| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2022/02680/И |
| Дугаар | 181/ШШ2023/00929 |
| Огноо | 2023-03-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2023/00929
| 2023 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 181/ШШ2023/00929 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .................... байрлах, МТЗ ТӨХК /Регистрийн дугаар:............../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .....................тоотод байрлах, ТХМ ГХОХХК /Регистрийн дугаар: 6262465/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 521.413.500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, Я.У, хариуцагч компанийг төлөөлж гүйцэтгэх захирал О.Х, хариуцагчийн өмгөөлөгч Г.М, Г.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч МТЗ ТӨХК нь ТХМ ГХОХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 521.413.500 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Манай компани ТХМ ХХК-тай нийтдээ хоёр удаагийн түрээсийн гэрээг байгуулсан.
-2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ТүГ-21/48-48/05 тоот түрээсийн гэрээгээр нийт 40 ширхэг ачааны вагоныг, нэг вагон хоногийн 90.000 төгрөг байхаар тохиролцож түрээсэлсэн бөгөөд вагонуудыг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн байсан. /өмнө гэрээгээр ашиглаж байсан/ ТХМ ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг төлөөгүй. Энэ гэрээний дагуух 40 ширхэг ачааны вагонуудын 24 ширхэгийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 8 ширхэгийг 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, үлдсэн 8 ширхэгийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тус тус буцаан хүлээн авсан. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс вагонуудыг хүлээн авсан өдөр хүртэл нийт түрээсийн вагон хоног нь 1709, түрээсийн гэрээний төлбөр 153.810.000 төгрөг болсноос 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 11.970.000 төгрөгийг хасаж, 141.840.000 төгрөгийн түрээсийн төлбөрийн авлагатай байна.
- 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ТүГ-21/46-46/04 тоот түрээсийн гэрээгээр нийт 145 ширхэг ачааны вагоныг, нэг вагон хоногийн 109.000 төгрөг байхаар тохиролцож түрээслэсэн. Вагонуудыг 2021 оны 3 дугаар сарын 31, 4 дүгээр сарын 01-ний өдрүүдэд тус тус хүлээлгэн өгсөн. ТХМ ХХК-ийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөр төлөөгүй. Энэ гэрээний 145 ширхэг ачааны вагонуудын 76 ширхэгийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 42 ширхэгийг 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, үлдсэн 27 ширхэгийг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тус тус буцаан хүлээн авсан. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс вагоныг хүлээн авсан өдөр хүртэл нийт түрээс бодогдох вагон хоног 4269, түрээсийн гэрээний төлбөр 465.321.000 төгрөг болсноос 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 259.552.000 төгрөгийг хасаж, 205.769.000 төгрөгийн авлагатай байна.
Иймд ТүГ-21/48-48/05 тоот түрээсийн гэрээний үүрэгт 141.840.000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, түрээсийн гэрээний 7.2-т заасныг үндэслэн алданги 70.920.000 төгрөг, ТүГ-21/46-46/04 тоот түрээсийн гэрээний үүрэгт 205.769.000 төгрөг, алданги 102.884.500 төгрөг, нийтдээ 521.413.500 төгрөгийг ТХМ ГХОХХК-аас гаргуулж өгнө үү.
Манай зүгээс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэл өгч гэрээг цуцласан. Талуудын хоорондох гэрээгээр түрээслүүлэгчээс үл хамаарах шалтгаантай бол вагоныг ашигласан эсэхээс үл хамаарч хүлээлгэн өгөх хүртэл төлбөр тооцохоор заасан. Манайхаас шалтгаалсан зүйлгүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Мөн гэрээний 8.1-д төлбөрөөс хасах тухай заагаагүй, харин хугацаа хойшлуулах тухай заасан. Хариуцагч хугацаандаа хүлээлгэн өгөх боломжтой байсан ч тээврийг хийсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч ТХМ ГХОХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
Анх нэхэмжлэгч байгууллагаас сонгон шалгаруулалт зарласны дагуу оролцож, талууд 2021 оны 3 дугаар сарын 30, 31-ний өдрийн гэрээнүүдийг байгуулсан. Эхний гэрээгээр 40 ширхэг хагас вагоныг 1 ширхэгийг өдөрт 90,000 төгрөгөөр тооцож нэг жилийн хугацаатай гэрээг байгуулсан. Дараагийн гэрээгээр 145 ширхэг хагас вагоныг нэг өдөрт 109.000 төгрөгөөр тооцож мөн нэг жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон байсан. Сонгон шалгаруулалт зарлахдаа тодорхой хэмжээний заалтуудтай, зөвхөн Сэлэнгэ аймгийн төмөртэй өртөөнөөс төмрийн хүдэр тээвэрлэнэ гэж нөхцөл заасан байсан. Гэтэл түрээслэгч тал давуу байдлаа ашиглаж хугацаанаас өмнө вагоныг буцаан авах шаардлага тавьсан. Таван толгой Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орох болсноор гэрээний хугацааг наашлуулна гэсэн шаардлага тавьсан. Иймд нүүрс тээвэрлэхийг бидэнд зөвшөөрч, гэрээнд өөрчлөлт оруулж хугацааг наашлуулж, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгахаар харилцан тохиролцсон.
Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн вагон хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хугацаа, тоонд маргахгүй. Харин нэхэмжлэгч хүлээн авсан вагоныг аль гэрээний дагуух вагоныг буцаан авснаа буруу тооцож нэхэмжилсэн байна. Тухайлбал: Нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан 100 ширхэг вагоныг ТүГ-21/48-48/05 тоот гэрээнийх 24 ширхэг, ТүГ-21/46-46/04 тоот гэрээнийх 76 ширхэг гэж тооцсон байна. Гэтэл хэргийн баримтаар ТүГ-21/48-48/05 тоот гэрээнийх 20 ширхэг, ТүГ-21/46-46/04 тоот гэрээнийх 80 ширхэг байна.
Дараагийн 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан 50 ширхэг вагоны хувьд ТүГ-21/48-48/05 тоот гэрээнийх 8 ширхэг, ТүГ-21/46-46/04 тоот гэрээнийх 42 ширхэг байна. 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан 35 ширхэг вагоны ТүГ-21/48-48/05 тоот гэрээнийх 12 ширхэг, ТүГ-21/46-46/04 тоот гэрээнийх 23 ширхэг байна. Буцаан хүлээн авсан вагон аль гэрээнийх гэдгээс хамаарч нэг өдрийн түрээсийн үнэ өөр тул зөрүү их үүсч байна.
Мөн давагдашгүй хүчин зүйлийн улмаас сүүлийн 35 хагас вагоныг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн. Тухайн вагонуудыг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ачаа тээвэрлээд Эрээн хотын чиглэлд явсан боловч өөрөөс үл хамаарах шалтгаанаар саатсан. Коронавирус цар тахлын улмаас 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Улсын Эрээн хотын захиргаанаас 83 тоот мэдэгдэл гарч, нүүрс болон төмрийн хүдэр түүнтэй ойролцоо задгай бараа бүтээгдэхүүнийг Эрээн хотын хилээр нэвтрүүлэхгүй байх хорио цээрийн дэглэм тодорхойгүй хугацаагаар тогтоосон. Тухайн үед Эрээн хот чиглэлд 1500 гаруй вагоны цуваа үүсч, тодорхойгүй хугацаагаа хил хаагдсан байсан. Энэ талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн. Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор хариуцагч компанид Худалдаа аж үйлдвэрийн танхимаас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг олгосон. 2021 оны 11 дүгээр сар хүртэл тооцоо нийлж үлдэгдэл 66.689.906 төгрөг болохыг баталгаажуулсан. Үүнээс өмнөх хугацааны төлбөрт талууд маргаагүй гэж харж байна. Энэ төлбөрийг манайх 2021 оны 12 дугаар сарын 28-нд төлсөн. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 274.650.000 төгрөгийг төлсөн.
Талуудын хоорондох гэрээний 8.1-д гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн талаар тохиролцохдоо халдварт өвчний тархалт гэж тусгасан тул сүүлийн 35 вагоны тухайд хариуцагчийн зүгээс төлбөр төлөх үүрэг үүсэхгүй, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна. Бусад төлбөрийн тухайд төлбөл зохих төлбөрийг бүрэн төлсөн. Түүнээс гадна нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн тул тэрнээс хойшхи хугацаанд төлбөр, алданги тооцох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ТүГ-21/46-46/04 тоот түрээсийн гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ТүГ21/46-46/04-1 тоот гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, вагон хүлээлцсэн акт, 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ТүГ 21/48-48/05 тоот түрээсийн гэрээ, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн вагон хүлээлцсэн акт, 2021 оны 11 дүгээр зүйлийн 12-ны өдрийн ТүГ-21/48-48/05-1 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, вагон буцаан хүлээлцсэн актууд, 2021 оны 12 сар, 2022 оны 1,2,3 дугаар сард түрээс тооцсон тооцоолол, авлагын мэдээлэл, МТЗ ТӨХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 01/616 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, ТХМ ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 22/34 тоот, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан хуулбараар, МТЗ ТӨХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/1467, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/1528, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/1275, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1352 тоот албан бичгүүд, вагон хүлээлцсэн актууд зэргийг баримтаар ирүүлжээ.
/хх 5-39, 51, 52, 102, 111, 127-133, 135-139, 147-159/
Хариуцагчаас баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 02/359 тоот гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02/742 тоот гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, вагоны хөдөлгөөний тайлан хүснэгт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
банкны шилжүүлгийн баримт, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20/01 тоот тооцооны үлдэгдлийн баталгаа хуулбараар, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа хуулбараар, Улаанбаатар төмөр замын статистик бүртгэлийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны 15/06 тоот албан бичиг, хавсралтын хамт, Эрээн хот дахь шинэ төрлийн коронавирусийн халдвар, уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх штабын /No83/ мэдэгдэл хятад хэлнээс орчуулсан орчуулга, МТЗ ТӨХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны 01/1352 тоот албан бичиг, ТХМ ГХОХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 21/231, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 22/21 тоот албан бичгүүд, 2021 оны 12 дугаар сарын 14-ний 21/264 тоот албан бичгүүд, төлбөрийн тооцоолол, Улаанбаатар төмөр замын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03/331 тоот албан бичиг, ТХМ ГХОХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 21/227, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22/13 тоот албан бичгүүд зэргийг баримтаар ирүүлжээ.
/хх 44-45, 47, 58, 61-64, 77-81, 90-97, 103-107, 141-142, 170-174/
Шүүхийн журмаар: хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн 2022 оны 181/ШЗ2022/15203 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Улаанбаатар төмөр зам ХНН-иас ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10/624 тоот хариу, 2023 оны 181/ШЗ2023/02294 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн мэйлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10/124 тоот хариу, тус шүүхийн 181/Ш32023/03749 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн Улаанбаатар төмөр зам ХНН-ийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 10/181 тоот хариу, түүний хавсралтууд зэргийг бүрдүүлжээ. /ХХ 75, 76, 121-125, 126, 175-198/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч МТЗ ТӨХК нь ТХМ ГХОХХК холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 521.413.500 төгрөг гаргуулахаар шаардсан.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хүртэл төлбөр тооцохоор тохиролцсон тул түрээсийн төлбөрийн үлдэгдлийг алдангийн хамт гаргуулна гэж тайлбарласан.
3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: нэхэмжлэгч тооцооллыг буруу хийж нэхэмжилсэн, төлбөл зохих төлбөрийг төлсөн, давагдашгүй хүчин зүйлийн улмаас тохиролцсон хугацаанаас хэтрүүлж хүлээлгэн өгсөн тул хариуцлагаас чөлөөлөгдөнө, төлбөр төлөх үндэсгүй гэж маргасан.
4.хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
4.1.нэг талаас МТЗ ТӨХК, нөгөө талаас ТХМ ГХОХХК нар 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр харилцан тохиролцож, Түрээслүүлэгч нь өөрийн эзэмшлийн 145 ширхэг ачааны вагоныг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхээр, Түрээслэгч нь нэг вагоныг өдөрт 109.000 төгрөгөөр тооцон төлбөр төлөхөөр тохирч ТүГ-21/46-46/04 тоот төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээ-г, мөн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 40 ширхэг вагоныг нэг вагоныг өдөрт 90.000 төгрөгөөр 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаагаар эзэмшил, ашиглалтад шилжүүлэхээр ТүГ-21/48-48/05 тоот төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээ-г тус тус байгуулжээ. Талууд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр харилцан тохирч, дээрх хоёр гэрээний хугацааг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байхаар ТүГ-21/46-46/04-01, ТүГ-21/48-48/05-01 тоот нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулжээ. /хх 6-9, 16-18, 21/
Талуудын хоорондох ТүГ-21/46-46/04 тоот гэрээний 6.2, болон ТүГ-21/48-48/05 тоот гэрээний 7.2-т хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж тохиролцжээ.
Дээрх гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 232 дугаар зүйлийн 232.3-т заасан гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д нийцсэн гэрээ байна.
4.2.Зохигчид гэрээний дагуу нийт 185 /145+40/ ширхэг вагоныг хүлээлгэн өгсөн, түүнчлэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 100 /87+8+5/ ширхэг вагон, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 50 ширхэг вагон, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр үлдэх 35 ширхэг вагоныг буцаан хүлээн авсан үйл баримтуудад маргаагүй.
4.3.Нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн, улмаар 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс гэрээг цуцласан гэж тайлбарласан, хариуцагч үүнд маргаагүй болно. /хх 159/
5.Харин хүлээлгэн өгсөн вагон аль гэрээний зүйл болох талаар маргасан. Мөн сүүлийн 35 ширхэг вагоны төлбөр төлөх эсэх, гэрээ цуцласнаас хойшхи хугацаанд төлбөр алданги төлөх эсэхэд маргаж байна.
5.1.Хэрэгт авагдсан анх хүлээлгэн өгсөн вагоны дугаар, буцаан хүлээн авсан вагоны дугаар болон хуучин шинэ вагоны дугаараар харуулсан нэхэмжлэгчийн ирүүлсэн тооцоолол зэргийг харьцуулан харвал:
-ТүГ-21/48-48/05 тоот гэрээний тухайд: 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20 ширхэг /вагоны дугаар:560524, 561050, 561068, 561613, 561704, 560045, 560391, 560433, 560904, 560912, 561605, 561647, 560532, 560664, 560789, 561217, 561720, 560227, 560508, 561746/, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 8 ширхэг /вагоны дугаар: 86001765, 86000460, 561241, 86000718, 86000932, 86000817, 86000544, 86001369 хүлээн авсан актад дурдсанаар бичив/, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 12 ширхэг /вагоны дугаар:86002003, 86000866, 561712, 561258, 86000809, 86000270, 86001385, 560359, 560128, 561795, 86001294, 86001054 хүлээн авсан актад дурдсанаар бичив/ вагоныг хүлээлгэн өгсөн,
-ТүГ-21/46-46/04 тоот гэрээний тухайд: 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 80 ширхэг, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 42 ширхэг, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 23 ширхэг вагоныг хүлээлгэн өгсөн болох нь баримтаар тогтоогдож байна. Иймд тооцооллыг буруу хийж нэхэмжилсэн тухай хариуцагчийн тайлбар үндэслэлтэй. /хх 10-15,19-20, 29-35, 147-155/
5.2.Хариуцагч 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 66.689.906 төгрөг төлснөөр талууд 2021 оны 11 дүгээр сар дуусталх хугацааны төлбөр тооцоо дууссан үйл баримтад маргаагүй. /хх 142/ Нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сараас хойшхи хугацааны төлбөр шаардаж байна. Мөн энэ хугацааны төлбөрөөс хариуцагч 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 274.465.000 төгрөг төлсөнд маргаагүй. /хх141/
5.3.Иймд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн зүйлийг хүлээлгэн өгсөн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд
-ТүГ-21/48-48/05 тоот гэрээний дагуу нийт 155.160.000 /27.000.000 + 13.680.000 + 114.480.000/ төгрөг,
/15 хоног * 20 ширхэг * 90.000 төгрөг = 27.000.000
19 хоног * 8 ширхэг * 90.000 төгрөг = 13.680.000
106 хоног * 12 ширхэг * 90.000 төгрөг =114.480.000/
-ТүГ-21/46-46/04 тоот гэрээний дагуу нийт 483.524.000 /130.800.000 + 86.982.000 + 265.742.000 / төгрөг байна.
/15 хоног * 80 ширхэг * 109.000 төгрөг = 130.800.000
19 хоног * 42 ширхэг * 109.000 төгрөг = 86.982.000
106 хоног * 23 ширхэг * 109.000 төгрөг =265.742.000/
Хариуцагч төлбөл зохих 638.684.000 /155.160.000 + 483.524.000/ төгрөгөөс төлсөн 274.465.000 төгрөгийг хасвал 364.219.000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Гэвч нэхэмжлэгч түрээсийн үндсэн үүрэгт 347.609.000 /141.840.000+205.769.000/ төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн хүрээгээр тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
5.4.Хариуцагч давагдашгүй хүчин зүйлийн улмаас хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойшхи хугацааны 35 хагас вагоны төлбөрийг төлөх үндэслэлгүй, хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тайлбарлаж байна.
Талуудын хоорондох гэрээний 3.3-т төлбөрийг вагоныг актаар хүлээлцсэн өдрөөс эхлэн буцаан хүлээлгэж өгсөн өдөр хүртэлх хугацаанд тооцно гэж, 3.6-д төлөвлөгөөт засвараас бусад тохиолдолд вагон тээвэрлэлт хийсэн эсэхийг үл харгалзан төлбөрийг төлнө гэж, 3.7.-д түрээслүүлэгчээс үл хамаарах шалтгаанаар вагон ашиглаагүй ... засварт зогссон нь төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан тул хариуцагч гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн өдөр хүртэлх хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй. Түүнчлэн нэхэмжлэгч гэрээг цуцласан явдал Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар ашигласны хөлсийг төлөх үүргээс чөлөөлөхгүй.
6.Мөн талуудын хоорондох гэрээний 8.1-д талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл /халдвартч өвчний тархалт/ -ийн улмаас биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хугацааг тухайн нөхцлийг арилах хүртэл хойшлуулж болно гэж заажээ.
Хэргийн баримтаар коронавирус цар тахлын улмаас БНХАУ-ын эрээн өртөө Монгол Улсаас 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн зөвхөн опен топ чингэлэгтэй нүүрс хүлээн авч, хагас вагонтой нүүрсийг хүлээн авахаас татгалзаж хязгаарлалт тогтоосон, маргаанд хамаарах хамгийн сүүлд хүлээлгэн өгсөн 35 ширхэг вагон Олон-овоо өртөөнд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нүүрсний ачилт хийгдсэн, 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хөдөлж 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Эрээн өртөөнд очсон болох нь Улаанбаатар төмөр зам ХНН-ийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15/06, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03/331, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10/124 тоот албан бичгээр тогтоогдсон. Дээрх нөхцөл байдал Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д заасан нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох нөхцөлд хамаарна. Гэвч ийнхүү нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд тухайн нөхцөлд нийцүүлэхийг гэрээний нэг тал нөгөө талаас шаардах эрхтэй байхаар, талууд тэргүүн ээлжинд зохицуулах арга хэмжээ авах үүрэгтэй байхаар, хэрэв нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал зөвшөөрөөгүй бол гэрээнээс татгалзах эрхтэй байхаар Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3, 220.4-т заасан. Харин энэ тохиолдолд хариуцлагаас чөлөөлөх эсхүл үүрэг дуусгавар болох талаар хуулиар заагаагүй, түүнчлэн Иргэний хуулийн 236-240 дүгээр зүйлд заасан үүрэг дуусгавар болох үндэслэлд хамаарахгүй байна.
Иймд өөрчлөгдсөн нөхцөл байдлын улмаас түрээсийн төлбөр төлөх үндсэн үүргээс чөлөөлөгдөх тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.
7.Харин хэргийн баримтаар цугларсан дээрх нөхцөл байдлыг шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан нөхцөл гэж үзэж алдангийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Түүнээс гадна нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс гэрээг цуцласан гэж тайлбарласан тул тэрээр гэрээ цуцлах хүртэлх хугацааны алдангийг шаардах эрхтэй, гэрээ цуцлагдсанаас хойшхи хугацааны алдангийг шаардах үндэслэлгүй болно. Мөн нэхэмжлэгч алдангийг хэзээнээс хэрхэн тооцсон талаарх тооцооллоо хуралдааны явцад тайлбарлаж, нотлож чадаагүй болно.
Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 347.609.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан ТХМ ГХОХХК-иас 347.609.000 /гурван зуун дөчин долоон сая зургаан зуун есөн мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч МТЗ ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 173.804.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.765.018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 1.895.995 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ