| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2023/03796/И |
| Дугаар | 181/ШШ2023/03862 |
| Огноо | 2023-12-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2023/03862
| 2023 12 05 | 181/ШШ2023/03862 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .................... оршин суух, .Э.Ж /регистрийн дугаар: ../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................... байрлах М.К ХХК /регистрийн дугаар:.../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 28.038.600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар эзгүйд шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Ж нь М.К ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 28.038.600 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Иргэн Э.Ж миний бие 2021 онд өөрийн өөрийн орон сууцтай болох зорилготой судлаж байсан бөгөөд М.К ХХК-ийн 8 жилийн хугацаанд хуваан төлөх төлбөрийн системтэй нөхцөл боломжтой санагдаж 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн П3-D-01/9-110 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан.
Улмаар гэрээ байгуулахад 22.000.000 төгрөг төлж сар бүр 528.000 төгрөгийг төлж явсаар 2022 оны 7 дугаар сарын байдлаар нийт 28.038.600 төгрөгийг М.К ХХК-д төлсөн байна.
Гэтэл тус компаниас 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 005/56 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр үнийн өсөлттэй холбоотойгоор Орон сууц захиалгаар бариулах гэрээнд өөрчлөлт оруулах утга бүхий мэдэгдлийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 002/161 дугаар Санал хүргүүлэх тухай албан бичгийн хамт ирүүлсэн байсан. Энэ санал нь гэрээний гол зүйл болох 8 жилийн хүүгүй зээлийг зогсоож, үлдэгдэл төлбөрийг 1 жил, 2 жил, 3 жил хугацаанд багтаан, шахаж төлөх нөхцлийг дурдсан байсан.
Миний бие дээрх нөхцлийг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдэж, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Гэрээ цуцалсан протокол гэх бичгийг 2 талаасаа харилцан зөвшилцөж хийсэн. Энэ тохиролцоогоор миний оронд өөр этгээд тухайн байрыг захиалсан тохиолдолд тэр даруй үгүй бол гэрээнд заасан хамгийн цаад хугацаа болох 180 хоног /2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс гэж тооцвол 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр/-н дотор миний дансанд шилжүүлэх байсан боловч тохиролцоондоо хүрээгүй.
Иймд 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн П3-D-01/9-110 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалсны дагуу төлсөн 28.038.600 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх байгуулсан 2021 оны гэрээг хариуцагч гэрээ цуцалсан протокол үйлдэхдээ хураагаад авчихсан учраас нэхэмжлэгчид байхгүй гэв.
2.Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн гэрээ цуцалсан протокол, М.К ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 005/56 тоот мэдэгдэл, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 002/161 тоот санал хүргүүлэх тухай албан бичиг хуулбараар, Хаан банкны шилжүүлгийн баримтууд, М.К ХХК-ийн кассын орлогын ордер зэргийг ирүүлжээ. /хх 4 -16, 35/
Хариуцагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ. /хх 22-24/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Э.Ж нь М.К ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 28.038.600 төгрөг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: 2021 онд гэрээ байгуулагдсан, талууд 2022 оны 8 дугаар сард харилцан тохирч гэрээг цуцалсан тул төлсөн мөнгийг буцаан гаргуулна гэж тайлбарлав.
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
4.1.Нэг талаас захиалагч Э.Ж, нөгөө талаас М.К ХХК нар харилцан тохиролцож 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гэрээ цуцалсан протокол үйлджээ. /хх 5/
Уг баримтад: талууд 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ПЗ-D-01/9-110 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан, гэрээгээр Захиалагч Баянзүрх дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Поларис апартмент-3 нэртэй орон сууцны хотхоны Д блок, 1 дүгээр орц, 9 дүгээр давхар 904 тоот 40,19 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг захиалсан, гэрээний нийт үнэ 72.342.000 төгрөг, үүнээс гэрээ байгуулснаас хойш 28.038.600 төгрөгийг төлсөн хэмээн дурджээ. Мөн Захиалагч талаас гаргасан гэрээ цуцлах хүсэлтийг үндэслэн 180 хоногийн дотор төлсөн мөнгийг буцаан олгохоор, хэрэв гэрээ цуцалснаас хойш гэрээнд заасан орон сууцыг өөр этгээд захиалсан тохиолдолд 28.038.600 төгрөгийг төлбөр төлөгдсөн даруйд буцаан олгохоор тусгасан байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан, дээрх баримтаас үзвэл талуудын хооронд 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүсэл зоригоо илэрхийлсэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байжээ.
Гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар үүргийн зөрчлөөс гадна үүргийн зөрчилтэй холбоогүй ч гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар зохицуулсан, дээрх эрхийн дагуу зохигчид 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гэрээг цуцласан протокол үйлдснээр талууд гэрээнээс татгалзсан гэж үзнэ. Ийнхүү гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон байдал хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.
5.Хэрэгт авагдсан төлбөр шилжүүлсэн дансны хуулга, М.К ХХК-ийн орлогын ордер зэрэг болоод гэрээ цуцалсан протоколд нэхэмжлэгчид буцаан төлөх мөнгөн дүнг 28.038.600 төгрөг хэмээн тусгагдсан байхаас гадна хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойшхи хугацаанд аливаа эсэргүүцлийг гаргаагүй. /хх 5, 8-16, 35/
Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д ... гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч орон сууцны үнэд хүлээн авсан 28.038.600 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар М.К ХХК-иас 28.038.600 /хорин найман сая гучин найман мянга зургаан зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Жд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298.143 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 298.143 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ