Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2023/00603

 

2023         11            01                                       103/ШШ2023/00603

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ...... дугаар хороонд байрлах, Б-У ААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ....... дүгээр хороо, ......... дугаар байрны ......... тоотод оршин суух, ДН овогт Ш-ийн И-Т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4,016,639 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг нийт 4,019,139 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдааны оролцогчид:

        Нэхэмжлэгч:“Б-У” ААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Г.Г,

        Хариуцагч: Ш.И-Б

        Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б-У ААТҮГ нь хариуцагч Ш.И-Т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4,016,639 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг нийт 4,019,139 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд  гаргажээ.

Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Багануур дүүргийн  ........ дүгээр хорооны ....., ...... суурийн давхрыг түрээслэгч Ш.И Б дулаан түгээсэн үйлчилгээний хөлс болох 3,050,129.28 төгрөг, тухайн төлбөрөөс бодогдсон алданги 966,510 төгрөг, нотариатын үнэ 2500 төгрөг нийт 4,019,139 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахгүй хуримтлагдсан авлага үүсгэж, Эрчим хүчний зохицуулах хорооны Аж ахуйн харилцааны 2018 оны 292 дугаар дүрмийг зөрчиж манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байгаа тул тус иргэнээс дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү  гэжээ.

2. Нэхэмжлэгч Б-У ААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Э.Эболон Г.Г нар нь тус шүүхэд хянагдаж буй Б-У ААТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.И-Тхолбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно. Уг хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж, маргааны зүйл болох дулааны төлбөрийг ямар аргачлалаар тооцсон зэрэг нөхцөл байдлыг тодруулахаар шийдвэрлэсэн тул үүнтэй холбоотой баримт болон дулаан тооцсон аргачлалын талаарх тайлбарыг шүүхэд энэхүү  бичгээр хүргүүлж байна.

 Б-У ААТҮГ нь Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар бөгөөд манай байгууллага Багануур дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах, дулаан эрчим хүч түгээх, хангах зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Ингэхдээ дулаан эрчим хүч түгээх, хангах үйлчилгээ нь Эрчим хүчний зохицуулах хорооноос батлагдсан тарифын дагуу тооцож уг үйлчилгээний төлбөрийг хэрэглэгчээс авдаг.

Энэ нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар тогтоол мөн 2019 оны 382 дугаар тогтоолуудад халаалтын төлбөрийн тариф тооцох аргачлал, жишиг үнэ тусгагдсан. Харин манай байгууллага маргааны зүйл болох Багануур дүүргийн 0-р........-р байрны ус дулааны шугам сүлжээг 2018-05-16-ны өдрийн 2/852 тогтоолоор үндсэн хөрөнгөд бүртгэн авч уг шугам сүлжээний эзэмшигч бөгөөд уг шугамаар дулаан түгээх үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлдэг.

  Иргэн Ш.ИБ нь 2020 оноос хойш ........-р байрны 24 машины зогсоолыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2022 оны дулаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөөгүй болно. Иймд хариуцагч Ш.ИБаас дулааны төлбөр 4,019, 39 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгч Б-У ААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эшүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүгчийн захирамжаар шаардсан АТ ХХК-тай байгуулсан гэрээг өчигдөр архивын бор хавтастай авчирч өгсөн. Гэвч эх хувиар нь биш байсан учраас өнөөдөр эх хувиар нь шүүхэд авчирч өглөө. Энэ гэрээнд төлбөрийг түрээслэгч нар хариуцна гэсэн байгаа. АТ ХХК зөвхөн суурийн давхрыг хариуцаагүй, өөр олон объектыг хариуцдаг, одоогийн байдлаар түрээслэгч нар төлбөрөө төлөөд явж байгаа. Өчигдөр хариуцагч өөрөө манайд өгсөн хүсэлтдээ “миний эзэмшиж байгаа ........-р байрны суурийн давхар” гэж бичсэн байсан. Тэгэхээр Ш.ИБ энэ төлбөрийг бүрэн хариуцна гэж үзэж байна гэв.

4.Нэхэмжлэгч Б-У ААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчимэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. ........-р байрны зоорийн таазаар явж байгаа тараалтын шугам бол айл өрхийг халаах, мөн гараашийг халаах зориулалттай халаалтын шугам мөн. Яагаад гэвэл тэнд гараашийн үйл ажиллагаа явж байгаа учраас бид нар тараалтын шугамыг гараашийн үйл ажиллагаанд саад болохгүйгээр дээд талд таазанд хийсэн байгаа. Тэгээгүй бол бусад угсармал орон сууцны тараалтын шугам шалнаас 1 метр өндөрт байрладаг.  Өмнөх төлбөрийг АТ ХХК төлж байсан. Түрээслэгч нар төлөх ёстой гэж манайхтай маргаад Дээд шүүхээс  АТ ХХК төлнө гэсэн шийдвэр гарч 2020 он хүртэл “Атимострейд” ХХК  төлсөн. Тэгээд 2020 онд Ковидтой холбоотой улсаас төлбөрийг төлсөн. Ингээд 2022 оны төлбөрийг  Ш.ИБаас нэхэмжилж байгаа юм. АТ ХХК-тай байгуулсан дулааны эрчим хүчээр хангах гэрээ албан ёсоор бичгээр дуусгавар болоогүй, гэрээ хүчинтэй гэж ойлгож болно.  Би 2023 онд ИБыг шүүхэд өгөхдөө Батцэцэг захиралтай холбогдсон. Би “танаас гаргуулахаар  шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртэй  төлбөр дууссан, 2022 оноос эхлээд улс дулааны төлбөрийг төлөхөө больсон, хэн энэ төлбөрийг төлөх вэ” гэж асуухад надад түрээслэгч нар төлнө гээд нэрсийн жагсаалт өгсөн. Тэгээд би тэр жагсаалтын дагуу хүмүүстэй нь очоод уулзсан. Тэр үед Ш.ИБ байгаагүй учраас уулзаагүй, харин утсаар ярьж байсан гэв.

3.Хариуцагч Ш.ИБ шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны Эрчим хүчний зохицуулах хорооны журамд “хангагч, хэрэглэгч 2 тал харилцан тохиролцож дулаанаар хангах талаар гэрээ байгуулах ёстой” гэж заасан байгаа. Бидний дунд ямар нэгэн байдлаар байгуулсан гэрээ байхгүй, мөн дулааныг ямар аргаар хэмжиж тооцож байгаа нь тодорхой биш, тоолуур байхгүй. ........ дүгээр байрны суурийн давхарт байгаа халаалтын шугамууд гараашид зориулагдсан халаалтын шугамууд биш. Сая нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2013 оны гэрээнд “дулаалаагүй учраас” гэж оруулсан байна. Тэгэхээр эднийх эхлээд 298 дугаар тогтоолын дүрэмд заасан дэс дараалалтай арга хэмжээг аваагүй байж яагаад шууд зөвхөн төлбөр авах заалтыг баримтлаад байгаа юм бэ гэж дахин дахин хэлмээр байна. Би энэ асуудал эхлэхэд Батцэцэг захирлаас асуухад “би хотод байдаг болохоор Багануурт очиж Б-У ААТҮГ-тай маргаад байх боломж байгаагүй, дулаан аваагүй гэдгээ нотолж чадаагүй учраас шүүх дээр төлбөр төлөхөөр гарсан байсан. Энэ орон сууц анх баригдахад барилгын Б1 давхар гарааш бүтэн паартай байсан юм, тэгээд төлбөр тооцоо гарна гээд бүх паарыг тайраад авахуулсан. Ингээд байхад дулааны төлбөр гаргаад шаардаад байсан” гэж хэлсэн. Одоо энэ  ........  дугаар байрны зоорийн давхар АТ ХХК-ийн захирал Батцэцэгийн хүүхэд болох Цогбаатарын Содхүүгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ нь байдаг юм байна лээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар аж ахуйн харилцааны дүрмийн  5 дугаар зүйлийн 5.3.13 дахь хэсэгт заасан “подвалд халаах хэрэгсэл суурилуулаагүй бөгөөд барилгын дулааны гол зангилаа,  тараалтын шугамын дулаалга холбогдох норм дүрэмд нийцсэн тохиолдолд халаалтын төлбөр тооцохгүй” гэж заасан байхад бүтэн жил өнгөрөөд байхад яагаад надаас төлбөр нэхээд байгаа юм бэ гэж хэлмээр байна.  Мөн дүрмийн нэмэлт өөрчлөлтөд бас байгаа. Дулаалгын шугамыг дулаан тусгаарлагчаар хийгээгүй гэж байгаа. Яагаад тараалтын шугамаа дулаал гэж мэргэжлийн хүмүүсээ ажиллуулахгүй байгаа юм бэ. Тийм байж төлбөр тооцоо яриад байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн таазны халаагч шугам оршин суугчдыг дулаанаар хангах шугам мөн үү, эсвэл гараашийг халаах зориулалтаар хийгдсэн шугам мөн үү? гэж асуумаар байна. Миний хүсэлт бол тухайн шугамаас халаах зориулалттай нэг ч паар секц энэ гараашид татаагүй, тэгэхээр Аж ахуйн харилцааны журамд энэ тухай заалт байна. Мэргэжлийн ажиллах ёстой инженерүүдээ ажиллуулаач гэж хүсээд байгаа юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Б-У ААТҮГ-ын итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт, ........ байрны зоорийн  давхрын төлбөрийн задаргаа гаргасан хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 38 дугаартай тогтоол, тогтоолын хавсралт зэрэг баримтуудыг нотлох баримтаар , хариуцагч талаас хариу тайлбар, АТ ХХК-ийн 2022.01.31-ний өдрийн 22/06 тоот албан бичгийг тус тус ирүүлсэн байна.  

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр 2023.04.03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, АТ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ........ дүгээр байрны зоорийн давхрын өмчлөх эрхийн гэрчилгээ, 70 дугаар байрны зоорийн давхрын 13, 14 тоотын үл хөдлөхийн гэрчилгээ, “Содон суварга” СӨХ-ны 2023.10.27-ны өдрийн албан бичиг зэргийг нотлох баримтаар бүрдүүлж,  ........ дүгээр байрны зоорийн давхрын гараашид үзлэг хийсэн болно.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Б-У ААТҮГ-ын хариуцагч Ш.И-Тхолбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж  үзлээ.

    1.Нэхэмжлэгч Б-У ААТҮГ нь шаардлагын үндэслэлээ: “........ зоорийн давхрыг түрээслэгч Ш.ИБ эзэмшиж гарааш ажиллуулж байгаа учраас дулаан түгээсэн үйлчилгээний хөлс болох 3,050,129 төгрөг тухайн төлбөрөөс бодогдсон алданги 966,510 төгрөг, нотариатын үнэ 2500 төгрөг нийт 4,019,139 төгрөгийн төлбөрийг  нэхэмжилнэ” гэж тодорхойлсон.

2.Хариуцагч Ш.ИБ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: “2018 оны Эрчим хүчний зохицуулах хорооны журамд “хангагч, хэрэглэгч 2 тал харилцан тохиролцож дулаанаар хангах талаар гэрээ байгуулах ёстой” гэж заасан атал бидний дунд ямар нэгэн байдлаар дулаанаар хангах гэрээ байгуулагдаагүй, мөн дулааныг ямар аргаар хэмжиж тооцож байгаа нь тодорхой биш, тоолуур байхгүй. Нэмэлтээр паар секц, дулааны шугам, усан халаагуур татаагүй, гараашийн таазаар явж байгаа шугам хоолойнууд нь оршин суугчдын халаалтын системийн босоо хэвтээ шугам бөгөөд суурийн давхарт зориулагдаагүй” гэж мэтгэлцэж байна. 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Ш.ИБаас 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарыг дуусталх дулаан түгээсэн үйлчилгээний хөлс болох 3,050,129 төгрөг, алданги 966,510 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг нийт 4,019,139 төгрөгийг төлүүлэхээр шаардсан байна.

         4. Эрчим хүчний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн зорилт нь эрчим хүчний нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагаа эрхлэх, эрчим хүчний барилга байгууламж барих болон эрчим хүчийг хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино”,

2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “эрчим хүчний тухай хууль тогтоомж нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, .

3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт "эрчим хүч" гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг;

3 дугаар зүйлийн 3.1.16 дахь хэсэгт "эрчим хүчээр хангагч" гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;

3.1.19."хэрэглэгч" гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг;

3.1.21."аж ахуйн харилцааны дүрэм" гэж хангагч, хэрэглэгчийн хоорондын гэрээний нөхцөл, шаардлага, үйлчилгээний түвшин, чанар, төлбөрийн нөхцөлийг тусгасан хэм хэмжээ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн харилцааг зохицуулсан хэм хэмжээг;

8 дугаар зүйлийн 8.1-д “Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна” гэж тус тус заасан байна.

Талуудын хооронд үүссэн  дулаан хэрэглэсэн эсэх, дулааны төлбөрийг хэн төлөх талаарх маргааныг Эрчим хүчний тухай хууль болон, түүнд нийцүүлэн гаргасан Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар тогтоолын хавсралт болох Аж ахуйн харилцааны дүрэмд зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5.Багануур дүүргийн 1 дүгээр хорооны ........ зоорийн давхар нь Цогбаатарын Содхүү гэсэн хүний өмчлөлд байдаг бөгөөд энэ нь  уг байрыг барьж ашиглалтад оруулсан АТ ХХК-ийн дэд  захирал болох нь АТ ХХК-ийн 2022.01.31-ний өдрийн 22/06 тоот албан тоот, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.   

Мөн 70 дугаар байрны 13, 14 тоот зогсоол нь иргэн Л.Гантуяа, С.Ганболд нарын өмчлөлд бүртгэгдсэн талаарх  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотлох баримтаар ирсэн болно.

/ хх-ийн 92-95 дугаар хуудас /

Нэхэмжлэгч талаас зоорийн давхрын халаалтын төлбөрийг дээрх 2 иргэнээс тооцож авдаггүй бөгөөд нэгдсэн журмаар нийтэд нь АТ ХХК төлдөг байсан гэсэн тайлбарыг өгсөн мөн, ........ дүгээр байрны зоорийн давхрын халаалтын зардлыг нийт айл өрхөд хувааж авдаггүй талаарх тус байрны  Содон суварга СӨХ нь 2023.10.27-ны өдрийн 08 тоот албан бичгийг шүүхэд ирүүлжээ.

/ хх-111 дүгээр хуудас/

6.Хариуцагч Ш.ИБ нь АТ ХХК-ийн захирал Я.Батцэцэгтэй жилд 20,000,000 төгрөг, 5 жилд 100,000,000 төгрөг төлөн 71 дүгээр байрны зоорийн давхрыг өөрийн өмчлөлд шилжүүлэх, 70 дугаар байрны зоорийн давхрыг давхар хариуцаж явахаар амаар тохирсон гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд өгсөн бөгөөд АТ ХХК-ийн 2022.01.31-ний өдрийн 22/06 тоот албан тоотод АТ ХХК-ийн дэд захирал Ц.Содхүүгийн өмч болох Багануур дүүргийн 1-р хороо Нацагдоржийн гудамж 71-р байр зоорийн давхрын Ү-2208004093 дугаар бүхий 299,1 м.кв талбайтай 16 машины зогсоолыг иргэн И.И-Тхудалдах, худалдан авах,  өмчлөлд нь шилжүүлэх үйл явцад хуулийн дагуу хяналт тавин ажиллах болно” гэж дурджээ. 

Дээрх хариуцагчийн тайлбар болон АТ ХХК-ийн албан бичгээс дүгнэж үзэхэд хариуцагч Ш.ИБ нь 71 дүгээр байрны зоорийн давхрыг хувь лизингээр худалдан авах хэлцлийг амаар хийсэн бөгөөд төлбөрийг бүрэн төлсний дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон  байна.

/ хх-ийн 110 дугаар хуудас/

7.Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна”, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар тогтоолоор баталсан Аж ахуйн харилцааны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “ хангагч, хэрэглэгч нь Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, Төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, Дулааны эрчим хүчийг хэмжих тооцох дүрэм, холболтын журам, энэхүү дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хангагч, хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээг өмчлөгчтэй эсхүл, өмчлөгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчтэй байгуулна гэж тус тус заасан байна.

Одоогоор дулааны төлбөр нэхэгдээд байгаа ........ дүгээр байрны зоорийн давхрын өмчлөгчөөр  АТ ХХК-ийн дэд захирал Ц.Содхүү, 70 дугаар байрны 13, 14 дүгээр зогсоолын өмчлөгчөөр  иргэн Л.Гантуяа, С.Ганболд нар бүртгэгдсэн болно.

/ хх-ийн 92-95 дугаар хуудас /

8.Нэхэмжлэгч Б-УААТҮГ нь 2012.10.02-ны өдөр АТ ХХК-ийн захирал Я.Батцэцэгтэй 02/15 тоот дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх аж ахуйн гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээнд 2013.04.02-ны өдөр ...суурийн давхар дулааны тараалтын шугам дулаалгагүй гараашийн зориулалттай тул 878,26 м3-ээр тооцож төлбөр тооцоо бодохоор 2 тал өөрчлөлт оруулсан, мөн 02/15 тоот гэрээний хугацааг 2013.09.20-ноос 2014.05.15-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар сунгалт хийсэн байна.

Талууд  гэрээний сунгалтыг дахин хийсэн эсэх талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд АТ ХХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болоогүй бөгөөд хүчинтэй гэж үзэж болно гэсэн тайлбарыг өгч 2013.04.02-ны өдөр АТ ХХК-тай суурийн зоорийн давхраас халаалтын төлбөр авахаар тохиролцсон учраас хариуцагч Ш.ИБаас уг төлбөрийг гаргуулна хэмээн тайлбарлаж байна.

/ шүүх  хуралдааны тэмдэглэл/

9.Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар тогтоолоор баталсан   Аж ахуйн харилцааны дүрэмийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь  хэсэгт “ хэрэглэгч нь барилга байгууламжийг өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх тохиолдолд хангагчтай байгуулсан гэрээг 7 хоногийн өмнө цуцалж, төлбөр тооцоог дуусгах ба шинэ эзэмшигч нь хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр тооцоог дуусгасан тухай хангагч байгууллагаас тодорхойлолт авсан байна” , 2.6-д “Хангагч, хэрэглэгч нь дулаанаар хангах гэрээг жил бүрийн халаалтын улирал эхлэх хугацаанд буюу Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тогтоосон хугацаанд байгуулж мөн тогтоосон халаалтын улирал дуусахад гэрээг дүгнэж, тооцоо нийлэн акт үйлдэнэ” гэж тус тус заажээ.

Гэтэл хангагч болон өмчлөгч АТ ХХК нар нь  аль аль нь тухайн заалтуудыг дагаж мөрдөөгүй, хэрэгжүүлээгүй байна.

Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19 дэх хэсэгт зааснаар хэрэглэгч  гэдэг бол хангагчтай дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулж дулаан авч байгаа этгээдийг хэлэх бөгөөд Аж ахуйн  харилцааны дүрмийн 2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь хэрэглэгчтэй Эрчим хүчний тухай хууль, аж ахуйн харилцааны дүрэмд зааснаар  дулааны эрчим хүчээр хангах гэрээг өмчлөгч, эсхүл өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байгуулах үүрэгтэй, уг гэрээнийхээ дагуу дулаанаар хангах нөхцөл, түүнд тавигдах шаардлага, үйлчилгээний түвшин, чанарын үзүүлэлт төлбөр тооцоо зэрэг бүх зүйлээ харилцан тохиролцох үүрэгтэй атал нэхэмжлэгч байгууллага энэ үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч байгууллагатай дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан АТ ХХК нь өөрийн өмчлөлийн ........ байрны зоорийн давхрыг хариуцагч Ш.И-Тшилжүүлэхдээ Аж ахуйн харилцааны дүрэмийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь  хэсэгт зааснаар хангагчтай байгуулсан гэрээг 7 хоногийн өмнө цуцалж, төлбөр тооцоог дуусгах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч талаас гэрээгээ дуусгавар болгож шинэ эзэмшигчтэй гэрээ байгуулах шаардлагыг АТ ХХК-нд тавиагүй, нэхэмжлэгч болон хариуцагч Ш.ИБ нарын хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдаагүй,  АТ ХХК-ийн Аж ахуйн харилцааны дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй үйдлийн хариуцлагыг хариуцагч Ш.ИБ хүлээх үндэслэлгүй  байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г..... шүүх хуралдаанд  өгсөн тайлбартаа “ А-Т” ХХК-ийн захирал Я.Б-тэй утсаар ярихад ........ дүгээр зоорийн төлбөрийг Ш.ИБ төлнө гэж хэлсэн учраас Ш.ИБаас нэхэмжилж байгаа юм” гэсэн тайлбарыг өгч  байгаа бөгөөд хангагч байгууллага өөрөө Аж ахуйн харилцааны дүрэмд заасан үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, ашиглагч, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хийх процесс ажиллагаагаа хийгээгүй, шаардлагаа  тавиагүй,  АТ ХХК-тай байгуулсан гэрээгээр тохирсон төлбөрөө өөр хүнээс буюу хариуцагч Ш.И Баас төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй, дээрх хууль, дүрэмд зааснаар хэрэглэгч гэж нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан этгээдийг ойлгохоор байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчтай гэрээ байгуулах гэхээр гэрээ байгуулдаггүй, удаа дараа манай байцаагч очсон гэж,  хариуцагч надад нэг ч удаа ийм төлбөр гарсан гэж мэдэгдээгүй бөгөөд 2022 оны 12 дугаар сарын сүүлээр шүүхэд өгөхийн өмнө мэдсэн гэж  гэж тус тус тайлбарладаг хэдий ч зохигчид хэн аль нь дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2023 оны 4 сарын 3-ны өдрийн 170 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр “.., уг гараашид байгаа цэвэр болон бохирын хоолойнууд тухайн гараашийг халаах зориулалтгүй тул дулааныг тооцохгүй” үзлэг хийх үед технологийн хоолой нь тус гараашийн ......... дугаар байрны зогсоолыг 150С, ....... дүгээр байрны зогсоолыг 140С хэмжээгээр тус тус халааж байв. Үүнээс зогсоолын дотуур явсан технологийн хоолойны дулаалга хийгээгүй шугам нь 70 дугаар байрны зогсоолыг 3 хэм, 71 дүгээр байрны зогсоолыг 2 хэмээр илүү халааж байна” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.  /хх-ийн 28-37 хуудас/

   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 79,256 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 300,000 төгрөгийг нэхэмжлэгч Б-УААТҮГ-аас гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Төрийн банкин дахь 100000142787 тоот дансанд оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Багануур-Ус” ААТҮГ-ын нэхэмжлэлтэй, ДН овогт Ш-ийн И-Т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4,016,639 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг нийт 4,019,139 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б-У ААТҮГ нь улсын тэмдэгтийн хураамж 79,256 төгрөг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн  болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 300,000 төгрөгийг нэхэмжлэгч Б-УААТҮГ-аас гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Төрийн банкин дахь 100000142787 тоот дансанд оруулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

             ШҮҮГЧ                                   П.ТУЯА