдэл /эс үйлдэхүй/ болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, түүний гэм буруу нь санаатай болон болгоомжгүй үйлдэл нь тухайн зохицуулалтын урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.

Өөрөөр хэлбэл, болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан буюу машиныг унагаж, эвдрэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байх хэдий ч тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл буюу хохирлын хэмжээг эс зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэжээ.

Хохирлын үнэлгээгээр Д.Н ын 6783ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийг 3,885,000 төгрөгөөр үнэлж, үнэлгээний төлбөрт 105,000 төгрөгийг төлсөн байх ба үнэлгээг өөрийн санаачлагаар хожим хийлгэсэн, үнэлгээ хийлгэхэд талуудыг байлцуулаагүй байх тул эрх бүхий байгууллагаас томилогдсон шинжээчийн дүгнэлт гэж дүгнэх боломжгүй юм.

Хариуцагч Н.Ү  нь тээврийн хэрэгслийн хөмсөг, толь, зүүн талын аравч эвдэрсэн, асаагаад унаад явсан машины мотор цохьсон болон бусад гэмтэл нь хариуцагчийн буруугаас болоогүй гэх татгалзлыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч няцааж, хариуцагчийн гэм буруутай үйлдлээс тухайн шаардаж буй хохирол бүхэлдээ учирсан, шалтгаант холбоотой болохыг нотолж чадахгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан тээврийн хэрэгслийн эвдрэлээс хариуцагч Н.Ү ын хүлээн зөвшөөрч байгаа эд ангийн зардлыг буюу зүүн хаалганы 150,000 төгрөг, аравч 150,000 төгрөг, кабин 105,000 төгрөг, нийт 405,000 төгрөгийн хохирлыг, мөн тухайн хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдон гарсан шүүхийн зардал буюу нотариат, архивын баримтын зардалд 40,000 төгрөг, нийт 445,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Гэрээний нөхцлүүдийн талаар талууд харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлж, өмгөөллийн хөлсийг тохиролцон гарын үсэг зурж, өмгөөлөгч Ш.Д д хөлс төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарахгүй, гэрээний талуудын эрхэд хамаарах тул шаардах эрх үүсээгүй байна гэж дүгнэж, өмгөөллийн хөлсөд шаардсан 500,000 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас 445,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 14,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ү аас 445,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,085,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Н  ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т хариуцагч Н.Ү аас 14,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХБҮРЭН

 

ШҮҮГЧИД                                Д.ОТГОНЧУЛУУН

 

Б.ТҮВШИНЖАРГАЛ