Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 110/ШШ2023/0030

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Д.С

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хоорондын  газрын маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Айбек, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Б, орчуулагч Б.Арманбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Бахытбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1. Нэхэмжлэгч Д.С нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан, “Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 700 м.кв газрыг эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг аймгийн Засаг даргад, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж  маргасан байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

2.1. Миний бие Д.С нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Анх 2012 онд Буянт сумаас Өлгий сумын 5 дугаар багт байршилтай ах Д.М хашааны урьд талд байсан эзэнгүй 700 м.кв газрыг эзэмшилдээ авч, хашаа татаж, 2 давхар байшингаа барьсан юм. Одоогоор 11 дэх жилдээ оршин сууж байна.

2.2. 2017 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдааны 32 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар уг газарт кадастр гаргуулж авсан юм. Тус газарт газрын эзэмшлийн гэрчилгээ авахаар 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өргөдөл гаргасан юм.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны ээлжит 5 дугаар хуралдааны 32 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай үйлдвэр, үйлчилгээний газрыг дуудлага худалдаанд оруулан баталж тогтоол гаргасан.

2.3. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хүмүүс нь хөршүүд болох Өлгий сумын 3 дугаар сургууль, Өлгий сумын 5 дугаар цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уг газрыг надад эзэмшүүлэхээр тохиролцож тэмдэглэл үйлдсэн. Дараа нь надаас бас нэмэлт материал гаргуулж аваад газар эзэмшүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамжийн төсөл гарган аймгийн Засаг даргын Тамгын газарт өгсөн. Тухайн  үед аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Т нь дараа жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаад ир гэж Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар руу явуулсан. Уг байгууллага нь газрын гэрчилгээ олгохгүй байна.

2.4. Тухайн үед аймгийн Засаг дарга А.Г нь газар эзэмшүүлэх  тухай захирамжийн төслийг  “Өлгий сумын 5 дугаар цэцэрлэгийн эзэмшил  газрын баруун  талд залгаа байршилтай 700 м.кв газрыг Буянт сумын 3 дугаар баг, Өмнө голд оршин суугч Д.С 50 жилийн хугацаатай олгосугай” гэж гаргасан байсан ба уг захирамжид он, сар, өдөр бичигдээгүй, Засаг даргын гарын үсэг, тамга тэмдэг дарагдаагүй байсан юм. Мөн кадастрын зургийг гаргаж өгсөн боловч одоо хүртэл захирамжийг албан ёсоор гаргаж өгөхгүй, гэрчилгээ бичиж өгөхгүй байна. 2017 онд кадастрын зураг гаргаж өгсөн тул би захирамж гаргаж өгнө гэж бодож явж байсан юм.

2.5. 16 наснаасаа эхэлж мал маллаж, малчин байсан. Би Буянт сумын “Улаан толгой” гэх газарт өвөлжөө, хаваржаа, хадлангийн талбайтай. Дараа нь 2012 онд хүүхдүүдээ аймгийн төвд сургахаар болж Өлгий сумын 5 дугаар  багт байшин барьсан. Уг өргөдлийг маань Х.Т гэх дарга “та хууль бусаар байшин барьсан” гэж захирамж гаргаж өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

2.6.  Тухайн газрын талаар эхлээд ямар ч мэдээлэлгүй байсан. Төрсөн ах Д.М газар гэж бодож байшин барьсан байсан. Дараа нь зээл авахад банкнаас газрын гэрчилгээ шаардахад газрын гэрчилгээ авах гэхэд газрын гэрчилгээ олгоогүй.

2.7. Иймд Өлгий сумын 5 дугаар баг, 3 дугаар сургуулийн доод тал, 5 дугаар цэцэрлэгийн дээд талд байршилтай 700 м.кв газрыг эзэмшүүлэх захирамж гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү.

 3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийг дэмжиж байна. Нэхэмжлэгч маань одоо хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээ авч чадаагүй байгаа нь түүнийг эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  өргөдөл гаргасан боловч хариуг нь авч чадаагүй байгаа. 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр захирамж гаргуулах тухай Засаг даргад өргөдөл гаргаж, шийдвэрлэх боломжгүй гэх хариу авсан байдаг. Тухайн газарт кадастрын зураглал хийж баталгаажуулсан.  2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Газрын албанд захирамж гаргуулах талаар хүсэлт гаргаж байсан. Мөн хөрш айлуудаар гарын үсэг зуруулж байсан.

 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

4. Хариуцагч аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 50 дугаартай тогтоолоор батлагдсан “Өлгий хотын хөгжлийн ерөнхий  төлөвлөгөө”-ний газар нутгийн үүргийн зориулалт, бүсчлэлийн  төрлөөр  маргаан бүхий  газар нь олон нийт үйлчилгээний бүсэд хамрагдаж байгаа ба тухайн байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох боломжгүй юм.

4.2. Түүнчлэн иргэн Д.С нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд  заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж тус тус заасныг зөрчин эрх бүхий этгээдээс ямар нэг шийдвэр гараагүй байхад хууль бусаар байшин барилга барьж газар эзэмшиж ашиглаж байгаа нь хууль бус үйлдэл юм.

4.3. Нэхэмжлэгч нь 2018 онд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр тусгагдсан гэж захирамжийн төсөл ирүүлсэн. Тухайн үед хянаж үзэхэд, тухайн газар нь 2014 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоолоор батлагдсан “Өлгий хотын ерөнхий төлөвлөгөө”-тэй бүсчлэлийн хувьд зөрчилтэй байсан нь харагдсан. Тухайн газар нь төлөвлөгөөний дагуу “олон нийт үйлчилгээний газар”-т хамаарч байсан.

Тиймээс нэхэмжлэгчид уг газрыг гэр бүлийн хэрэгцээний гэх зориулалтаар эзэмших боломжгүй гэх хариуг өгч байсан. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийг зөрчсөн. Нэхэмжлэгч нь хууль ёсны шийдвэргүй, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй, хууль бусаар байшин барьж, газар эзэмшиж, ашиглаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “үндсэн үүрэг”-ээ сахин биелүүлээгүй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1. Тус нэхэмжлэл гаргасан газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байгаа тул Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” заасныг зөрчиж байгаа учраас шийдвэрлэх боломжгүй.

5.2.  Нэхэмжлэгч нь анхнаасаа хууль зөрчиж газар авч барилга, байгууламж барьсан. Энэ утгаар нэхэмжлэгчийн буруу гэдэг нь ойлгомжтой. 2012, 2018 онуудад манай байгууллагад хүсэлт гаргасан. Хүсэлтийг судалж, уг газрыг гэр бүлийн хэрэгцээнд олгоё гэх утгаар аймгийн 2018 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж, захирамжийг төлөвлөж аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн.

Нэгэнт Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн тул захирамж гарсныг асуух, гаргаж өгөхийг шаардах эрх байхгүй. Нэхэмжлэгч нь 2019 онд дахин хандахад бид төлөвлөгөөнд дахин оруулахад Засаг даргын зөвлөлөөс хасагдсан. Тухайн газарт байшин барьсан нь ерөнхий төлөвлөөгөө зөрчсөн нь үнэн байсан. Гэхдээ бид тухайн газарт байшин, барилга барьсан байсан тул нэг удаа төлөвлөгөөнд оруулъя гэхэд ийнхүү хоёр дахь удаагаа хасагдсан.

5.3. Засаг даргын зөвлөлөөс нэхэмжлэгчид газар олгох боломжгүй гэсэн тул дахиж оруулаагүй юм. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлагдаж, түүгээр уг газрыг “олон нийтийн үйлчилгээний бүс” гэж тогтоосон байгаа тул одоо дахиж гэр бүлийн хэрэгцээнд гэж оруулах боломжгүй болсон байгаа. 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь тухайн онд хүчин төгөлдөр, харин одоо хүчин төгөлдөр бус байгаа гэж ойлгож болно. Дараагийн жилийн төлөвлөгөөнд оруулж байж шийдвэрлэхгүй бол боломжгүй байгаа.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан “Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 700 м.кв газрыг эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг аймгийн Засаг даргад, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус даалгах” шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч маргаан бүхий газарт эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүйгээр  2012 оноос хойш  2 давхар байшин барьж, хашаа татаж амьдарч байгаа бөгөөд  тэрээр 2018, 2021  онуудад эрх бүхий байгууллагуудад тухайн газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх хүсэлтээ гаргасан байх ба уг хүсэлтийн дагуу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эрх бүхий албан тушаалтнаас  хөршүүдийн  зөвшөөрлийг авч тэмдэглэл үйлдсэн, мөн уг байгууллагаас газар олгох тухай захирамжийн төслийг боловсруулан аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байх боловч аймгийн Засаг даргаас захирамж албажиж гараагүй байна.

Дээрх  үйл баримтууд нь хэрэгт авагдсан  2005, 2014, 2017, 2018-2023 онуудын Google Earth программаас татсан зураг, кадастрын мэргэжилтний 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Хөршүүдтэй хийсэн тэмдэглэл”, кадастрын зураг, нэхэмжлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гаргасан “Газар эзэмших, ашиглахыг хүссэн иргэний өргөдөл”, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний  өдрийн   аймгийн Засаг даргад хандаж гаргасан өргөдөл, аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны өргөдөл, гомдол гаргагчийн бүртгэлийн 253 дах хэсэг, шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

3. Хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа “... маргаан бүхий газар нь хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд болон энэ жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар иргэдэд эзэмшүүлэхээр тусгагдаагүй, зөвшөөрөлгүй байшин барьж, хашаа татсан тул 2018 онд зөвшөөрөл олгогдоогүй, нэхэмжлэгч нь үүнээс өөр 2 газар эзэмшиж байгаа,  Засаг даргын Тамгын газрын даргын болон Тамгын газрын харьяа бүх хэлтсийн дарга нар нэгэн зэрэг зөвшөөрөл олгосон тохиолдолд аймгийн Засаг даргын захирамж гардаг ” гэж тайлбарлан маргажээ.

4. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 31 дүгээр зүйлийн 31.1-т “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна”, 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33 дугаар зүйлийн 33-т “1.Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заасан.

5. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд, иргэний гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхийг хүссэн газар нь сул чөлөөтэй газар байх, уг газар нь газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд бусдад гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр тусгагдсан байх шаардлагыг хангасан тохиолдолд тухайн шатны Засаг дарга уг газрыг эзэмшүүлэх шийдвэрийг гаргах асуудлыг хуульчилжээ.

 6. Энэ маргааны хувьд, нэхэмжлэгчийн 90,9 м2  талбайтай өвлийн сууцны  доорх 24,8 м2  талбай бүхий газар нь  “Эрчим” ХХК-ийн эзэмшлийн газартай  давхцсан  боловч “Эрчим” ХХК нь энэ талаар маргахгүй гэдгээ шүүхэд бичгээр илэрхийлсэн, бусад газар нь сул чөлөөтэй газар, уг газрыг нэхэмжлэгчээс 2018 онд эзэмшүүлэх тухай хүсэлт гаргах үед тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар иргэнд эзэмшүүлэхээр тусгагдсан нь Баян-Өлгий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны 32 дугаар тогтоолоор баталсан “2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах тухай” 32 дугаар тогтоолын хоёрдугаар  хавсралтын “в” хэсгийн холбогдох хэсэг, “Эл эм ланд” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2023/27 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7. Дээрх  нөхцөл байдлуудаас дүгнэхэд,  нэхэмжлэгчид 2018 онд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар  маргаантай  газрыг олгоход шаардагдах хуулийн шаардлагууд хангагдсан,  тухайн газрыг эзэмшүүлэх хууль зүйн үндэслэл бүрэн бүрдсэн  байжээ.

           

             8. Түүнчлэн, хариуцагчаас   “... зөвшөөрөлгүйгээр байшин барьж, хашаа татсан”, “... Засаг даргын Тамгын газрын  дарга болон бусад бүх хэлтсийн дарга нар зөвшөөрөл өгсөн тохиолдолд захирамж гардаг”, “... хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй”  гэх үндэслэлүүд нь иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар олгохоос татгалзах   хуульд заасан үндэслэлүүд биш,  дээрх  үндэслэлүүдээр нэхэмжлэгчид газар олгох шийдвэр гаргаагүй хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд үүний улмаас  түүний гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигджээ.

            9. Мөн хариуцагчдаас “... энэ жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий газрыг иргэдэд эзэмшүүлэхээр тусгаагүй” гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчид захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас 2018 онд олгогдох ёстой газар олгогдоогүй, түүний газар эзэмших эрх нь 2018 оноос хойш зөрчигдөн байх тул хариуцагчийн тайлбарлаж буй энэ үндэслэлээр  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.

            10. Нэхэмжлэгч нь Буянт сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/124 дугаартай “Үргэлжлүүлэн газар эзэмшүүлэх тухай” захирамжаар  талийгаач эцэг Ж.Д Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Цагаан хад” нэртэй газарт орших 700 м2 газрыг өвөлжөө, хаваржааны  зориулалтаар, мөн Буянт сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/78 дугаар “ Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг эзэмшүүлэх тухай” захирамжаар 3 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Мушгуу улаан толгой” нэртэй газарт орших 700 м2 газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдаж байгаа ба дээрх газруудыг нэхэмжлэгчид цаг хугацааны хувьд 2018 оноос хойш эзэмшүүлсэн, эцэг Ж.Д эзэмшлийн газрыг Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар хууль ёсны өв залгамжлагчийн хувьд эзэмшсэн, маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргах үед буюу 2018 онд  нэхэмжлэгч нь хуульд заасан төрөөс үнэ төлбөргүйгээр нэг удаа 700 м2 газар эзэмших эрхийн  хүрээнд өөр  газар эзэмшиж байгаагүй болох нь тогтоогдсон.

           11. Иймд нэхэмжлэгч нь  маргаан бүхий газарт тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулж, байшин, хашаа, хороо барьж  11 жил амьдарсан, тухайн газар нь 2018 онд газар байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар тусгагдсан, сул чөлөөтэй газар тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэн Газрын тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасан “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ”, 23 дугаар зүйлийн 23.3.7-т  заасан “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох” гэснийг тус тус үндэслэн  нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг олгох шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад, уг шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын даргад тус тус даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 23 дугаар зүйлийн 23.3.7, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 700 м.кв газрыг эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг 

тайлбарласугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   З.ГҮЛБАРША