Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2017/ШЦТ/37

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж, шүүгч Т.Энхмандах, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

иргэдийн төлөөлөгч А.Нүржигтуяа,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Л.Лхагвадорж, түүний өмгөөлөгч Б.Батчимэг,

хохирогч И.Эрдэнэсуурь, Г.Наранчимэг, Д.Гэрэлт-Од нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгадар овогт Лхамаагийн Лхагвадоржид холбогдох эрүүгийн 201708000035 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Булгадар овогт Лхамаагийн Лхагвадорж /РД:ОО83031819/ Увс аймгийн Тэс суманд 1983 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Цахилгаан шугам сүлжээний 1-01 тоотод оршин суудаг, иргэний үнэмлэхний лавлагаанд Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг гэж тэмдэглэгдсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар 5 жил 06 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 01 хоногийн хугацаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2015 оны 11 дүгээр сарны 09-ний өдрийн 2655 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай параламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болсон гэх

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Л.Лхагвадорж нь 2016 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө тус аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Цахилгаан дамжуулах сүлжээний 1-1 тоот хашаанд байсан иргэн Д.Гэрэлт-Одын эзэмшлийн Норд бенз маркийн 55-75 ГСА улсын дугаартай ачааны автомашины 200 ампер цагтай 2 ширхэг аккумляторыг хулгайлж 400 000 төгрөгийн хохирол учруулсан, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тус аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Мөнхийн 18 тоотоос иргэн И.Эрдэнэсуурийн 440 000 төгрөгтэй Хаан банкны виза картыг хулгайлж бусдад 440 000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Цамцат хайрхан” хүнсний дэлгүүрийн худалдагч Г.Наранчимэгт зэвсгийн чанартай хутга хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж 1 шил Улаанбаатар нэртэй архи дээрэмдэж 14 800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Лхагвадорж нь 2016 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Цахилгаан дамжуулах сүлжээний 1-1 тоот хашаанд байсан Д.Гэрэлт-Одын эзэмшлийн Норд бенз маркийн 55-75 ГСА улсын дугаартай ачааны автомашины 200 ампер цагтай 2 ширхэг аккумляторыг хулгайлж 400 000 төгрөгийн хохирол учруулсан, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Мөнхийн 18 тоотод И.Эрдэнэсууртай хамт архи ууж түүнийг согтоод унтах хооронд түрийвчинд байсан дансандаа нийт 443 927 төгрөгтэй Хаан банкны виза картыг хулгайлж АТМ-нд уншуулан 440 000 төгрөг авч бусдад 440 000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Цамцат хайрхан” хүнсний дэлгүүрээс 2 шил Улаанбаатар нэртэй архи авч худалдагч Г.Наранчимэгт өгч тооцоо хийх дүр үзүүлэхдээ түүнийг касснаасаа 50 000 төгрөг өг гэж  халааснаасаа хутга гарган ирж заналхийлж 1 шил Улаанбаатар нэртэй архи авч дэлгүүрээс гарсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч Л.Лхагвадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2015 оны 11 дүгээр сард анх Говьсүмбэр аймагт шилжиж ирээд ажил хөдөлмөр эрхэлж эхнэр хүүхдийн хамт амьдардаг байсан. 2016 оны 12 дугаар сард архи ууснаасаа болоод хүмүүсийн эд зүйлийг хулгай хийж, худлаа хэлж авч хэрэглэсэн нь үнэн. Дээрмийн гэмт хэргийн хувьд Наранчимэгээс дээрэм хийж юм авна гэсэн зорилго байгаагүй, нэг шил архи авч уух зорилготой байсан. 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 11 цагийн үед манай найзууд ирээд архи ууж хоносон. Өглөө босоод архи уух гээд мөнгө олдохгүй болохоор нь миний амьдардаг хашаанд байсан том машины 2 ширхэг аккумляторыг тайлж аваад цагаан өнгийн Приүс 10 маркийн машинтай танихгүй хүнд 50 000 төгрөгөөр өгсөн. Аккумляторыг хүнд түр хугацаагаар барьцаанд тавьсан. Барьцаанд авсан хүнээ олохгүй явсаар байгаад хулгайн гэмт хэрэгт холбогдсон. Эрдэнэсуурь ахын гэрт архи ууж байгаад би таны картнаас мөнгө аваад Энхжинг хот руу явуулчихъя, надад удахгүй мөнгө орж ирнэ, тэгэхээр нь таны мөнгийг өгье гэж хэлсэн. Гэтэл үүнийг Эрдэнэсуурь ах санахгүй байна гэж мэдүүлсэн байсан. Эрдэнэсуурь нь орон дээр түрийвчээ ил тавьсан байсан. Би түрийвчнээс нь картыг авсан. Картнаас 440 000 төгрөг аваад 160 000 төгрөгийг хэрэглэсэн. 280 000 төгрөгийг цагдаагаар дамжуулан буцааж өгсөн. Нэгэнт хүний юм авч хэрэглэсэн учраас буруу үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Цамцат хайрхан хүнсний дэлгүүрт 1 шил архи авч ууна гэсэн зорилготой орсон. Надад 6 000 төгрөг байсан. 2 000 төгрөгөөр хайрцаг тамхи аваад 4 000 төгрөг үлдсэн. Дэлгүүр лүү ороод 2 шил архи аваад лангуун дээр очиж тооцоо хийх гэж байгаа болоод халаасандаа гараа хийгээд гэрийн түлхүүртэй хамт байдаг хумсны хутгыг гаргаж ирсэн. Түүнээс биш хутга мэс гаргаж ирээгүй. Наранчимэгийг яагаад хутга гаргаж ирсэн гэж хэлснийг ойлгохгүй байна. Тухайн үед айж сандарсан байсан байх. Касснаасаа мөнгө гаргаж өг гэж хэлснээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ төд өдөн төгрөг өг гэж хэлээгүй. Архин дээрээ мөнгө өг л гэж хэлсэн. Гаднаас нэг хүн орж ирэхээр нь лангуун дээрээс 1 шил архийг аваад цагдаад хэлбэл ална шүү гэж хэлээд гараад явсан. Би ямар нэгэн хутга мэс авч явдаггүй. Архи уусан байсан ч хутга мэс авч явдаггүй. Гэрийн түлхүүртэй хамт явдаг хумсны хутга л миний халаасанд байсан. Хохирогч Гэрэлт-Од, Эрдэнэсуурь нарын хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Харин Наранчимэгийн хохирлыг төлсөн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, удаа дараа ял шийтгэгдэж байсандаа харамсаж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан зүйлчлэлийг 147.1 болгон хөнгөрүүлж боломж олгож өгнө үү гэж хүсч байна. Алдаж эндэж яваад эхнэр авч охинтой болсон. Гэр бүлийнхээ төлөө цаашдаа дахин хэрэг зөрчилд орохгүй гэв.

 

2. Хохирогч Д.Гэрэлт-Од шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай жолооч Улаанбаатар хот явсан гэж урьд өдөр нь хэлсэн. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өглөө машинаа очиж эргэсэн. Тэгэхэд Лхагвадорж хотоос хоёр хуурай ах ирж байгаа, ганц шил архины мөнгө байна уу гэж асуусан. Би надад мөнгө байхгүй гэж хэлээд явсан. Маргааш нь машинаа ирж эргэхэд 200 ампер цагтай 2 ширхэг аккумлятор алга болсон байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Лхагвадоржоос 2 ширхэг аккумлятор алга болсон байна, харсан уу, чи хаана байна гэж асуухад би хотод байна, аккумлятор хараагүй гэж хэлсэн. Жолооч ах Лхагвадорж хот яваагүй, Чойрт байгаа гээд айлын хаяг зааж өгсөн. Тэр хаягаар нь очиход Лхагвадорж найзындаа байсан. 400 000 төгрөг нэхэмжилж байна. Тус 2 аккумляторыг 1 жилийн өмнө 600 000 төгрөгөөр худалдаж авч байсан гэв.

 

3. Хохирогч И.Эрдэнэсуурь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр миний группын 1-2 сарын мөнгө буусан. Банкнаас мөнгөө аваад өөрийнхөө данс руу хийсэн. Тэгээд Лхагвадоржтой нэг шил архи уугаад согтоод унтаад өгсөн байсан. Унтаад босч ирэхэд миний утсанд 440 000 төгрөгийн зарлага хийгдлээ гэсэн мессеж ирсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа миний виза картыг 280 000 төгрөгийн хамт өгсөн. Хамт байхдаа Лхагвадоржид виза картаа өгөөд дэлгүүр лүү явуулж байсан. Тэгэхэд л картын нууц дугаарыг мэдэж авсан. Би картаа өгөөгүй. Намайг согтоод унтсан хойно Лхагвадорж картыг авсан. Одоо Лхагвадоржоос 160 000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

4. Хохирогч Г.Наранчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед дэлгүүртээ ганцаараа сууж байсан. Лхагвадорж нь намайг дэлгүүртээ ганцаараа байгааг гадаа маш их ажигласан байсан. Камераас харахад эргэж тойроод цонхоор харсан байсан. Лхагвадорж гаднаас орж ирээд лангуу руу явж 2 ширхэг Улаанбаатар архи аваад миний урд авчирч тавьсан. Би архийг уншуулаад архины мөнгөн дүнг хэлсэн. Тэгтэл халааснаасаа урт цагаан өнгийн ишэн дээрээ хээтэй хутга гаргаж ирээд пиздаа минь касснаасаа 50 000 төгрөг гаргаж өг гэж хэлсэн. Энэ үед манай хажуу дэлгүүрийн 13-14 насны Тогооноо гэдэг охин орж ирээд хутга гаргасан байхыг хараад хойшоо зог тусаад явах гэхэд нь би Тогооноо байж бай гэж хэлсэн. Лхагвадорж хутгаа цааш хийгээд нэг шил архийг аваад зугтаах гэхэд нь би лангуунаасаа утсаа авах гээд тонгойсон. Намайг пиздаа минь цагдаа дуудвал ална шүү гэж хэлээд нэг шил архийг авч зугтаасан. Би цагдаа болон ах, эгчийгээ дуудсан. Цагдаа нар намайг хумсны хутгыг андуураагүй биз дээ гэж асуусан. Би метр гаруй зайд том хутга, хумсны хутга хоёрыг ялгахтайгаа байна гэж хэлж байсан. Одоо хүртэл хутга нь нүдэнд харагдаж байна. Хутгыг баруун талын халааснаасаа гаргаж ирээд над руу далайгаад пиздаа минь касснаасаа 50 000 төгрөг гаргаж өг гэж хэлсэн. Би кассаа түгжээд нэг шил архийг нь дайрах маягтай барьсан. Би маш их айсан. Пиздаа минь гэдэг үгийг их хэлсэн, цагдаа дуудвал ална шүү гэж хэлсэн. Хумсны хутга гаргахад жижигхэн харагдана. Том хутга гаргаж байгаа болохоор айж сандарна. Хэдийгээр айж сандарсан байсан ч том жижиг хутгыг ялгаж байсан. Энэ тухай цагдаа ирэхэд ч хэлсэн, байцаалт өгөхдөө ч хэлсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй хохирлыг төлж барагдуулсан гэв.

  

5. Гэрч Б.Долгорханд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай ах Чинзориг над руу утсаар залгаад хашаанд байсан машины аккумлятор алга болсон байна. Гэрэлт-Од цагдаад дуудлага өгсөн  гэж надад хэлсэн. Тэр аккумлятор ямар байдлаар алга болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Би 2016 оны 12 сарын 30-ны орой гэрээрээ ороход Лхагвадорж гэрт ганцаараа архи уусан халамцуу байсан. Надад тухайн үед хэлэхдээ Улаанбаатар хотоос хүмүүс ирнэ гэж хэлсэн. Би гараад ээжийнх рүүгээ очиж хоноод маргааш өглөө нь буюу 2016 оны 12 сарын 31-ний өглөө 10 цагийн орчим гэрт ирэхэд Лхагвадорж ганцаараа байж байсан. Лхагвадорж надад хэлэхдээ ирж хоносон хүмүүс нь хөдөө явсан. Оройхондоо буцаад ирнэ гэж хэлсэн. Би ээжийндээ очоод байж байсан чинь өдөр 15 цагийн орчим Лхагвадорж гаднаас халамцуу орж ирээд хүүхэддээ өгч байгаа юм гээд тортой чихэр, жимс барьчихсан орж ирээд өгөөд гарахдаа Улаанбаатар хот руу явлаа гэсэн.  Лхагвадоржийг явснаас хойш ээжийнхээ ах Эрдэнэсуурьтай яриад Лхагвадорж танайхаар очив уу гэж асуухад эндээс сая цагдаагийн Бээжин аваад явчихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18 хуудас/

 

6. Гэрч Б.Чинзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Миний түрээсээр унаж байсан ачааны автомашины хоёр ширхэг аккумлятор манай хашаанд машиндаа тавиатай байж байгаад 2016 оны 12 сарын 31-ний өдөр алдагдсан. Үүнийг машины эзэн Гэрэлт-Од мэдээд над руу утсаар хэлсэн. Би тухайн үед нь Улаанбаатар хотод хувийн ажилтай явж байсан юм. Манай хашаанд манай хүргэн Лхагвадоржийн гэрт Улаанбаатар хотоос машинтай хүмүүс ирж хоноод маргааш өглөө нь тэр ирсэн хүмүүсийн машины аккумлятор нь суугаад миний унаж байсан машины аккумляторыг салгаж аваад машинаа холбож асаагаад, авсан аккумлятороо буцааж машинд нь тавьсан гэж манай хүргэн Лхагвадорж Гэрэлт-Одод утсаар хэлсэн байсан. Би хүргэн Лхагвадоржийг аккумляторыг хулгайлсан гэж сэжиглэж байна. Манай хүргэн Лхагвадорж олон удаагийн шийтгэлтэй шоронд ял эдэлж байсан гэж сонссон. Лхагвадоржийнд ирсэн гэх хүмүүсийг би харж байгаагүй, танихгүй. Манай хашаанаас 2 ширхэг аккумлятор алдагдсан. Өөр ямар нэгэн эд зүйл алдагдаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19-20 хуудас/

 

7. Гэрч Т.Ёндон-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай хадмынх Ханангийн 7 тоотод байдаг бөгөөд би 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед тэдний хашаанаас эхнэр Чимэддолгорын нэр дээр байдаг цагаан өнгийн Приүс 10 маркийн машинтайгаа хонхор орохоор явж байтал замд нэг хүн гар өргөхөөр нь зогстол 30-35 орчим насны эрэгтэй суугаад 6-н байшингийн зүүн талын Түүхий эдийн зах оръё гэхээр нь очсон. Түүхий эд авдаг хүнээс тэр залуу аккумлятор авч байгаа юу гэхэд нөгөө хүн нь авна гэж хэлсэн. Хэдээр авах вэ гэж асуухад хэдэн ширхэг ямар машины аккумлятор байгаа юм бэ гэж асуусан. Тэгэхэд 2 ширхэг том машины аккумлятор байгаа гэхэд 40 000 төгрөгөөр авна гэж хэлэхэд нь аккумлятороо аваад ирье гэж хэлсэн. Тэгээд миний машинд суугаад  аймгийн улаан загалмайн өөдөөс харсан хашаанд очно гэхэд нь би хэлсэн газарт нь хүргэхэд намайг хашааны гадаа хүлээж бай би ороод аккумлятор аваад ирье гэж хэлээд хашаа руу орсон. Нэг их удалгүй тэр залуу нэг нэгээр нь зөөгөөд 2 ширхэг аккумлятор гаргаж ирээд миний машины багажинд хийгээд бид хоёр 6-н байшингийн хажууд талын түүхий эд авна гэсэн газар луу явсан. Явах замдаа Лхагвадорж саяны хашаанд байсан том тэрэгний жолооч байгаа юм. Сая даргатай ярилаа аккумлятор муудсан, шинийг авч өгнө гэж хэлсэн. Би эхнэрээ баярлуулах гээд мөнгөний хэрэг гараад яаралтай зарж байгаа юм гэхээр нь тэгвэл чи надад 50000 төгрөгөнд зарчих гэж хэлэхэд за тэгье гээд би түүнийг нь авахаар болоод шууд Ханангийн 7 тоотод очоод эхнэрээсээ банкны карт аваад АТМ-ээс мөнгө авч тэр хүнд бэлнээр 50 000 төгрөг өгөөд худалдаж авсан. Миний худалдаж авсан 2 аккумлятор хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй. Мэдсэн бол би түүнийг авахгүй байсан. Тэр 2 аккумляторын нэгнийх нь 1 шон нь хайлчихсан байхаар нь үнэхээр хуучраад зарах гэж байгаа юм байна л гэж бодоод худалдаад авчихсан. 200 ампер цагтай хар өнгөтэй аккумляторууд байсан. Би тэр хүнээс худалдаж авсан 2 ширхэг аккумлятороо машиныхаа багажинд байлгаж байгаад хөдөөний танихгүй хүнд 80000 төгрөгөөр зарчихсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25-26 хуудас/

 

8. Гэрч Б.Жаргалсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Лхагвадорж 2017 оны 02 дугаар сарын 14-ний өглөө үүрээр 04 цаг болж байхад манайд ганцаараа ирсэн. Хөлдөж үхлээ манай гэрийг хүн түгжээд түлхүүрийг нь аваад явчихаж гэж хэлээд танайд хоноё гэхээр нь тэг тэг гэж хэлээд манайд унтсан. Тэгээд өглөө босоод 09 цаг өнгөрч байхад би хониндоо явсан. Тэр манайд гал түлээд дулаацаад байж байя гэж хэлээд үлдсэн. Би явахдаа гэрийнхээ хаалгыг гаднаас нь дараад орхисон. Эргээд хониноосоо орой 16 цагийн үед ирэхэд Лхагвадорж манайд согтуу сууж байхаар нь гайхаад цагаан сард бэлдсэн байсан архи үзэхэд архинаас нэг шил архийг задлаад талыг нь уучихсан байсан. Тэгэхээр нь би уурлаад түүнд хүний сайхан сэтгэл гаргаж байхад яасан өөдгүй залуу вэ гэж хэлээд манайхаар дахиж битгий үзэгдээрэй гэж хэлээд хөөгөөд 16 цагийн үед гаргасан. Тэгээд эргэж манайд ирээгүй. Манай гэрээс хутга алга болоогүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 80 хуудас/

 

9. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 11-13 хуудас/

 

10. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт /х.х-ийн 34, 99  хуудас/

 

11. Хаан банкин дахь дипозит дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбар, И.Эрдэнэсуурийн утсанд 2017 оны 02 дугаар сарын 03-нд ирсэн гэх мессежний зураг /х.х-ийн 61-62 хуудас/

 

12. Л.Лхагвадоржийн биед үзлэг хийж эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, Л.Лхагвадоржийн биеэс гарсан виза карт болон бэлэн мөнгийг эзэн И.Эрдэнэсуурьт хүлээлгэн өгсөн тухай тэмдэгэлэл /х.х-ийн 64-65 хуудас/

 

13. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-ийн 101-103 хуудас/

 

14. Шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 106-116, 133-135 хуудас/

 

15. Согтолын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /х.х-ийн 55, 129 хуудас/

 

16. Л.Лхагвадоржийн хувийн байдлыг тодруулсан гэрч Б.Долгорханд Х.Батсүх нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 851 тоот тодорхойлолт, Иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, “Баяннексус” ХХК-ны тодорхойлолт, түүнд хавсаргасан тушаалуулын хуулбарууд, “Чойр хайрхан” ХХК-ны тодорхойлолт /х.х-ийн 18, 22, 81-82, 117, 122, 142-145, 147 хуудас/

 

17. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 104 хуудас/

 

Иймд шүүгдэгч Л.Лхагвадоржийг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлсан, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг нь шүүгдэгч мэдүүлэг, дэлгүүрийн камерийн бичлэгээс үзэхэд шүүгдэгч Л.Лхагвадоржийг зэвсэг болон зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн гэхэд эргэлзээ төрж байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, түүнийг зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь: хохирогч Г.Наранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн удаа дараагийн мэдүүлэгт шүүгдэгч Л.Лхагвадоржийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутгыг тодорхой дүрслэн эргэлзээгүй мэдүүлсэн ба шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө мөн адил хутганы талаарх дүрслэлийг ямар нэгэн эргэлзээгүй, зөрүүгүй тодорхой мэдүүлсэн, мөн уг үйлдэл гарахад шүүгдэгч, хохирогч хоёрын хоорондын зай, дэлгүүрийн гэрэлтүүлэг зэрэг нь хутгыг тодорхой харах бүрэн боломжтой байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.    

 

Шүүгдэгч Л.Лхагвадоржид ял шийтгэл ногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн зэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Л.Лхагвадоржийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 121 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “SO MEI DVD+R 4.7GB 120 MIN 16X гэсэн улаан өнгийн бичлэг бүхий 1 ширхэг CD-ыг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.Лхагвадоржоос хохиролд 400 000 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 7 дугаар байрны 10 тоотод оршин суух хохирогч Д.Гэрэлт-Одод, 160 000 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Мөнхийн 18 тоотод оршин суух хохирогч И.Эрдэнэсуурьт тус тус олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Л.Лхагвадорж нь хохирогч Г.Наранчимэгт 14 800 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь Хаан банкны орлогын мэдүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнд төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295-297, 298, 299 дүгээр  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Булгадар овогт Лхамаагийн Лхагвадоржийг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлсан, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Л.Лхагвадоржийн эд хөрөнгийг хураахгүйгээр, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар  шүүгдэгч Л.Лхагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялын заримыг буюу 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Л.Лхагвадоржид оногдуулсан 5 жил  6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Л.Лхагвадоржийн цагдан хоригдсон 121 /нэг зуун хорин нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

           

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “SO MEI DVD+R 4.7GB 120 MIN 16X гэсэн улаан өнгийн бичлэг бүхий 1 ширхэг CD-ыг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Л.Лхагвадоржоос хохиролд 400 000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 7 дугаар байрны 10 тоотод оршин суух хохирогч Д.Гэрэлт-Одод, 160 000 /нэг зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Мөнхийн 18 тоотод оршин суух хохирогч И.Эрдэнэсуурьт тус тус олгож, хохирогч Г.Наранчимэгт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

      

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Лхагвадоржид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

 

11. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч болон дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д  зааснаар  тогтоолыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Б.БАТТУЛГА

            ШҮҮГЧИД                                  Д.АДЪЯАСҮРЭН

                                                            Т.ЭНХМАНДАХ