Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2023/01198

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 4 18 181/ШШ2023/01198

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..... тоотод бүртгэлтэй ч, ...........оршин суух, Б.Б/Регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:    тоотод оршин суух, Н.У /Регистрийн дугаар: ..........-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 13.160.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Н.У шүүх хуралдааны нарын бичгийн дарга Г.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Б нь Н.Ут холбогдуулан гэрээний үүрэгт 13.160.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Б.Б миний бие 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Ү-2203039948, 000694340 үл хөдлөхийн дугаартай Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 7 дугаар хороолол /14182/, 31а байр, 32 тоотод байрлах 93.55 мкв 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 158.000.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

Гэрээний дагуу урьдчилгаа 70.000.000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөр болох 88.000.000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлөхөөр тохирсон. Гэвч хариуцагч хугацаандаа төлбөр төлөөгүй. Хамгийн сүүлд 2022 оны 7 дугаар сарын 25-нд 1.000.000 төгрөг төлж нийт 151.420.000 төгрөгийг төлсөн. Иймд өнөөдрийг хүртэл төлөөгүй үлдэгдэл төлбөр болох 6.580.000 төгрөг, гэрээний 3.6 дахь заалтын дагуу хамгийн сүүлд төлбөр төлснөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэлх 200 хоногт тооцсон алданги 6.580.000 төгрөг, нийт 13.160.000 төгрөгийг хариуцагч Н.Уээс гаргуулж өгнө үү.

Анх бид харилцан тохиролцохдоо үл хөдлөхийн татвар, ашиглалтын зардлыг би төлнө гэж огт яригдаагүй. Шинэ орон сууц байсныг би хариуцагчид үнэ хямдруулаад надад 158.000.000 төгрөг өгчих, бусад бүх зардлыг та өөрөө хариуц гэснийг Н.У зөвшөөрсөн. Аман байдлаар 1,5 жилд үлдэх мөнгийг төлөхийг зөвшөөрсөн нь үнэн тул алдангийг энэ хугацаанд тоолоогүй. Харин хамгийн сүүлд төлбөр төлсөн хугацаанаас тооцсон. Мөн тухайн орон сууц, барилгатай холбоотой асуудлыг би мэдэхгүй, шинэ баригдсан байр байсныг би хариуцагчид зээлээр худалдсан, надад байрны талаар мэдэгдэж байгаагүй гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2.770.090 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

Миний бие 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Дэрэн цалам ХХК-ийн зуучлалаар иргэн Б.Бөөс Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар 000742352 тоот гэрчилгээтэй Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7-р хороолол, 31а байр, 32 тоот /14182/, 93.55 мкв талбайтай орон сууцыг 158.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож зээлээр худалдах, худалдан авах гэрээг хийсэн.

Төлбөрийн нөхцөлийг тухайн үед аман байдлаар тохиролцож 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 143.580.000 төгрөг буюу нийт үнийн дүнгийн 90,5 хувийг төлсөн.

Үлдэгдэл төлбөр болох 14.420.000 төгрөгийг 1,5 жилийн хугацаанд төлж дуусгахаар аман хэлцэл хийсэн. Дээрх үлдэгдэл төлбөрөөс 11.649.910 төгрөгийг төлж, өнөөдрийн байдлаар 2.770.090 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Нэхэмжпэгч тал шүүхэд гарсан өргөдөлд гэрээний 3.2-т заасан хэсэгчлэн төлөх төлбөрийн хугацааг 2020 оны 5 дугаар сарын 03-ны дотор гэж заасан заалт бидний хооронд тохиролцсон аман гэрээний 1.5 жилийн дотор гэсэн хэлцэлтэй зөрчилдөж байгааг хариуцагч миний бие нотариат батлахаас өмнө энэ заалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг хэлсэн. Гэтэл нотариатчийн зүгээс дээрх хугацааг гэрээнд тусгаж байж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ таны нэр дээр шилжих эрх үүснэ гэж тайлбарласан. Хоёр тал энэ хугацаан дээр харилцан тохирч болно гэдгийг нотариатч зөвлөхөд миний зүгээс тус гэрээг хойшлуулж, төлбөрийг бүрэн шийдэх үед гэрчилгээг тухайн үед нь шилжүүлье гэсэн яриа хийсэн. Худалдан авах хугацааг нэхэмжлэгч тал гэрээний 3.2-т хэсэгчлэн төлөх төлбөрийн хугацаа 2020 оны 5 дугаар сарын 03-ны дотор төлөхөөр талууд тохиролцов гэсэн заалт дээр таньтай ямар нэг маргаан үүсгэхгүй, төлбөрийн үлдэгдэлийг 1,5 жил дээрээ тохирч хийе. Одоо миний бие санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон байгаа тул та туслаач гэж гуйснаар харилцан итгэлцэл дээр хоёр тал орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг хийж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлсэн. Энэхүү хэлцлээсээ буцаж шүүхэд нэхэмжлэл гаргаж буйд гомдолтой байна.

Ковидын нөхцөл байдал нөлөөлж, улмаас миний бие энэ хугацаанд ковидоор хүнд өвдөж 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал эмчилгээтэй байсан. Дээрх хугацаанд санхүүгийн боломж тааруу шалтгаанаар үлдэгдэл 2.770.090 төгрөгийн үлдэгдэл байгаа нь үнэн болно. Биеийн байдал болон санхүүгийн боломж тааруу байгаагаа нэхэмжлэгчид утсаар хэлж, уучлал удаа дараа гуйж холбоо барьж байсан. Үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна. Мөн хэд хэдэн зүйлд нэмэлт тодруулга хийж байна. Үүнд:

2.1.Зээлээр худалдах, худалдан авах гэрээнийн 6.3 дахь хэсэгт зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсан орлогын албан татварыг худалдагч тал хариуцна гэснийг нэхэмжлэгч тал төлөөгүй, харин Н.У миний бие дээрхи Үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсан үнийн дүнгийн 0.2 хувь болох 3.160.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын албанд төлсөн. Энэ мөнгийг үндсэн төлбөрөөс хасч тооцуулна.

2.2.Үл хөдлөх эд хөрөнгө худалдагч тал болох нэхэмжлэгч Б.Б нь худалдан авагч талд борлуулсан орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгч байр хүлээлцсэн актыг үйлдээгүй. Мөн дулаан ашигласны 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын төлбөрүүдийг төлөөгүй 649.910 төгрөгийн тооцоотойн улмаас ОСНААУГ-аас тус байрны цэвэр бохир усны хаасан байсан. Дээрх төлбөрийн тооцоог миний бие төлж барагдуулж хэрэглээний цэвэр, бохир усаа нээлгэсэн. Үндсэн төлбөрийн дүнгээс 649.910 төгрөгийг хасаж тооцсон.

2.3.Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хоёр тал хийсэн боловч түлхүүр хүлээлгэн өгөөгүйн улмаас 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Дэрэн цалам" ХХК-наас худалдан авсан орон сууцныхаа түлхүүрийг авч байрандаа орсон. Гэтэл шинэ гэх байрны обой тэр чигтэй хөгзөрч хуурсан, 00 өрөөний сантехник угсралт дутуу, карант байхгүй, плита хагарч цуурсан, хана цууралттай, унтлагын хоёр өрөөний цонх тус тус гажилттай, цонхоор ус орж хана дагаж ус урсаж обой хуурсан, болконы гадна талаас ус нэвтрэн орж урсдаг, том өрөөний шилэн пасад цонх дагаж гаднаас ус урсан орж ирдэг, тааз, шаланд ус нэвтэрсэн байсан. Цахилгааны гэмтэлтэй улмаас өрөөнд гэрэл цахилгаан байхгүй шаардлага хангахгүй байсанд удаа дараа нэхэмжлэгч Б.Бт гомдол гаргаж өрөөнүүдийн обой цаасыг шинээр сольж наалгасан. Угаалгын өрөөний сангийн ажил дутуу, крант байхгүй, 00 суултуур таг дутуу, ваннаар доод айлд ус алддаг, цахилгааны монтаж гэмтэлтэй өрөө хооронд цахилгаан байхгүй эдгээр асуудлуудыг шийдэж өгөөгүй тул миний бие өөрийн зардлаар шаардлагатай зүйлсийг худалдан авч, засварчин хөлслөж тус бүрийн эвдрэл гэмтлийг засуулж ажилд оруулсан. Энд гарсан бүх зардлыг тооцож, нэхэмжлэгч гэх Б.Бөөс нэхэмжлээгүй болно гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: төлбөрийн тооцоолол, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203039948 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга зэргийг баримтаар ирүүлжээ. /хх 3-5, 35-36/

Хариуцагчаас баримтаар: төлбөр төлсөн жагсаалт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/, Сүхбаатар дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн баримтууд, татварын албаны тодорхойлолт, шилжүүлгийн баримтууд, орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын баримт хуулбараар, зэргийг баримтаар ирүүлжээ. /хх 14-29/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Б нь Н.Ут холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 13.160.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан, гэрээний дагуу үнийг бүрэн төлөөгүй тул алдангийн хамт гаргуулна гэв. Мөн алдангийг 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс хойшхи хугацаанд тооцсон, хөрөнгийн үнийг зах зээлийн ханшаас багаар тооцохдоо татвар, ашиглалтын зардлыг хариуцагч төлөхөөр тохирсон байсан, гэвч хариуцагч төлбөрөөс хасч тооцуулахаар шаардаж байх тул нэхэмжилж байгаа 13.160.000 төгрөгнөөс энэ мөнгийг хасч тооцоход татгалзахгүй гэж тайлбарлав.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2.770.090 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан. Татгалзлын үндэслэлээ: гэрээний дагуу үнийг бүрэн төлөөгүй нь үнэн хэдий ч нэхэмжлэгчийн өмнөөс татвар, өмнөх хугацааны орон сууцны ашиглалтын зардлыг тус тус төлсөн тул төлбөрөөс хасч тооцуулна, мөн цар тахлын улмаас орлогогүй байсан тул алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.

4.хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.нэг талаас Б.Б, нөгөө талаас Н.У нар 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр харилцан тохирч, Худалдагч нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203039948 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 31а байрны 32 тоотод байрлах 93,55 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Худалдан авагч нь үнэ 158.000.000 төгрөгийг төлөхөөр тохирч Зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулжээ. /1хх 4, 17/

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

4.2.Гэрээний зүйл болох хөрөнгийг Худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, улмаар бүртгэх байгууллагаас Н.Уийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 000742352 тоот гэрчилгээ олгосон болох нь тогтоогдсон. Энэ үйл баримтад маргаагүй. /хх 15/

4.3.Худалдан авагч тал болох хариуцагч Н.У гэрээ байгуулснаас хойш 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 151.420.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, банкны шилжүүлгийн баримтуудаар тогтоогдсон, үүнд зохигчид маргаагүй. /хх 3, 21, 24-28, 35-36/

5.Харин үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татварт нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн 3.160.000 төгрөг, орон сууцны ашиглалтын зардалд төлсөн 649.910 төгрөгийг төлөгдөөгүй үнээс хасах эсэх, алданги төлөх эсэх нь маргааны зүйл болжээ. /хх 22, 29/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр заажээ.

5.1.хэргийн баримтаар нэгэнт хөрөнгийн үнэ 158.000.000 төгрөгнөөс 151.420.000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон тул үлдэх 6.580.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

5.2.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч татвар болон орон сууцны ашиглалтын зардалд түүний өмнөөс хариуцагчийн төлсөн гэх дээрх зардлуудыг /3.160.000+649.910/ нэхэмжилж буй дүнгээс хасч тооцохыг хүлээн зөвшөөрч маргаагүй тул шүүх хасч тооцох нь зүйтэй.

5.3.Талуудын хоорондох гэрээний 3.6-д хэрэв хугацаандаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор тусгажээ. Дээрх анзын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан бичгээр байгуулах шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.

Гэрээний 3.1-д хэсэгчлэн төлөхөөр тохирсон үлдэгдэл 88.000.000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлж дуусгахаар тусгагдсан байх боловч зохигчид үлдэх мөнгийг 1,5 жилийн хугацаанд төлж барагдуулахаар амаар харилцан тохиролцсон байдал шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар тогтоогдсон. Энэ хугацаагаар тооцсон ч үүрэг гүйцэтгэх эцсийн хугацаа 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болохоор байна. Гэвч хариуцагч өнөөг хүртэл үлдэх төлбөрийг бүрэн төлж дуусгаагүй байдал тогтоогдсон тул хариуцагчийг гэрээний үүргээ зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгээгүй гэж үзнэ. Мөн энэ хугацаанд нэхэмжлэгч алданги тооцож шаардаагүй, харин сүүлийн төлбөр төлснөөс хойшхи 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх 200 хоногоор тооцож алдангийг шаардсан болно.

Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул шүүх алдангид 3.290.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

5.4.Худалдан авсан хөрөнгө биет байдлын доголдолтой байсан талаар хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарласан ч энэ талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд зааснаар гомдлын шаардлага гаргаж байсан байдал тогтоогдоогүй. Мөн энэ талаар сөрөг шаардлага гаргаагүй тул төлбөл зохих төлбөрийг багасгаж тооцох үндэслэл болохгүй байна.

Түүнчлэн цар тахлын улмаас санхүүгийн хүндрэлд орж төлбөрийг хугацаандаа төлж чадаагүй гэж тайлбарласан ч шүүх хэргийн баримтын хүрээнд хариуцагчийг алдангиас чөлөөлөх, багасгах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 6.060.090 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

/Үндсэн төлбөрийн үлдэгдэл 6.580.000 төгрөг + алданги 3.290.000 төгрөг = 9.870.000 төгрөг татварт төлсөн 3.160.000 ашиглалтын зардал 649.910 төгрөг/

6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Н.Уээс 6.060.090 /зургаан сая жаран мянга ерэн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бөд олгож, нэхэмжлэлээс үлдэх 7.099.910 төгрөгийг хэрэгсэхгүй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 111.911 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ