Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2023/00506

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 02 06 181/ШШ2023/00506

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч..................... тоотод оршин суух, Э.Э /Регистрийн дугаар: ./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..................давхарт байрлах, МД ХК /Регистрийн дугаар:.../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 71.106.694 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.Э нь МД ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 71.106.694 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие өөрийн нөхөр П.Бийн хамт Голомт банкнаас 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээ байгуулан нийт 150.000.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр зээл авсан болно. Бид сар бүр 2.100.000 төгрөг төлдөг. Ийнхүү зээл авах үед банкнаас зээлдэгчийн амь насны даатгал заавал хийлгэх ёстой гэж шаардсан. Иймд Голомт банкны зүгээс хамтран ажилладаг МД ХК-тай Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ-г байгуулан даатгал хийлгүүлсэн болно.

Улмаар 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр миний нөхөр П.Б нас барсан бөгөөд даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулахаар холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн МД ХК-д хандсан.

МД ХК-ийн зүгээс 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.5-т Согтууруулах ундаа, мансууруулах бодис болон эм хэтрүүлэн хэрэглэсний үр дагавар болон Монгол Улсын даатгалын тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 8.5.3-т заасан даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэсэн заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хариуг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандсан боловч даатгалын маргааныг урьдчилан шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Даатгуулагч П.Б миний хань амь насаа алдаад нөхөж болшгүй хохирол амссан, миний бие насанд хүрээгүй 2 хүүхдүүд болон тэтгэвэрт байдаг эхийн хамт амьдарч байна. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Голомт банкинд төлөх зээлийн үлдэгдэл 142.213.387 төгрөг байсан.

Иймд МД ХК-иас Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ-ний дагуу нөхөн төлбөр 71.106.694 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч МД ХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

Даатгуулагч Палчингомбо овогтой Батзоригтой манай компани 11825126316 тоот зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан. Гэтэл даатгуулагч П.Б 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас халуун усанд орж байхдаа нас барсан. Даатгуулагчийн эхнэр Э.Эийн ирүүлсэн баримтуудыг судлан үзэхэд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан цогцост хийсэн задлан шинжилгээний №2331 тоот шинжээчийн дүгнэлтэд талийгаачийн цусанд 3.4 промилли, ходоодны шингэнд 7.0 промилли спиртийн агууламж илэрсэн гэж дүгнэсэн байдаг. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын №1887 тоот тогтоолд эхнэр Э.Эийн мэдүүлэгт талийгаач нь архи согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэдэг байсан. Нэг уухаараа олон хоног үргэлжлүүлэн уудаг байсан. Шар хадны эмнэлэгт архинаас гаргах эмчилгээ хийлгэж байсан гэх мэдүүлэг болон хэргийн газарт байсан гэрч нарын мэдүүлгээр талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний дараа халуун усанд орж байхдаа нас барсан болох нь тогтоогдсон. Эрүүгийн хуульд заасан Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдээгүй байх тул хэрэг бүртгэлтийг хааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолыг гаргасан.

Дээрх баримтуудаас үзэхэд даатгуулагчийн нас барсан шалтгаан гэнэтийн ослын улмаас бус согтууруулах ундаа хэрэглэсний улмаас нас барсан нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын №1887 тоот тогтоолоор тогтоогдсон тул талуудын хооронд байгуулагдсан 11825126316 тоот даатгалын гэрээний 7 дугаар зүйл Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд 7.3.5.-д Согтууруулах ундаа, мансууруулах бодис болон эм хэтрүүлэн хэрэглэсний үр дагавар" болон Даатгалын тухай хуулийн 8.5-д Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно 8.5.3 Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх заалтуудыг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ1825126316 тоот Орон сууцны зээлийн гэрээ, эргэн төлөлтийн график, 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ЗБ1825126316 тоот ипотекийн гэрээ, орон сууц, зээлэгчийн амь насны даатгалын гэрээ /мэдүүлгийн маягт/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2331 дүгээр шинжээчийн дүгнэлт, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, МД ХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 22/390 тоот нөхөн төлбөрийн шийдвэрийн тухай мэдэгдэл, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, нас барсны гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, зээлийн дансны хуулга зэргийг баримтаар ирүүлжээ. /хх 4-22, 35, 46-48, 87-91/

Хариуцагчаас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл зэргийг баримтаар ирүүлжээ. /хх 26-27, 94/

Шүүхийн журмаар: хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2022/15201 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3/4487 тоот хариу, хавсралтаар гомдол шийдвэрлэсэн баримтууд, Голомтбанк ХХК-иас ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 21/хх/03-2644 тоот хариу, хавсралтаар зээлийн дансны хуулга, нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2022/16652 дугаар шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчаас ирүүлсэн хариу зэрэг баримтыг бүрдүүлжээ. /ХХ 51-66, 73-75, 77-78/

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Э.Э нь МД ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 71.106.694 төгрөг гаргуулахаар шаардсан.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: гэнэтийн улмаас даатгуулагч нас барсан, нас барсан шалтгаан нөхцлийг эрх бүхий байгууллагаас тогтоож чадаагүй ч нөхөн төлбөр олгохоос татгалзах ёсгүй тул нөхөн төлбөр гаргуулна гэв.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Талийгаач нас барсан шалтгаан даатгалын гэрээний эрсдэлд хамаарахгүй, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас эрсдэлд орсон тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж тайлбарлав.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.П.Б нь Голомт банк ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ-г байгуулсан, улмаар МД ХК, П.Б болон нэхэмжлэгч Э.Э нар 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2034 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаагаар орон сууц, зээлдэгчийн амь насны эрсдэлийг хамгаалахаар тохиролцож 11825126316 тоот орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ-г байгуулжээ. /хх 4-16/

Дээрх гэрээгээр зохигчид хөрөнгийн даатгал болон амь насны даатгалын гэрээ байгуулсан, даатгуулагч амь насны даатгалын хураамжийг төлсөн үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан бичгээр байгуулах шаардлага хангасан мөн зүйлийн 431.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. /хх 77-78/

4.2.Даатгуулагч П.Б 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр R99 оношоор нас барсан, энэ нь шалтгаан тодорхойгүй онош талаар зохигчид маргаагүй болно. /хх 46/

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1887 дугаар прокурорын тогтоолоор: 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Орчлон комплекс хотхоны 8б байрны 17 тоотод оршин суух П.Б гэртээ нас барж амь нас хохирсон нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ. /хх 47, 65, 66/

4.3.Нэхэмжлэгч Э.Э болон талийгаач П.Б нар гэр бүл болох нь гэрлэлтийн гэрчилгээ, лавлагаагаар тогтоогдсон, талийгаачийн нөхөн төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэйд маргаагүй. /хх 48, 87/

4.4.Нэхэмжлэгч нөхөн төлбөр хүссэнийг хариуцагч 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 22/390 тоот албан бичгээр Даатгалын тухай хуулийн 8.5.3-т зааснаар даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан, гэрээний 7.3.5-т зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсний үр дагавар үндэслэлээр олгохоос татгалзснаар Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд ханджээ. Улмаар тус байгууллагаас 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 9/1672 дугаар албан бичгээр маргааныг урьдчилан шийдвэрлэх боломжгүй, шүүхээр шийдвэрлүүлэх хариуг өгсөн байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан.

5.Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 7331 тоот цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтээр цогцос ялзарч муудсан тул үхлийн шалтгаан болон архаг, хууч өвчин тогтоох боломжгүй гэж, мөн талийгаачийн цусанд 3,4 промилл, ходоодны шингэнд 7,0 промилл спиртийн агууламж илэрсэн ба цогцос ялзарч муудсан тул согтолтын зэргийг тогтоох боломжгүй гэж дүгнэжээ. /хх18-19, 61-64/

Зохигчид энэ дүгнэлтэд тулгуурлан даатгалын тохиолдолд хамаарах эсэхэд маргасан.

Талуудын хоорондох гэрээнд амь насны даатгалын хувьд үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл,эс үйлдлээс үүссэн осол-г даатгалын тохиолдолд хамаарахаар заажээ. Мөн гэрээний 7.3-т амь насны даатгалын хувьд нөхөн төлбөр олгохоос татгалзах 23 төрлийн үндэслэлүүдийг нэрлэн зааснаас 7.3.5-д согтууруулах ундаа эсвэл мансууруулах бодис хэрэглэсэн, эм хэтрүүлэн хэрэглэсний үр дагавар гэж заажээ.

Маргааны энэ тохиолдолд талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоох боломжгүй гэж эрх бүхий байгууллагаас дүгнэсэн тул гэнэтийн ослын /ахуйн/ даатгалын нөхцөлд хамаарахгүй гэж шууд татгалзах үндэслэл бүрдэхгүй. Учир нь тухайн иргэн зуурдын шинжтэй гэнэт нас барсан үйл баримт тогтоогдсон.

Түүнчлэн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.5-д зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үеийн үр дагавар гэснийг баримталж хариуцагч нөхөн төлбөр олгохоос татгалзсан ч мөн л шинжээчийн дүгнэлтээр согтуурлын зэргийг тогтоох боломжгүй, өвчний улмаас эсхүл гэнэтийн ослын улмаас нас барсныг тогтоох боломжгүй тухай дурдсан тул энэ нь даатгалын нөхөн төлбөр олгохоос бүрэн хэмжээгээр татгалзах үндэслэлийг бүрдүүлэхгүй байна гэж үзлээ. Харин маргааны энэ тохиолдолд энэ үйл баримт нь нөхөн төлбөрийг багасгах нөхцөлд илүүтэйгээр хамаарч байна гэж дүгнэв.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд амь насны даатгалын хувьд нөхөн төлбөрийг багасгах талаар тухайлсан зохицуулалтгүй байх тул шүүх Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасныг баримтлан шийдвэрлэв.

6.Нөхөн төлбөрийн хэмжээний хувьд: талийгаач нас барах үеийн буюу 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 141.792.925 төгрөг болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, Голомт банкнаас ирүүлсэн зээлийн дансны хуулгаар тогтоогдсон. /хх 73-75, 88-91/

Иймд талийгаачид ногдох хэмжээний тавин хувийг нөхөн төлбөрт тооцон олгох нь зүйтэй гэж үзэн 35.448.231 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

/141.792.925: 2 = 70.896.462 төгрөг : 2 = 35.448.231/

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасныг баримтлан МД ХК-иас 35.448.231 /гучин таван сая дөрвөн зуун дөчин найман мянга хоёр зуун гучин нэгэн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Эт олгож, нэхэмжлэлээс үлдэх 35.658.463 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 514.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 335.191 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ