| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 195/2026/0332/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/437 |
| Огноо | 2026-02-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2026/ШЦТ/437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Юмжирдулам хөтөлж,
улсын яллагч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрах,
шүүгдэгч А.******* нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2508039402611 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "***" ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт *******ийн ******* /РД: ***/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч А.******* нь 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Драгон төвийн орчимд хохирогч Ж.*******тай архи согтууруулах ундаа хэрэглэж байхдаа маргалдаж, улмаар гараараа нүүр рүү нь цохиж унагаан, цээж хэсэгт нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь "тархины аалзан бүрхэвчийн доорх голомтлог цус харвалт, тархи доргилт, зүүн 7 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний дээд зовхи, баруун хөмсөг, хөмсөг, завжинд сорви" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн байх тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2508039402611 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 78-82 дахь тал/,
Хохирогч Ж.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
Хохирогч Ж.*******ын өвчний түүх /хавтаст хэргийн 42-52 дахь тал/, хохирлын баримт /хавтаст хэргийн 112-114 дэх тал/,
Гэрч Ц.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7, 94 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ЕГ0725/9607 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 55-58 дахь тал/,
Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дахь тал/,
Шүүгдэгч А.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 102 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 70 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 72 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 73 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дэх тал/ зэрэг болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч А.******* нь согтуурсан үедээ 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Драгон төвийн орчимд хохирогч Ж.*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар гараараа нүүр рүү нь цохиж унагаан, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь "тархины аалзан бүрхэвчийн доорх голомтлог цус харвалт, тархи доргилт, зүүн 7 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний дээд зовхи, баруун хөмсөг, хөмсөг, завжинд сорви" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 78-82 дахь тал/,
Хохирогч Ж.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2025 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайд ажиллаж байгаад Улаанбаатар хотод ирээд амарч байсан юм. Тухайн өдрөөс эхлээд гэртээ ганцаараа болон байрны таних танихгүй хүмүүстэй нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би наадмаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байж байгаад 2025 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс гэрийн ойролцоо хань татах гээд орон гэргүй тэнэмэл хүмүүстэй архи уугаад явж байсан бөгөөд 7 дугаар сарын 19-ний өдөр гэрийн ойролцоо танихгүй хүмүүстэй нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Гэтэл ******* ямар ч шалтгаангүйгээр миний баруун нүд хэсэгт 1 удаа хүчтэй цохисон. Тухайн үед би согтуу байсан бөгөөд хүчтэй цохиулсны улмаас манараад унах үед тэрээр миний зүүн хавирга хэсэгт 1 удаа өшиглөсөн. ...Маргааш нь буюу 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр миний төрсөн өдөр болсон бөгөөд мөн адил архи согтууруулах ундааны зүйл 3-н өдөр дараалж хэрэглээд миний толгой болон хоёр нүд хавдаад байхаар нь 7 дугаар сарын 23-ны өдөр ГССҮТ-д эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээд 7 дугаар сарын 28-ны өдөр эмнэлгээс гарсан. ...Би гомдолтой байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
Хохирогч Ж.*******ын өвчний түүх /хавтаст хэргийн 42-52 дахь тал/, хохирлын баримт /хавтаст хэргийн 112-114 дэх тал/,
Гэрч Ц.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2025 оны 7 дугаар сарын 22-ны орой 17:20 минутын үед гэртээ орж ирэхэд нөхөр ******* нь хүнд зодуулсан байдалтай хэвтэж байсан. Би юу болсон талаар асууж тодруулахад 29-р хороо буюу Драгон төв дээр танихгүй хүмүүстэй архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад хоорондоо маргаж, улмаар зодуулсан гэж хэлсэн. Ингээд тэр өдрөө гэртээ өнжсөн. 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрөө гэртээ хоноод 23-ны өдөр бие нь нэг л муу байхаар нь 103 дуудаж үзүүлэхэд яаралтай Гэмтлийн эмнэлэг орж үзүүлэх хэрэгтэй гэж хэлэхээр нь очиж үзүүлэхэд зүүн талын 7 дугаар хавирга болон тархиндаа цус хуралтай гэж оношилсон. ...Манай нөхөр Ж.******* 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ******* гэх хүнд зодуулсан. 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр эмнэлэгт хандсан. Тэгээд андуураад бичсэн байх. Би 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зодуулсан гэж хэлээгүй тус өдөр эмнэлгийн байгууллагад хандсан гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7, 94 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ЕГ0725/9607 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ж.*******ын биед тархины аалзан бүрхэвчийн доорх голомтлог цус харвалт, тархи доргилт, зүүн 7 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний дээд зовхи, баруун хөмсөг, хөмсөг, завжинд сорви гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх /хавтаст хэргийн 55-58 дахь тал/,
Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дахь тал/,
Шүүгдэгч А.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Надад прокурорын тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Уг тогтоол болон тогтоолын зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай явж байгаад Ж.*******ын биед хөнгөн гэмтэл учруулсан байсан. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 102 дахь тал/, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.*******т холбогдох хэргийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1230 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн объектив шинж нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж баталгаажуулсан. Халдагч этгээдээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл хийсэн байх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан шалтгаант холбоотой байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
2025 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Драгон төвийн орчимд шүүгдэгч А.*******, хохирогч Ж.******* нар нь нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.
Шүүгдэгч А.*******, хохирогч Ж.******* нар согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус гараараа цохих, өшиглөх зэргээр зодсон үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч А.*******ын хохирогч Ж.*******ын биед халдаж зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед “тархины аалзан бүрхэвчийн доорх голомтлог цус харвалт, тархи доргилт, зүүн 7 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний дээд зовхи, баруун хөмсөг, хөмсөг, завжинд сорви” бүхий олон тооны хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.******* нь хохирогч Ж.*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн объектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 70 дахь тал/
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчээс 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.*******д олгох дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөгч оролцохдоо улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёс болоод гэм буруугийн зарчимд нийцсэн, дээр дурдсан нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч А.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан үзэхийн зэрэгцээ анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, тэрээр "*** ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3-н хүүхдийн хамт амьдардаг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч А.*******т шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас:
а./ Хохирогч Ж.*******ын биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ЕГ0725/9607 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... тархины аалзан бүрхэвчийн доорх голомтлог цус харвалт, тархи доргилт, зүүн 7 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний дээд зовхи, баруун хөмсөг, хөмсөг, завжинд сорви...” бүхий хөнгөн гэмтэл тогтоогдсон.
Хохирогч Ж.******* нь мөрдөн байцаалтын шатанд дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нийт 1.238.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хавтаст хэргийн 112-114 дэх тал/Хохирогчоос гаргасан нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримтыг шинжлэн судлаад Гэмтэл Согог судлалын үндэсний төвд Ж.******* нь хэвтэн эмчлүүлсэн төлбөр, эм тарианы зардалд гарсан 300.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүгдэгч А.*******аас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Харин хохирогч Ж.*******аас гаргасан бусад нэхэмжлэлийн шаардлагын талаарх холбогдох нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Иймд хохирогч Ж.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч А.*******аас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.*******т мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******аас 300.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.*******д олгосугай.
5. Хохирогч Ж.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч А.*******аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР