Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 84

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч Ц.Наранбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зээрднүүд овгийн  Ц.Н-д холбогдох эрүүгийн 1730000400034 тоот хавтаст хэргийг 2017 оны 09 сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн,  Зээрднүүд овгийн  Ц.Н 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

            Шүүгдэгч Ц.Н нь Сүхбаатар аймгийн Асгат сумын төвөөс зүүн хойд зүгт Хар Хошуу гэх газар 2017 оны 08 дугаар сарын 02-ны орой 21 цагийн орчимд мотоцикл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а-д заасан “тухайн тээврийн хзрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Т.Соёл-Эрдэнийн эрүүл мэндэд  хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  - Шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн санни маркийн улсын дугааргүй мотоциклтой Асгат сумын төвөөс хойд зүгт 10 орчим км-т “Хар хошуу” гэх газарт найз Соёл-Эрдэнийн хамт айл руу хувийн ажлаар 21 цаг өнгөрч байхад явсан. Гэнэт зүүн гар талаас үхэр давхиад орж ирээд мөргөлдөж мотоциклтойгоо унасан. Нэг мэдэхэд газар хэвтэж байсан, босох гэсэн боловч босож чадахгүй байхаар нь утсаар ярьж Сумъяазагд, Ганзориг, Дашбалбар нар ирж  бид хоёрыг Асгат сумын төв рүү авч явсан. Тухайн үед 60 орчим км цагийн хурдтай явж байсан, хамгаалах малгай, каск огт байхгүй байсан, мотоцикл жолоодох А ангиллын эрхийн үнэмлэхгүй гэв.

            -Хохирогч Т.Соёл-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 08 дугаар сарын 02-ны орой 19 цагийн орчимд Наранбаярын хамт хөдөө айл руу явж гэрийн түлхүүр авчирч ирье гэж гуйсан чинь зөвшөөрч сумын төвөөс хойд зүгт 10 гаруй км явсан юм. Айлдаа очиж түлхүүрээ авчхаад буцаж явж байхад ... зүүн гар талаас үхэр орж ирээд мөргөлдсөн. Наранбаяр бид 2 мотоциклийн хамт унасан. Үүнээс хойш юу болсныг санахгүй байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ослын улмаас миний толгой гэмтэж хүнд гэмтэл учирсан, зүүн гарын шууны хугарал, баруун нүд нилэнхийдээ хөхөрсөн гэмтлүүд учирсан. Надад гаргах санал хүсэлт байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, /хх-н 10-11 х /

        - Гэрч Т.Сумъяазагдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....намайг очиход осолд орсон хоёр хүн байсан. Наранбаярын яриагаар өөрөө барьж явсан, Соёл-Эрдэнэ ард талд нь сууж явсан гэсэн. Наранбаярын ухаан эрүүл, хөл болохгүй байна гэж байсан. Харин Соёл-Эрдэнэ нь газар бахираад хэвтэж байсан...гэх мэдүүлэг, / хх-н 12 х /

             - Гэрч Л.Нанзадын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Үзлэг хийхэд Соёл-Эрдэнийн биеийн байдал хүнд, зүүн гарын шуугаар хугарч хөндлөн болсон, баруун нүдний зовхи  хөхрөөд хавдсан, хамрын 2 нүх цустай, эмнэлэгт орж ирээд цусаар бөөлжсөн, ухаан санаа муу, хүнтэй харьцах харьцаа байхгүй байсан, Наранбаярын зүүн хөл нь түнхээрээ хөдөлгөөнгүй болохоос өөр гэмтэл мэдэгдэхгүй байсан” гэх мэдүүлэг, /хх-н 14 х /

           -Техникийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай  дүгнэлтэнд: “Sanya маркын улсын дугааргүй мотоциклийн жолооч Цогтбаатарын Наранбаяр  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үөд тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх дүгнэлт, /хх-н 23 х/ 

            - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 285 дугаартай дүгнэлтэнд: Т.Соёл-Эрдэний биед гавлын чамархай, дух, суурийн өмнөд далавч ясны хугарал, баруун тал бөмбөлгийн чамархайн хэсгийг хамарсан цусан хураа, няцрал, дарагдал гэмтлүүд нь амь насанд аюултай хүнд, зүүн гарын шууны хугарал гэмтэл нь хүндэвтэр, баруун нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах гэмтлийн хөнгөн зэргийн хамаарч, цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарахыг  тогтоосон гэх дүгнэлт, / хх-н  27 х / 

            - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 332 дугаартай дүгнэлтэнд: Ц.Наранбаярын биед гэмтлийн гаралтай зүүн хөлний түнхний үений мултрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сариулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарахыг тогтоосон гэх дүгнэлт, / хх-н 32 х /

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд / хх-н 3-4 х /,

- Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч / хх-5 х /, 

-Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 09 сарын 05-ны өдрийн 168 дугаартай тодорхойлолт, / хх-41 х /, 

- Ц.Н иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-39 х /,

- Ц.Н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-40 х / зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар :

          Шүүгдэгч Ц.Н 2017 оны 08 дугаар сарын 02-ны орой 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Асгат сумын төвөөс зүүн хойд зүгт Хар Хошуу гэх газар улсын дугааргүй Саня маркийн мотоцикл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а “ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх ”,  9.2 “ жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үөд тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Т.Соёл-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Наранбаярын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Т.Соёл-Эрдэнэ, гэрч Т.Сумъяазагд, Л.Нанзад нарын мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт.2017.08.03, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 сарын 07-ны өдрийн 285, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 332  дугаартай дүгнэлтүүд, Техникийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт  болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

          Хэрэг гарсан шалтгаан, нөхцөл нь шүүгдэгч Ц.Н мотоцикл жолоодох А ангиллын эрхгүй атлаа, шөнийн цагт, малын бэлчээр, хээр газарт зам, орчны байдалд хурдыг тохируулж яваагүйгээс хажуу талаас орж ирсэн үхрийг мөргөсөн үйлдэлтэй холбоотой болох нь түүний “ Би мотоциклоо барьж, ард найз Соёл-Эрдэнэ сууж шороон замаар явж байтал гэнэт зүүн гар талаас үхэр давхиад орж ирээд мөргөлдөж мотоциклтойгоо унасан. Тухайн үед 60 км цагийн хурдтай явж байсан.  Хамгаалах малгай, каск байхгүй байсан.Миний хувьд мотоцикл жолоодох А ангиллын эрхийн үнэмлэхгүй”, хохирогч Т.Соёл-Эрдэнийн “ Айлдаа очиж гэрийнхээ түлхүүрийг авчхаад Наранбаяр өөрийнхөө мотоциклийг жолоодож явж байхад зүүн гар талаас үхэр орж ирээд мөргөлдсөн. Багцаагаар 50 км цагийн хурдтай явж байсан.  Хамгаалах малгай, каск өмсөөгүй байсан” гэх мэдүүлгээр хэрэгт тогтоогдох бөгөөд Ц.Н-г гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр  үйлдсэн гэж үзнэ. 

Шүүгдэгч Ц.Н-т холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотолж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. 

Иймээс шүүгдэгч Ц.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүхээс шүүгдэгч Ц.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1,  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.   

          Шүүгдэгч Ц.Н-т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

          Ц.Н-ын үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний төлж учруулсан хор уршгийг арилгасан, түүний үйлдлээс бусдад хүндэвтэр, хүнд хохирол учирсан боловч эдгэрсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчтой найз нөхдийн холбоотой зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Тэрээр тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ мотоцикль жолоодож гэмт хэрэг үйлдсэн байх тул А ангиллын эрхийн жолооны сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

        Шүүгдэгч Ц.Н энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Т.Соёл-Эрдэнэ хохирол нэхэмжлээгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг дурдая.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Зээрднүүд овгийн Ц.Н-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учируулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1,  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т  зааснаар шүүгдэгч Ц.Н-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч Ц.Н-т А ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Н-нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Т.Соёл-Эрдэнэ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.        

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Н-т шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН