Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 15 өдөр      Дугаар 222/МА2019/00009                        Баруун-Урт     

 

                                          Д.Цын нэхэмжлэлтэй, 

                              “Д” хоршоонд  холбогдох 

                                               иргэний хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.Д, Ц.Б

Нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов. 

 

 Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 164 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч “Д” хоршооны давж заалдах гомдлоор  Э.Цын “Д” хоршооны гишүүдийн 2018 оны 08 дугаар сарын 20--ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй “Д” хоршоонд холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч,  шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахгүй, нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна, хариуцагчтай эвлэрэхгүй. Нэхэмжлэл гаргахдаа он сар өдрийг нь андуурч 2018.08.20-ны өдрийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах гэхийг 2018.07.28 гэж бичсэн нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж байна. Ц тухайн хуралд өөрөө оролцоогүй тул он сар өдрийг нь сайн мэдэхгүй байсан. 2018.08.20-ны өдрийн хуралдаанд хоршооны 9 гишүүнээс 7 хүн ирсэн гэж протоколд тэмдэглэсэн байгаа юм. Гэтэл энэ хуралд Ц, Н нарыг алс ажилтай гэж оролцуулаагүй байгаа юм. Харин бусад нь ирсэн гэж бичсэн байгаа боловч Б итгэмжлэлээр өөрийн хүү Мийг оруулсан гэж байгаа боловч итгэмжлэл нь байхгүй байна. Хэргийн материалд 1 итгэмжлэл байгаа нь 2018.07.31-ны өдрийн хуралд оролцуулах тухай итгэмжлэл байна. Мөн Д.Эыг орсон гэж байгаа боловч оролцоогүй байна. Иймд Хоршооны тухай хуулийг зөрчиж хийсэн хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

Хариуцагч Ш.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Намайг хоршооны даргаар томилох хуралдааныг 8 дугаар сарын 20-нд хийсэн. Энэ хуралд бол Эыг орсон шиг санаж байна. Б бол хуралд оролцоогүй боловч итгэмжлэл надад өгсөн байсан болохоор итгэмжлэлээр хүү Мийг нь оролцуулсан юм. Олонхи гэдгийг бол зөрчөөгүй олонхоороо хэлэлцээд намайг даргаар томилсон болохоор энэ нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. 2018 оны 07 сарын 31-нд хурал хийж намайг гүйцэтгэх захирлаар томилсон. 8 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар ямар ч хууль зөрчсөн ажиллагаа бол байхгүй гэжээ. 

 

Хамтран хариуцагч Ц.Б шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: Би энэ хурлыг хийж болохгүй ирц нь болохгүй байна гэж Д ахад хэлж байсан. Б бол итгэмжлэл өгөөгүй, өгвөл надад өгөх байсан юм. 5 хүн хуралд ирсэн. Б би, А, Эб, Э, Ө нар байсан. Итгэмжлэл танилцуулсан үүнийг хууль бус байна гэж хэлсэн. Ирц бүрдээгүй байхад хурал болсон юм гэв.

 

          Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 164 дүгээр шийдвэрт:  Хоршооны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг баримтлан Д хоршооны 2018.08.20-ны өдрийн бүх гишүүдийн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Даас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Д” хоршоо /дарга Ш.Д/ давж заалдах гомдолдоо: Би тухайн хоршооны гишүүн болох хүсэлтээ хууль журмын дагуу гаргаж, “Д” хоршооны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, намайг хоршооны гишүүнээр элсүүлсэн. Үүний дараа хоршооны дарга болгох тухай санал гарснаар хуралд орвол зохих 9 гишүүнээс 8 нь гишүүн саналаа өгч хоршооны даргаар сонгогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэж гомдол гаргаж байна. Хоршооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь хэсэгт ... “хоршооны үйл ажиллагаанд оролцож тэргүүлэгч болон хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгох, сонгогдох”, мөн хуулийн 14.1.4 дэх хэсэгт: “бүх гишүүдийн хуралд оролцож шийдвэр гаргахад таслах эрхтэй” гэж,  мөн “Д” хоршооны дүрмийн 29-р зүйлд: “бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэх асуудал олонхийн санал байх шаардлагыг заасан. Мөн дүрмийн 29-р зүйлийн 2 дахь хэсэгт: “бүх гишүүдийн хурлын шийдвэрийг энэхүү дүрэмд тухайлан зааснаас бусад тохиолдолд хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргана” гэж заасан.  Анхан шатны шүүх хуралдаанд гэрч Д.Эыг тусгаарлаагүй, хариуцагч Ц.Быг хэргийн материалтай танилцах хугацаа олгоогүй гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Ц нь “Д” хоршооны 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн бүх гишүүдийн хурлын ирц бүрдээгүй тул хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээ шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.Д нь  “2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн бүх гишүүдийн хуралд 9 гишүүний 6 нь оролцож 66.6 хувийн ирцтэй байсан  учир Хоршооны тухай хууль зөрчөөгүй” гэж маргасан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А нь  2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр анхан шатны шүүх хуралдаанд  “Иргэн Ш.Дыг Д хоршооны гишүүнээр сонгох, тэргүүлэгч, даргаар томилох тухай хоршооны бүх гишүүдийн хуралд оролцсон Б.А, Б.М, Ш.Ө, З.Эб, Ц.Б нарыг гэрчээр асуулгах”-аар хүсэлт гаргасныг  2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 378 дугаар шүүгчийн захирамжаар  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ... гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасны  дагуу хангаж шийдвэрлэжээ.  /хх 24, 30-31/ 

 

Гэтэл “Д” хоршооны гишүүн Ш.Өийг гэрчээр асуугаагүй орхигдуулж,  шүүгчийн захирамжийн энэ хэсэг биелэгдээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэснийг шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзнэ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.Дын давж заалдах гомдол болон зохигчдын шүүх хуралдаанд өгсөн “шүүх бид нарын тайлбарыг авсны дараа гэрчийг шүүх хуралдааны танхимаас гаргасан” гэх тайлбаруудаас үзэхэд шүүх зохигчдын тайлбарыг авахаас өмнө гэрч Д.Эыг шүүх хуралдааны танхимаас гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт заасан  “шүүх хуралдаанд дуудагдсан гэрчийг шүүх хуралдааны танхимаас түр гаргана.” гэсэнтэй нийцэхгүй байна. 

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.Д нь өөрөө “хуулбар үнэн” гэж баталгаажуулан хоршооны тамга дарсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд гаргаж өгчээ.  Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч учраас мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд...” гэдэгт хамаарахгүй юм. 

 

Түүнээс ирүүлсэн бичгийн нотлох баримтууд нь  мөн хуулийн  44 дүгээр зүйлийн  44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй  бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх нотлох баримтаас хасах талаар дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр  буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.Дын давж заалдах гомдлоос “шүүх хуралдааны танхимаас гэрч тусгаарлаагүй” гэснийг хүлээн авч, бусад хэсгийг хэлэлцэхгүй орхив. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 164 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

                                    

Гурав. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             О.БААТАРСҮХ

 

                                      ШҮҮГЧИД                               С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                      Д.БАЙГАЛМАА