Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/57

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч Б.Батчимэг,

хохирогч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Сарт уул овогт Г-ын Ут холбогдох 1717000000003 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Сарт уул овогт Г-ын У /РД:ЕЙ92071216/ Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1992 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар баг, Рэгцэгийн 1-13 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг гэх

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Г.У нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг, Холбоогийн бүрд гэх газраас иргэн Д.У-ын 3 тооны бог малыг хулгайлж 270000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Г.У нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны шөнө Д.У-ын 3 тооны бог малыг /1 хонь, 2 ямаа/ шунахайн сэдэлтээр хулгайлж 270 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Г.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Намайг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нэг танихгүй өндөр шар залуу Дундговь аймгийн Баянжаргалан сумруу хүргээд өгөөч, бензин хийж өгье гэхээр нь би өөрийнхөө 06-63 ГСЗ улсын дугаартай Fecon маркийн мотоцикльтой хүргэж өгсөн. Тэгээд буцаж явахдаа төмөр замын баруун талд хөдөө эзэнгүй хонь, ямаа бэлчиж байхаар нь тэр дундаас нь би ганцаараа 2 ямаа, 1 хонийг махлаад гэдэс сэвсийг нь тэнд нь дэрстэй газар гаргаж, малыг нь мотоциклийн ард дүүрээд Чойр луу оруулж ирсэн. Алтанчимэг гэдэг хүнд ямааны махаа 1 килограммыг нь 3000 төгрөгөөр бодож өгсөн. Тэр хүнээс би 164000 төгрөг бэлнээр авсан. Харин хонины махаа 1 килограммыг нь 4000 төгрөгөөр бодоод танихгүй хүнд зарсан. Би мөнгөө ойр зуурын хэрэглээнд зарцуулаад дууссан. Уг мотоциклийг би 2017 оны 03 дугаар сард Дэлгэрсайхан гэдэг хүнээс 800000 төгрөгөөр худалдаж авсан. Гэрчилгээг нь гээгдүүлсэн бөгөөд нэрийг нь солиулаагүй. Дэлгэрсайхан гэдэг хүний нэр дээр байгаа” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 46-47 хуудас/,

 

1.2 Хохирогч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өглөө 6-7 цагийн үед малаа байхгүй байна гэдгийг мэдсэн. Манайх малаа хариулдаг. Тухайн өдөр малаа усалж гаргаад орой нилээн хол байхаар нь тууж ирээгүй. Маргааш өглөө нь эрт хонин дээрээ очоод малаа байхгүй байна гэдгийг мэдээд мөрдөж яваад сэвсэн дээр нь очсон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн гэв.

 

1.3. Гэрч А.Р мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 27-ны өглөө манай саахалт айлын баз хүргэн У гэрт ирээд манай малд хулгай орсон юм шиг байна. Хоёулаа яваад ирье гэсэн. Тэгээд У бид хоёр мотоцикльтой “Тогоотын хонхор” гэх газраар явахад дэрсэн дунд 3 бага малын гэдэс, гүзээ гаргачихсан байсан. Тэр орчим нь мотоцикль автомашины мөр бол харагдаагүй. Мөн хүний гутлын мөр сайн мэдэгдэхгүй байсан. У өөрийнхөө хар улаан зүсмийн эр ямаа алга байна гэсэн. Гэдэс байсан гэх газраас хойш мотоциклийн мөр байсан бөгөөд тэр орчим нь хонины туг хялгас байсан учир У-ын бага малаас 2 ямаа, 1 хонь алдагдсан гэж таамагласан. У-тай цуг цагдаад очиж энэ талаар хэлсэн. Тогоотын хонхор гэх газрын орчим айл байхгүй. У-ын гэр нь уг хонхороос 4 орчим километрт байдаг бөгөөд мал нь баруун урдуур бэлчдэг” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 17-19 хуудас/,

 

1.4. Гэрч Н.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 27-ны өглөө 09 цаг өнгөрч байхад нэг үл таних залуу орж ирээд хонь, ямааны мах авах уу гэж надаас асуусан. Би 1 килограммыг нь 3000 төгрөгөөр бодож нийт 2 ямааны мах 56 килограмм болоод 160 гаруй мянган төгрөг болсон. Надаас авчих гээд гуйгаад байхаар нь авсан. Анх удаа л тэр залуугаас мах авч байна. Хар царайтай туранхай залуу байсан. 25-30 настай болов уу гэмээр харагдсан. Би тухайн үедээ буюу 2017 оны 07 дугаар сарын 27-ны өглөө 2 ямааны мах худалдаж авахдаа нэрийг нь мэдэхгүй байсан юм. Тэгээд би эргээд ямар хүнээс мах авчихавдаа гээд сураг тавьсан чинь тэр залууг У гэж дууддаг, Улсбаяр гэдэг хүн гэдгийг нь олж мэдсэн. Энэ хүнийг танайд хулгайн хэргээр шалгагдаж байгаа гэж сонссон. Ямааны 2 ширхэг гулууз махыг таксигаар авч ирсэн байх” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-23 хуудас/,

 

1.5. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт /х.х-ийн 27, 59 хуудас/,

 

1.6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 4-7 хуудас/

 

1.7. Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /х.х-ийн 10-11 хуудас/

 

1.8. Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 50-52 хуудас/

 

1.9. Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Г.У-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2. Шүүгдэгч Г.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

2.1. Гэрч О.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 06-63 ГСЗ улсын дугаартай мотоциклийг 2014 онд 1450000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Сүүлд 2017 оны 03 сард Г.Улсбаярт 800000 төгрөгөөр зарсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь одоо болтол Г.У-ын нэр дээр шилжээгүй. Уг мотоцикль одоо Г.У-ын өмч” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 24-25 хуудас/,

 

2.2. Гэрч Д.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Г.У нь өөрийн гэсэн тогтсон гэр орон байхгүй бөгөөд айлын мал харж, хар бор ажил хийж амьдрал ахуйгаа залгуулдаг. Ажлын тал дээр сайн бөгөөд сургуульд сурч байгаагүй. Зан байдлын хувьд сайн мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 42-43 хуудас/

 

2.3. Гэрч Г.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Г.У нь манай төрсөн дүү байгаа юм. Доороо 4 дүүтэй. Г.Улсбаяр нь өөрийн гэсэн гэр орон байхгүй. Хөдөө айлаар мал маллаж янз бүрийн ажил хийж амьдрал ахуйгаа залгуулдаг юм. Г.У-ын хувьд хар бор ажилд сайн. Ааш зангийн хувьд жаахан хөөрүү зантай. Бид нарын үгэнд бол орно. Манай аав Гончигбал, ээж нар дээр эрх дураараа өссөн. Улсбаяр сургуульд сурч байгаагүй. Цэрэгт явж байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 44-45 хуудас/

 

2.4. Хохирогч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохиролд 100 000 төгрөг, ишигтэй ямаа авсан. Хорооны хагас хөрзөнг ховхолж өгсөн. Хохирлыг барагдуулсан гэж үзэж байна гэв.

 

2.5. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 67 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.У нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Иймд шүүгдэгч Г.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Г.У нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч Г.У-ын өмчлөлийн “LDAPAK10XEOD14993” арлын дугаартай FEKON маркийн 06-63 улсын дугаартай мотоциклийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.У-т буцаан олгож, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сарт уул овогт Г-ын У-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-ыг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-т оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч Г.Улсбаярын өмчлөлийн “LDAPAK10XEOD14993” арлын дугаартай FEKON маркийн 06-63 улсын дугаартай мотоциклийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.У-т буцаан олгож, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТТУЛГА