Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 05-ны өдөр      Дугаар 222/МА2019/00015                   Баруун-Урт     

 

                                    Ж.Сы нэхэмжлэлтэй, 

                          “СП” ХХК-д холбогдох 

                                       иргэний хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч Ж.С

Нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов. 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 284 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч Ж.Сы давж заалдах гомдлоор Ж.Сы “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 9308950 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй “СП” ХХК-д холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 29-ний хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Нэхэмжлэгч Ж.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 6 дугаар сард СП ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Ажиллаж байх хугацаандаа компанийн санхүүгийн хүндрэлээс болж ажилчдын цалин хөлсийг олгох мөнгөн хөрөнгөгүйн улмаас иргэн Ө.Эаас 2018 оны 7 сарын 6-нд 1 сарын хугацаатай 6 000 000 төгрөг зээлсэн. Зээлсэн 6 000 000 төгрөгийг өөрийн төрийн банкин дахь 271400133375 тоот дансаар авсан. Гэрээ байгуулж мөнгө авсан өдрөө өөрөөсөө хоёр сая төгрөг нэмээд нийт 8 000 000 төгрөгийг компанийн данс руу шилжүүлсэн.

Ингээд энэ мөнгөөр компанийн ажилчдын 2018 оны 6 сарын цалинг тавьсан. 

Миний бие 2018 оны 9 сарын 26-нд компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Компанийн дээрх зээлийг борлуулалтын орлогоос төлөх байсан боловч одоог хүртэл төлөөгүй. Гэтэл Ө.Э нь компанийн зээлийг надаас нэхэмжилж Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаар шийдвэрээр зээл 6 000 000 төгрөг түүний хүү алданги бүгд 9 000 000 төгрөгийг миний бие төлөх болсон. Одоогоор шүүхийн шийдвэр биелүүлэх журмаар дээрх мөнгийг миний бие Энхзулд төлж барагдуулсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд миний бие хүнээс хүүтэй мөнгө дахин зээлсэн. Иймд надад учирсан хохирол болох 9 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 150 000 төгрөг нийт 9 308 950 төгрөгийг тус тус СП ХХК-аас гаргуулж өгнө үү гэж нэхэмжилсэн.

Түүнээс хойш шүүхийн шийдвэртэй мөнгийг төлөхийн тулд дахин иргэн Гаас зээл авсан тул хүүг 2019 оны 7 сарын 4-ний өдрөөр тооцож өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 816 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 10 124 950 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

 

Хариуцагч СП ХХК-ийн захирал П.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ш нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.С нь 6 000 000 төгрөгийг Ө.Эаас зээлсэн байна. Манай компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7,1-д Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь ТУЗ байна., 7.7.17-д ..гүйцэтгэх удирлагаас ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудал, 8,8-д гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд компанийн нэрийн өмнөөс хэлцэл хийх гэж заасныг зөрчиж ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөл авалгүйгээр өөрөө дур мэдэн зээл авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 284 дүгээр шийдвэрт: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч СП ХХК-аас 6 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сд олгож, нэхэмжлэлийн үлдэх 4 124 950 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.Сы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163 893 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч СП ХХК-аас 6 000 000 төгрөгт ногдох 110 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Ж.Саас улсын тэмдэгтийн хураамжид 24 134 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод тус тус оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.С давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл “СП” ХХК нь ажилчдынхаа цалинг тавьж олгож өгснөөс болж тэр хэмжээний хөрөнгө надаас гарсан. Энэхүү надаас гарсан нийт зардал мөнгийг би хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Тухайн үед ажилчдын эрх ашиг зөрчигдөхөд хүрээд байсан учраас би холбогдох албан тушаалтанд мэдэгдээд тус компаний ажилчдын цалинг тавьж олгосон.  Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаар шүүхийн шийдвэрээр Ж.С чи Ө.Эд 9 000 000 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэгдсэн бөгөөд миний бие уг төлбөрийг төлөхийн тулд дахин өөр хүмүүсээс мөнгө зээлсэн бөгөөд надад “СП” ХХК-аас болж 10 124 950 төгрөгний зардал гарсан ба дээрх гарсан зардлаа “СП” ХХК-аас нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж үзэж байгаа. Хэрэгт Ө.Э бид хоёрын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Ө.Эаас зээл авсан 6 000 000 төгрөг шилжүүлсэн тухай миний дансны хуулга, Саас зээл 8 000 000 төгрөг шилжүүлсэн болон 6 дугаар сарын цалинд зарцуулсан “СП” ХХК-ны дансын хуулга, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 105 тоот шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлсөн банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан. Эдгээр нотлох баримтуудад “зээл” гэсэн байдаг. Мөн хариуцагчаас “зээлийг ТУЗ-ийн зөвшөөрөлгүй авсан” гэж маргадаг болохоос биш уг зээлийн мөнгө байгууллагын дансанд орж ирээгүй, зарцуулаагүй гэж маргадаггүй. Өөрөөр хэлбэл уг зээлийн мөнгө байгууллагын дансанд орсон, цалинд зарцуулсан нь нотлох баримтаар тогтоогдож, хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” хэмээн дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн. Мөн шүүх хуралдаан дээр авагдсан бүх нотлох баримтуудыг шинжлэн судалсан байхад нэхэмжлэгчээс гаргаж өгсөн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий “СП” ХХК-ний 2019 оны 007 тоот албан бичгийг нотлох баримтаар хэлэлцсэн тухай хурлын тэмдэглэлд тусгаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн үөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн. Миний бие шүүх хуралдаан эхлэхээс өмнө хугацаа сунгасан зээлийн гэрээг шинээр нотлох баримтаар гарган өгч, нэхэмжлэлийн шаардлагаа 816 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Хуралдаан даргалагч нэмэгдүүлсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэхийг нэхэмжлэгчээс, гаргаж өгсөн нотлох баримттай холбогдуулан асуух асуулт байгаа эсэхийг хариуцагчаас асуугаад хуралдааныг цааш үргэлжлүүлсэн. /хуралдааны тэмдэглэл 2-р тал/ Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах, нотлох баримт бүрдүүлэх, хариуцагчид танилцуулах, хариу тайлбар гаргах хугацаа тогтоож өгөх зэрэг хуулиар тогтоосон хугацааг зайлшгүй хийх шаардлагатай байсан тул шүүх хуралдааныг хойшлуулах байсан. Гэтэл шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Шүүх хуралдаанаар миний нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг огт хэлэлцээгүй, хянан шалгах ажиллагаа явуулаагүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгосон атлаа “нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн шаардлага 816 000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид 24 134 төгрөгийг гаргуулж улсын орлогод олгох нь зүйтэй” гэж дүгнэсэн нь ИХШХШТХуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т “үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэсэн заалтыг зөрчсөн. Ийнхүү шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 147/ШШ2019/00384 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.С хариуцагч “СП“ ХХК-иас 9308950 төгрөг, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 816000 төгрөгөөр нэмэгдүүлж, бүгд 10124950 төгрөг нэхэмжилснийг хариуцагч анхны нэхэмжлэлийн шаардлагыг “төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирал Ж.Сд зээл авах эрх олгоогүй байсан” гэх үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж марган нэмэгдүүлсэн шаардлагын талаар тайлбараа гаргаагүй юм.

 

Шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж нэмж төлөөгүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн, шүүх хуралдаанаар нэмэгдүүлсэн шаардлагыг хэлэлцээгүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар дүгнэлт хийхгүйгээр анхны нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгтэй хамтатган  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-42-45,48-50/

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулаагүй, мөн хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид танилцуулах, түүнд хариу тайлбар, нотлох баримт гаргаж өгөх зэрэг хуульд заасан эрхийг эдлүүлээгүй нь зохигчдод мэтгэлзэх зарчмыг хэрэгжүүлэх боломж  хангагдаагүй байна.

 

Түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага тус бүрт эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр тогтоох хэсэгт шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар          шүүх хуралдаанд оролцогчийн эрхийг хангаагүй,  нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 284 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

Хоёр.Нэхэмжлэгч Ж.Сы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

Гурав.Зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           О.БААТАРСҮХ

 

                                                  ШҮҮГЧИД                           С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                              Д.БАЙГАЛМАА