Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2022/01164

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ХА

Хариуцагч: О х

Нэхэмжлэлийн зшаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлд 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхцэцэг

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХА нь О д  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багт оршин суух О д нь 5,000,000 төгрөгийн FT-200 маркын бага оврын тракторыг урьдчилгаа 50 хувь болох 2,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 50 хувь болох 2,500,000 төгрөгийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг тус тус төлөхөөр Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан (одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба)-тай тохиролцож, 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 208 дугаар гэрээ байгуулан авсан. Гэвч гэрээний үүргээ биелүүлэхгүй байх бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр төлбөр 2,500,000 төгрөг, алданги 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. П.О д нь 5,000,000 төгрөгийн FT-200 маркын бага оврын тракторыг урьдчилгаа 50 хувь болох 2,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 5 жилийн хугацаанд хуваан төлөхөөр тохиролцож, 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 208 дугаар гэрээ байгуулан авсан. Гэвч гэрээний үүргээ биелүүлэхгүй байх бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр төлбөр 2,500,000 төгрөг, алданги 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Э ХХК-ийн хашаанд Засгийн газар хоорондын гэрээгээр орж ирсэн 8000 гаруй тракторыг байрлуулж, сангийн зөвшөөрлөөр олгож байсан, трактор тус бүрт бүртгэл байхгүй, үл хөдлөх хөрөнгө биш учир бүртгүүлэх шаардлагагүй, шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээн шийдвэрлэж өгнө үү” гэв

3.Хариуцагч О д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанаас гаргасан 3,750,000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2012 онд түрээсийн зээлээр авсан FT-200 маркын бага оврын тракторыг 50%-ийг төлж түрээсээр авсан. Уг трактор нь 2 жил болоод эвдэрч гэмтсэн бөгөөд түрээсийн зээл төлөх, техникийн бүрэн байдлын талаар зээл авсан сангаас ямар нэгэн шаардлага ирүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд бидний санхүүгийн байдал зээл төлөх чадваргүй байдалд хүрсэн, мөн нөхөр, хүүхэд эмчилгээ хийлгэх шаардлагатай байсны улмаас төлж чадаагүй. Нэхэмжилж байгаа төлбөрийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна” гэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “О д нь 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албатай FT-200 маркын жижиг оврын тракторыг түрээсийн гэрээгээр авсан. Урьдчилгаа 2,500,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар төлж барагдуулахаар тохиролцсон боловч гэрээний эх хувь хариуцагчид ирээгүй. Гэрээ байгуулагдаад 10 жил өнгөрсөн. Энэ хугацаанд төрийн байгууллагаас төлбөрийг төлөх шаардлага ирээгүй. Хэдийгээр нэхэмжлэгч байгууллага өөрчлөгдсөн хэдий ч төрийн дотоод үйл ажиллагаа үргэлжлэх ёстой. Тухайн трактор нь ХА ы өмч үү? эсхүл Э ХХК-ийн өмч эсэх нь тодорхойгүй байгаа. Хэрэв төрийн өмч бол жил болгоны тооллогонд орох ёстой. Мөн гэрчилгээ байх ёстой. Тиймээс нэхэмжлэл гаргах эрхээ алдсан гэж үзэж байна” гэжээ. 

5.Нэхэмжлэгчээс авлагын дэлгэрэнгүй журналууд, 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 208 дугаартай гэрээний хуулбар (хх-7-9), 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт,   О ын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-10), ХА ыулсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-11), Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №16 дугаар тогтоолын хуулбар (хх-12), Монгол улсын Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дүгээр тушаалын хуулбар (хх-13) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар нь нэхэмжлэгч нь 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг (1 жил) Э д ,  хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг (1 жил) Ж.Энх-Амгаланд олгожээ. (хх-3, 30)

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх ХА ынэхэмжилсэн 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ХА  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э  нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан одоогийн ХА ы2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 208 тоот “Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээ”-гээр 5,000,000 төгрөгийн FT-200 маркийн бага оврын трактор, анжисын хамт бүхий (хадлангийн иж бүрдэл) нэгийг 5 жилийн хугацаатай, урьдчилгаа 50% болох 2,500,000 төлөн үлдэгдэл 50% болох 2,500,000 төгрөгийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, үлдэгдэл төлбөр 2,500,000 төгрөг, Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан алданги 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Э ХХК-ийн хашаанд Засгийн газар хоорондын гэрээгээр орж ирсэн 8000 гаруй тракторыг байрлуулж, сангийн зөвшөөрлөөр олгож байсан, трактор тус бүрт бүртгэл байхгүй, үл хөдлөх хөрөнгө биш учир бүртгүүлэх шаардлагагүй, шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч  О , түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энх-Амгалан нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

“Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2012 онд түрээсийн зээлээр FT-200 маркын бага оврын тракторыг 50 хувийг төлж түрээсээр авсан. Трактор 2 жил болоод эвдэрч гэмтсэн. Түрээсийн зээлийг төлөх, техникийн бүрэн бүтэн байдлын талаар зээл авсан сангаас ямар нэг шаардлага ирүүлээгүй өнөөдрийг хүрсэн.

Трактор нь газартай холбоотой учраас үл хөдлөхийн бүртгэлд бүртгэгдэх ёстой. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны  дагуу үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байвал гэрээ хүчин төгөлдөр бус болно гэж заасан. Нэхэмжлэгч байгууллага 1 сарын дотор гэрээгээ цуцалж нэхэмжлэх эрхтэй  байж тариалангийн сан гэдгээр халхавч хийж байгааг ойлгохгүй байна.Хэдийгээр нэхэмжлэгч байгууллага өөрчлөгдсөн хэдий ч төрийн дотоод үйл ажиллагаа үргэлжлэх ёстой. Тракторыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өмч, эсвэл Э ХХК-ийн хэний өмч болох нь тодорхойгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан. Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу алдангийг төлөхгүй. Тиймээс гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзаж байна” гэжээ. 

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүссэн бөгөөд Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.

1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д “Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Санхүүгийн түрээс” гэж түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу энэ хуулийн 6.1-д заасан эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгөөр түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөхийг ойлгох бөгөөд үүнийг “анхдагч түрээс” гэж үзнэ гэж, мөн хуулийн 3.2.1-д “Түрээслүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр түрээслэгч өөрөө түрээслүүлэгчийн эрх, үүргийг хүлээж түрээсийн зүйлийг гэрээний дагуу бусдад түрээслүүлэх санхүүгийн “дамжуулах түрээс” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн өглөг, авлагын дэлгэрэнгүй журнал, 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 208 дугаартай гэрээний хуулбар (хх-7-9), 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, О ын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-10), ХА ыулсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-11), Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №16 дугаар тогтоолын хуулбар (хх-12), Монгол улсын Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дүгээр тушаалын хуулбар (хх-13) зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч ХА нь хариуцагч О тай FT-200 маркын бага оврын трактор (хадлангийн иж бүрдэл)-ыг худалдан борлуулах санхүүгийн түрээс (лизинг)-ийн гэрээг байгуулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Тус санхүүгийн түрээс (лизинг)-ийн гэрээгээр FT-200 маркын трактор 1, хадуур 1, тармуур 1 (хадлангийн иж бүрдэл) зэрэг эд хөрөнгийг худалдан авахын тулд түрээслүүлэгчээс тракторын иж бүрдлийг түрээсээр авах, төлбөрийг хуваарийн дагуу буцаан төлөхөөр тохиролцож, гэрээний үнийг 5,000,000 төгрөгөөр тооцож урьдчилгаа 50% болох 2,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөгөөр хуваан төлж, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд бүрэн төлж дуусгах үүргийг хариуцагч О д нь хүлээжээ.

Гэрээний нөгөө тал болох Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь Foton lovol-200 маркын трактор 1, хадуур 1, тармуур 1-ийг О д хүлээлгэн өгөх зөвшөөрлийг өгснөөр гэрээний үүргээ биелүүлсэн ба энэ талаар зохигчид мөн маргаагүй. (хх-6)

Энэ санхүүгийн түрээс (лизинг)-ийн гэрээнд талуудын эрх бүхий этгээдүүд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан шаардлагад нийцсэн, мөн хуулийн 313 дугаар зүйлийн 313.1, 313-т заасан Санхүүгийн түрээсийн гэрээний хэлбэр, нөхцөлийг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэв.

2. Талууд дээрх гэрээний үнийг 5,000,000 төгрөгөөр тохиролцсон байх ба хариуцагч  О д нь урьдчилгаа 2,500,000 төгрөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн банк дахь 3406012236 дугаар дансанд “ О , тракторын үнэ” гүйлгээний утгатайгаар төлсөн байх ба энэ талаар зохигчид маргаагүй. (хх-10)

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөний газар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана” гэж, мөн зүйлийн “Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ: 14.4.3-т “бүх өр төлбөр”-ийг нягтлан бодох бүртгэлд бүртгэхээр заасан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн “Өглөг, авлагын дэлгэрэнгүй журнал” баримтаар “НБ67013100 регистрийн дугаартай О ын нэр дээр дээрх гэрээний үлдэгдэл төлбөр 2,500,000 төгрөгийг ”дансны авлага”-аар бүртгэсэн болох нь нотлогдож байна. /хх-4/

Мөн тус тракторын иж бүрдлийг  О д хүлээлгэн өгөх зөвшөөрлийг Э ХХК-д Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал олгосноос үзэхэд тухайн гэрээний зүйлийг захиран зарцуулах эрх Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгогдсон байсан болох нь тогтоогдож байна. /хх-6/

Хариуцагч  О д нь Тариалан эрхлэлтийг дэмжих сантай санхүүгийн түрээсийн (лизинг)-ийн гэрээг байгуулж, гэрээний зүйлийг өөрийн өмчлөл, эзэмшилдээ бодитоор шилжүүлэн авсан боловч үнийг гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлөөгүй, 2,500,000 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тодруулбал хариуцагч  О д нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд нь заавал төлөх үүрэгтэй бөгөөд хэрэв төлөөгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээсэн байна.

Иймд нэхэмжлэгч ХА нь хариуцагч  О аас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Дээрх гэрээнд түрээсийн төлбөрийг тохиролцсон хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,05 хувиар тооцон, алдангийг хоног тутам төлөхөөр талууд урьдчилан бичгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзын зохицуулалтад нийцжээ.

Талуудын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээс (лизинг)-ийн гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөр дууссанаас хойш алдангийг тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцон, алдангид 1,250,000 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

3.Талууд 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дууссан.

Дээрх хугацаанаас тооцвол тухайн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болжээ.

Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, ... бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсохоор зохицуулсан.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр батлагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Тусгай санг хуулиар байгуулж, татан буулгана” гэж заасан бөгөөд мөн хуулийн 5.3.19-д зааснаар Хөдөө аж ахуйг дэмжих санг шинээр байгуулахаар болжээ. 

Энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын №16 дугаар тогтоол (хх-12), Монгол улсын Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дүгээр “Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас баланст шилжүүлэх тухай” тушаал (хх-13) зэрэг нотлох баримтуудаар талуудын маргаж буй 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 208 тоот “Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргах эрх бүхий субъект байгуулагдаагүй, тодорхой бус байсан тул хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.

ХА нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдаж, улсын бүртгэлд төрийн байгууллага, албан газраар бүртгэгдсэнээс хойш хуучин Тариаланг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлагыг ...холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу Хөдөө аж ахуйг дэмжих санд балансаас балансад шилжүүлэх явцад хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нь зохигч талуудын хүсэл зоригоос үл хамаарсан байна.

Иймд шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлин 82.4-т заасан үндэслэлээр хариуцагч О тай байгуулсан Санхүүгийн түрээс (лизинг)-ийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймээс хариуцагч  О аас үндсэн төлбөрт 2,500,000 төгрөг, алдангид 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХА д олгохоор шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ХА нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч  О аас улсын тэмдэгтийн хураамжид 74,950 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4, 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч  О аас 3,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХА д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ХА нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч  О аас улсын тэмдэгтийн хураамжид 74,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХБҮРЭН