Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 37

 

       Б.Б-д холбогдох                                                

       эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан, шүүгч Н.Туяа, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Турдыбек, шүүгдэгч Б.Б /цахимаар/, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 106 дугаар шүүхийн тогтоолтой, Б.Б-д холбогдох, 2135000000111 дугаартай эрүүгийн 1 хавтас хэргийг шүүгдэгчийн гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн Х ургийн овогт Б-ын Б, .., 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн О сумын  багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутагт 82-65 СЭҮ улсын дугаартай автомашин жолоодож яваад эргүүлийн үүрэг буюу албан үүргээ биелүүлж явсан тус сумын хэсгийн төлөөлөгч С.Н-д хүч хэрэглэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Х ургийн овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор надад 6 сар хорих ял шийтгэсэн.  

Миний бие нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багт эхнэр хүүхдүүдийн хамт хувийн аж ахуй эрхэлж амьдардаг бөгөөд 2021 оны 06 дугаар сард хадам ээжийн бие муудаж, эхнэр бид дуудагдаж Увс аймагт ирсэн. Ирэх замд машины дугуй хагарсан тул хүний машины дугуй гуйж аваад хадам ээжийнд очсон. Тэнд очоод хоол, унд идээд байж байтал дугуйны эзэн утасдаж “ дугуй авчирж өг” гэхээр нь дугуйгаа хүргэж өгөхөөр Малчин сумын төв ороод явж байхдаа цагдаад баригдсан. Би хадам ээжийнд байхдаа нэрмэл архи уусан байсан. Өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Сэлэнгэ аймагт амьдардаг. Тухайн үед манай хадам ээжийн бие муу байна гэсэн тул дуудлагаар эхнэртэйгээ Увс аймаг руу ирсэн байхдаа энэ хэрэгт холбогдсон. Тухайн үед намайг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодсон гэж цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан. Би цагдаатай муухай харьцсан, биед халдсан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Би энд хоёр сар гаруй хоригдож байгаа. Энэ хугацаанд хадам ээжийн бие муудаж нас барсан. Эхнэр маань 8 сартай хүүхэдтэйгээ энд айл дамжин амьдарч байгаа. Бага насны 2 хүүхэд маань Сэлэнгэд айлд байгаа. Би хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байгаа тул надад оногдуулсан хорих ялыг  тэнсэж өгөхийг хүсэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Шүүгдэгч Б.Б нь Сэлэнгэ аймгийн харьяат иргэн. Хэрэг гарах үед ар гэрийн гачигдлаар Увс аймагт ирсэн байсан. Шүүгдэгчийн хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Шүүгдэгчийг цагдаагийн байгуулллагад шалгагдаж байх явцад харж хандахаар ирсэн хадам ээж нь нас барсан. Б.Б нь өнөөдрийн байдлаар 2 сар гаруй хоригдож байна. Иймд шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байдал болон түүний хувийн амьдралын байдлыг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дэх хэсэгт заасныг хэрэглэн тэнсэж өгөхийг хүсэж байна” гэв.   

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 82-65 СЭҮ улсын дугаартай автомашин жолоодож яваад эргүүлийн үүрэг буюу албан үүргээ биелүүлж явсан тус сумын хэсгийн төлөөлөгч С.Нд хүч хэрэглэсэн гэх хэрэгт холбогдсон.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулж шийдвэрлэсэн. Б.Бын холбогдсон хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Нгийн мэдүүлэг, гэрч Д.Сумъяа, Б.Цэрэндулам, Д.Батсүх нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүхээс Б.Б-д холбогдох хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчид оногдуулсан ял нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолтой, 2135000000111 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутагт 82-65 СЭҮ улсын дугаартай автомашин жолоодож захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн байх ба тэрээр тухайн үед түүний энэхүү үйлдэл /зөрчил/-ийг илрүүлж, таслан зогсоохыг шаардаж, хууль ёсны шаардлага тавьсан цагдаагийн алба хаагч С.Нг эсэргүүцэж, биед нь халдаж хүч хэрэглэсэн үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Быг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих оногдуулж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүхэд: “ ...миний бие Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багт эхнэр хүүхдүүдийн хамт хувийн мал аж ахуй эрхэлж амьдардаг. Хадам ээжийн бие муудаж, эхнэр бид дуудагдаж Увс аймагт ирсэн байхдаа би энэ гэмт хэрэгт холбогдсон. Намайг хоригдож байх хугацаанд хадам ээжийн бие муудаж нас барсан. Одоо эхнэр 8 сартай хүүхэдтэйгээ энд айл дамжин амьдарч байгаа, бага насны 2 хүүхэд маань Сэлэнгэд амьдарч байгаа . Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Миний амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-т: “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Б-д оногдуулсан зургаан сар хорих ялыг өөрчлөн, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцаж, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Надад сонсгосон ялыг ойлгосон. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, би хохирогчоос уучлалт гуйж, хохирлыг төлж барагдуулсан” гэж, мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт: “би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна” гэж, хохирогч С.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад “надад гэмт хэргийн улмаас аймаг руу явахад зарцуулсан бензиний мөнгө 150.000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлыг Б.Б төлж барагдуулсан. Өөр надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Б нь буруу үйлдэл гаргаснаа ойлгож, ухамсарлаж надаас уучлалт гуйсан” гэж тус тус мэдүүлсэн зэргээс дүгнэхэд шүүгдэгч нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэрэг нь нотлогдсон байна.          

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болох”-оор хуульчилсан ба гэм буруутай этгээдэд энэхүү журмыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал мөн боловч гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлагдах учиртай. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэхдээ түүний өмнө нь буюу Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар гурван жил нэг сар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэгдэж байсан нөхцөл байдлыг үндэслэл болгож,  дахин нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцээгүй. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т: “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасантай нийцээгүй байна.

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн амьдрал байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ .

Иймд шүүгдэгч Б.Бын хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б-д анхан шүүхээс оногдуулсан зургаан сар хорих ялыг өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн тул түүнийг шүүх хуралдааны танхимаас суллах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл жаран найм хоног цагдан хоригдсоныг дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолын 2 дугаар заалтын: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй гэж,

шийтгэх тогтоолын 3 дугаар заалтын: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д он

огдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай “ гэснийг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар

зүйлийн 2.5-т тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Б-д хяналт тавих үүргийг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Б анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл жаран найм хоног цагдан хоригдсоныг дурдсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Быг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Л.АЛТАН

 

    ШҮҮГЧИД                                                 Н.ТУЯА

 

                                                                                    Н.МӨНХЖАРГАЛ