| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2023/00498/И |
| Дугаар | 151/ШШ2023/01027 |
| Огноо | 2023-12-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 151/ШШ2023/01027
2023 12 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: М,
Нэхэмжлэлийн шаардлага: 63,278,166 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлд 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.
1.1.Нэхэмжлэгч “ Б “ХХК нь хариуцагч М ад холбогдуулан 63,278,166 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“Манай компани нь 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдөр фермийн аж ахуй эрхлэх зорилгоор нэг гишүүнтэйгээр анх үүсгэн байгуулагдсан бөгөөд газар тариалан эрхлэх туслах үйл ажиллагааг давхар эрхэлдэг бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл газар тариалангийн үйл ажиллагаа тасралтгүй эрхэлсээр байна.
Манай компани нь 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр М ХХК-тай 04 тоот Хөдөө аж ахуйн зориулалттай трактор худалдах худалдан авах гэрээ"-г байгуулан "Беларусь-82.1 маркын дугуйт тракторыг 44,153,000 төгрөгөөр худалдан авахаар болсон байсан бөгөөд тухайн үед Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр баг, Өгөөмөр, фермийн 1 дүгээр гудамжны 49 тоот хаягт оршин суух иргэн М нь хамтран ажиллах санал тавьж, трактороо түр хугацаагаар ашиглуулаач гэж хүссэн.
Тракторын төлбөрийг “ Б “ ХХК-ийн захирал Г нь 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр бүрэн төлж, банкны зээлээр худалдан авсан байсан бөгөөд М нь 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдөр манай компанийн эзэмшлийн тракторыг түр хугацаагаар ашиглахаар М ХХК-аас гарын үсэг зуран хүлээн авч яваад өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй байгаа болно. Өөрөөр хэлбэл манай компани нь 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Голомт банкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийг дэмжих төслийн зээл авах зорилгоор ЗГ8125001288 дугаар зээлийн гэрээ байгуулж, 2,427,885,000 төгрөгийг 7 жилийн хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэй авсан бөгөөд үүнээс уг тракторын төлбөрийг төлж, улмаар 44,153,000 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрт өнөөдрийг хүртэл 19,125,166 төгрөг төлж хохирч байна.
Беларусь улсад үйлдвэрлэгдсэн "Беларусь-82.1" маркын 1 дугуйт трактор нь манай компанийн хууль ёсны өмч бөгөөд бидний зүгээс Маас трактор авчирч өгөхийг удаа дараа шаардсан боловч өгөөгүй тул 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн цагдаагийн хэлтэст хандан өргөдөл гаргаж байсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгөөгүй, мөн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр сум дундын 23 дугаар шүүхэд хандсан боловч шүүхийн харьяалал зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж аваагүй болно.
Монгол улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар буруутай этгээдээр өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, хохирлоо гаргуулах хүсэлттэй байна. Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй.
Гэтэл хариуцагч М нь “Беларусь-82.1" тракторыг буцаан авах гэхээр өгөхгүй, улмаар уг тракторыг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Трактор худалдах, худалдан авах гэрээний дагуу бусдад худалдаж үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, мөн хуулийн 493.6-д тус тус зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хариуцагч М аас хохиролд Беларусь улсад үйлдвэрлэгдсэн "Беларусь-82.1" маркын тракторыг худалдан авах үеийн үнэ болох 44,153,000 төгрөг болон зээлийн хүүд төлсөн 19,125,166 төгрөг, нийт 63,278,166 төгрөгийг гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ. (хх-1-3)
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Б “ХХК нь 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн фермерийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Үүний дагуу 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “МБ инжинеринг” ХХК-аас “Беларусь 82.1” маркын тракторыг 44,153,000 төгрөгөөр худалдан авсан. Энэ үнийг “ Б “ХХК-ийн захирал Г өөрийн данснаас шилжүүлсэн. Дараа нь компанийн нэр дээр зээл авч, өөрөөр хэлбэл үнийг “ Б “ХХК нь үнийг төлсөн. Энэ тракторыг худалдан авах хугацаанд хариуцагч гэх М нь Борнуур суманд амьдардаг тул хамт үйл ажиллагааг эрхлэх санал гаргаж, тракторыг хамт ашиглая гэдэг байдлаар М ХХК-аас авч, хөдөлгөөнд оролцуулан авч явсан байдаг. Энэ хугацаанд тракторын үнэ 44 сая төгрөгийг төлөхгүй буюу хууль бусаар эзэмшил ашиглалтаа байлгасаар байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардлага тавьж, холбогдох эрх бүхий байгууллагад хандсан байдаг. Тракторыг хууль бусаар авсан үйлдэлд нь холбогдуулан Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан ба мөн 2015 онд энэ асуудлаар шүүхэд хандсан байгаа.
“ Б “ХХК нь бүх ажилтантайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Үүний дагуу ажилтан болгоныг нийгмийн даатгалд хамруулан, шимтгэлийг төлсөн. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Гэтэл хариуцагч нь “ Б “ХХК-д 2 жил ажилласан гэж байгаа ч ямар ажил хийсэн, хэдэн төгрөгийн цалинтай байсан зэргийг нотолсон ямар ч баримт байхгүй. Өөрөөр хэлбэл 2-3 сая төгрөгийн цалин авах боломжгүй, тухайн үеийн ажилтан, албан хаагч, захирлаасаа илүү цалин халс авах боломжгүй. Бараг тракторын үнийн дүнтэй дүйцэхээр 2-3 сая төгрөг гэж гарган ирж тайлбарлаж байгаа мэт харагдаж байна. Мөн тракторыг анх хэн өмчилсөн, хэн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм бэ гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад “ Б “ХХК гэрээ байгуулан тамга, тэмдгээ дарсан. Үүний дагуу төлбөр мөнгийг компанийн зүгээс төлсөн. Гэтэл хариуцагч М нь 44 сая төгрөгийг төлөлгүйгээр өөрийн өмчдөө шилжүүлэн авч, бусдад зарж борлуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна.
Тийм учраас тракторын үнэ болох 44,153,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа. Мөн дээр нь хохирол 19,125,166 төгрөгийг шаардаж байгаа. Энэ нь ямар учиртай вэ гэхээр тракторыг худалдан авахдаа “Б” ХХК нь Азийн хөгжлийн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр олгогдож буй зээлийг “Голомт банк” ХХК-аар дамжуулан авсан. Үүний дагуу “Голомт банк” ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан улмаар 3,240,000,000 төгрөгийн зээл авах байсан боловч 2,427,885,000 төгрөгийн зээл олгосон байдаг. Энэ үнийн дүн дотор тухайн тракторын худалдан авсан мөнгө хамаарч байгаа. Тухайн зээл нь 7 жилийн хугацаатай жилийн 10 хувийн хүүтэй зээл авсан ба бид тооцон үзэхэд 2,427,885,000 төгрөгөөсөө тооцож үзэхэд задаргаа нь жил бүр хүү 10 хувийн хүү төлөхөөр байгаа. Тэгэхээр тракторын үнэ болох 44,153,000 төгрөгийг 10 хувь буюу 7 жилээр тооцоход нийт 30, 276,614 төгрөг гарч байгаа. Бид багасгаад 19 сая төгрөгийг шаардаж байгаа. Иймд нийт 63,278,166 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.
2.1.Хариуцагч М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ М миний бие нь “ Б “ХХК-ийн Ганбаатар захиралтай ярилцаж тохирон 2010 онд “ Б “ХХК-д ажилд орж мал аж ахуй фермийн аж ахуй газар тариалангийн ажлыг хариуцан ажиллахаар болж гэр бүлээрээ сүүний үйлдвэрийн хашаанд бууж, тус үйлдвэрийн харуул хамгаалалт аюулгүй байдал үхрийн фермийн үйл ажиллагаа хариуцан гэр бүлийн хүн Г.Туулын хамт ажилласан. Үүний хажуугаар өөрийн 20 үхрийн сүүг энэ сүүний үйлдвэрт 2 жил тушаасан. Үүнийг фермерт болон үйлдвэрт ажиллаж байсан бүх хүн мэднэ. 2011 оны хаврын тариалангаас намрын ургац хураалт дуустал Борнуур сумын Агьт гэдэг газар 380 га-д Цагаан арвай, Улаан буудайг тарьж га-аас өндөр центр ургацыг хураан авч ажилласан. Ажиллаж байх хугацаанд хаврын тариалалтыг тракторын жолооч хүнийг өдөр шөнөөр ээлжлүүлэн өөрийн хамаатны маань Борнуур сумаас Загдсүрэн, тээврийн жолоочоор өөрийн эзэмшлийн 8080ТӨА дугаартай ачааны автомашиныг өөрийн хамаатны С.Даваадоржоор бариулж ургацыг зөөлгөж ажилласан. Хаврын 5 дугаар сарын 10-аас 9 дүгээр сарын 20-ыг хүртэл өөрийн төрсөн ах С.Баянжаргалыг талбайн харуулаар авч ажиллуулсан. Энэ бүгдийн хоол хүнс сарын цалинг би хувиасаа гаргаж байсан. Үүнийг энэ хүмүүс бүгд гэрчилнэ. Ганбаатарт би энэ бүгдийн зардлыг гаргаж өгөөрэй гэж хэлсэн боловч одоог болтол өгөөгүй явж байна. Миний хөдөлмөрийг ингэж ашиглачхаад 10 жилийн дараа шүүх цагдаад өгч байгаа нь сонин санагдаж байна. Ийм учраас би ч гэсэн гомдолтой байна” гэжээ. (хх-130)
2.2.Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тайлбар өгдөг. Нэгдүгээрт, тракторын үнийг гаргуулна гэж тайлбарлаж байна. Тэгэхээр “Беларус-82.1” маркын трактор нь М ын эзэмшил, өмчлөлд бүртгэгдсэн байдаг. Тэгэхээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөх эрх “ Б “ХХК-д үүсэхгүй. “ Б “ХХК өмчлөгч биш өмчлөгчөөр тогтоогдохгүй байна гэж харж байна. Хоёрдугаарт, М ын хувьд “ Б “ХХК-ийн захирал Г тай харилцан тохиролцсон асуудал байдаг. Өнөөдөр зүгээр л тракторыг нь аваад явчихсан мэтээр тайлбарлаж байна. Гэтэл хариуцагч нь “ Б “ХХК-ийн Борнуур салбарт 2 жил орчим ажилласан гэдэг нь өөрийнх нь мэдүүлэг болон 2 гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Тэгэхээр дээрх 2 хүний хооронд ямар харилцаа байсан талаар нэхэмжлэгч тал хариулт өгөхгүй байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна гэж үзэж байна. М , Г нарын хооронд ямар харилцаа байсан юм бэ? яагаад трактороо өгөөд явуулсан юм бэ? эсхүл худалдан авсан трактороо яагаад өөрсдийн өмчлөлд шилжүүлээгүй юм бэ? Өмчлөлдөө шилжүүлчихээд, шилжүүлсэн өмчлөлөө хэрэглүүлсэн бол энэ ондоо асуудал. Миний үйлчлүүлэгчийн хувьд “ Б “ХХК-д ажилласан хугацааныхаа хөлсөнд авсан, М ХХК-аас худалдан авах гэрээ хийхэд хамт очсон, би худалдан авагч тал дээр гарын үсэг зурсан” гэж тайлбарладаг. М ын хувьд Г тай харилцан тохиролцсон гэдгээ МБ инжинеринг ХХК-тай трактор худалдах, худалдан авах гэрээн дээр гарын үсэг зурсан байдлаар нотлогдож байна гэж үзэж байгаа. Энэ нь ч нотлох баримтаар тогтоогддог ба гэрээнд “ Б “ХХК-д ажилтан М гэж гарын үсэг зурсан байдаг. Тэгэхээр бодит нөхцөл байдлыг харахаар Н.Ганбаатар, М нарын хооронд ямар харилцаа байсан бэ гэдэг асуудал үүсдэг. Тракторыг нэхэмжлэх эрх “ Б “ХХК-д байхгүй л гэж үзэж байгаа. Мөнгийг төлсөн агуулгаа өөрсдөө тодорхойлж чадахгүй байна. М “ Б “ХХК-д 2 жил ажилласан. “Б “ ХХК нь М ад нэг ч төгрөгийн цалин өгч байгаагүй, сүүгээ тушаадаг байсан, нэг ч удаа сүүний мөнгө өгч байгаагүй.
Хэрэгт авагдсан баримтуудаар М нь тухайн фермийн газарт гэр бүлээрээ амьдарч байсан нь нотлогдож байна. Өөрсдөө ч бас гэр ч барьж амьдарсан талаар хэлж байна. Тэгэхээр Г ыг энэ хэрэгт огт ач холбогдолгүй хүн гэж үзэхгүй байгаа. Трактор худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зуруулаад, трактороо өгч явуулаад, өөрийн ажлын байрандаа ажиллуулаад явсан нь харагдаж байна. Энэ хоёрын хооронд хэлцэл байсан. М ын хэлснээр том зээл авна гэсэн нь ч үнэн болсон. Том зээлээ ч авсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Энийгээ хэрэгжүүлээгүй нь хариуцагчийн асуудал биш, зээл авч зориулалтын дагуу ашиглах нь “ Б “ХХК-ийн асуудал байсан
Энэ мөнгөндөө тракторыг өгсөн гэж тайлбарладаг. Нэхэмжлэлд түр өгсөн, буцааж өгөхгүй байна гэж бичсэн. Тэгвэл яагаад М худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан юм бэ? Хоёрдугаарт, Цагдаагийн байгууллагад хандсан, удаа дараа шаардсан гэдэг, сая ч бас тайлбартаа хэлж байна. М ын хувьд удаа дараа шаардсан зүйл байхгүй, “ Б “ХХК Г тай уулзаагүй л гэж хэлдэг. Цагдаагаас М ыг нэг ч удаа дуудаагүй, тийм учраас хэрэгт энэ талаар нэг ч нотлох баримт байхгүй. Зөвхөн нэг хүсэлт, гомдол өгсөн төдий баримт л хэрэгт байна. Цагдаагийн байгууллага нь өргөдөл гомдлыг нь хэрхэн шалгасан юм, хэрхэн шийдвэрлэсэн юм гэдэг нь байдаггүй. Иймд Цагдаагийн байгууллагад хандсан гэдэг нь нотлогдон тогтоогдохгүй байна.
Тэгэхээр М харилцан тохиролцсоныхоо үндсэн дээр ажлаа хийсэн, ажлынхаа хөлсөнд трактороо авсан нь нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн хувьд үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байхгүй, өөрийн хөдөлмөрийн үр шимээрээ тракторыг олж авсан.
Үйл баримтын тухайд 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр трактор худалдан авах гэрээ хийгддэг ба 5 хоногийн дараа тракторыг аваад явсан гэдэг. Өнөөдрийн байдлаар бараг 12 жил болох гэж байна. Нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацааг 10 жил гэж тайлбарладаг, хэлдэг. Гэтэл иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж заасан. Харин мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан байна. Улсын Дээд шүүхийн тайлбарт зааснаар бүх төрлийн гэрээ үүнд орно.
Нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацааг 10 жил байна гэж байгаа боловч хөөн хэлэлцэх хугацааг 2020 оноос эсхүл 2015 оноос эхлэн тоолно гэдэг. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-д “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж заасан байна. Тэгэхээр энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй. Цагдаад өгсөн бичиг нь хариугаа ч аваагүй, яасан нь тодорхойгүй. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна, энэ хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. 3 жилийн хугацаанд ч нэхээгүй. Очиж байсан, уулзаж байсан гэж хэлж байгаа ч тэрийгээ нотолж чаддаггүй. 10 жил гэж үзэж үндэслэл байхгүй. 2 дугаарт 2015 онд тасалдсан гэдэг нь бас үндэслэлгүй байна. Тэгэхээр Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөх явдал нь эрх зүйн харилцааг зогсоож” буй биш харин энэ харилцаанаас үүссэн шаардлагыг албадан хангуулах эрхийг хязгаарлаж байгаа юм.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхийг хэрэгжүүлэгч этгээд нь зөвхөн өмчлөгч байна. Энэ шаардах эрхийг өмчлөгчөөс өөр этгээд хэрэгжүүлэх боломжгүй байна. Шударга эзэмшигч нь эд юмсыг буцаан өгөх үүрэг хүлээхгүй гэсэн тайлбар байдаг. Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тракторын анхны өмчлөгч бол М юм. Тэгэхээр “ Б “ХХК бол шаардах эрхгүй. М буцаан өгөх үүрэггүй гэж үзэж байна. Иймд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл (хх-1-3), улсын тэмдэгтийн хураамжийн баримт (хх-4-5), итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-6-12), тракторын үнэ гэх төлбөрийн баримт (хх-13), хөдөө аж ахуйн зориулалттай трактор худалдах худалдан авах тухай гэрээ (хх-15-16), өргөдөл, “Голомт банк” ХХК-ийн тодорхойлолт (хх-18), сум дундын 23 дугаар шүүхэд хандсан нэхэмжлэл, итгэмжлэл (хх-19, 41), “Голомт банк” ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, ипотекийн гэрээ №БГ8125001288 (хх-42-47, 20-22), депозит дансны хуулга (хх-23-24), “Голомт банк” дахь дансны хуулга (хх-25-39), М ХХК-д 2022 онд явуулсан албан бичиг (хх-40), Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан бичиг (хх-48), М ыг ажиллаж байгаагүй тухай тодорхойлолт (хх-49), М ХХК-д тракторын үнийг төлсөн тухай тодорхойлолт (хх-50) зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
4.Хариуцагч М хариу тайлбар (хх-130) гаргаж өгсөн.
5.Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын архиваас өмнө нь тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаасан хэрэгт авагдсан 82.1 маркын 6740 дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, улсын бүртгэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой баримтууд (хх-80-84), 2015 онд улсын тэмдэгтийн хураамж буцаан олгосонтой холбогох Төв аймгийн Татварын хэлтсийн болон Төв аймгийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн баримтууд (хх-85-87, 89-93), М ХХК-аас 2022 онд ирүүлсэн хариу бичиг (хх-88), М ХХК-ийн захирал М.Тэмүүжинг гэрчээр асуусан тэмдэглэл, шүүхэд ирүүлсэн тайлбар (хх-94-97), М ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбар, тракторын төлбөр төлөлттэй холбогдох баримтууд (хх-98-104), “Трактор худалдах, худалдан авах гэрээ /2021 он/, автотээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, М ХХК-ийн албан бичиг (хх-105-107)-ийг хэрэгт хавсаргав.
6.Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс “ Б “ХХК-ийн 2010-2012 оны ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг гаргуулж (хх-137-139, 150-153), гэрчээр О , Б нарыг асууж, тэмдэглэлээр бэхжүүлж, хэрэгт хавсаргав. (хх-165-172, 196-197)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “ Б “ХХК-ийн 43,252,300 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 20,025,866 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч “ Б “ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр М ХХК-тай 04 тоот Хөдөө аж ахуйн зориулалттай трактор худалдах худалдан авах гэрээ"-г байгуулан Беларусь-82.1 маркын дугуйт тракторыг 44,153,000 төгрөгөөр худалдан авахаар болсон бөгөөд тухайн үед Төв аймгийн Борнуур сумын иргэн М нь хамтран ажиллах санал тавьж, трактороо түр хугацаагаар ашиглуулаач гэж хүссэн. Тракторын төлбөрийг “ Б “ХХК-ийн захирал Г нь 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр бүрэн төлж, банкны зээлээр худалдан авсан. М нь 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдөр манай компанийн эзэмшлийн тракторыг түр хугацаагаар ашиглахаар М ХХК-аас гарын үсэг зурж, хүлээн авч яваад өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй байгаа болно. Манай компани нь 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Голомт банкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийг дэмжих төслийн ЗГ8125001288 дугаар зээлийн гэрээ байгуулж, 2,427,885,000 төгрөгийг 7 жилийн хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэй авсан. Үүнээс уг тракторын төлбөрийг төлж, улмаар 44,153,000 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрт өнөөдрийг хүртэл 19,125,166 төгрөг төлж хохирч байна. Хариуцагч М нь 44,153,000 төгрөгийн үнэ бүхий Беларусь-82.1 маркын тракторыг өөрийн эзэмшилд авч, улмаар өмчлөлд бүртгүүлэн гуравдагч этгээдэд борлуулж төлбөр мөнгийг хувьдаа авсан. Иймд тракторын үнэ 44,153,000 төгрөг, хохиролд 19,125,166 төгрөг, нийт 63,278,166 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. (хх-1-3)
3.Хариуцагч М нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: “Миний бие нь “ Б “ ХХК-ийн Г захиралтай ярилцаж тохирон 2010 онд “ Б “ХХК-д ажилд орж, мал аж ахуй фермийн аж ахуй газар тариалангийн ажлыг хариуцан ажиллахаар болж гэр бүлээрээ сүүний үйлдвэрийн хашаанд бууж, тус үйлдвэрийн харуул хамгаалалт, аюулгүй байдал үхрийн фермийн үйл ажиллагаа хариуцан гэр бүлийн хүн Г.Туулын хамт ажилласан. Үүний хажуугаар өөрийн 20 үхрийн сүүг энэ сүүний үйлдвэрт 2 жил тушаасан. Үүнийг фермерт болон үйлдвэрт ажиллаж байсан бүх хүн мэднэ. 2011 оны хаврын тариалангаас намрын ургац хураалт дуустал Борнуур сумын Агьт гэдэг газар 380га-д Цагаан арвай, Улаан буудайг тарьж га-аас өндөр центр ургацыг хураан авч ажилласан. Ажиллаж байх хугацаанд хаврын тариалалтыг тракторын жолооч хүнийг өдөр шөнөөр ээлжлүүлэн өөрийн хамаатны маань Борнуур сумаас Загдсүрэн, тээврийн жолоочоор өөрийн эзэмшлийн 8080ТӨА дугаартай ачааны автомашиныг өөрийн хамаатны Д оор бариулж ургацыг зөөлгөж ажилласан. Хаврын 5 дугаар сарын 10-аас 9 дүгээр сарын 20-ыг хүртэл өөрийн төрсөн ах С.Б ыг талбайн харуулаар авч ажиллуулсан. Энэ бүгдийн хоол хүнс, сарын цалинг би хувиасаа гаргаж байсан. Үүнийг энэ хүмүүс бүгд гэрчилнэ. Ганбаатарт би энэ бүгдийн зардлыг гаргаж өгөөрэй гэж хэлсэн боловч одоог болтол өгөөгүй явж байна. Миний хөдөлмөрийг ингэж ашиглачихаад 10 жилийн дараа шүүх цагдаад өгч байгаа нь сонин санагдаж байна. Ийм учраас би ч гэсэн гомдолтой байна” гэжээ. (хх-130)
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл (хх-1-3), тракторын үнэ гэх төлбөрийн баримт (хх-13), Хөдөө аж ахуйн зориулалттай трактор худалдах худалдан авах тухай гэрээ (хх-15-16), өргөдөл, “Голомт банк” ХХК-ийн тодорхойлолт (хх-18), Сум дундын 23 дугаар шүүхэд хандсан нэхэмжлэл, итгэмжлэл (хх-19, 41), “Голомт банк” ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, ипотекийн гэрээ №БГ8125001288 (хх-42-47, 20-22), депозит дансны хуулга (хх-23-24), “Голомт банк” дахь дансны хуулга (хх-25-39), М ХХК-д 2022 онд явуулсан албан бичиг (хх-40), Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан бичиг (хх-48), М ыг ажиллаж байгаагүй тухай тодорхойлолт (хх-49), М ХХК-д тракторын үнийг төлсөн тухай тодорхойлолт (хх-50), хариуцагч М ын хариу тайлбар (хх-130), Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын архиваас өмнө нь тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаасан хэрэгт авагдсан хэргээс гаргуулсан 82.1 маркын 6740 дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, улсын бүртгэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой баримтууд (хх-80-84), 2015 онд улсын тэмдэгтийн хураамж буцаан олгосонтой холбогдох Төв аймгийн Татварын хэлтсийн болон Төв аймгийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн баримтууд (хх-85-87, 89-93), М ХХК-аас 2022 онд ирүүлсэн хариу бичиг (хх-88), М ХХК-ийн захирал М.Тэмүүжинг гэрчээр асуусан тэмдэглэл, шүүхэд ирүүлсэн тайлбар (хх-94-97), М ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбар, тракторын төлбөр төлөлттэй холбогдох баримтууд (хх-98-104), “Трактор худалдах, худалдан авах гэрээ /2021 он/, автотээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, М ХХК-ийн албан бичиг (хх-105-107), Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс “ Б “ХХК-ийн 2010-2012 оны ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг гаргуулж (хх-137-139, 150-153), гэрчээр О , Б нарыг асуусан тэмдэглэл (хх-165-172, 196-197) зэрэг бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2., 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө.
6.1.Нэхэмжлэгч “ Б “ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч нь Г болох нь компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх тул шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Г гэж үзнэ. (хх-10-12)
6.2.Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч “ Б “ХХК нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 23/01 дугаартай итгэмжлэлээр О.Баяржаргалд тус компанийн нэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг 3 жилийн хугацаагаар олгосон. (хх-6)
6.3.Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар хариуцагч М нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэлээр М д олгосон боловч,ямар эрхийг шилжүүлж буй нь тодорхойгүй тул 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дахин шинэчилж шүүхэд ирүүлсэн байна. (хх-117)
7.Нэхэмжлэгч “ Б “ХХК нь М ХХК-д худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн тракторын үнэ 44,153,000 төгрөг, “Голомт банк” ХХК-д хүүд төлж хохирсон 19,125,166 төгрөг, нийт 63,278,166 төгрөгийг гаргуулахаар хариуцагч М аас шаардаж, шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч “ Б “ХХК-аас М ыг хамтран ажиллахаар тохиролцсон нь үнэн боловч тракторыг хөлсөнд өгнө гэж тохироогүй, манай байгууллагад ажил үүрэг гүйцэтгээгүйгээр манай өмчлөлийн буюу төлбөрийг төлсөн тракторыг өөрийн эзэмшилд авч, улмаар зарж борлуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, тракторын төлбөрийг зээлийн эх үүсвэрээр төлсөн учир зээлийн гэрээгээр төлж буй хүүгийн төлбөрөөс ногдох хэсгийг төлөх үүрэг үүссэн” гэж,
Харин хариуцагч М нь хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлж, хөлсөнд авахаар тохиролцсоны дагуу тракторыг өөрийн эзэмшилд авсан, 2 жил ажиллаж, 300 га гаруй талбайд тариалалт, хураалт хийж үүргээ биелүүлсэн, ажлын хөлсөндөө тракторыг авсан учраас буцаан төлөхгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шаардах эрхээ алдсан гэж эс зөвшөөрч маргаж байна.
8. Тракторын үнийг гаргуулах шаардлагын тухайд:
8.1.” Б “ХХК, М ХХК нарын хооронд 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан “Хөдөө аж ахуйн зориулалттай трактор худалдах, худалдан авах тухай гэрээ” /№4/-ний дагуу 44,135,000 төгрөгийн төлбөрийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Г аас М ХХК данс руу шилжүүлж, тракторыг хариуцагч М эзэмшилдээ авсан болох нь хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан гэрээ, төлбөр төлсөн баримт, М ХХК-ийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2/163 дугаартай “Беларусь улсад үйлдвэрлэсэн Беларусь-82.1 маркын тракторыг “ Б “ХХК нь манай компаниас 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 43,252,300 төгрөгөөр худалдан авсан” гэх тодорхойлолт, шүүх хуралдаанд гаргасан зохигч талуудын тайлбараар нотлогдож байна. (хх-13, 15-16, 50)
Иймд “ Б “ХХК, М ХХК нарын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын дээрх хэлцэл нь худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн гэж дүгнэлээ.
8.2.Харин худалдагч тал Беларусь-82.1 маркын тракторыг шилжүүлж өгөх үедээ түүний дагалдах бичиг баримтыг шилжүүлж өгөөгүй байжээ.
Хариуцагч М нь Беларусь-82.1 маркын тракторыг гэрээнд гарын үсэг зурсан учраас худалдагч талаас хүлээн авч эзэмшсэн, 10 жил өөрийн мэдэлд байлгаж, ашиглаж 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр М ХХК-аас тракторын гаалийн болон бусад бичиг баримтыг гаргуулан авч, улсын бүртгэлд өөрийн эзэмшилд бүртгүүлсэн нь нотлогдож байна. (хх-104, 106-107)
8.3.Хариуцагч М нь 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр “Трактор худалдах, худалдан авах гэрээ”-ээр тракторыг 25,000,000 төгрөгөөр Б д худалдсан байна. Улмаар тухайн тракторын эзэмшил нь Б д шилжсэн байна. (хх-105, 82)
Хариуцагч М нь Беларусь-82.1 маркын тракторыг шинээр нь өөрийн эзэмшилд авч, газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлсэн, 2021 онд 25,000,000 төгрөгөөр зарж борлуулж төлбөрийг өөртөө авсан болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ талаар маргаагүй.
9.Харин тухайн тракторыг Г тай хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хоёр жил ажилласны хөлсөнд авсан, анхнаасаа миний эзэмшил, хууль ёсны өмчлөлийн зүйл учраас захиран зарцуулсан гэж шүүхэд маргаж байна.
М нь тракторын үнийг “ Б “ХХК төлж барагдуулсанд маргаагүй боловч худалдан авсан тракторыг “ Б “ХХК-ийн захирал Г тай харилцан тохиролцож, “ Б “ХХК-ийн Борнуур салбарыг хариуцан хамтран ажиллахаар тохиролцож 2 жил ажилласан ажлын хөлсөнд авсан гэж тайлбарладаг.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, 476.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж заасан. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хууль тогтоогч тавиагүй хэдий ч хамтран ажиллах гэрээнд тавигдах тодорхой шаардлагууд буюу хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх, хураамж нь дундын хөрөнгө байх, хамтын ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, аливаа хэлцэл хийхдээ зөвшөөрлийг авах зэрэг үүргийг харилцан хүлээхээр заасан ба хариуцагч М нь “ Б “ХХК, түүний захирал Г тай хамтран ажиллах гэрээ хуульд заасан журмын дагуу байгуулагдсан, гэрээ хэрэгжсэн, эсхүл гэрээнээс хэн нэг нь гарсан, гэрээ дуусгавар болсон талаар нотлох баримтууд хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагчийн татгалзлын үндэслэл нотлогдон тогтоогдохгүй байна.
10. М нь “ Б “ХХК-д нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгэлгүй /хх-48/ тухай Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22/18 дугаартай “Тодорхойлолт”-д “ М нь тус компанид үндсэн болон гэрээт ажилтнаар ажиллаж байгаагүй болохыг үүгээр тодорхойлж байна” гэсэн баримтууд хэрэгт авагджээ. /хх-48-49/
Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.6-д зааснаар ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээд нь олж буй орлогоос хуульд заасан журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг төлөх үүрэгтэй бөгөөд М нь “ Б “ХХК-д ажилласан, эсхүл ажил хөдөлмөр эрхэлж орлого олсон үндэслэлээр 2010-2012 онд нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн хувьд эсвэл сайн дураар төлөөгүй байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М ын хүсэлтээр асуугдсан гэрч О , Б нарын “ М Борнуур салбарын хашаанд гэрээ барьсан байсан, захиралтай хамтран ажиллах юм гэсэн гэж сонссон тухай гэрчилсэн боловч “Борнуур салбарын тариалалт, фермерийн үйл ажиллагаа, сүү боловсруулах үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан, тухайн үүргээ гүйцэтгэсэн, удирдах буюу тухайн компанийн Борнуур сум дахь салбарыг хариуцан ажиллаж байсан талаар” гэрчийн мэдүүлгээр нотлогдоогүй байна.
Иймд хариуцагч М , “ Б “ХХК-ийн захирал Г нарын хооронд хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх аливаа төрлийн гэрээ хэлцэл байгуулагдсан, түүний дагуу мөнгөн төлбөрийн хариу үүрэг үүссэн болохыг, М ХХК-тай байгуулсан гэрээнд “ Б “ХХК-ийг төлөөлж М гарын үсэг зурснаар түүнийг “ Б “ХХК-ийн орон тооны эсхүл орон тооны бус ажилтан гэж дүгнэх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.
Талуудын хооронд хийгдсэн хэлцэл, тракторыг шилжүүлэхийг зөвшөөрсөн зөвшөөрөл, эрхийн бичиг, аливаа баримтгүйгээр “ Б “ХХК-ийн худалдан авсан гэрээний зүйл буюу тракторыг 2012 онд “ Б “ХХК-ийг төлөөлж хэлцэлд гарын үсэг зурсан үндэслэлээр худалдагч талаас гаалийн болон техникийн бичиг баримтыг авч ашиглан өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
“ Б “ХХК-ийн төлбөрийг төлсөн 82.1 маркын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар хэрэв тохиролцсон бол 2012 онд тракторыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тракторыг биет байдлаар эзэмшлийг шилжүүлэн авах үедээ бичиг баримтыг шилжүүлэн авах, улсын дугаар авах, улсын бүртгэлд бүртгүүлээгүй үндэслэлээ хариуцагч нотлох үүрэгтэй боловч шүүхэд энэ талаар тайлбарлаагүй, нотлохгүй байна.
Хариуцагч М , “ Б “ХХК нар хамтран ажиллаж байсан, тракторын өмчлөх эрхийг “М ад шилжүүлэн өгнө” гэж тохиролцсон гэж тайлбарлах боловч хариуцагч татгалзал, түүний үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, нотлох үүргээ бүрэн биелүүлж чадаагүй гэж үзэв.
11.Өмчлөгч өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс хэзээ ч шаардах эрхтэй бөгөөд өмчлөлийн зүйл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлээр бусдын хууль бус эзэмшилд шилжсэн бол буцаан шаардах эрхтэй.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэхэд үндсэн 3 нөхцөл бүрдсэн байх шаардлагатай:
1.Эд хөрөнгө олдсон, эсхүл хадгалагдсан байх. Эд хөрөнгийг олж авсан этгээдийн хувьд өөрийнх нь эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн байх, эсхүл эд хөрөнгийх нь бүрэлдэхүүнээс зайлшгүй гарах байсан хэсэг хадгалагдсан байх.
2.Эд хөрөнгийг бусдын зардлаар олж авсан, эсхүл хадгалсан байх. Хохирч буй талын эд хөрөнгө түүнээс тодорхой хэсэг нь гарснаар, эсхүл олох байсан орлого ороогүйгээр багасдаг бол эд хөрөнгийг олж буй этгээдийн эд хөрөнгө нэмэгдсэн байдаг боловч ийнхүү нэмэгдсэн хэсгийн хэмжээ нөгөө талын эд хөрөнгө багассан хэмжээтэй заавал тэнцүү байх шаардлагагүй.
3.Эд хөрөнгө олсон, хадгалсан явдал хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх. Эд хөрөнгө олж авах үед эрх зүйн үндэслэл байсан боловч хожим үгүй болсон.
Дээрх нөхцлүүдэд нэг этгээдийн эзэмшил ашиглалтанд байх ёстой хөрөнгө, бусдын эзэмшил ашиглалтад үндэслэлгүй шилжсэн, улмаар тухайн эд хөрөнгийг олж авсан этгээдэд ашиг, давуу байдал олгосон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд буцаан нэхэмжилж болно.
Иймд нэхэмжлэгч “ Б “ХХК нь 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар М аас Беларусь-82.1 маркын тракторыг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэлээ.
12.Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх эрх зүйн харилцааны онцлог нь нэг талаас энэ нь гэрээний бус харилцаанд хамаардаг атлаа гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа болдоггүй. Нөгөө талаас гэрээний бус харилцаа боловч гэрээний харилцаанаас үүдэлтэй байх боломжтой бөгөөд “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн” гэдэг нь хөрөнгийн эзэмшигч өөрийн хөрөнгийг мэдэж эсхүл андуурч, сайн дураар, нөгөө этгээдэд шилжүүлэн өгөх үүрэгтэй гэж ойлгон тухайн эд хөрөнгийг биет байдлаар нь эзэмших эрхийн хамт шаардахыг хамааруулна. Хариуцагч М аас тракторыг биет байдлаар гаргуулах боломжгүй болсон тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т “Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө” гэж зааснаар трактор гуравдагч этгээдэд хариу тайлбаргүйгээр шилжсэн тул түүнийг төлөх үүрэг хариуцагч М ад үүссэн гэж дүгнэлээ.
13.Хохирол гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч “ Б “ХХК нь дээрх хүчин төгөлдөр худалдан худалдан авах гэрээний мөнгөн төлбөрийн үүрэг буюу 44,135,000 төгрөгийг “Голомт банк” ХХК-тай байгуулж авсан зээлийн хөрөнгөөр авсан тул гэрээгээр тохиролцсоны дагуу жилийн 10 хувийн хүү, гэрээний хүчинтэй хугацаа 7 жилээр үржүүлж, нийт гарах төлбөрөөс 19,125,166 төгрөгийг хохиролд тооцон хариуцагч М аас шаардаж байна гэжээ.
13.1.Нэхэмжлэгч “ Б “ХХК-аас М ыг хамтран ажиллахаар тохиролцсон нь үнэн боловч тракторыг хөлсөнд нь өгнө гэж тохироогүй, манай байгууллагад ажил үүрэг гүйцэтгээгүйгээр манай өмчлөлийн зүйл болох буюу төлбөрийг төлсөн тракторыг өөрийн эзэмшилд авч, улмаар зарж борлуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, тракторын төлбөрийг зээлийн эх үүсвэрээр төлсөн учир зээлийн гэрээгээр төлж буй хүүгийн төлбөрөөс ногдох хэсгийг төлөх үүрэг үүссэн гэж тайлбарлан шаардаж, хариуцагч М нь хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлж, хөлсөнд авахаар тохиролцсоны дагуу тракторыг өөрийн эзэмшилд авсан, 2 жил ажиллаж, 300 га гаруй талбайд тариалалт, хураалт хийж үүргээ биелүүлсэн, ажлын хөлсөндөө тракторыг авсан учраас буцаан төлөхгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шаардах эрхээ алдсан гэж эс зөвшөөрч маргаж байна.
13.2.” Б “ХХК нь М ХХК-тай трактор худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
“ Б “ХХК нь “Голомт” ХХК-тай ЗГ8125001288 тоот зээлийн гэрээ байгуулан Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөрийн төслийн зээл авсан, тус гэрээг 7 жилийн хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэйгээр авсан бөгөөд тус санхүүжилтээр тракторын мөнгийг төлсөн болох нь нотлох баримтаар судлуулсан хавтаст хэргийн 25 дахь хуудсанд авагдсан гүйлгээгээр нотлогдохгүй байгаа учир түүнд ногдох хүүг тракторыг ашигласнаас нэхэмжлэгчид учирсан буюу гэрээний үүрэгт гуравдагч этгээдэд шилжүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгө тухайн хэмжээгээр буурсан хохиролд тооцож, хариуцагч М аас гаргуулах шаардлагын үндэслэл нотлогдохгүй байна.
13.3.Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар, нэхэмжлэгч “ Б “ХХК, түүний захирал Г , хариуцагч М нарын хооронд ямар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь нотлогдон тогтоогдохгүй, талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээ хэлцлийг шүүхэд гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй, нотлож чадаагүй гэж үзэв.
14.Хөөн хэлэлцэх хугацааны тухайд
14.1.Хариуцагч М ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тракторын үнийг 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “ Б “ХХК төлж, 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тракторыг биет байдлаар М эзэмшилдээ шилжүүлэн авснаас хойш 11 жил өнгөрсөн буюу гэрээний үүрэг шаардвал 3 жил, хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа шаардвал 10 жил гэсэн аль аль хугацаа дууссан хойно шаардсан нь үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах буюу цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг шалгасан эсэх, шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар хуульчилсан боловч тус баримтууд нэхэмжлэгчийн гаргасан баримтаар нотлогдохгүй байна гэж эс зөвшөөрч маргасан.
“ Б “ХХК нь 2014 онд Борнуур сумын цагдаад тракторыг буцаан авах асуудлаар гомдол гаргасан байсан гэж өөрийн нотлох баримтыг ирүүлсэн боловч тус гомдлыг цагдаад өгсөн эсэх, бүртгэгдсэн эсэх нь нотлогдохгүй байх тул тухайн баримтыг эргэлзээгүй баримт гэж үнэлэнх үндэслэлгүй юм.
Сум дундын 23 дугаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлээр “ Б “ХХК-д улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгосон баримтаар тус компани нь шүүхэд хандаж байсныг нотлох хэдий ч тракторыг М аас буцаан өгөхийг шаардаж байсныг нотлох баримт гэж үнэлэх боломжгүй. (хх-19, 41, 85-87, 89-93)
Дээрх тракторыг худалдан авснаас хойш 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл буюу улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэл С.Батмөнх эзэмшил, ашиглалтдаа байлгасан ба энэ талаар мөн зохигчид маргаагүй.
14.2.Харин “ Б “ХХК нь М ХХК-д 82.1 маркын тээврийн хэрэгслийн үнийг төлснөөр гэрээний зүйлийн өмчлөх эрх шилжиж байгаа учраас түүний өмчлөх эрхийн бүртгэлийг хэзээ хийлгэх нь манай эрх байхад гэрээнд гарын үсэг зурсан этгээд М ад эрх олгогдоогүй байхад тракторын дагалдах бичиг баримтыг худалдагчаас шилжүүлэн авч, өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээс эхлэн манай өмчлөх эрх зөрчигдсөн гэж тайлбарлан шүүхэд шаардлага гаргасан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэл бүхий байна.
Учир нь, Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж, 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж тус тус заасан.
Дээрх цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь цаашид хэрхэн үргэлжилсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй.
14.3.” Б “ХХК нь М ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэснээр гэрээний зүйл болох 82.1 маркын тракторыг биет байдлаар “ Б “ХХК эзэмшилдээ шилжүүлэн авсан ба энэ талаар маргаангүй.
Харин хариуцагч С.Батмөнх нь 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр М ХХК буюу худалдагч талаас 2012 оны гэрээний дагуу шилжүүлэн өсгөн 82.1 маркын тракторын гаалийн болон бусад дагалдах бичиг баримтыг гаргуулан, улсын бүртгэлд тус тракторын өмчлөгчөөр бүртгүүлснээс “ Б “ХХК-ийн эрх зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлтэй тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.
15.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч “ Б “ХХК-ийн шаардаж буй хэмжээгээр тракторын үнэ төлөгдсөн боловч худалдагч М ХХК-аас 43,525,300 төгрөгийг хүлээн авсан тухай албан бичгийг ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч төлбөр төлөгдсөний дараа худалдагч талаас хөнгөлөлтийн үзүүлж, тодорхой дүнгээр буцаалт хийсэн гэж хүлээн зөвшөөрсөн тул тракторын үнийг 43,525,300 төгрөгөөр тооцож, хариуцагч М аас гаргуулах нь зүйтэй байна. /хх-50/
Өөрөөр хэлбэл, тракторын төлбөрийг төлсөн дүнгийн 2 хувьтай тэнцэх дүнгээр буюу 882,700 төгрөгийг М ХХК-аас урамшуулал хэлбэрээр буцаан олгосноор тракторын гэрээний үнэ тухайн хэмжээгээр буурсан буюу 43,525,300 төгрөг болсон гэж дүгнэх үндэслэлтэй юм.
Гэрээний зүйл буюу трактор нь эдэлгээний тодорхой хугацаатай бөгөөд жил бүр элэгдэж хорогдож байдаг хэдий ч хариуцагч энэ талаар маргаагүй, одоогийн үнэ цэнэ буюу хариуцагчийн өмчлөх эрхэд бүртгэгдсэнээс хойш зарж борлуулахад 25,000,000 төгрөгийн өртөгтэй байсан талаар маргаагүй тул шүүх талуудын диспозитив зарчмыг баримтлан тракторын өртгийг анхны өртгөөр тооцож, хариуцагч М аас тракторын үнэд 43,525,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ Б “ХХК-д олгож, тракторын үнийн хөнгөлөлт 882,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
16.Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д “Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ” гэж заасан боловч нэхэмжлэгч “ Б “ХХК нь “Голомт банк” ХХК-д төлсөн гэрээний үүрэгт хүү хэлбэрээр төлсөн гэх 19,125,166 төгрөгийг хариуцагч М аас олох ёстой байсан орлого, үр шим гэж тооцон шаардах эрхгүй юм.
Өөрөөр хэлбэл, “ Б “ХХК нь “Голомт” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцагч М аас шаардах эрх хэрхэн шилжсэн болох, мөнгө зээлсэн, эсхүл тухайн зээлийн хөрөнгөөр тракторыг худалдан авснаас хүү төлж хохирсон, энэ нь тракторын эзэмшил, ашиглалт болон зээлийн гэрээний үүрэгтэй ямар шалтгаант холбоотой нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй, М ад хохирол төлөх үүргийг үүсгэхгүй тул тухайн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
17.Шүүх, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2-т заасныг баримтлан хариуцагч М аас 43,252,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ Б “ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас тракторын төлбөрөөс буцаан хөнгөлсөн гэх 900,700 төгрөг, зээлийн хүүгийн хохиролд шаардсан 19,125,166 төгрөг, нийт 20,025,866 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
18.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 475,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч М аас 43,252,300 төгрөгт ногдох 374,211 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2-т заасныг баримтлан хариуцагч М аас 43,252,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ Б “ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 20,025,866 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “ Б “ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 475,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч М аас 374,211 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ Б “ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН