Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 129/ШШ2023/00587

 

 

 

 

 

 

 

 

                                               129/ШШ2023/00587

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  У хот, С дүүрэг . тоотод оршин суух Т овгийн М.Ц

Хариуцагч: А аймгийн Х сумын . багт оршин суух Б овгийн Г.О

Нэхэмжлэлийн шаардлага: 67 тооны мал гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М

Хариуцагчийн өмгөөлөгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл

Хариуцагч Г.О-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Г.О-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Г.О-д холбогдуулан 2022 онд өөрийн нэр дээр тоологдсон нийт 67 тооны мал гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  

 

М.Ц Б.Г-тай Архангай аймгийн Хангай суманд 2017 оны 7 сарын 07-ны өдрөөс хамт амьдарч 2017 оны 8 сарын 24-нд Г.А, 2019 оны 3 сарын 01-нд Г.М нар төрсөн. Б.Гэрэлтбаатартай хамт амьдарч байх хугацаандаа өөрсдийн өмчлөлийн мал, гэр оронтой болсон. Б.Г-ыг өвчний улмаас 2021 оны 9 сарын 11-нд нас барсны дараа хадам ээж Г.О манай гэр бүлийн бүхий л эд хөрөнгө, малыг өөртөө авч үлдсэн. М.Ц нь гэр бүлийнхээ хүнтэй хамт амьдарсан цагаасаа эхлэн мал дээр байсан бөгөөд Улаанбаатар явснаасаа хойш малаа маллаж, мал төлөлтийн үеэр туслалцаа үзүүлэх гэхээр хариуцагч Г.О энэ чиний мал биш, чи ямар хүү төрүүлсэн биш гэж хэлдэг байсан. 2022 оны малын А дансаар М.Ц миний өмчлөлд адуу-21, үхэр-16, ямаа-30, нийт 67 толгой мал тоологдсон боловч Г.О нь миний өмчлөлийн малыг шилжүүлж өгөхгүй дур мэдэн үр шимийг хүртэж миний өмчлөх эрхэд халдсаар байна. Иймд 2022 оны малын А дансанд М.Ц миний нэр дээр бүртгэгдсэн нийт 67 толгой малыг хариуцагч Г.О-н хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Ц нь Б.Г-ай хоёр жил амьдарч байгаад саллаа гээд Улаанбаатар хот руу явсан. Б.Г-р эхнэрээ авч ирэх гээд М.Ц-н араас Улаанбаатар хот руу явсан боловч 7 сард ганцаараа гутарсан байдалтай ирээд удалгүй 2021 оны 8 сард нас барсан. Би 5 тугалтай үнээ, 8 ишигтэй ямаа, 8 борлон зэргийг өөрсдийнх нь өмч болгон өгсөн. М.Ц нь манайд ирэхдээ ор дэр, авдар, тогооны шүүгээ зэрэгтэй ирсэн. Харин нэг ч толгой малтай ирээгүй.  Би талийгч хүү Б.Г-н нэр дээр дүү нарынх нь адууг тоолуулсан. Би М.Ц-с “67 толгой малд тоологдсон адуунууд чиний адуу биш, том хүүгийнхээ нэр дээр тоолуулсан, дүү нарын чинь адуу мөн байгаа” гэж асуусан. Тэгэхэд М.Ц “ээжээ би мэдэж байгаа. 31 толгой мал өгнө гэснийг зөвшөөрч байна” гэсэн хариу өгч байсан. Энэ хавар мал их хорогдсон. Хүү Б.Гэ-ыг нас барснаас хойш хүүгийнхээ өмч хөрөнгийг эхнэр М.Ц-х нь нэр дээр тоолуулсан. М.Цэ-н нэхэмжилсэн 67 тооны малаас одоо амьд байгаа нийт 31 толгой малыг өгөхийг зөвшөөрч байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: 

- М.Цэ-д холбогдох 2021, 2022 оны мал тооллогын лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.  

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-н хүсэлтээр Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 11 сарын 28-ны өдрийн 3/239 тоотоор ирүүлсэн Г.О-н 2021, 2022 оны мал, тэжээвэр, амьтад, хашаа худгийн тооллогын баримтыг шүүх бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Ц-йн хариуцагч Г.О-д холбогдуулан гаргасан 2022 онд өөрийн нэр дээр тоологдсон нийт 67 тооны мал гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.  

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

М.Ц Б.Г-ай Архангай аймгийн Хангай суманд 2017 оны 7 сарын 07-ны өдрөөс хамт амьдарч 2017 оны 8 сарын 24-нд Г.А 2019 оны 3 сарын 01-нд Г.М нар төрсөн. Б.Гэ-тай хамт амьдарч байх хугацаандаа өөрсдийн өмчлөлийн мал, гэр оронтой болсон. Б.Г-г өвчний улмаас 2021 оны 9 сарын 11-нд нас барсны дараа хадам ээж Г.О манай гэр бүлийн бүхий л эд хөрөнгө, малыг өөртөө авч үлдсэн. 2022 оны малын А дансаар М.Ц миний өмчлөлд адуу-21, үхэр-16, ямаа-30, нийт 67 толгой мал тоологдсон боловч Г.О нь миний өмчлөлийн малыг шилжүүлж өгөхгүй дур мэдэн үр шимийг хүртэж миний өмчлөх эрхэд халдсаар байна. Иймд 2022 оны малын А дансанд М.Ц миний нэр дээр бүртгэгдсэн нийт 67 толгой малыг хариуцагч Г.О-н хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:

 

М.Ц нь миний хүү Б.Г-тай хоёр жил амьдарч байгаад саллаа гээд Улаанбаатар хот руу явсан. Б.Г-р эхнэрээ авч ирэх гээд М.Цэ-йн араас Улаанбаатар хот руу явсан боловч 7 сард ганцаараа гутарсан байдалтай ирээд удалгүй 2021 оны 8 сард нас барсан. Би 5 тугалтай үнээ, 8 ишигтэй ямаа, 8 борлон зэргийг өөрсдийнх нь өмч болгон өгсөн. М.Ц нь манайд ирэхдээ ор дэр, авдар, тогооны шүүгээ зэрэгтэй ирсэн. Харин нэг ч толгой малтай ирээгүй. Би талийгч хүү Б.Гэ-ын нэр дээр дүү нарынх нь адууг тоолуулсан. Би М.Ц-с “67 толгой малд тоологдсон адуунууд чиний адуу биш, том хүүгийнхээ нэр дээр тоолуулсан, дүү нарын чинь адуу” гэхэд М.Ц “ээжээ би мэдэж байгаа. 31 толгой мална өгнө гэснийг зөвшөөрч байна” гэж байсан. Энэ хавар мал их хорогдсон. М.Ц-н нэхэмжилсэн 67 тооны малаас одоо амьд байгаа 31 толгой малыг өгөхийг зөвшөөрч байна гэжээ.  

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн М.Цэ-д холбогдох 2021, 2022 оны мал тооллогын лавлагаа, Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 11 сарын 28-ны өдрийн 3/239 тоотоор ирүүлсэн Г.О-н 2021, 2022 оны мал, тэжээвэр, амьтад, хашаа худгийн тооллогын баримт, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч М.Ц хариуцагч Г.О-д холбогдуулан өөрийн эзэмшлийн адуу 21, үхэр 16, ямаа 30 нийт 67 тооны мал гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагч Г.О “Би талийгч хүү Б.Гэ-ын нэр дээр дүү нарынх нь адууг тоолуулсан, адуу М.Ц-х биш. Энэ хавар мал их хорогдсон. М.Ц-н нэхэмжилсэн 67 тооны малаас одоо амьд байгаа 31 толгой малыг өгнө” гэж маргаж байна.

 

2022 оны мал тооллогоор М овогтой Ц ямаа 30, үхэр 16, адуу 21 нийт 67 тооны мал тоолуулсан болон одоо уг малыг Г.О маллаж байгаа үйл баримттай хариуцагч маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч М.Ц 2021 онд адуу 24, үхэр 14, ямаа 32 нийт 70 толгой мал, 2022 онд адуу 21, үхэр 16, ямаа 30, нийт 67 тооны мал тоолуулсан нь мал тооллогын лавлагаагаар тогтоогддог.

 

Хариуцагчийн өмгөөлөгч 2023 оны 11 сарын 21-ний өдөр “хорогдсон малын тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгөх”-өөр хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан боловч 2023 оны 11 сарын 30, 2023 оны 12 сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд дээрх нотлох баримтыг гаргаж өгөөгүй, нотлох баримт гаргаж өгөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар хүсэлт нотлох баримт өгөөгүй.

 

Иймд хариуцагч талыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах” үүргээ хэрэгжүүлээгүй буюу хариуцагч Г.О нь “М.Ц-н нэр дээр тоологдсон малаас хорогдсон, дүү нарынх нь адуу тоологдсон. Одоо 31 тооны мал байгаа” гэсэн үйл баримтыг нотлох баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэгч М.Ц 2022 онд адуу 21, үхэр 16, ямаа 30, нийт 67 тооны мал тоолуулсан нь мал тооллогын лавлагаагаар тогтоогддог, өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Г.О-с адуу 21, үхэр 16, ямаа 30, нийт 67 тооны мал гаргуулж нэхэмжлэгч М.Ц-д олгох нь зүйтэй.

 

6. Хариуцагч Г.О “нэхэмжлэгч М.Ц-той эвлэрэх хүсэлттэй тул шүүх хуралдааныг хойшлуулах”, О.Г “Г.О-н даралт ихдэж, хамраас нь цус гарч эмнэлэгт хэвтсэн учир шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлтийг тус тус гаргасан.

 

2023 оны 11 сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд зохигч эвлэрээгүй, энэ шүүх хуралдаанд хариуцагч Г.О эвлэрэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгчийн төлөөлөгч зөвшөөрөөгүй, тэрээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно. О.Г хэргийг оролцогч биш тул түүний хүсэлтийг шүүх хэлэлцэхгүй.

 

7. Хариуцагч Г.Он 2021, 2022 оны мал, тэжээвэр, амьтад, хашаа худгийн тооллогын баримт нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтад хамааралгүй тул үнэлээгүй.

 

8. Нэхэмжлэгч М.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагч Г.О-с 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Г.О-с адуу-21, үхэр-16, ямаа-30, нийт 67 тооны мал гаргуулж нэхэмжлэгч М.Ц-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч М.Ц улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Г.О-с 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид шүүх гардуулах ба гардуулах боломжгүй бол хүргүүлж, ийнхүү хүргүүлснийг гардан авсанд тооцохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА