Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 38

 

  Н.Л-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Л-д холбогдох, 2135000000087 дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч болон  түүний өмгөөлөгч М.Мөнхөөгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Н.Л /цахимаар/, өмгөөлөгч М.Мөнхөө нар оролцов.

  Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Н-ийн Л, .., эрэгтэй, 44 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эцэг, эхийн хамт Увс аймгийн ...сумын . багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсгүүдэд зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 145 дугаар зүйлийн 145.3, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч Н.Л нь 2021 оны 04 дүгээр сарын 22-ны орой Увс аймгийн Давст сумын 1-р багийн нутгаас хохирогч П.М-ын хоёр тооны адуу буюу олон тооны бод мал хулгайлж 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Х ургийн овогт Н-ийн Л-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэж хөнгөрүүлэн өөрчилж,

 Шүүгдэгч Х ургийн овогт Н-гийн Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-ыг 3 жил хорих ялаар шийтгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-д оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

 шүүгдэгч Н.Лас гаргуулах хохиролгүй, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох арван настай морины үнэ 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Н.Лас гаргуулж улсын төсөвт оруулж,

шүүгдэгч Н.Л-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэрч Н.Н-ийн өмчлөлийн хээр зүсмийн, зүүн гуя дээрээ олом тамгатай, арван настай морийг битүүмжилсэн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож,

шүүгдэгч Н.Л-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон дөрвөн хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон шүүгдэгч Н.Л-ын хуучин цэрэг эмээл 1, суран хазаар 1, цэнхэр өнгийн дээл 1 , суран аргамж  1-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж тус тус шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Л-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзнэ.

Хохирогч П.М нь өөрийн 2 тооны адууг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хулгайд алдсан, тухайн адуугаа алдсанаас хойш 15 хоногийн дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, энэ хугацаанд өөрийн адуугаа хулгайлдагдсан талаар мэдээгүй байдаг.

Харин тухайн цаг хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Давст сумын иргэн Ц.Б нь шүүгдэгч Н.Л-ын дээлний бүсээр хээр зүсмийн нэг морь хүзүүгээр нь оосорлочихсон байдалтай явж байхад нь таарсан байдаг бөгөөд хилийн цэргийн эрх бүхий албан тушаалтанд тухайн иргэний талаар мэдээлэл хүргүүлсэн байдаг.

Хилийн цэргийн 0245 дугаар ангиас Тагнуулын Ерөнхий газрын Увс аймаг дахь газарт мэдээлсний дагуу Г-36 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд бүртгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокуророос “...Н.Л нь Монгол Улсын хилийн хууль бусаар нэвтэрсэн болох нь тогтоогдоогүй ..” гэж үзэж 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 133 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Тухайн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах явцад Н.Лас анх удаа Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлстийн мөрдөгч нь мэдүүлэг авсан байдаг бөгөөд Н.Л нь “..замд нэлээн адуу тааралдсанаас нэг бага байдсан гүү, азарга гэсэн 2 тооны адуу барьж аваад...нуур дээр хоёр мөсөн ангалын дунд ороод гаргах гэж явж байтал холбоотой хоёр адуу мөс цөмрөөд унасан. Гэрээсээ унаж гарсан өөрийнхөө хээр морийг л татаж авсан, харин нөгөө бага гүү нь ус руу ороод алга болсон,  азарга нь толгойгоо хоёр удаа ус цохиод үхсэн ...” гэж мэдүүлдэг бөгөөд энэ нь прокурорын 133 дугаар тогтоолд тусгагдсан, прокурорын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 133 дугаар тогтоол нь шүүгдэгч Н.Л-д холбогдох эрүүгийн 2135000000087 дугаартай хэрэгт нотлох баримтаар бэхжүүлэгдэн авагдсан байдаг.

Түүнчлэн нутгийн иргэдийн дунд “..дээлний бүсээр морио хөтөлсөн хүн явж байгаа” талаар мэдээлэл тархсан байдаг бөгөөд хохирогч П.Маас 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр цагдаагийн байгууллагад адуугаа алдсан талаар гомдол мэдээлэл гаргасныг Цагдаагийн байгууллага ГХ-262 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд бүртгэж, улмаар Н.Л-ыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. ГХ-262 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах явцад Н.Лас гэрчээр мэдүүлэхдээ “.. хоёр тооны адуу хулгайлсан талаараа мэдүүлдэг.

Дээрх баримтуудаас дүгнэхэд хохирогч П.Мыг “шүүгдэгч Н.Л яллагдагчаар хээр зүсмийн азарга болон гүү хулгайлсан талаар мэдүүлэг өгсний дараа, хэргийн материалыг танилцуулаагүй байхад "2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Торхилогын голд байсан адууг Увс нуурын хөвөө рүү хөөж нуур руу шахаж байгаад хоёр тооны морь барьсан байдаг. Хээр зүсмийн азарга, хээр зүсмийн дөрвөн настай гүү зэрэг хоёр тооны морь барьсан байдаг...” гэж шүүгдэгчийн мэдүүлэгтэй танилцсан юм шиг мэдүүлсэн нь эргэлзээ төрүүлж байна гэх шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, өрөөсгөл дүгнэлт болсон байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч Д.Мандахбаяр нь өөрийн азаргатай адуунаас хээр зүсмийн азарга, хээр зүсмийн 4 настай гүү хулгайд алдсан талаар мэдүүлсэн бөгөөд энэ талаараа мөрдөн шалгах ажиллааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргаж мэдүүлэг өгснийг үнэлэхгүйгээр, шүүгдэгчийн шүүх хуралдааны шатанд гаргасан мэдүүлгийг үнэлж, “шүүгдэгч Н.Л хохирогчийн хээр зүсмийн гүүг хулгайлсан болох нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар хэргийн үйл баримтад дүгнэлт хийх нь зүйтэй байна” гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн шүүх нь шүүгдэгч Н.Л-ын удаа дараагийн буюу Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч болон Цагдаагийн байгууллаггын мөрдөгчид гаргасан гэрчийн болон яллагдагчаар өгсөн “.. би хоёр тооны адуу хулгайлсан..” гэж мэдүүлсэн мэдүүлэгт дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл Н.Л нь хохирогч П.Мын азарга хулгайлсан нь нотлогдсон гэж үзэж, өөр хэн нэгэн хүний гүү хулгайлсан эсэхэд бодит дүгнэлт хийхгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Иймд шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

   Шүүгдэгч Н.Л, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Шийтгэх тогтоолын гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн байх ба Н.Лаг 1 тооны морь хулгайлсан гэм буруутайд тооцсон атлаа Н.Л нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд 1 тооны морь хулгайлсан үйлдлээ тогтвортой мэдүүлснийг хэргийн үйл баримгыг хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэсэн, мөн хохирол хор уршгийг урьдчилсан нөхцөлгүйгээр бүрэн хүлээн зөвшөөрч, нөхөн төлсөн зэрэг шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр гагцхүү урьд нь удаа дараа эрүүгийн хэргээр шийдвэрлэгдсэн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12.1 дэх хэсэгт: 6 сараас 5 жил хүртэл хорих ял оногдуулах,  17.12 дугаар зүйлийн 2.1- д:2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байх ба шүүх нь 1 тооны мал хулгайлсан гэм буруутайд Н.Лаг тооцсон атлаа эрүүгийн хуулийн 17.12-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс дээгүүр хорих ял оноосон нь шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэг нь тогтоох хэсгээ үгүйсгэсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Иймд Н.Лаг Эрүүгийн хуулийн 17.12.1 дэх хэсэгт гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн мал хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохиролыг нөхөн төлсөн болон үйлдсэн гэм хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэх буюу тэнсэн харгалзаж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Прокуророос Н.Л-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүхээс мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Хэргийн нөхцөл байдлыг авч үзвэл Н.Л нь морьтой нуур дээгүүр явж байтал 1 морь буюу азаргыг усанд алдсан байдаг. Тухайн азарга нь үхсэн байдалтай нуурын хөвөөн дээр гарч ирсэн учир уг гэмт хэрэг илэрсэн. Хэрэв нуурын ус цөмрөөгүй байсан бол хохирогч П.Мын адуу алга болсон хэрэг илрэхгүй байх байсан гэж үзэж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Н.Л 2 адуу хулгайлсан гэдэг нь нотлогдон тогтоогдохгүй байх ба мэдүүлгийнхээ эх сурвалжийг тогтоож чадаагүй гэх агуулгатай тайлбар гаргаж байна. Хохирогч П.М анх мэдүүлэг гаргахдаа 1 тооны азарга алга болсон гэж мэдүүлдэг. Харин 2 дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө 1 тооны азарга, 1 тооны гүү алга болсон гэж мэдүүлсэн ба энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирогч мэдүүлгээ өгсөн. Нуурын хөвөөнд үхсэн малын сэг гарч ирсэн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй ба энэ нь боломжгүй ажиллагаа юм. Шүүгдэгч Н.Л хохирогч П.Мын 2 тооны азарга, гүүг хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж байгаа нь учир дутагдалтай байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хүрээнд тайлбар хийхэд: анхан шатны шүүхээс хэргийн зүйл хэсэгт тохирох хэмжээний ялыг оногдуулсан ба хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон хөнгөрүүлэн өөрчилсөн учир шүүгдэгч Н.Л-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ёстой гэдэг ойлголт байхгүй. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд 3 жилийн хорих ял оногдуулсан гэж үзэж байна. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “78 настай аав ээж хоёр байгаа учир хэргийг минь хөнгөлж, тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. Дахин ийм хэрэг үйлдэхгүй гэдгээ тангараглаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагын талаар дурдахдаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд 2 тооны адуу хулгайлан гэж мэдүүлдэг боловч шүүхийн шатанд 1 тооны адуу хулгайлсан гэж зөрүүтэй мэдүүлсэн. Шүүгдэгч шүүхийн шатанд хохирогчийн 1 тооны адуу хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг гаргасан байхад анхан шатны шүүхийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн санкц нь 2-8 жилийн хорих ялтай байдаг. Анхан шатны шүүхээс Н.Л-ын гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчилсөн атлаа 3 жил хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлага болон гэм буруугийн зарчим хоорондоо зөрчилдөж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Н.Л өмнө нь 2 удаа гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял авч байсан тул өнөөдрийн байдлаар өрхийн мэдээллийн санд бүртгэлгүй болчихсон ба нийгэмд амьдрах ннийгэмшилгүй болчихсон учир үнэ төлбөргүй өмгөөллийн үйл ажиллагаа явагдаж байгаа. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоол хавтаст хэрэгт 2 удаа хуулбарлагдсан байсан. Н.Л гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан байдал болон дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд Н.Л-д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү” гэв.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

   Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарын давж заалдсан гомдлыг үндэслэн Н.Л-д холбогдох, 3135000000087 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Л-ын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны орой Увс аймгийн Давст сумын 1-р багийн нутгаас хохирогч П.Мын хоёр тооны адуу буюу олон тооны бод мал хулгайлсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Н.Л-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Шүүхээс Н.Л-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад хуульзүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүйгээс шийтгэх  тогтоол үндэслэл бүхий болоогүй байна гэж дүгнэлээ.

           Хохирогч П.М анх цагдаагийн байгууллагад 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гомдол, мэдээлэл гаргаж, мөн өдрөө хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “хээр зүсмийн азарга алга болсон” талаар мэдүүлсэн байх ба  2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дахин хохирогчоор “ ...Би урьд мэдүүлэг өгөхдөө адуу малаа  шалгаж  үзэлгүйгээр зөвхөн хээр зүстэй азарга хулгайлагдсан талаар мэдүүлсэн. Манай алга болсон 4 настай хээр зүсмийн гүү бол хээр азаргатай адуунд хамт байсан. Миний адуунаас 2 тооны адуу  хулгайлагдсан байсан. Хээр зүсмийн азарга нь нуурын хөвөөнд үхсэн байсан, харин хээр зүсмийн гүүний сэг зэм нь олдоогүй, хайгаад олохгүй байгаа” гэж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт : “ Азарга, гүү 2-оо хайгаад олохгүй байсан, тэгэж байтал азаргаа нуурын хөвөөнд үхсэн байсныг олж мэдсэн, нуурын уснаас гарч ирсэн байсан. Харин гүү нь олдоогүй, энэ ч бас нууранд орж үхсэн байх гэж бодсон. Азарга нь нуурын усанд үхсэн байсныг үзэж харсан болохоор азарга алдсан талаараа анх гомдол гаргасан. Гүүгээ хаанаас яаж олох вэ гэж бодоод мэдүүлээгүй, тэгээд хайгаад олдохгүй байсан учраас сүүлд нэмж гомдолдоо оруулсан. Шүүгдэгчийн хувьд ч над уруу утсаар ярихдаа “ 2 тооны адууг чинь төлж өгье” гэж хэлсэн” гэж тус тус мэдүүлжээ.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан байх бөгөөд хохирогчийн хэргийн үйл баримтын талаар буюу 2 адуу хулгайлагдсан талаар өгсөн мэдүүлгийг няцаах, үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.   

Гэтэл шүүхээс хохирогчийн мэдүүлэг үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж, мөн шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг хоорондоо зөрөөтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэхгүй гэж тус тус дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ” гэх зарчимд нийцээгүй байна.  

Хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримттай нийцээгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.   

Хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч Н.Л, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарын давж заалдсан гомдолд энэ удаад дүгнэлт хийгээгүй болно.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Л-д холбогдох 2135000000087 дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл Н.Л-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3.Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

 

Л.АЛТАН