Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 221/ШШ2023/0013

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар, нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн, 

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,

        Шүүгч Б.Тунгалагсайхан,        

Нэхэмжлэгч: Д.А, 

Хариуцагч: Эрүүл мэндийн сайд,

      Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ хугацааг шинэчлэн батлах тухай” 2021 оны А/758, А/197 дугаар тушаалын өөрт хамаарах хэсэг буюу 1 дүгээр хавсралтын 3 дугаар бүлэг, дотрын өвчний хэсэг дэх 3.2-н А заалтыг хүчингүй болгуулах”, 

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагч Эрүүл мэндийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Г.А, иргэдийн төлөөлөгч Н.Ю нар,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

     Хэргийн индекс: 221/2023/0067/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1046 дугаар захирамжаар Д.Аийн “Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ хугацааг шинэчлэн батлах тухай” 2021 оны А/758, А/197 дугаар тушаалын өөрт хамаарах хэсэг буюу 1 дүгээр хавсралтын 3 дугаар бүлэг, дотрын өвчний хэсэг дэх 3.2-н А заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад тус тус холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн.

                                   

            2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: “Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хамтарсан А/758, А/197 дугаартай тушаалаар Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчилж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах “ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа” болон “мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа”-г баталсан. Тус тушаал захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлийн нэгдсэн санд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5596 дугаарт бүртгэгджээ.

          1.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д “ .. захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн ...”, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “... захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох ...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Д.А миний бие дээрх сайдуудын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хамтарсан А/758, А/197 дугаартай тушаал нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн дараах үндэслэлээр хэм хэмжээний актыг хүчингүй болгуулахаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу давж заалдах шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

          1.3. Тус нэхэмжлэлийг тодруулбал, нэхэмжлэгч Д.А би 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр эрсдэлтэй даралт ихсэлт оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар тогтоож, группт орсон. Гэтэл 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр группээ сунгуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн 10 дугаар төвд очиж, Эрүүл мэндийг магадлах эмч нарын зөвлөгөөний хурлаар ороход онош, хувь хэмжээ, хугацааг үргэлжлүүлэн сунгахаар тогтоож, саналаа тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлал комисст хүргүүлсэн бөгөөд тус хуралдаанаар ороход хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ буюу интервал нь Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/758, А/197 хамтарсан тушаалын хавсралтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг шинэчилсэн жагсаалтад заасан хуучин 50-69 хувь байсан хэмжээ интервал нь бүгд нэг мөр 60 хувь болж өөрчлөгдсөн тул үүнээс өөр боломжгүй гэсэн хариуг өгч, шийдвэрийг гаргасан нь шинжлэх ухааны үндэслэлгүй.

          1.4. Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн шинжээч эмч нарын үзлэгт ороход дээрх онош батлагдсан бөгөөд гагцхүү хувь хэмжээг 2 сайдын тушаалын хавсралтаар өөрчлөн тогтоосон байх тул энэхүү интервалыг зөрчих боломжгүй хэмээн дээрх 60 хувийг журмын дагуу хэвээр үлдээсэн. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын хуралдаанд нэхэмжлэгч миний бие өөрийн биеэр оролцсон бөгөөд “... би 9 хувиар эдгэрсэн, юм уу ...” гэх асуултад комиссын гишүүд бид үүнийг батлах боломжгүй, 50-69 хувь интервалыг нэг мөр 60 хувь болгон өөрчилсөн учраас үүнээс өөр боломжгүй гэж тайлбарласан. Түүнчлэн, миний өвчний оношийг салбар зөвлөлийн шинжээч эмч нар ердийн өвчний жагсаалтаар 3.2.а заалт нь хэвэндээ, гэхдээ урьд нь даралт ихсэлт чинь 2 талын жижгэрсэн бөөрнөөс үүдэлтэй байсан бол одоо тархины судасны нарийсалт гэх оношоор тогтоогдсон нь авагдсан шинжилгээнүүд болон яаралтай тусламжийн үзлэгүүд, эмнэлэгт хэвтсэн онош зэргээр нотлогдож байна. Гагцхүү шинэчилсэн жагсаалтаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 50-69 хувь байсан интервалыг нэг мөр 60 хувь болгон өөрчилсөн учраас үүгээр тогтоохоос өөр аргагүй гэсэн хариуг өгсөн. Үүнээс үүдэн миний сар бүр авах тэтгэврийн хэмжээг 154,558 төгрөгөөр бууруулж, миний эрх зүйн байдлыг дордуулсан.

          1.5. Үүнийг тайлбарлавал 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн эрсдэлтэй даралт ихсэлтийн улмаас тэтгэвэр тогтоолгосон бөгөөд ингэхдээ хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг болгож, 1 жилийн хугацаатайгаар тогтоосон. 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ВКК-ийн 3059 дугаартай шийдвэрээр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлал комисст өвчний онош болон хугацааг хэвээр үлдээх саналыг хүргүүлсэн боловч уг Эмнэлэг хөдөлмөрийн магадлал комисс нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 69 биш 60 хувь болгож тогтоосон үндэслэл нь шинэчилсэн жагсаалтаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 50-69 хувь байсан интервалыг нэг мөр 60 хувь болгон өөрчилсөн учраас үүнээс өөрөөр тогтоох боломжгүй гэсэн. Миний эрүүл мэндийн байдал дээрдэж сайжраагүй, хуучин өвчний онош хэвээр тогтоогдсон, 9 хувиар эдгэрсэн эсэхийг тодорхойлох боломжгүй байхад автоматаар 60 хувь болгож бууруулснаар сар бүр надад олгогдох тэтгэврийн хэмжээ нь 154,558 төгрөгөөр буурсан. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа буюу 2023 оны 3 дугаар сарыг дуустал нийт 11 сарын хугацаагаар тооцож үзвэл надад 1,700,138 төгрөг дутуу олгогдсон байна.

          1.6. Дээрхээс үзвэл маргаан бүхий тушаалын үйлчлэлд хамрагдаж буй даатгуулагч иргэн миний эрх зүйн байдал дордсон гэж үзэж байна. Тухайн сайдууд нь өмнөх тушаалыг өөрчлөх болсон үндэслэл, шалтгаанаа нийгмийн даатгалд даатгуулагчдын хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж авсан даатгуулагчдын тоо өссөн учраас нийгмийн даатгалын санг хэмнэх үүднээс өөрчилсөн гэж байна. Нэхэмжлэгч миний ойлгож байгаагаар даатгал нь хариу төлбөртэйгөөр тодорхой үүрэг хүлээхээр тохиролцож даатгалын байгууллага болон иргэд хоорондын байгуулсан гэрээ гэж үзэхээр байна. Даатгуулагч миний бие гэрээний дагуу үүргээ биелүүлж нийгмийн даатгалын шимтгэлээ төлж, үүргээ биелүүлж байсан. Надад аливаа эрсдэл учирсан тохиолдолд даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын багц хуулиудын дагуу даатгуулагч иргэн надад учирсан эрсдэлд тохирох нөхцөлд хамаатуулан тодорхой үүргээ биелүүлэх ёстой. Гэтэл энэ үүргээ хуульд заасны дагуу биелүүлэхгүй, хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчдын тоо өссөн учраас сангаа хэмнэх нь зүйтэй гэж ийм шийдвэр гаргаж байгаа нь хүний үндсэн эрхэд халдаж буй хууль бус үйлдэл. Дан ганц миний жишээгээр үзвэл шинэчилсэн жагсаалтаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 50-69 хувь байсан интервалыг нэг мөр 60 хувь болгон өөрчилснөөс үүдэн сар бүр надад олгогдох тэтгэврийн хэмжээ нь 154,558 төгрөгөөр буурч байна. Маргаан бүхий тушаалаар “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн баталснаар даатгуулагч иргэн миний болон бусад даатгуулагчдын хууль ёсны эрх, ашиг зөрчигдөж байх тул түүнийг хүчингүй болгох шаардлага бий болж байна.

          Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч миний бие хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох хувь, хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 болон 6 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн холбогдох, тусламж үйлчилгээ болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7, 8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг үндэслэн тахир дутуугийн тэтгэвэр авах эрхтэй байсаар байтал дээрх маргаан бүхий тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг нэг мөр 60 хувь болгон өөрчилсөн нь нэхэмжлэгч миний эрх, ашгийг зөрчиж байна гэж үзэхээр байх тул журмын 1 дүгээр хавсралтын 3 дугаар бүлэг “Дотрын өвчнүүд” хэсгийн 3.2-н А заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэж тайлбарлаж байна.

            2. Хариуцагч Эрүүл мэндийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/89 дүгээр тушаалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлүүд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг нь 16 удаа цахимаар, 5 удаа сургалт хэлэлцүүлэг, 1 удаа биечлэн хэлэлцүүлэг, хуралдааныг тус тус зохион байгуулж хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн боловсруулсан.

          Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны цахим хуудсанд хамтарсан тушаалын төсөл, танилцуулгыг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд санал авахаар байршуулсан. Тушаалын төсөлд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/147 дугаар тушаалын хавсралт болох “Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал”-ын дагуу нөлөөллийн шинжилгээ хийсэн. Үүний дагуу тус захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргахад олон нийтийн оролцоог хангах, эерэг болон сөрөг талуудыг харьцуулан судалж, шийдвэрийн эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тооцсоны үндсэн дээр тухайн харилцааг зохицуулах үр дүнтэй зохицуулалт бүхий зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргах нөхцөлийг тодорхойлсон байдаг.

          Мөн нөлөөллийн шинжилгээгээр дээрх тушаал нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан зохицуулалт агуулаагүй болохыг тодорхойлсон. Нэхэмжлэгч нь Үндсэн хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоолгосон хувь хэмжээний хүрээнд тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байна.

          Иймд дээрх үндэслэлүүдээр журмын 3.2-н А заалтыг хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            3. Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, О.Г нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж заасан. Дээрх хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” А/39, А/12 дугаар хамтарсан тушаалаар өвчний жагсаалтыг баталж хэрэгжилтийг зохион байгуулж байсан. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлүүд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Азийн хөгжлийн банкны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/89 дүгээр тушаалаар байгуулсан. Ажлын хэсэг ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалтыг шинэчлэн боловсруулж, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солих эсэхийг тодорхойлох хүснэгт нэмж, олон улсын оношийн кодыг өвчин тус бүрд тодорхойлж тусгасан. Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалтыг шинэчлэн боловсруулахад Олон улсын өвчний ангилал ICD-10-ыг баримталсан.

          3.2. А/39, А/12 дугаар хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 50-69, 70-79, 80-89, 90-100 хувиар тогтоож байсан нь иргэдээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг багаар тогтоосонтой холбоотой өргөдөл, гомдол олноор ирүүлж байсан тул хүн бүр тэгш байхыг хангах зорилготой маргаан бүхий А/758, А/197 дугаар хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 50, 60, 69, 70, 79, 80, 89, 90, 100 хувиар тогтоох өөрчлөлтийг хийсэн. Энэхүү ажлын хэсэг 16 удаа цахимаар, 5 удаа сургалт хэлэлцүүлэг, 1 удаа биечлэн хэлэлцүүлэг, хуралдааныг тус тус зохион байгуулж даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн боловсруулж А/758, А/197 дугаар хамтарсан тушаалаар батлуулсан.

          3.3. Нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны хэм хэмжээний акт нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2-т “Ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална”, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална” гэснийг үндэслэн батлагдсан.

          3.4. Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх, төсөлд санал авах, түүнийг батлах, улсын нэгдсэн санд бүртгүүлэхээр хүргүүлэх зэргийг захиргааны ерөнхий хуулийн Зургаадугаар бүлгээр тодорхой зохицуулсан. Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А/758, А/197 дугаар хамтарсан тушаалыг 2021 оны 12 дугаар сарын 09-ний баталсан бөгөөд захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхээр 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/3302 тоот албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/5399 дүгээр албан бичгээр дээрх тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5596 дугаарт бүртгэснийг мэдэгдсэн нь тухайн захиргааны хэм хэмжээний актыг тусгайлан эрх олгогдсон эрхийн хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж баталсныг илэрхийлж байна.

          3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн”-ийг нэхэмжлэлд тодорхой тусгаж нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой. Нэхэмжлэгч Д.А нь “маргаан бүхий тушаалын өөрт хамаарах хэсэг буюу 1 дүгээр хавсралтын 3 дугаар бүлэг Дотрын өвчнүүд хэсэг дэх 3.2-н А заалт нь ямар хуультай зөрчилдөж байгаа талаар нэхэмжлэлд тодорхой тусгаагүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 52.5.6-д заасан шаардлагыг хангахгүй байна.

          3.6. Тушаалын 4 дэх заалтад “Өвчний жагсаалтаас хасагдсан эсхүл өөрчлөгдсөн өвчний заалтаар урьд нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хүчин төгөлдөр шийдвэртэй даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь , хугацааг урьд байснаар үргэлжлүүлэн мөрдсүгэй” гэсэн зохицуулалтыг тусгаж өгсөн. Энэ нь хөдөлмөрийн чадвар алдалтын хяналтын хугацаа дуусаагүй, шийдвэрийн хүчинтэй хугацаанд хамааралтай заалт юм. Хэрвээ тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дугаар бүлэг Дотрын өвчнүүд хэсэг дэх 3.2-н А заалтыг хүчингүй болгосон тохиолдолд цаашид “а/Бөөрний архаг дутагдлын II үе шат тархины цусан хангамжийн архаг дутагдал” гэсэн оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг шинээр тогтоох болон сунгах боломжгүй болж даатгуулагч (иргэн)-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болохоор байна.

          3.7. Нэхэмжлэгч Д.А нь маргаан бүхий тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дугаар бүлэг дотрын өвчнүүд хэсэг дэх 3.2-н А заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар 12 сараар тогтоолгох эрх нь үүсч байгаа. Иймд нэхэмжлэгч Д.Аийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          4. Иргэдийн төлөөлөгч Н.Ю шүүхэд бичгээр гаргасан дүгнэлтдээ“... Д.Аийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Маргаж буй тушаалын 4 дүгээр заалтын дагуу өмнөх шийдвэр хэвээр үлдэж хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар олгож Д.Аийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   1. Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2-т “Ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална”, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална” гэж тус тус зааснаар Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар хамтран гаргасан маргаан бүхий А/758, А/197 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “...  Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ хугацааг шинэчлэн баталсан”, уг тушаал нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5596 дугаарт бүртгэгдэж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

            3. Нэхэмжлэгчээс “уг тушаалыг гаргахдаа намайг хэлэлцүүлэгт оролцуулаагүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэх боловч энэ тохиолдолд улсын хэмжээний бүх бөөрний архаг дутагдлын тархины цусан хангамжийн архаг дутагдлын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийг татан оролцуулж, тайлбар авах боломжгүйн дээр хариуцагчаас ирүүлсэн өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн боловсруулсан танилцуулга, тушаалын төсөлд хийсэн нөлөөллийн шинжилгээний танилцуулга, тушаалын төсөлд санал авах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээ, тушаалын төслийг боловсруулах ажлын хэсгийн санал авах хэлэлцүүлгийн протокол зэрэг бусад бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар уг тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 60-65 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.

            4.  Нэхэмжлэгч “... маргаан бүхий тушаалын өөрт хамаарах хэсэг буюу 1 дүгээр хавсралтын 3 дугаар бүлэг, дотрын өвчний хэсэг дэх 3.2-н А заалтыг хүчингүй болгуулах”-аар маргаж байгаа, 3.2-н А заалтад “Бөөрний архаг дутагдлын II үе шат тархины цусан хангамжийн архаг дутагдал, өвчний код I10, хувь хэмжээг 60 хувь, хугацааг 1 жил” гэх байдлаар тогтоосон, тодруулбал, нэхэмжлэгч өмнө нь “эрсдэлтэй даралт ихсэлт” оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар тогтоолгож байсныг “60” хувь болгон бууруулсан, нэхэмжлэгч “үүний улмаас сар бүр олгогдох тэтгэврийн хэмжээ 154,558 төгрөгөөр буурсан, хэрэв холбогдох заалтыг хүчингүй болговол эргээд 69 хувь болж зөрүү мөнгөө нэхэмжлэх боломжтой болно” гэж тайлбарласан.

            5. Гэтэл А/758, А/197 дугаар тушаалаар өмнө мөрдөгдөж байсан Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/39, А/12 дугаартай хамтарсан тушаалыг хүчингүй болгосон, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж А/758, А/197 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дугаар бүлэг, дотрын өвчний хэсэг дэх 3.2-н А заалтыг хүчингүй болгосноор цаашид “а/Бөөрний архаг дутагдлын II үе шат тархины цусан хангамжийн архаг дутагдал” гэсэн оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг шинээр тогтоох болон сунгах, нийгмийн халамж авах эрх зүйн харилцаа дуусгавар болж бусад даатгуулагч (иргэн)-ийн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д заасан  хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас эд, мөнгөний тусламж авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх төдийгүй энэ тушаал нь бөөрний архаг дутагдлын тархины цусан хангамжийн архаг дутагдлын улмаас хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгох иргэний хувьд эерэг үйлчлэлтэй акт байна. Товчхондоо, холбогдох заалтыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн бодитоор сэргэх нь тодорхойгүй, чухам ямар хүчин төгөлдөр журам, тушаал, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг баримталж дутуу олгогдсон гэх мөнгөө нэхэмжлэх боломжтой болох нь ойлгомжгүй байна.

          6. Нэхэмжлэгч өөрийн сонгох эрхийн хүрээнд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг цуцлуулж, мөн оны 02 дугаар сарын 03-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, энэхүү үйл баримтыг үгүйсгэж маргаагүй бөгөөд Д.Аээс “... тэтгэвэр тогтоолгосон нь энэ маргаанд хамааралгүй” гэх тайлбарыг хийсэн боловч хүчингүй болгохоор маргаж буй тушаалын холбогдох заалт нь “...нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагаваргүй болсон...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

          7. Маргаж буй Тушаалын 4 дэх заалтад “Өвчний жагсаалтаас хасагдсан эсхүл өөрчлөгдсөн өвчний заалтаар урьд нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хүчин төгөлдөр шийдвэртэй даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь , хугацааг урьд байснаар үргэлжлүүлэн мөрдсүгэй” гэж заасан. Энэ нь хөдөлмөрийн чадвар алдалтын хяналтын хугацаа дуусаагүй, шийдвэрийн хүчинтэй хугацаанд хамааралтай заалт байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд   бөөрний архаг дутагдлын II үе шат тархины цусан хангамжийн архаг дутагдал гэсэн оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг шинээр тогтоох болон сунгах боломжгүй болж даатгуулагч (иргэн)-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болох юм.  Иймд иргэдийн төлөөлөгчийн “маргаж буй тушаалын 4 дүгээр заалтын дагуу өмнөх шийдвэр хэвээр үлдэж хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар олгож Д.Аийг хохиролгүй болгох” тухай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

          8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 52.5.6-д зааснаар захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн талаар тодорхой тусгаж нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэрийг хангасан байх шаардлага тавигдана. Нэхэмжлэгчээс “... уг тушаал нь Үндсэн хуульд заасан эрхэд халдсан” гэхээс өөрөөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эрх зүйн талаас нь тухайлбал, түүний хүчингүй болгохоор маргаж буй А/758, А/197 дугаар тушаалын холбогдох заалт нь ямар хуультай зөрчилдсөн талаар тодорхой тайлбарлаж, мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.  

       9. Дээрх байдлаар А/758, А/197 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дугаар бүлэг, дотрын өвчний хэсэг дэх 3.2-н А заалт нь холбогдох хуулийг зөрчөөгүй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болох нь тайлбар, баримтаар тогтоогдохгүй байх тул уг заалтыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.1-д тус тус заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан Д.Аийн Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад тус тус холбогдуулан гаргасан “Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ хугацааг шинэчлэн батлах тухай” 2021 оны А/758, А/197 дугаар тушаалын өөрт хамаарах хэсэг буюу 1 дүгээр хавсралтын 3 дугаар бүлэг, дотрын өвчний хэсэг дэх 3.2-н А заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                           ШҮҮГЧ                                              Н.ДОЛГОРСҮРЭН

 

                           ШҮҮГЧ                                              Э.ЛХАГВАСҮРЭН

 

                           ШҮҮГЧ                                              Б.ТУНГАЛАГСАЙХАН