Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 40

 

У.Т, Э.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Л.Алтан, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 308 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай, У.Т, Э.Э нарт холбогдох 2135000880107 дугаартай 3 хавтас эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, прокурор Х.Энхтуул, яллагдагч У.Т-ийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Д.Бунжаа, яллагдагч Э.Эын өмгөөлөгч Б.Цагцалмаа нар оролцов.

Монгол Улсын иргэн, ... эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, Увс аймгийн Х сумын Засаг дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Х сумын   багт оршин суух, Б овогт У-гийн Т.

Монгол Улсын иргэн, .., эрэгтэй, дээд боловсролтой, ХАА-н цахилгаан хангамжийн инженер мэргэжилтэй, Увс аймгийн Х сумын .., ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Х сумын дүгээр багт оршин суух, Дн овогт Э-гийн Э.

Яллагдагч Увс аймгийн Ховд сумын Засаг дарга У.Т-ийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/76 дугаартай захирамжаар “Цаст сүрлэг гурван хороо” хоршооны нэхий боловсруулах төсөлд 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн зээлийг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэг,

 - яллагдагч Э.Эыг Увс аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газарт хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн, сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллахдаа тус сумын засаг даргаар ажиллаж байсан У.Т-ийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/76 дугаартай захирамжаар “Цаст сүрлэг гурван хороо” хоршооны нэхий боловсруулах төсөлд 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн зээлийг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн  гэх гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У-гийн Т, Д овогт Э-гийн Э нарт холбогдох эрүүгийн 2135000880107 дугаартай хэргийг Увс аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “....гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээд...” гэдгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээд...” гэдэгт Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч, хуулийн этгээдээс гадна мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэг, 500 дугаар зүйлийн 500.1 дэх хэсэг, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэг, 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэг, 512 дугаар зүйлийн 512.1 дэх хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийг хамааруулан ойлгоно. Үүнээс үзвэл гэмт хэрэг үйлдээгүй, уг хэргийн яллагдагч, шүүгдэгч биш боловч хуульд заасан дээрх үндэслэлээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий этгээд иргэний хариуцагчаар тогтоогдох ба шүүх “Цаст сүрлэг гурван хороо” хоршоог иргэний хариуцагчаар татах шаардлагатай байна гэж дүгнэсэн нь хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.

“Цаст сүрлэг гурван хороо” хоршоо нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан “нэхий боловсруулах төсөл”-өөр тухайн сангаас 15 сая төгрөгний зээл авахдаа журамд заасан нөхцөл болзлыг хангасан төсөл хүргүүлж, улмаар эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэр гаргаж олгосон зээлийн мөнгийг авсан нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог бөгөөд хохирлыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд хариуцан арилгах учиртай. Яллагдагч У.Т, Э.Э нарын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг “Цаст сүрлэг гурван хороо” хоршоо нь хариуцах нь хууль ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иймд “Цаст сүрлэг гурван хороо” хоршоог иргэний хариуцагчаар татах шаардлагатай байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул уг шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

   Яллагдагч У.Тийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 308 дугаар шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 36 дугаар зүйл, Хоршооны тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан заалтуудыг анхаарч үзэх ёстой. Дээрх хуулийн заалтуудаас харахад “Цаст сүрлэг гурван хороо” хоршоо нь хуулийн этгээд мөн бөгөөд бусдын өмнө өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээх ёстой юм.

Уг хоршоо нь Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангаас 15.000.000 төгрөгийн зээлийг авсан байдаг. Харин тус зээлийг буцаан төлөх харилцааны хувьд тус хуулийн этгээд хариуцах нь зүйн хэрэг юм. Иймд Сумъяарагчаа гэдэг иргэнийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Прокурорын хувьд “Цаст сүрлэг гурван хороо” хоршоо нь сум хөгжүүлэх сангаас 15.000.000 төгрөгийн зээлийг холбогдох бичиг баримтыг бүрдүүлээд эрх бүхий албан тушаалтнуудын зөвшөөрлөөр энэ зээлийг авсан гэж үзэж  байна. Гэтэл үнэхээр энэ зээлийг “Цаст сүрлэг гурван хороо” хоршоо хуулийн дагуу авсан юм бол яагаад У.Т Э.Э нарыг яллагдагчаар татсан юм бэ гэдэг асуудал эргэлзээтэй байна. Анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 308 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Яллагдагч У.Тийн өмгөөлөгч Д.Бунжаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У.Т, Э.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээс 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 308 дугаар шүүгчийн захирамжаар мөрдөн байцаалтад буцаасан. Ингэхдээ хэрэгт “Цаст сүрлэг гурван хороо“ хоршооны дарга Д.Сумъяарагчааг иргэний хариуцагчаар татсан нь буруу байна гэж үзсэн. “Цаст сүрлэг гурван хороо” хоршооны даргаар Сумъяарагчаа албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд хоршоо нь бусдын өмнө өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээдэг хуулийн этгээд байгаа юм.

Тус хоршоо нь Увс аймгийн Ховд сумын Сум хөгжүүлэх сангаас 15.000.000 төгрөгийн зээл авсан байдаг бөгөөд хууль дүрэмд заасан бүрэн эрхийнхээ дагуу “Цаст сүрлэг гурван хороо” хоршоо нь өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээж, тус зээлийг хариуцан төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар хоршоо нь үйл ажиллагааны улмаас бий болсон үүргийг хоршооны хөрөнгөөр хариуцах ёстой. Гэтэл хэрэгт дээрх хоршоог биш, хоршооны даргыг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Яллагдагч Э.Эын өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс У.Т, Э.Э нарт холбогдох хэрэгт Сумъяарагчааг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан бөгөөд тус шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь Цаст сүрлэг гурван хороо хоршоо нь 24 гишүүнтэй хуулийн этгээд бөгөөд Сумъяарагчаа нь тус хоршооны даргаар бүртгэгдсэн хүн байдаг.

Увс аймгийн Ховд сумын Засаг дарга У.Т нь “Цаст сүрлэг гурван хороо“ хоршоонд сум хөгжүүлэх сангийн 15.000.000 төгрөгийн зээлийг олгодог. Энэ зээлийг хариуцан төлөх үүргийг “Цаст сүрлэг гурван хороо” хоршоо хүлээх бөгөөд хоршоо нь хуулийн этгээдийн хувьд бусдын өмнө өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээдэг хуулийн этгээд юм.

“Цаст сүрлэг гурван хороо” хоршоо Увс аймгийн Ховд сумын Сум хөгжүүлэх сангаас 15.000.000 төгрөгийн зээл авахад Сумъяарагчаа нь хоршооны даргын хувьд гарын үсэг зурснаас биш тухайн зээлийг дангаараа хариуцах этгээд биш бөгөөд уг зээлийг “Цаст сүрлэг гурван хороо” хоршоо хариуцах ёстой. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно гэж заасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 308 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Хоршооны тухай хуульд зааснаар “Цаст сүрлэг гурван хороо” хоршоо нь гишүүнчлэл бүхий хуулийн этгээд гэдэг дээр маргах зүйл байхгүй. Харин энэ хоршооны хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцах эрх бүхий этгээд мөн эсэх дээр л прокурорын эсэргүүцэл бичигдсэн. Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээд гэдэгт “Цаст сүрлэг гурван хороо” хоршоо хамаарахгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нь “Цаст сүрлэг гурван хороо” хоршоо нь сум хөгжүүлэх сангаас 15.000.000 төгрөгийн зээлийг холбогдох бичиг баримтыг бүрдүүлээд эрх бүхий албан тушаалтнуудын зөвшөөрлөөр энэ зээлийг авсан гэж прокурор үзээд байна. Гэтэл үнэхээр энэ зээлийг “Цаст сүрлэг гурван хороо” хоршоо хуулийн дагуу авсан юм бол яагаад У.Т Э.Э нарыг яллагдагчаар татсан юм бэ” гэдэг асуудал яриад байна.

“Цаст сүрлэг гурван хороо” хоршоо нь хууль, журамд заасан баримт материалыг бүрдүүлж тус зээлийг авсан боловч Ховд сумын Засаг дарга У.Т болон  жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Э.Э нараас сум хөгжүүлэх сангийн зээл олгох тухай Засгийн газрын тогтоолын холбогдох заалтуудыг зөрчиж, зөвлөл хуралдуулахгүйгээр зээл олгох шийдвэр гаргасан нь гэмт хэргийн шинжтэй байна. Иймд прокурорын эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 308 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх яллагдагч У.Т, Э.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос яллагдагч У.Тийг Увс аймгийн Ховд сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 15 сая төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр “Цаст сүрлэг гурван хороо” хоршооны нэхий боловсруулах төсөлд шууд олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

яллагдагч Э.Эыг Увс аймгийн Ховд сумын Засаг даргын тамгын газарт хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн, сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн гишүүнээр ажиллахдаа тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Ү.Т-ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 15 сая төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр “Цаст сүрлэг гурван хороо” хоршоонд шууд олгож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх У.Т, Э.Э нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийг буруу тогтоосон тул “Цаст сүрлэг гурван хороо” хоршоог иргэний хариуцагчаар татах шаардлагатай байх ба уг эрхийг хууль тогтоогч шүүхэд олгосон боловч хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох эрхийг хуулиар олгоогүй тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хийлгэх шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болох бөгөөд анхан шатны шүүхээс энэ хэрэгт “Цаст сүрлэг гурван хороо” хоршоог иргэний хариуцагчаар татах шаардлагатай гэж үзсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор “Цаст сүрлэг гурван хороо” хоршооны дарга гэх Б.Сумъяарагчааг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн гэх үндэслэл зааж, иргэний хариуцагчаар татсан нь буруу байх боловч “Цаст сүрлэг гурван хороо” хоршоог иргэний хариуцагчаар татах нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт зайлшгүй хийгдэх ажиллагаа биш гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээд гэдэгт гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцоогүй боловч гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг хуульд заасан үндэслэлээр хариуцан арилгах үүрэг бүхий этгээдийг ойлгох бөгөөд  “Цаст сүрлэг гурван хороо” хоршоо нь хуульд заасан ямар үндэслэлээр энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг шууд хариуцах талаар шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байна.

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох бөгөөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор /хохирол, хор уршиг/ учруулсан гэм буруутай этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байхаар хуульчилсан.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэхдээ гэм хор учруулснаас үүсэх үүргийг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлах бөгөөд хууль тогтоогч цөөн тохиолдолд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хуульд зааснаар хариуцах этгээдийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэг /гэм хор учруулснаас үүсэх үүрэг/-т тодорхойлж зааснаас үзэхэд “Цаст сүрлэг гурван хороо” хоршоо нь яллагдагч У.Т, Э.Э нарт холбогдох гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор шууд хариуцвал зохих хуулийн этгээд биш байна. Энэ талаар  бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шүүгчийн захирамжид дурдсан дээрхи ажиллагааг мөрдөн байцаалтаар заавал хийлгэх шаардлагагүй, энэ ажиллагааг хийгээгүй нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.    

Анхан шатны шүүх У.Т, Э.Э нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоон, яллагдагч нарын гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх боломжтой байна.

Иймд анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 308 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч У.Т, Э.Э нарт холбогдох, 2135000880107 дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч У.Т, Э.Э нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           Н.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН

 

         ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                        Д.ЖАМБАЛСҮРЭН