| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2023/03746/И |
| Дугаар | 181/ШШ2023/03780 |
| Огноо | 2023-11-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2023/03780
| 2023 11 28 | 181/ШШ2023/03780 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хариуцагч: ................. байрлах, М ХХК /Регистрийн дугаар:../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 58.566.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар эзгүйд шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.О нь Марч констракшн ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 58.566.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Нэхэмжлэгч Т.О миний бие хариуцагч Марч констракшн ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр П2-С-01/33-36 тоот орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу захиалагч Т.О би Марч констракшн ХХК-ийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Поларис Апартмент-2 барилгын С блок, 1-орц, 10-р давхар, 1003 тоот 61.16 мкв талбай бүхий 3 өрөө байрыг 116.204.000 төгрөгөөр захиалсан.
Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 34.862.200 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг сар бүр 848.000 төгрөгөөр төлөх нөхцлөөр гэрээ байгуулсан.
Хариуцагч Марч констракшн ХХК орон сууц захиалгын гэрээний 3.1-д зааснаар Гүйцэтгэгч тал барилга угсралтын ажил графикийн дагуу хэвийн явагдсан нөхцөлд орон сууцны барилгыг 2022 оны 04 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулна гэж орон сууцыг ашиглалтанд оруулах хугацааг тохиролцсон боловч Марч констракшн ХХК гэрээний хугацаанд орон сууц ашиглалтад оруулах үүргээ зөрчсөн.
2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар орон сууц ашиглалтанд орох хугацаа 221 хоног хэтэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар барилгын ажил эхлээгүй, суурь цутгалт хийгдээгүй ашиглалтанд орох эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалтай байна.
2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Т.О би Марч констракшн ХХК-нд хандан гүйцэтгэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй тул орон сууц гэрээнээс татгалзаж, гэрээ цуцлах мэдэгдэл шуудан, эмэйл болон эх хувийг хүргүүлж орон сууцны үнэнд төлсөн төлбөр болон орон сууц ашиглалтад ороогүйн улмаас орон сууц хөлсөлж хохирсны төлбөрийг 2023 оны 08 сарын 04-ны өдрийн дотор төлөхийг шаардсан боловч Марч констракшн ХХК төлөөгүй болно.
Иймд гэрээнээс татгалзсан тул гэрээний үүрэгт төлсөн мөнгийг буцаан гаргуулахаар шаардаж байна. Т.О орон сууцны төлбөрт урьдчилгаа төлбөрт 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 17.000.000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 17.862.000 төгрөг, графикийн дагуу 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 24 сарын хугацааны төлбөр 19.504.000 төгрөг нийт 54.366.000 төгрөг төлсөн тул буцаан гаргуулна.
Мөн хугацаандаа ашиглалтад оруулаагүйгээс нэг өрөө байр түрээслэхээр гэрээ хийж түрээсийн төлбөр төлж байна. Иймд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх түрээс 2.700.000 төгрөг, түүнээс хойшхи 2 сарын түрээс 1.500.000 төгрөг, нийт 4.200.000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулна. Иймд нийтдээ 58.566.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ, гэрээний хавсралт, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл, монгол шуудангийн баримт, мөнгө шилжүүлсэн тухай Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны шилжүүлгийн баримтууд, дансны хуулга, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ, 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ зэргийг ирүүлжээ. /хх 4-43, 69-78/
Хариуцагчаас баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ. /хх50-52/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Т.О нь Марч констракшн ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 58.566.000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: гэрээ байгуулагдсан, хугацаандаа орон сууцыг барьж ашиглалтад хүлээлгэн өгөөгүй, өгөх эсэх тодорхойгүй тул гэрээг цуцалж, төлсөн мөнгийг хохирлын хамт гаргуулна гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
4.1.Нэг талаас Т.О, нөгөө талаас Марч констракшн ХХК нар 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр харилцан тохиролцож, Худалдагч нь Хан-Уул дүүрэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Поларис апартмент-2 нэртэй орон сууцны хотхоны С блок, 1 дүгээр орц, 10 дугаар давхар 1003 тоот 61,16 мкв талбай бүхий гурван өрөө орон сууцыг 2022 оны 4 дүгээр улиралд багтаан барьж дуусган худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч нэг мкв-д 1.900.000 төгрөгөөр тооцон нийт үнэд 116.204.000 төгрөгөөс гэрээ байгуулсан өдрөө 17.000.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 17.861.200 төгрөг, үлдэх 81.342.800 төгрөгийг хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр 848.000 төгрөг төлөхөөр тохирч, П2-С-01/33-36 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулжээ. /хх 5-9/
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн гэрээ байна.
4.2.Гэрээний дагуу нэхэмжлэгч 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 54.366.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх 14-37, 69-70/
4.3.2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчээс гэрээ цуцлах тухай мэдэгдлийг Марч констракшн ХХК-д хүргүүлжээ. Гэрээ цуцлах мэдэгдлийг хариуцагчид гардуулсан болох нь тухайн баримтын доод талд хүлээн авсан хуулийн зөвлөх Б.Мөнх-Од, 2023.07.24-нд хэмээн гарын үсэг зурсан байдлаар тогтоогдож байна. /хх 12/
5.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, Худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Талуудын хоорондох гэрээний 3.2-т орон сууцны барилгыг 2022 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохиролцсон байна. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, өнөөдрийн байдлаар барилгын ажил эхлээгүй, суурийн цутгалт хийгдээгүйгээс хэзээ ашиглалтад орох тодорхойгүй хэмээн нэхэмжлэгч тайлбарлаж улмаар гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлжээ.
Ийнхүү орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон, улмаар мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үндэслэлээр үүргийн зөрчлийн улмаас гэрээ цуцалсныг буруутгах үндэслэлгүй. Түүнчлэн хэргийн баримтаар гэрээг цуцалж болохгүй Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан нөхцөл тогтоогдоогүйгээс гадна хариуцагчийн зүгээс шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойшхи хугацаанд аливаа эсэргүүцлийг гаргаагүй.
Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй, хариуцагч буцаан төлөх үүргийг хүлээнэ.
Хариуцагч Марч констракшн ХХК нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар орон сууцны төлбөрт шилжүүлэн авсан 54.366.000 төгрөгийг буцаан төлөх үүргийг хүлээнэ.
6.Нэхэмжлэгч хохиролд тооцон 4.200.000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Үндэслэлээ орон сууцыг хугацаандаа ашиглалтад өгөөгүйгээс 2023 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Буянт-Ухаа, Морингийн даваанд нэг сард 450.000 төгрөгөөр /2.700.000=450.000*6/, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс хотод арай ойртуулж яармагт нэг сард 750.000 /1.500.000=750.000*2/ төгрөгөөр орон сууц хөлслөх болсон гэж тайлбарлав.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдох учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.
Хэрэгт авагдсан талуудын хоорондох гэрээний 5.13-т гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй тохиолдолд хүлээлгийн 180 хоногийн хугацаанд шилжинэ. Хүлээлгийн 181 дэх хоногоос алданги тооцож эхэлнэ
гэж тохирсон байх тул шүүх 2023 оны 01-6 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөрийг хохиролд тооцох үндэсгүй, харин энэ хугацаанаас хойшхи хугацааны орон сууц хөлсөлсөн төлбөрийг хохиролд тооцох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т нийцнэ.
Нэхэмжлэгч орон сууц хөлсөлсөн зардлыг нэг сард 750.000 төгрөгөөр тооцож 1.500.000 төгрөг шаардсан. Нэхэмжлэгчийн баримтаар ирүүлсэн орон сууц хөлслөх гэрээнд төлбөрийг хоёр сараар урьдчилж төлөх, нэг сарын төлбөр 750.000 төгрөг байхаар заасан, орон сууц хөлсөлний төлбөрт гэрээнд нэрлэн заасан Хаан банкны дансанд 2023 оны 6 дугаар сарын 12, 14-ний өдөр 1.050.000 төгрөг, 950.000 төгрөг тус тус шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдож байх тул шүүх 1.500.000 төгрөгийг хохиролд тооцон олгох нь зүйтэй.
Дээрхийг нэгтгээд хариуцагчаас 55.866.000 /54.366.000+1.500.000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан Марч констракшн ХХК-иас 55.866.000 /тавин таван сая найман зуун жаран зургаан мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 450.780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 437.280 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ