| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорждэрэмийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 147/2018/00558/и |
| Дугаар | 04 |
| Огноо | 2019-03-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 04
2019 оны 03 сарын 29-ний өдөр Дугаар 122/М/2019/0004 Баруун-Урт
Б.Эын нэхэмжлэлтэй, Д.Нд
холбогдох иргэний хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэбаатар
Хариуцагч Д.Н
Нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 56 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарын давж заалдах гомдлоор Б.Эын “эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 4608000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй Д.Нд холбогдох, Д.Нгийн “эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 3985000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй Б.Эд холбогдох иргэний хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, “Эрдэнэмандал” хийдийн баруун урд талын 4 замын гол замаар зүүн талаас баруун чиглэлд өөрийн Toyota Prius-20 маркийн машинтай явж байтал баруун гар тал буюу туслах замаас хар өнгийн “Honda insight” маркийн 57-71 УНЯ улсын дугаартай машин хурдтай орж ирж мөргөлдсөн. Холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгаад Д.Нг буруутай гэдгийг тогтоосон. Гэтэл өдий хүртэл миний хохирлыг барагдуулахгүй байна. Иймд миний эд хөрөнгөд учирсон хохирол 4 608 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Миний бие уг хэрэгт нэхэмжлэгч Б.Эын хүсэлтээр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Б.Э нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, “Эрдэнэмандал” хийдийн баруун урд талын 4 замын гол замаар зүүн талаас баруун чиглэлд өөрийн Toyota Prius-20 маркийн машинтай явж байтал баруун гар тал буюу туслах замаас хар өнгийн “Honda insight” маркийн 57-71 УНЯ улсын дугаартай машин хурдтай орж ирж мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Зөрчлийн хэргийн материалаас үзэхэд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, техникийн шинжээчийн дүгнэлт, хохирлын үнэлгээ, прокурорын тогтоол зэрэг хуульд заагдсан журмаар цугларсан нотлох баримтуудаар тухайн үед Д.Нгийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан болох нь нотлогдсон тул хариуцагч Д.Нгоос тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд 4 608 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018.10.05-ны өдөр Баруун-Урт сумын “Эрдэнэмандал” хийдийн баруун урд талын 4 замын уулзварт “Honda insight” маркийн 57-71 УНЯ улсын дугаартай машиныг жолоодож хойноосоо урагшаа чиглэлтэй, бага хурдтай явж байсан бөгөөд 2 талаас машин байхгүйг хараад гол зам руу ортол гол замаас Toyota Prius-20 маркийн 63-18 СҮЭ улсын дугаартай машин хурдтай ирж мөргөн зам тээврийн осол гаргаж намайг болон миний хажууд сууж явсан хүнийг гэмтээсэн. Осол маш богино хугацаанд болсон. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ туслах замаас орсон машин хурдтай явснаас гол замын машиныг мөргөсөн гэж үйл явдлыг гуйвуулан худал бичсэн байна. Б.Эын зүгээс намайг буруутай, төлбөр мөнгө өг гэж янз бүрээр ярьж, дарамтлах үйлдэл удаа дараа гаргаж байгаа. Toyota Prius-20 маркийн машины хувьд 2004 онд үйлдвэрлэгдэж, 2013 онд орж ирсэн, нилээдгүй хугацаагаар ашиглагдсан машин байсан. Миний зүгээс зохицоод даатгалаар шийдүүлээд 2 000 000 төгрөгийг өгье гэхэд Б.Э нь зөвшөөрөөгүй бөгөөд тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 4 608 000 төгрөг болсон гэж дээрх мөнгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Осол болох үед миний унаж явсан машин гол замын голд, Prius-20 маркийн машины үзэгдэх орчинд орсон байсан. Toyota Prius-20 маркийн машины жолооч тухайн үед тормос гишгээгүй, дуут дохио өгөөгүй, хурдаа хасаагүй. Цагдаад зорчигчдоо суудлын бүс зүүлгэсэн, тормос гишгэсэн гэж худал мэдүүлэг өгсөн байсан. Осол гарсан үеийн зургаас харахад Toyota Prius-20 маркийн машины жолооч хурд хэтрүүлсэн үйлдэл тодорхой харагдаж байна. Урдаа байгаа машиныг харахгүй мөргөсөн учир жолооч согтуу, техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй, хурд хэтрүүлсэн гэж үзэж байна. Миний унаж явсан “Honda insight” маркийн 57-71 УНЯ улсын дугаартай машин бол манай найзын машин. 2009 онд үйлдвэрлэгдсэн, Монголд 2018 онд орж ирсэн, аваад сар гаруй болж байсан. Эвдрэлийг Сүхбаатар аймагт оношлохгүй гэсэн тул хот руу явуулж оношилгоо, үнэлгээг хийлгэсэн. Эвдрэл нь Toyota Prius-20 маркийн машинаас их байх бөгөөд үнэлгээгээр тогтоогдсон 3 985 000 төгрөгийг Б.Эаас гаргуулан хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэбаатар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Д.Н сөрөг нэхэмжлэл гаргасан үндэслэлээ Б.Эыг 2018.10.05-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хурд хэтрүүлсний улмаас зам тээврийн осол гаргасан гэж тайлбарлаж байна. Toyota Prius-20 маркийн 63-18 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол осол одоо зарагдсан. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, техникийн шинжээчийн дүгнэлт, хохирлын үнэлгээ, прокурорын тогтоол зэрэг хуульд заагдсан журмаар цугларсан нотлох баримтуудаар тухайн үед Д.Нгийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан болох нь нотлогдсон. Д.Н нь өөрийнхөө үйлдлийг зөвшөөрөхгүй тохиолдолд зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн шийдвэрт хуульд заагдсан үндэслэлийн дагуу гомдлоо гарган шийдвэрлүүлэх боломжтой байсан. Иймээс хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш, хариуцлага гарцаагүй байх зарчмын хувьд Д.Нгийн зүгээс гаргаж буй сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 56 дугаар шийдвэрт: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Зуутраг овогт Даваагийн Номингоос бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 3 686 400 /гурван сая зургаан зуун наян зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 921 600 төгрөг, Д.Нгоос Б.Эд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжинд 88 678 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Д.Нгоос улсын тэмдэгтийн хураамжинд 73 933 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгох, Д.Нгоос сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78 710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч талууд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэбаатар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Б.Э Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна хэмээн зөрчлийн хэрэгт гэм буруутай мэтээр дүгнэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүрэн дүүрэн судлаагүй, хэт нэг талыг барьсан хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Учир нь тухайн үед Б.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан давуу эрхээ эдэлж гол замаар явж байсан. Шүүхийн дүгнэснээр аюул саад болохыг тухайн үед мэдэх боломжгүй байсан, тухайн зам тээврийн осол нь Д.Н гэгчийн шууд буруутай үйлдлийн улмаас болсон гэж үзэж байна. Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх нөхцөл байдлууд нь тогтоогдсоор байтал анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т заасныг үндэслэн хохирлын хэмжээг 20 хувиар бууруулсан нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан, хэргийн нөхцөл байдалд бодитой хууль зүйн дүгнэлт өгөөгүй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн 147 дугаартай шийдвэрийн хохирлын хэмжээг 20 хувиар бууруулсан үндэслэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариу тайлбарыг дэмжиж байгаа бөгөөд анхан шатны шүүхэд хуульд заасан нотлох баримтыг үнэлээгүй, хуулийн зарим заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Д.Нгийн хувьд эд хөрөнгийн дахин үнэлгээг Б.Эын Тоёото прус 63-18 СҮЭ дугаартай машинд хийлгэх хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн хэдий ч хүлээн аваагүй дахин хийх боломжгүй машиныг худалдсан байна. Ингэснээрээ шүүх ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.3 шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй хэдий ч анхны үнэлгээ буюу 4608000 төгрөгөөр шууд үнэлсэн. Найман жил ашигласан машины хувьд зах зээлийн үнээс өндрөөр үнэлсэн байна. Мөн Д.Н нь Бүдийг гэрчээр оруулах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй байна. Учир нь Д.Нгийн хажууд сууж явсан. ИХШХШТХ-ийн 43 дугаар зүйлийн 43.1. хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно. Иймд тухайн үйл явдлыг сайн мэддэг гэрчийг оруулах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй байна. Мөн иргэний хэргийн маргааны зүйл болох машиныг хэрэг хянан шийдвэрлэгдээгүй байхад Б.Э нь бусдад 3 сая төгрөгөөр худалдсан гэж хуралд тайлбар өгсөн байдаг. Маргааны зүйлийн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь өөрчлөгдсөн байхад нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих бадлыг шүүх бий болгосон байна. Д.Нгийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй, зөвшөөрлөөр гэдэг нь нотлогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгосон байгаа нь шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг огтоос үнэлж үзээгүй байна. Учир нь Хюндай Инсайт машины эзэмшигч, ашиглагч нь Д.Н байгаа нь жолоочийн хариуцлагын даатгал болон зээлийг нь шилжүүлсэн баримт уг машиныг засвар хийсэн баримтууд болон одоо унаж ашиглаж байгаагаар нотлогдоэ байгаа. Өмчлөгчөөс гадна эзэмшигч, ашиглагч бас нэгэн адил өөрт учирсан эд хөрөнгийн хувьд хохирлоо барагдуулах нь зүйтэй байхад хэрэгсэхгүй болгосон байна. Б.Эын хувьд машиныг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэг баримт, тухайн машиныг засуулсан баримт яг тэр автомашины өндөр үнэлгээ гаргуулсан, тэр үнэлгээнийхээ дагуу засуулсан хуульд заасан баримтуудад үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ёстой байсан хэдий ч зөвхөн нэхэмжилсэн хэмжээг баримтгүйгээр шийдвэрлэсэн байна. Хуульд зааснаар албан ёсны орлого, зарлагын баримт материалууд байх ёстой хэдий ч тэгээгүй байна. Д.Н нь зөрчлийг шалгасан цагдаа нь нотлох баримт цуглуулахдаа осол болох үед техникийн талаар хурд хэмжих, мөн жолоочийг согтууруулах ундаа, мансуурах бодисыг шалгаагүй шууд намайг буруутай гэж үзсэн нь нотлох баримт хангалтгүй гэж үзсэн болохоос шууд нэхэмжлэгчийг согтуу гэж хэлээгүй. Мөн миний машины хурд 20 км цагийн хурдтай, хоёр талаа хараад төв замын хөдөлгөөнд орсон гэдгээ ярьсан болно. Д.Нгийн удаа дараа тавьсан нэхэмжлэгчийн машинд дахин үнэлгээ хийлгэх, гэрчийг оролцуулах зэрэг хүсэлтүүдийг шүүх хүлээж аваагүйгээр шийдсэн, хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж үзээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 3985000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахгүй байна.
Нэхэмжлэгч Б.Э “Д.Нгоос эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 4608000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл шүүхэд ирүүлснийг хариуцагч Д.Н “их хэмжээний мөнгө нэхэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Харин хариуцагч Д.Н “ төв замыг машингүй байхад 20 км/ц-ийн хурдтай туслах замаас төв зам руу ороход гол замаас Prius 20 маркийн машин хурдтай ирж манай машиныг мөргөж 3985000 төгрөгийн хохирол учруулсан тул Б.Эаас гаргуулж өгнө үү” гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэбаатар “Д.Нгийн буруугаас болж зам тээврийн осол гарсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэжээ.
Жолооч Д.Н нь “2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Эрдэнэмандал” хийдийн баруун урд талын 4 замын уулзварт хойноосоо урагш чиглэлтэй туслах замаар Honda insight” маркийн 57-71 УНЯ улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 2.3б -д “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Б.Эын зүүн талаасаа баруун зүгт чиглэн гол замаар жолоодож явсан “Toyota Prius-20” маркийн 63-18 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учруулж, зам тээврийн осол гаргасан болох нь хэрэгт цугларсан зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, техникийн шинжээчийн 67 дугаар дүгнэлт зэргээр нотлогдож байна. /хх 4-8/.
Цагдаагийн газраас хариуцагч Д.Нгийн энэхүү зам тээврийн осол гаргасан зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар түүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. /хх-3,15/
Хариуцагч Д.Н нь энэхүү зөрчлийн талаар маргаагүй бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд торгох шийтгэлийг хүлээн зөвшөөрч, биелүүлсэн талаар тайлбар гаргажээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ц.Э нь тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхгүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагчаас шаардах эрх үүсчээ.
Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “А” ХХК нь нэхэмжлэгчийн Тоyota Prius-20 маркийн 63-18 СҮЭ дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорыг хуучин байдалд нь сэргээхэд гарах шууд ба шууд бус зардлыг 4608000 төгрөгөөр үнэлсэн нь автомашин техникийн үнэлгээний 436 дугаар тайлангаар нотлогдож байна.
Хариуцагч дээрх үнэлгээний дүнг эс зөвшөөрч, дахин үнэлгээ хийлгэх талаар гомдол гаргаагүйн зэрэгцээ шүүх хуралдаанд “үнэлгээний төлбөрийг өөрөө төлсөн тухай” тайлбар гаргасан нь үнэлгээний тайланг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. /хх 9-12/
Техникийн тусгай мэдлэг бүхий мэргэжлийн техникийн шинжээч нь “... жолооч Б.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлтийг хийсэн байхад анхан шатны шүүх “Б.Эыг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн нь учрах хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн гэж буруу дүгнэлт хийж Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүйгээр 921600 төгрөг хасаж шийдвэрлэснийг зөвтгөн шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хариуцагч Д.Н нь өөрийн жолоодож явсан “Honda insight маркийн 57-71 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирол 3985000 төгрөгийг Б.Эаас гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргасан боловч, хариуцагчийн буруутай үйлдлээс гэм хор учирсан болохыг нотлоогүй, түүнээс гадна тухайн автомашин нь хэний эзэмшлийнх болох талаар нотлох баримт ирүүлээгүй байна. Иймд анхан шатны шүүх “Д.Нг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Б.Э нь Х.Эрдэнэбаатарт 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 3 сарын хугацаатай шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон боловч, түүний итгэмжлэлийн хугацаа дууссанаас хойш 8 хоногийн дараа давж заалдах гомдол гаргасан нь Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-д “төлөөлөл нь бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаа дууссанаар дуусгавар болно” гэсэн заалттай нийцэхгүй байна.
Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэбаатарын давж заалдах гомдлоор шүүх хэргийг хянан хэлэлцэх боломжгүй юм. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бгийн давж заалдах гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзлээ. /хх-37,91/
Анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэх тухай захирамждаа нэхэмжлэлийн шаардлагыг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг зөвтгөж, зөрчлийн хэрэг гэж нэхэмжлэгчээс 88678 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.
Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхээр дүгнэлт хийсэн учраас анхан шатны шүүхийн хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийн дүн 88678 төгрөг болж өөрчлөгдсөнийг дурдах нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэбаатарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бгийн давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй байх тул тэдгээрээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг.Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 56 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт дараах дараах өөрчлөлтийг оруулсугай.
1.1. Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Зуутраг овогт Даваагийн Номингоос бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 3 686 400 /гурван сая зургаан зуун наян зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 921 600 төгрөг, Д.Нгоос Б.Эд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Нгоос бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 4608000 /дөрвөн сая зургаан зуун найман мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, Д.Нгийн “Б.Эаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 3985000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсүгэй.
1.2. Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжинд 88 678 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Д.Нгоос улсын тэмдэгтийн хураамжинд 73 933 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгох, Д.Нгоос сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78 710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 88678 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Д.Нгоос улсын тэмдэгтийн хураамжид 88678 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, Д.Нгийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилсүгэй.
Хоёр. Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэбаатарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Дөрөв. Нэхэмжлэгч Б.Эын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27000 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78710 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БААТАРСҮХ
ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ
Д.БАЙГАЛМАА