Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 39

 

    Н.М-д холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Л.Алтан, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолтой, Н.М-д холбогдох 2135000000120 дугаартай эрүүгийн 1 хавтас хэргийг шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нар оролцов.

Монгол Улсын иргэн, .. .. эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн С сумын  дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, төрийн одон, медалиар шагнагдаж байгаагүй, Б овогт Н-ны М.

Шүүгдэгч Н.М нь Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн нутаг “Сэтэрхий” гэх газраас зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 0.69 метр куб хэрэгцээний нойтон бургас мод бэлтгэж, ойн экологи эдийн засагт 162.920 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Б овогт Н-ны М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 -т зааснаар шүүгдэгч Н.М-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар  хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Мын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 162.920 төгрөгийн үнэ бүхий 0.69 метр.куб бургас модыг улсын орлогод оруулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.М-д олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ”Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны шүүхээр хянуулахаар гомдол гаргаж байна. Н.М намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрч байна.

Миний бие анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдож, бусдад учруулсан хохирол, хор уршгаа төлж, гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа ба хувийн 150 гаруй бог мал, 100 гаруй бод малаа маллаж гэр бүлээ тэжээдэг жирийн малчин. Н.М миний анх удаа гаргасан алдаа үйлдлийг төр өршөөж анхан шатны шүүхээс надад ногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хөдөө мал малладаг учир нийтэд тусдаа ажил хийх боломжгүй. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс давж заалдах журмаар гомдол гаргасан. Н.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөс туслалцаа авахгүйгээр шүүн таслах ажиллагаанд оролцсон. Н.М нь анх удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн ба үйлдсэн гэмт хэргээ ойлгож, ухамсарлаж байгаа тул үнэн зөвөөр мэдүүлэг тайлбар гаргасан.

Н.М нь учруулсан хор хохирлыг төлж барагдуулсан. Н.М Увс аймгийн Сагил суманд мал маллаж амьдардаг. Гэр бүлийн хувьд 2 том хүүхэд нь оюутан учир эхнэр бага насны хүүхдийн хамт хөдөө амьдардаг. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдах журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.М нь Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн нутаг “Сэтэрхий” гэх газраас 2021 оны 06 дугаар сарын 21-нд зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 185 ширхэг буюу 0.69 метр куб хэрэгцээний нойтон бургас модыг хууль бусаар бэлтгэж, ойн экологи эдийн засагт 162.920 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 300 цагийн нийтэд тусдаа ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч 300 цагийн нийтэд тусдаа ажил хийлгэх ялыг хорих ялаар сольж өгнө үү” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан байна. Н.Мын үйлдсэн гэмт хэрэг болон түүний хувийн байдлыг харгалзан үзээд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор 300 цагийн нийтэд тусдаа ажил хийлгэх ял оногдуулсан учир хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 117 дугаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.Мын давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2135000000120 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Н.М нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн нутаг “Сэтэрхий” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 0.69 метр куб хэрэгцээний нойтон бургас мод хууль бусаар бэлтгэж, ойн экологи эдийн засагт 162.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Мын гэм бурууг хянан хэлэлцэн, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч буйг зөв тодорхойлж, Эрүүгийн хуулийг үндэслэлтэй тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.М давж заалдах шатны шүүхэд : ”Хувийн 150 гаруй бог, 100 гаруй бод малаа маллаж гэр бүлээ тэжээдэг байдал, анх удаа хөнгөн ангиллын хэрэгт холбогдсон, учруулсан хохрлоо нөхөн төлж, хор уршгаа арилгасан, гэм буруугаа гэмшиж ойлгож байгаа зэргийг харгалзан үзээд шүүхээс оногдуулсан  300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү“ гэх давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх дээрх ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр тогтоосон нь гэмт хэргийн улмаас байгаль, экологид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.

Нөгөө талаар, шүүгдэгч Н.М-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж болохгүй хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй болно.   

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.М-д оногдуулсан ялыг өөрчлөх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 117 дугаар  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.М-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Н.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                           Д.ЖАМБАЛСҮРЭН