Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
Хэргийн индекс | 182/2023/03462/И |
Дугаар | 182/ШШ2023/03723 |
Огноо | 2023-12-19 |
Маргааны төрөл | Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжийн маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 182/ШШ2023/03723
2023 12 19 | 182/ШШ2023/03723 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .... тоот хаягт оршин суух, С.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... өөрийн байранд байрлах, Ш-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Цалингийн зөрүү болон нэг удаагийн тэтгэмж нийт 77,522,069 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч С.С /цахимаар/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сэмжидмаа, М.Мягмартуяа,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, С.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Ш-т холбогдуулан Цалингийн зөрүү болон нэг удаагийн тэтгэмж нийт 77,522,069 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “...Би 2003 оноос Хэнтий аймгийн Ш албанд жолоочоор томилогдон ажилласан бөгөөд 2010.04.27-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж явахдаа авто осолд орж, хавирга хугарч уушгаа гэмтээсэн, нугас тасарч бүсэлхийнээс доош мэдээгүй болсон зэргээр маш хүнд гэмтсэн. Үүнээсээ болж бүсэлхийнээс доош бүрэн саажилттай болсон, одоог хүртэл тасралтгүй эмнэлгээр явдаг, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан, өтгөн шингэнээ глизм, катетор тавьж гаргадаг, эхнэрийнхээ байнгын асаргаанд байдаг, суудлын хэсэгтээ хэд хэдэн шархтай, 2 өвдөг, сүүж, өсгий цооролттой, эргээд хэзээ ч хэвийн байдалд орох боломжгүй болсон, өдөр бүр эмнэлэгт боолт хийлгэхэд материал, эм тос гэх мэтийн зардал байнга гардаг, авч байгаа хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврээс өөр тодорхой орлогогүй, авдаг тэтгэвэр нь эмчилгээний зардалд хүрдэггүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу авах ёстой олговор авахаар 2013 онд материалаа өгч хөөцөлдсөөр байж үйлдвэрлэлийн ослоос шалтгаалах өвчний хохиролд нэг удаа 4,000,000 төгрөгийг бага багаар цувуулж авсан. Тухайн үед энэ мөнгөө эмчилгээндээ зарцуулсан. 2021 оны 8 дугаар сард би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу Засгийн газраас олгох нөхөх олговор, авах ёстой байсан цалингийн зөрүү, нэг удаагийн тэггэмж зэргийг нэхэж өргөдөл явуулсан боловч Ш-ын 2021.11.11-ний 0000 тоот албан бичгээр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 2017 онд батлагдсан тул одоо ажиллаж байгаа албан хаагчдад хамаатай” гэсэн утгатай хариу өгсөн. Дараа нь 2022 оны 2 дугаар сарын сүүлээр мөн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу нэг удаагийн тэтгэмж нэхэмжилж хүсэлт явуулсан боловч 2022.03.28-ны өдрийн 0000 тоот албан бичгээр “өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн учраас хуульд заасан үндэслэл бүрдээгүй” гэсэн утгаар хариу ирүүлсэн.
Дараа нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар хариуцагч байгууллага буюу Ш-ын даргын 2023.01.20-ны өдрийн 000 тоот дугаартай тушаалаар 2010.09.09-ний өдрийн 000 тушаалдаа өөрчлөлт оруулсан учраас миний бие дахин хүсэлт гаргаж, 37,800,000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор, Засгийн газрын 2018 оны 362 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан журмын 2.2-т “...цалингийн зөрүүг тэтгэмж авч байгаа хугацаанд нь сар бүр олгох бөгөөд цалингийн сүлжээ өөрчлөгдөх бүрд шинэчлэгдсэн цалингийн зөрүүг тооцон олгоно” гэсний дагуу 2010.09.22-оос хойш 2023 оны 01 дүгээр сарыг дуустал бүх хугацаанд авч байсан тэтгэмжийн хэмжээ болон авч байсан цалингийн зөрүүг тооцож нөхөн гаргуулах, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т “...биеийн эрүүл мэндээр ... халагдвал 18 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасны дагуу 2010 онд авч байсан цалин 319,340 х 18 сар = 5,748,120 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж нэхэмжилсэн юм. Үүнд Ш-ын 2023.04.03-ны өдрийн 05/688 тоотоор өгсөн албан хариунд “...Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 18 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг оглох үндэслэлтэй, харин нэг удаагийн нөхөх олговор, цалингийн зөрүүг олгох асуудал нь 2010 онд болсон үйл явдал байх бөгөөд тухайн үед 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан тул шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй...” гэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1.3 /2010 онд мөрдөгдөж байсан хууль/-т “...хөдөлмөрийн чадвараа алдсан, тахир дутуу болсон тохиолдолд тэтгэвэр тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвар түр алдсан, тахир дутуугийн тэтгэмж авч байсан нийт хугацаанд олгох...”, мөн одоо мөрдөгдөж байгаа 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “...Шүүхий шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу Засгийн газар дараахь нөхөх олговор, тусламж олгоно: 286.3.1-т хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөх олговор...” гэж заасан. 2002 оны болон 2017 оны хуульд аль алинд нь дээрх заалт байгаа, миний бие албан үүргээ гүйцэтгэж яваад гэмтсэн учраас цалингийн зөрүү, нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.
Тухайн үед мөрдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1.3 /2002 оны/-т заасны дагуу цалингийн зөрүүг нэхэмжилж дараах байдлаар тооцсон. 2010 онд 319,340 төгрөгийн сарын цалинтай байсан. Үүнээс хойш 2012, 2019 онд цалингийн сүлжээ шинэчлэгдсэн. Засгийн газрын 2018 оны 362 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан журмын 2.2-т “...цалингийн зөрүүг тэтгэмж авч байгаа хугацаанд нь сар бүр олгох бөгөөд цалингийн сүлжээ өөрчлөгдөх бүрт шинэчлэгдсэн цалингийн зөрүүг тооцон олгоно...” гэсний дагуу тооцвол:
-2010.10 дугаар сараас 2011.12 дугаар сар дуустал хугацаанд сарын цалин 319,340 х 15 сар = 4,790,100 төгрөгийн цалин,
-2012-2016 онд сарын цалин 495,175 х 60 сар = 29,710,500 төгрөг,
-2017-2021 оны сарын цалин 746,085 х 60 сар = 44,765,100 төгрөг,
-2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 6 дугаар сар дуустал цалин 746,085 х 18 сар = 13,429,530 төгрөг, нийт авах байсан цалин 92,695,230 төгрөг байсан. Харин 2010 оны 10 дугаар сараас хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсаны тэтгэвэр 2023 оны 6 дугаар сар дуустал хугацаагаар тооцоход нийт авсан тэтгэврийн хэмжээ 64,673,316 төгрөг болж байна.
Иймд цалин 92,695,230 төгрөг – тэтгэвэр 64,673,316 төгрөг = зөрүү 28,022,069 төгрөг, мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсан тул 420,000 х 90 = 37,800,000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор нийт 65,822,069 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн боловч тухайн үед Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буруу тооцсон байсан...
2017.06.09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 286 дугаар зүйлийн 286.3-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу Засгийн газар дараахь нөхөх олговор, тусламж олгоно: 286.3.1-т хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөх олговор”, Засгийн газрын 2018 оны 362 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид нөхөх олговор, тусламж олгох журам”-ын 2.1.1-д “Албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон алба хаагчид хөдөлмөрийн чадвараа ... 70-аас дээш хувиар алдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, тус бүр нэг удаа хувь, хэмжээгээр тусламж олгоно.” гэж тус тус заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 49,500,000 төгрөгийн нэг удаагийн нөхөн олговор, тусламжийг нэхэмжилж байна.
Иймд хариуцагчаас цалингийн зөрүү 28,022,069 төгрөг, нөхөн олговор, тусламжид 49,500,000 төгрөг, нийт 77,522,069 төгрөг гаргуулж өгнө үү...” гэв.
2.Хариуцагч Ш шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлд дурдсан авто осол 2010 онд болсон бөгөөд тухайн үед 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль дагаж мөрдөгдөж байсан. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1.3-т албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан бие махбодид нь гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвар түр алдсан, тахир дутуугийн тэтгэмж авч байсан нийт хугацаанд олгох ба хэрэв дээр дурдсан шалтгаанаар хохирсноос хиймэл эрхтэн хийлгэх, сонсголын аппарат авах, нөхөн сэргээх бусад эмчилгээ хийлгэх бол зардлыг улсын төсвөөс авах гэж тодорхойлсон.
С.С-ын хувьд өөрийн хариуцлагагүй үйлдлийн улмаас буюу жолооч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаагүй, аюулгүйн бүс зүүж хөдөлгөөнд оролцоогүй зэрэг өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас зам тээврийн осол гаргаж, гэмтэл бэртэл учирсан болох нь үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт дүгнэлтээр тогтоогдсон байдаг тул дээрх хуулийн 137.1.3-т заасан үндэслэл бий болсон гэж үзэх боломжгүй юм. Байгууллагын зүгээс хэдийгээр хуулийн дээрх заалтад хамаарахгүй байлаа ч гэсэн дээрх алба хаагчид туслах, дэмжлэг үзүүлэх хүсэл зоригийн үүднээс олон удаагийн шийдвэрийг гаргаж тусламж, дэмжлэг үзүүлж байсан. С.С нь ослоос хойш 5 сарын дараа буюу 2010 оны 9 дүгээр сараас эхлэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19.2-т заасан үндэслэлээр тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон байсан бөгөөд харин 1 удаагийн тэтгэмж болох 18 сарын цалин хөлстэй тэнцэх мөнгийг олгох боломж бүрдээгүй байсныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу албан тушаалаас нь чөлөөлсөн тушаалд зохих өөрчлөлтийг оруулан зөвтгөснөөр шийдвэрлэх эрх зүйн боломж бүрдэж, 2023.05.17-ны өдөр зохих тэтгэмжийг олгуулсан. Одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 2017.07.01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул уг хуулийн 286 дугаар зүйлийн 286.3, Засгийн газрын 2018 оны 362 дугаар тогтоолд заасан үндэслэл журмын дагуу С.С-т нөхөн олговор, тусламжийг олгох боломжгүй юм. Учир нь хууль, журмын дээрх заалтууд нь үндсэн зохицуулалтын хувьд шинээр томьёологдож хуульчлагдсан харилцаа бөгөөд одоо ажиллаж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид хамаарахаар тусгадагсан.
Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд мөн адил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137.1.3-т заасан үндэслэлд хамаарахгүй тул 2017.07.01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 286 дугаар зүйлийн 286.3, Засгийн газрын 2018 оны 362 дугаар тогтоолд заасан үндэслэл журмын дагуу С.С-ын нэхэмжлэлд дурдсан хэмжээний нөхөн олговор, тусламжийг олгох боломжгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Засаг даргын 2023.08.23-ны өдрийн ам бүлийн болон оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 3 х/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4 х/,
-2023.04.19-ний өдрийн Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /хх-ийн 5 х/,
-Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 6 х/,
-Ш-ын 2023.04.03-ны өдрийн 05/688 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 7 х/,
-Тэтгэврийн дэвтэр /хх-ийн 8-10 х/,
-Цалингийн тодорхойлолт /хх-ийн 11 х/,
-Гэрэл зураг /хх-ийн 12 х/,
-Тэтгэврийн хувийн хэрэг /хх-ийн 13 х/,
-2010.09.09-ний өдрийн 000 дугаар Ш-ын даргын “С.С-ыг албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаал /хх-ийн 14 х/,
-Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт /хх-ийн 15 х/,
-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.08.02-ны өдрийн 182/ШЗ2022/10071 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамж /хх-ийн 16-18 х/,
-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.10.04-ний өдрийн 182/ШЗ2022/12361 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж /хх-ийн 19-21 х/,
-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 22-48 х/,
-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.30-ны өдрийн 0896 дугаар шийдвэр /хх-ийн 49-55 х/,
-2023.08.10-ны өдрийн 02/40-60 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 62 х/,
-2023.10.25-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 72 х/,
-2022.03.28-ны өдрийн 0000 тоот Ш-ын албан бичиг /хх-ийн 161 х/,
-2021.08.17-ны өдрийн 02В/202 тоот Ш-ын төв архивын лавлагаа /хх-ийн 162 х/
-2021.08.19-ний өдрийн Ш-т гаргасан хүсэлт /хх-ийн 176 х/,
-2021.09.22-ны өдрийн 7/4073 тоот Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын “Өргөдөл шилжүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 177 х/,
-2021.11.11-ний өдрийн 0000 тоот Ш-ын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргын “Хууль зүй, дотоод хэргийн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа танаа” албан бичиг /хх-ийн 178 х/,
3.1. Хариуцагч нь хариу тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан 2023.09.12-ны өдрийн 01/1889 тоот Д.М, С.О нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 58 х/,
-Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн 2023.11.07-ны өдрийн 1/1648 тоот албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 154-159 х/,
-2023.04.04-ний өдрийн Б/391 тоот Ш-ын даргын “С.С-ыг албан тушаалаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” тушаал /хх-ийн 174 /х,
-2023.01.20-ны өдрийн 000 тоот Ш-ын даргын “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” тушаал /хх-ийн 175 х/,
3.2.Тус шүүхийн шүүгчийн 2023.10.26-ны өдрийн 182/ШЗ2023/13517 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжаар 2011.08.18-ны өдрийн Б/536 тоот Ш-ын даргын “Эмчилгээний зардал олгох тухай” тушаал /хх-ийн 89 х/,
-2012.01.30-ны өдрийн Б/74 тоот Ш-ын даргын “Орон сууц эзэмшүүлэх тухай” тушаал /хх-ийн 90 х/,
-2015.03.25-ны өдрийн А/58 тоот Ш-ын даргын “С.С-т тусламж үзүүлэх тухай” тушаал /хх-ийн 91 х/,
-2016.04.08-ны өдрийн А/99 тоот Ш-ын даргын “Тусламж олгох тухай” тушаал /хх-ийн 92 х/,
-2021.09.27-ны өдрийн А/138 тоот Ш-ын даргын “С.С-т тусламж олгох тухай” тушаал /хх-ийн 93-95 х/,
-2023.11.02-ны өдрийн 05-01/2271 тоот Ш-ын албан бичиг /хх-ийн 96 х/,
-2023.11.07-ны өдрийн 01/1649 тоот Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн албан бичиг /хх-ийн 97 х/,
-2023.11.07-ны өдрийн 141 тоот Хэнтий аймгийн Автотээврийн төвийн албан бичиг /хх-ийн 98 х/,
-2023.11.09-ний өдрийн 01/2049 тоот Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан бичиг /хх-ийн 99 х/,
-2023.11.16-ны өдрийн 182/ШЗ2023/14858 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар 2021.08.19-ний өдөр тус байгууллагад хандаж тэтгэмж авахаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлт /хх-ийн 173 х/,
-Нэхэмжлэгч С.С-ын тэтгэврийн хувийн хэрэг /хх-ийн 185-235 х/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Ш-т холбогдуулан 2023.08.29-ний өдөр цалингийн зөрүү болон нэг удаагийн тэтгэмж нийт 65,822,069 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023.10.26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 11,700,000 төгрөгөөр ихэсгэж, нийт 77,522,069 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
2.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ш-аас нэг удаагийн нөхөн олговор тусламжид 49,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зөрүү 28,022,069 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
3.Зохигч хөөн хэлэлцэх хугацаа болон эмчилгээний зардал, тодорхой хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлж байсан талаар хэн аль нь маргаагүй тул шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй юм.
4.Нэхэмжлэгч С.С нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
4.1.Миний бие 2003 оноос Хэнтий аймгийн Ш албанд жолоочоор томилогдон ажиллаж байсан бөгөөд 2010.04.27-нд албан үүргээ гүйцэтгэж хуяглан хүргэх ажиллагаанд явахдаа авто осолд орж маш хүнд бэртэж, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдаж, эхнэрийнхээ байнгын асаргаанд орсон...
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2010 он/-ийн 137 дугаар зүйлийн 137.1.3-т “...хөдөлмөрийн чадвараа алдсан, тахир дутуу болсон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чавдар түр алдсан, тахир дутуугийн тэтгэмж авч байсан нийт хугацаанд олгох...”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 362 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад нөхөх, олговор, тусламж олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу цалингийн зөрүү 28,022,069 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй гэснийг үндэслэн цалингийн зөрүү 28,022,069 төгрөг нэхэмжилж байгаа.
Дээрх хуульд зааснаар цалингийн зөрүүг дараах байдлаар тооцсон. 2010 онд 319,340 төгрөгийн сарын цалинтай байсан. Үүнээс хойш 2012, 2019 онд цалингийн сүлжээ шинэчлэгдсэн. Засгийн газрын 2018 оны 362 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан журмын 2.2-д “...цалингийн зөрүүг тэтгэмж авч байгаа хугацаанд нь сар бүр олгох бөгөөд цалингийн сүлжээ өөрчлөгдөх бүрт шинэчлэгдсэн цалингийн зөрүүг тооцон олгоно...” гэсний дагуу тооцвол 2010.10 дугаар сараас 2011.12 дугаар сар дуустал хугацаанд сарын цалин 319,340 х 15 сар = нийт 4,790,100 төгрөгийн цалин, 2012-2016 онд сарын цалин 495,175 х 60 сар = 29,710,500 төгрөг, 2017-2021 оны цалин сард 746,085 х 60 сар = 44,765,100 төгрөг, 2022.01 дүгээр сараас 2023.06 дугаар сарыг дуустал 746,085 х 18 сар =1 3,429,530 төгрөг болж байгаа бөгөөд нийт авах байсан цалин нь 92,695,230 төгрөг байсан.
2010.10 дугаар сараас хөдөлмөрийн чадвар 90 хувиар алдсаны тэтгэвэр 2023.06 дугаар сар дуустал хугацаагаар тооцоход нийт авсан тэтгэврийн хэмжээ 64,673,316 төгрөг болж байгаа. Иймд цалин 92,695,230 төгрөг, тэтгэвэр 64,673,316 төгрөг = зөрүү нь 28,022,069 төгрөг болж байгаа.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 362 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан журмын 2.1.1-д “...70-с дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, нэг удаа олгоно” тус тус заасны дагуу албан үүргээ гүйцэтгэж яваад гэмтсэн учраас нэг удаагийн нөхөх олговорт 49,500,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.
Нэг удаагийн тэтгэмжийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг x 90 хувь = 49,500,000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэж тайлбарлаж байна.
5.Хариуцагч Ш нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Үүнд:
5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2010 он/-ийн 137 дугаар зүйлийн 137.1.3-т “Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан бие махбодид нь гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвар түр алдсан, тахир дутуугийн тэтгэмж авч байсан нийт хугацаанд олгох”-оор заасан нь нэхэмжлэгчид хамаарахгүй.
Нэхэмжлэгч С.С-ын хувьд өөрийн хариуцлагагүй үйлдлийн улмаас буюу жолооч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаагүй, аюулгүйн бүс зүүж хөдөлгөөнд оролцоогүй зэрэг өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас зам тээврийн осол гаргаж, гэмтэл бэртэл учирсан болох нь үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актаар тогтоогдсон.
5.2.Эрүүл мэндийн шалтгаанаар С.С-ыг ажлаас чөлөөлсөн тушаал гарснаар түүний Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон.
5.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь заалт болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 362 дугаар тогтоолд заасан үндэслэл журмын дагуу С.С-т нөхөх олговор олгох боломжгүй.
Эдгээр зохицуулалтууд нь одоо ажил үүргээ гүйцэтгэж байгаа алба хаагчдад хамааралтай...” гэж тайлбарласан.
6.Хэрэгт авагдсан болн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1.Нэхэмжлэгч С.С нь Ш-ын харьяа Өндөрхаан дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2003.12.10-ны өдрийн 000 тоот тушаалаар 2003.11.01-ний өдрөөс Эрэн сурвалжлах албаны жолоочоор, Ш-ын даргын 2004.11.25-ны өдрийн 000 тоот тушаалаар Хэнтий аймгийн Ш албанд жолоочоор тус тус томилогдон ажиллаж байжээ. /хх-ийн 162 х/
Нэхэмжлэгч С.С нь 2010.04.28-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж, хуяглан хүргэх ажиллагааг гүйцэтгэх явцдаа автомашины осолд орж, 2010.04.29-ний өдөр үйлдвэрлэлийн ослын хүнд бүлэгт хамаарах талаар "Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт" гарсны дагуу нь 2010.09.22-ны өдөр хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан үндэслэлээр тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгож, энэхүү тэтгэврийг 2022.10.27-ны өдрөөс хугацаагүй сунгасан болох нь Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0549791 тоот актаар тогтоогдож байна. /хх-ийн 6, 8-10, 15 х/
Энэхүү акт гарснаас хойш нэхэмжлэгч С.С-ыг Ш-ын даргын 2010.09.09-ний өдрийн 000 тоот тушаалаар 2010.08.13-ны өдрөөс тасалбар болгож Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасныг үндэслэн дээрх албан тушаалаас чөлөөлжээ. /хх-ийн 14 х/
Хариуцагч Ш-ын даргын 2010.09.09-ний өдрийн 000 тоот тушаал нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасны дагуу өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэсэн үндэслэлээр чөлөөлсөн байх ба нэхэмжлэгч нь уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж тушаалд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх маргааныг 2022.11.30-ны өдөр 896 дугаар шийдвэрээр шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ш-ын 2010.09.09-ний өдрийн 000 тоот тушаалд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож уг тушаалд зохих өөрчлөлт оруулахыг хариуцагч байгууллагын даргад даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 49-55 х/
Дээрх шийдвэрийг үндэслэн Ш-ын даргын 2023.01.20-ны өдрийн 000 тоот тушаал гарч "...тушаах хэсгийн нэгдүгээрт Сүрэнгийн Сансарбаатарыг 2010.08.13-ны өдрөөр тасалбар болгон гэсний араас биеийн эрүүл мэндийн байдлын улмаас албан тушаалаас түр чөлөөлсүгэй" гэсэн өөрчлөлт оруулжээ. /хх-ийн 175 х/
Нэхэмжлэгч нь энэхүү шаардлагаа тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 137 дугаар зүйлийн 137.1.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 362 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдид нөхөх, олговор, тусламж олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу цалингийн зөрүү 28,022,069 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй гэж тодорхойлсон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2010 он/-ийн 137 дугаар зүйлийн 137.1.3-т “...хөдөлмөрийн чадвараа алдсан, тахир дутуу болсон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвар түр алдсан, тахир дутуугийн тэтгэмж авч байсан нийт хугацаанд олгох...”,
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 362 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад нөхөх, олговор, тусламж олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-т “Нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авч байгаа алба хаагчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 286.3.3-т заасан цалингийн зөрүү болох нөхөх олговрыг тэтгэмж авч байгаа хугацаанд нь сар бүр олгох бөгөөд цалингийн сүлжээ өөрчлөгдөх тухай бүрт шинэчлэгдсэн цалингийн зөрүүг тооцон олгоно” гэж тус тус заасныг үндэслэн шүүх нэхэмжлэгчийн цалингийн зөрүү 28,022,069 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна.
Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэвэр нь “...өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр” гэсэн төрөлтэй бол Тэтгэмжийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэмж нь “хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж; жирэмсний болон амаржсаны тэтгэмж;...” гэсэн төрлүүдтэй байдаг.
Тэтгэмж гэдэг нь хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих, нас барах тохиолдолд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг,
Тахир дутуугийн тэтгэвэр гэдэг нь хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл хугацаанд түүний нийгмийн баталгааг хангах зорилгоор тэтгэврийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлдэг.
Нэхэмжлэгч С.С-ын хувьд 2010.04.28-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж, хуяглан хүргэх ажиллагааг гүйцэтгэх явцдаа автомашины осолд орж, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан үндэслэлээр тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон байх тул хуульд заасны дагуу түүнийг хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан гэж үзэхгүй.
Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд тахир дутуу болсныг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хагас /хэсэгчлэн/ алдсан гэж ангилна. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, түүний хугацааг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтооно гэж, мөн хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсаны тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгоно” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч 2010.09.22-ны өдөр хөдөлмөрийн чадвараа 90 хувь бүрэн алдсан гэсэн үндэслэлээр тэтгэвэр тогтоолгосноор Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон учраас Ш-ын хувьд цалингийн зөрүүг цалингийн сүлжээ өөрчлөгдөх тухай бүрт шинэчлэгдсэн цалингийн зөрүүг тооцон олгох, ажил олгон үүрэг дуусгавар болсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
6.2.Харин хариуцагчийн “... С.С-ын хувьд өөрийн хариуцлагагүй үйлдлийн улмаас буюу жолооч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаагүй, аюулгүйн бүс зүүж хөдөлгөөнд оролцоогүй зэрэг өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас зам тээврийн осол гаргаж, гэмтэл бэртэл учирсан болох нь үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актаар тогтоогдсон. ...нэг удаагийн нөхөн олговор тусламжид 49,500,000 төгрөгийг нэхэмжлэгч С.С-т олгох боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь заалт болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 362 дугаар тогтоолд заасан нь одоо ажил үүргээ гүйцэтгэж байгаа алба хаагчдад хамааралтай...” гэсэн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч С.С-ын хувьд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаагүй, аюулгүйн бүс зүүж хөдөлгөөнд оролцоогүй гэсэн хариуцагчийн тайлбар хэрэг авагдсан баримтаар хангалттай тогтоогдсонгүй.
Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022.11.30-ны өдрийн 896 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С.С-ыг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэх хариуцагч байгууллагын даргын 2010.09.09-ний өдрийн 000 тоот тушаалд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож уг тушаалд зохих өөрчлөлт оруулахыг хариуцагч байгууллагын даргад даалгаж шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Дээрх шийдвэрийг үндэслэн Ш-ын дарга нь 2023.01.20-ны өдрийн 000 тоот тушаал гаргаж, 2010.09.09-ний өдрийн 000 тоот тушаалд “...С.С-ыг 2010.08.13-ны өдрөөр тасалбар болгон гэсний араас биеийн эрүүл мэндийн байдлын улмаас албан тушаалаас түр чөлөөлсүгэй" гэсэн өөрчлөлт оруулсан болох нь тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.С нь тухайн үед өөрийн биеийн эрүүл мэндийн байдлын улмаас ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байсан болох нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт бөгөөд энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүх дахин нотлох шаардлагагүй болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 286 дугаар зүйлийн 286.3-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу Засгийн газар дараахь нөхөх олговор, тусламж олгоно”,
286.3.1-д “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөх олговор” гэж,
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 362 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан журмын 2.1.1-д “...70-с дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, нэг удаа олгоно” тус тус заасан.
Нэхэмжлэгч С.С нь албан үүргээ гүйцэтгэж яваад автомашины осолд орж, энэхүү ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан болох нь дээрх үйл баримтуудаар тогтоогдсон тул хариуцагчаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу нэг удаагийн нөхөх олговорт 49,500,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022.05.04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор “Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 550,000 төгрөгөөр тогтоосон тул хариуцагч Ш-аас нэг удаагийн нөхөх олговорт 49,500,000 төгрөг /90 х 550,000/-ийг гаргуулан нэхэмжлэгч С.С-т олгох нь зүйтэй гэж үзсэн болно.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч С.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Ш-аас нэг удаагийн нөхөх олговор 49,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 405,450 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
8.Хэргийн 100-153 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй гэдгийг дурдаж байна .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 286 дугаар зүйлийн 286.3, 286.3.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ш-аас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөх олговор 49,500,000 /дөчин есөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28,022,069 /хорин найман сая хорин хоёр мянга жаран ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч С.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Ш-аас 405,450 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА