| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2022/01320/И |
| Дугаар | 181/ШШ2022/03046 |
| Огноо | 2022-12-19 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2022/03046
2022 12 19 181/ШШ2022/03046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Б.Түмэнцэцэг, Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .....................тоотод оршин суух,Б.Э /Регистрийн дугаар:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .:.... оршин суух, Ж.П /Регистрийн дугаар: ..../,
Хариуцагч: .......тоотод оршин суух, Х.З /Регистрийн дугаар: .../,
Хариуцагч: .....тоотод бүртгэлтэй ч, Б.А /Регистрийн дугаар: .../ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Б.Э Ж.П нарын хооронд байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Ж.П, Б.А нарын хооронд байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, Б.Эийн газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Н,
хариуцагч Ж.П, түүний өмгөөлөгч Ц.Н,
хариуцагч Х.З, түүний өмгөөлөгч Ч.М,
гэрч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Э нь Ж.П, Б.А, Х.З нарт холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, Б.Эийн газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1.Б.Э надад Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/303 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэд байрлах нэгж талбарын 18650326041668 дугаар бүхий 700 мкв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Газрын алба надтай 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Газар эзэмшүүлэх гэрээ-г бичгээр байгуулж, газар эзэмших эрхийн 000655817 дугаартай гэрчилгээ олгосон. Миний эзэмшдэг дээр дурдсан газраас ертөнцийн зүгээр баруун талд миний нөхөр Ө.Нямсүрэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 8 сарын 16-ны өдрийн А/303 дугаар захирамжаар нэгж талбарын 18650326031690 дугаар бүхий 700 мкв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг. Анх энэ хоёр газрыг Р.Баярмаагаас шүүхийн шийдвэрийн дагуу бид 2016 онд шилжүүлж авсан байсан. Ертөнцийн зүгээр зүүн талд иргэн Ж.П мөн газар эзэмшдэг.
Гэтэл 2017 оны 5 дугаар сард иргэн Ж.П манай гэрт нөхрийн хамт ирж уулзахдаа чи өөрийн газраа миний нэр дээр шилжүүлчих, оронд нь би танай нөхөр Ө.Нямсүрэнгийн эзэмшиж байгаа газрын баруун талд байрлах Э.Баттулга гэж хүний эзэмшиж байгаа газрыг чиний нэр дээр шилжүүлж өгье. Уг асуудлыг миний дүүгийн найз Х.З гэдэг хүн зохицуулж өгнө гэсэн санал тавьсан бөгөөд бид зөвшөөрсөн. 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр би Ж.Птэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж түүнээс ямар нэг төлбөр авахгүйгээр уг газраа түүнд шилжүүлсэн.
Х.З тухайн үедээ бид хоёрт "Би Сүхбаатар дүүргийн Газрын албанд танил талтай. Танай нөхрийн эзэмшиж байгаа газрын баруун талын газрыг Э.Баттулга гэдэг хүн эзэмшдэг" гэж хэлээд газар эзэмших эрхийн гэрчилгээг кадастрын зургийн хамт бидэнд харуулсан. Мөн Х.З нь тухайн үед нөхөр бид хоёрт Би одоо Газрын алба руy Б.Эээс Ж.П рүү газар шилжүүлэх тухай, мөн Э.Баттулгаас Б.Э рүү газар шилжүүлэх тухай материалуудыг оруулах гэж байна. Э.Баттулгаас Б.Эт газар шилжүүлэх тухай материалд Б.Эээр гарын үсэг зуруулах шаардлага байхгүй, таньдаг хүн байгаа учраас шууд шилжүүлчихнэ гэж хэлж байсан.
Гэтэл Х.З нь Б.Эийн газар эзэмших эрхийг Ж.Пд шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлсэн атлаа иргэн Э.Баттулгын газар эзэмших эрхийг Б.Э миний нэр дээр шилжүүлэх асуудлыг зориуд шийдвэрлэхгүй орхигдуулсан бөгөөд тэр өдрөөс хойш утас нь холбогдохгүй, хаана оршин суудаг нь мэдэгдэхгүй, сураггүй алга болсон.
Одоо миний авахаар тохирсон газарт 2021 оны намраас өөр хүмүүс барилга барьж эхэлсэн бөгөөд энэ талаар Ж.Пгээс асуухад мэдэхгүй гэдэг бөгөөд Б.Э би нэгэнт тохирсон газраа авч чадаагүй учраас эзэмшиж байсан газраа түүнээс буцааж авъя гэхээр Ж.П нь "Би буцааж өгөхгүй, би танай газрыг авахын тулд Х.Зт мөнгө төлсөн, түүнтэй уулзаж чадахгүй байна, олдохгүй байна" гэсэн үндэслэлгүй тайлбар хэлдэг.
Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзвэл Ж.П, Х.З нар анхнаасаа бусдын /Э.Баттулгын/ эзэмшиж байгаа газрыг миний нэр дээр шилжүүлэхгүй, мөн Б.Э миний эзэмшиж байгаа газрыг үнэ хөлс төлөхгүйгээр авах гэсэн санаа зорилгыг агуулж, түүнийгээ хэрэгжүүлэхдээ биднийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Б.Э миний эзэмшиж байсан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэд байрлах нэгж талбарын 18650326041668 дугаартай, 700 мкв талбай бүхий зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ" байгуулан Ж.Пгийн нэр дээр шилжүүлж, уг гэрээгээр халхавчлан намайг залилж хохирол учруулсан нь тодорхой харагдана. Тиймээс Б.Э би иргэн Ж.П, Х.З нарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн байгууллагад залилах гэмт хэргийн улмаас хохирсон тухай гомдлыг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан. Уг гомдлыг цагдаагийн байгууллага шалгаад Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын "Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай" 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3671 дугаартай тогтоолоор иргэн Б.Эийн гаргасан бүртгэлийн СБ1-7567 дугаартай гэмт хэргийн талаархи гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Уг шийдвэртээ ...Б.Э нь өөрт нь газар шилжүүлж өгнө хэмээн Х.Зт итгэж улмаар хохирсон нөхцөл байдал тогтоогдож байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Харин гомдол гаргагч Б.Э өөрийн эрхээ хамгаалуулахаар иргэний журмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй ..." гэж дүгнэсэн байдаг.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй",мөн зүйлийн 497.3 дахь хэсэгт "Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ" гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээнэ гэж, 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсэгт Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, ... үүснэ" гэж тус тус заасан байна. Дээрх этгээдүүдийн хамтын үүрэг хуульд зааснаар үүсч байгаа бөгөөд "нэгэн адил хариуцлага хүлээнэ" гэсэн нь гэм хорыг учруулахад нөлөөлсөн тэдний оролцоог үл харгалзан гэм хорын хохирлыг тэнцүү хэмжээнд хариуцуулахыг хуулиар тогтоожээ.
Тиймээс хариуцагч Ж.П, Х.З нар 2017 оны 5 сарын 15-ны өдөр Б.Э Ж.П нарын хооронд байгуулагдсан "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-гээр халхавчлан Б.Э намайг хуурч улмаар Ж.П ямар ч үнэ хөлс төлөхгүйгээр миний газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авч гэм хор учруулсан учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад зааснаар уг гэрээ хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох хууль зүйн бүрэн үндэслэлтэй юм. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Б.Э Ж.П нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-г хүчин төгөлдөр бус гэж тооцож, нэхэмжлэгч Б.Эийн газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү.
1.3.Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн баримтаар тус дүүргийн Засаг даргын Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай 2021 оны 12 сарын 22-ны өдрийн А/466 дугаар захирамжаар иргэн Баасанхүүгийн Анхтуяад газар эзэмшүүлсэн нэгж талбарын хувийн хэрэг, дүүргийн Засаг даргын 2021 оны А/466 дугаар захирамжийн хавсралтыг шүүхэд ирүүлсэн байна. Дээрх нотлох баримтаас үзэхэд хариуцагч Ж.П нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэд байрлах нэгж талбарын 18650326041668 дугаар бүхий /нэгж талбарын дугаар нь одоо 1462705648 болж өөрчлөгдсөн/ 700 мкв газрын эзэмших эрхийг өөрийн төрсөн охин Б.Ад үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулж, мөн өдөртөө Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг Б.Агийн нэр дээр гаргуулах хүсэлт гаргасныг үндэслэн тус дүүргийн Засаг даргын 2021 оны 12 сарын 22-ны өдрийн А/466 дугаар захирамжаар Ж.Пгийн эзэмшиж байсан нэгж талбарын 18650326041668 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Ад шилжүүлж, газар эзэмших эрхийн 0000046055 дугаартай гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгосон байна. Гэтэл хариуцагч Ж.П нь өөрийн газар эзэмших эрхийг 2021 оны 10 сарын 15-ны өдөр охин Б.Ад гэрээгээр шилжүүлсэн атлаа 2021 оны 11 дүгээр сард цагдаагийн байгууллагад гэрчээр мэдүүлэг өгөхдөө, мөн тус шүүхэд 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хариу тайлбар өгөхдөө энэ талаар огт хэлээгүй зэргээс үзэхэд тэрээр Б.Эийн газар эзэмших эрхийг түүнд буцааж өгөхгүйн тулд Б.Эийг цагдаа, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргахаас өмнө уг газар эзэмших эрхийг охин Б.Ад яаралтай шилжүүлж хууль зөрчсөн нөхцөл байдал харагдаж байна.
Нэгэнт Б.Э Ж.П нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад зааснаар хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа тохиолдолд уг хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл болох Ж.П, Б.А нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус байна. Иймд Ж.П, Б.А нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцож, нэхэмжлэгч Б.Эийн миний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэв.
2.Хариуцагч Ж.П нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд маш олон зүйлийг буруу ташаа бичиж, гэмт хэрэг үйлдсэн, залилан мэхэлж газар авсан мэтээр бичсэн байна. Гэтэл миний хувьд нэхэмжлэгч Б.Эийг огт танихгүй бөгөөд 2017 оны 2 дугаар сард иргэн Х.Заас Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбэд байрлах 700 мкв хоёр газрыг худалдан авч, газрын төлбөрт 7.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Урьдчилгаанд 5.000.000 төгрөгийг Х.Зт шилжүүлж, гэрчилгээ, гэрээ байгуулагдсаны дараа үлдэгдэл 2.000.000 төгрөгийг шилжүүлэхээр тохирсон. Ингээд уг газруудын гэрчилгээ, эзэмших эрхийн гэрээг байгуулахаар бичиг баримтыг хөөцөлдөхөд 1 газар нь нэхэмжлэгч Б.Эийн нэр дээр олгогдсон баримт гарч ирсэн. Ингээд газар худалдсан Х.Заас энэ талаар лавлаж асуухад би Б.Э, Ө.Нямсүрэн нарыг танина аа, өмнө нь надаас газар худалдаж авч байсан хүн байна, би энэ асуудлыг шийдвэрлэж өгнө" гэдгийг хэлсэн. Ингээд Х.Заас асууж сурж мэдээд Ө.Нямсүрэнгийн гэрт нөхөртэйгээ очиж уулзаж байсан, түүнээс Б.Эийг огт таньж мэдэхгүй, уулзаж байгаагүй. 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Х.З: "Сүхбаатар дүүргийн газрын албан дээр хүрээд ир, таны газрын асуудлыг шийдэж өгье" гэхэд нь яваад очиход Х.З, Б.Э, Ө.Нямсүрэн нар ирцгээсэн байсан. Ингээд Б.Эээс надад газраа шилжүүлж нэгж талбарын 18650326041668 дугаартай 700 мкв зуслангийн зориулалттай газрын хууль ёсны эзэмшигч болсон. Х.Зт гэрээний үлдэгдэл төлбөр болох 2.000.000 төгрөгийг шилжүүлээд энэ асуудал дуусгавар болсон. Х.Заас "Б.Этэй тохиролцсон, газрын асуудлыг шийдэж өгнө" гэж байсан. Миний хувьд газраа эзэмшээд 5 жил болж буй бөгөөд энэ хугацаанд газрын төлбөрөө төлж хууль ёсны дагуу эзэмшиж ирсэн. Гэтэл Х.З болон Б.Э нар өөрсдийн маргааны асуудалд намайг хутгаж байгаад гомдолтой байна. Хөрш газрын эзэмшигч Э.Баттулга гэх иргэнийг ч огт мэдэхгүй бөгөөд миний хувьд Х.Заас газар худалдаж авч анх удаа газар эзэмшиж байгаа, тийм хирнээ бусдад өөр хүний газрыг өгнө, шилжүүлнэ гэх мэтээр амлалт өгөх шаардлага байхгүй. Х.Зт газар худалдаж авах төлбөрөө 100 хувь шилжүүлсэн үүнийхээ хариуд өөрийн авах ёстой газраа авсан хууль ёсны эзэмшигч болно гэв.
3.Хариуцагч Х.З нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Миний бие нэхэмжлэгч талын нэхээд байгаа газрыг нь буцааж өгөх боломжгүй тул газрын оронд 5.000.000 төгрөг өгөх хүсэлтэй байна. Яагаад гэвэл Ж.П эгч байшин барьсан. Би Ж.П эгчид хоёр газрыг нийт 7.000.000 төгрөгөөр зарсан нь үнэн. Анх би Р.Баярмаа гэдэг хүнээс мөнгө авсан өртэй байсан. Гэтэл нэг өдөр намайг цагдаагаас дуудсан. Тэгээд мөнгийг нэхсэн. Надад хоёр газар байсан тул мөнгөний оронд өрөндөө хоёр газрыг өгсөн. Уг хоёр газрыг нэхэмжлэгч, түүний нөхөр нар н.Баярмаагаас шилжүүлж авсан байсан. Х.Зыг гэм буруутайд тооцсон аливаа хүчин төгөлдөр шийдвэр байхгүй болно. Гэтэл нэхэмжлэгч талаас түүнийг гэм буруутай мэтээр тайлбарлаад байна. Мөн Ж.П, Б.Э нар хоорондоо тохирч газраа шилжүүлэхэд Х.З оролцоогүй гэв.
4.Хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
Миний ээж Ж.П өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зусланд байрлах газраа Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, холбогдох хууль, журмыг үндэслэн охин Б.А надад шилжүүлж өгсөн. Уг газрыг анх Х.З гэдэг хүнээс ээж худалдаж авсан байна лээ, тухайн үед С.Энхцэцэг гэдэг хүний нэр дээр байсан, газар эзэмшигч С.Энхцэцэгийн зөвшөөрлөөр танд шилжүүлнэ гэж ээжид хэлээд С.Энхцэцэг нь хүлээн зөвшөөрч, 2017 онд миний ээж Ж.Пд хууль ёсоор шилжүүлж өгсөн байдаг. Тухайн цаг үеэс уг газрыг эзэмшиж, газрын төлбөрийг хуульд заасан журмын дагуу төлж, газрын хянан баталгааг хийлгэж, баталгаажуулан бид гэр бүлээрээ одоог хүртэл энэ хаягт амьдарч байна. Миний ээж Ж.П бид хоёрын хооронд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах Б.Эийн нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй, гэрээний талууд уг гэрээний талаар маргаагүй, бидний хоорондын гэрээ гуравдагч этгээд Б.Эт ямарч хамааралгүй. Энэ хүн анх Х.З гэдэг хүнтэй ямар тохиролцоо юу хийсэн юм, тэр хүнээсээ Монголчуудын хэлдэгээр гар гараа дагаж, хохирол, мөнгө, төгрөгөө нэхэмжлэх нь шударга ёсонд нийцнэ, энэ хүнд ямарч өглөг, авлага манай гэр бүлд байхгүй, Иргэний хуульд ч тодорхой зохицуулалтууд байдаг. Миний ээж Ж.П нэхэмжлэгч Б.Э гэдэг хүнээс уг газрыг залилж авсан бол юу гэж төрсөн охиндоо, өөрийн хамаарал бүхий хүндээ газраа шилжүүлэх билээ, уг газрыг бусдад шилжүүлэх ямар ч зорилгогүй, зөвхөн охиндоо хөрөнгө таслаж өгч байгаа болно. 2017 оноос хойш одоог хүртэл уг газрыг хууль ёсоор эзэмшээд амьдарч байхад 6 жилийн дараа нэхэмжлэл гаргаад буцааж авна гэдэг ямар ёс суртахуун, энэ хүнд байгааг гайхаж байна, миний эзэмшлийн газарт Б.Э халдах эрх байхгүй, Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан шударгаар олж авсан эд хөрөнгөнд халдах эрх хэнд ч байхгүй гэж хууль, шүүхэд итгэж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д "Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа бол түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ" гэж заасанчлан шудрага эзэмшигч бол Монгол Улсын иргэн Б.А би мөн. Иргэн С.Энхцэцэг нь бусдын эзэмшлийн хөрөнгөнд бүдүүлгээр халдах, бусдаас авч чадахгүй байгаа хохирлоо ээж бид хоёроос нэхэмжлэх, хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Иргэний үнэмлэхийн хуулбар, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хавсаргасан баримт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 3671 дугаар прокурорын тогтоол, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шантны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 183/ШШ2016/00210 дугаар шүүгчийн захирамж, Х.З, Ө.Нямсүрэн нарын хоорондох 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хэлцэл зэргийг баримтаар ирүүлжээ. /1хх 7-19, 32, 186-188/
Хариуцагч Ж.Энхцэцэгээс нотлох баримтаар: шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б.А, Ж.П нарын газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, оршин суух хаягийн тодорхойлолт, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг зэргийг ирүүлжээ. /1хх 181-183, 2хх 93-96/
Хариуцагч Х.Заас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг ирүүлжээ. /2хх 85/ Хариуцагч Б.Агаас: баримт ирүүлээгүй.
Шүүхийн журмаар: тус шүүхийн 2022 оны 181/ШЗ2022/07820 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 17/893 тоот хариу, түүний хавсралтаар ирүүлсэн 126 хуудас баримт, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 17/1253 тоот хариу, түүний хавсралтаар ирүүлсэн 137 хуудас баримт, хариуцагч Ж.Энхцэцэгээс ирүүлсэн тайлбар, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хэлцэл, Хаан банкны дансны хуулга зэргийг,
Нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн 2022 оны 181/ШЗ2022/14343 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 17/1392 тоот хариу, түүний хавсралтаар 23 хуудас баримт, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 17/1465 тоот хариу, түүний хавсралтаар 51 хуудас баримт зэргийг бүрдүүлжээ. /1хх 54-55, 56-172, 189-190, 198, 201-250, 2хх 1-84, 117-140, 157-209/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
1.Нэхэмжлэгч Б.Э нь Ж.П, Х.З Б.А, нарт холбогдуулан Б.Э Ж.П нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Ж.П, Б.А нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, Б.Эийн газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасан.
2.Нэхэмжлэгч үндэслэлээ: Зэргэлдээ газруудаа солих саналыг Х.З, Ж.П нараас тавьсны дагуу зөвшөөрч өөрийн эзэмшлийн газраа Ж.Птэй хэлцэл хийж түүний эзэмшилд шилжүүлсэн боловч Б.Эт оронд нь өгөх газрыг шилжүүлж өгөөгүй, хууран мэхлэх замаар газрын эзэмшлийг шилжүүлсэн болох нь эрүүгийн журмаар тогтоогдсон тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, газар эзэмших эрхийг буцаан шилжүүлж авна, газрын эзэмшлийг шударгаар олж аваагүй гэж тайлбарлав.
3.Хариуцагч Ж.П, Б.А нараас татгалзлын үндэслэлээ: Х.Заас газрыг худалдан авсан, эзэмшлийг шударгаар олж авсан, Х.З, Б.Э нарын хоорондох тохиролцоог мэдэхгүй гэж тайлбарлав.
4.Хариуцагч Х.Заас татгалзлын үндэслэлээ: газрыг бус мөнгөөр буцаан төлнө, Б.Э Ж.П нарын хоорондох тохиролцоонд оролцоогүй, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр байхгүй, харин Ж.Пд би газрыг худалдсан нь үнэн гэж тайлбарлав.
5.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
5.1.Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/303 тоот захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зусланд байрлах, нэгж талбарын 18650326041668 дугаартай 700 мкв газрыг нэхэмжлэгч Б.Эт 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу түүнд 000655817 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр олгон, газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ. /1хх 8-12, 221-245/
5.2.Маргааны зүйл болсон дээрх нэгж талбарын 18650326041668 дугаартай 700 мкв газрыг Б.Э Ж.П нарын хоорондох 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г үндэслэн харьяа дүүргийн газрын албанд хүсэлт гаргаж, улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/187 дугаар захирамжаар /жагсаалтын 307/ хариуцагч Ж.Пгийн эзэмшилд шилжсэн, түүнд 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 0000698349 тоот эзэмших эрхийн гэрчилгээг олгосон болох нь тогтоогдсон. /1хх 102, 2хх 2-21, 124-129, 159, 177/
5.3.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 3671 тоот прокурорын тогтоол авагдсан. Тухайн тогтоолд: Б.Эээс гаргасан 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэгж талбарын 18650326041668 дугаартай 700 мкв газар эзэмших эрхийг Ж.Пд шилжүүлж залилуулсан тухай гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Б.Э өөрт нь газар шилжүүлж өгнө гэсэн Х.Зт итгэж улмаар хохирсон нөхцөл байдал тогтоогдож байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэг нээхээс татгалзсан байна.
Прокурорын тогтоол хүчин төгөлдөр болсонд маргаагүй. /1хх 16-19/
5.4.Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн лавлагаагаар хариуцагч Ж.П тус дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зусланд өөр нэг газар буюу нэгж талбарын 18650326073683 дугаартай 700 мкв газрыг дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/46 тоот захирамжийн дагуу эзэмшдэг болох нь түүнд 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр олгосон 000721909 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон. /1хх 148-172, 2хх 51-84/ Зохигчид энэ үйл баримтуудад маргаагүй.
6.Харин нэхэмжлэгчээс: Б.Э Ж.П нарын хооронд хөрш залгаа газрыг газраар солилцох харилцаа үүссэний улмаас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан байсан гэж тайлбарласан. Хариуцагч нараас Ж.П, Х.З нарын хооронд худалдах худалдан авах харилцаа үүссэн, Б.Этэй харилцаа үүсгээгүй гэж маргасан.
7.Хариуцагч Ж.Пгээс тухайн газрыг хариуцагч Х.Заас худалдан авсан, мөнгийг өөрийн данснаас хүүгийнхээ данс руу 5.000.000 төгрөг шилжүүлж, улмаар мөнгийг хүү Х.Зт дамжуулан бэлнээр өгсөн. Сүүлд нэмж 2.000.000 төгрөгийг бэлнээр Х.Зт төлсөн. Тухайн газар эзэмших эрхийг шударгаар олж авсан гэж тайлбарлав. Хамтран хариуцагч Х.Заас дээрх тайлбарыг дэмжиж, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч үнийг төлөх үүргийг хүлээхээр заасан. Мөн хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-д эрх, шаардлага худалдах худалдан авахад худалдах худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна гэж заажээ.
Хариуцагч Ж.П, Х.З нарын хооронд худалдах худалдан авах харилцаа үүссэн байхын тулд худалдагч Х.З нь хөрөнгийг шилжүүлж өгсөн байх, худалдан авагч Ж.П үнийг төлсөн байх шаардлага тавигдана.
7.1.Маргаанд хамаарах Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зусланд хариуцагч Х.Зын нэр дээр хууль ёсны дагуу эзэмших эрхтэй газар огт байхгүй болох нь Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн удаа дараагийн лавлагаагаар тогтоогдсон. Хариуцагч Х.Заас дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж, иргэний нэрээр бус харин өөрийн эзэмшлийн Мастер шөүс ХХК-ийн нэрээр газрыг анх авсан байсан гэж тайлбарласан. Гэвч тус дүүргийн нутаг дэвсгэрт Мастер шөүс ХХК-д газар эзэмших, ашиглах эрх олгосон захирамж, шийдвэр байхгүй болохыг Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 17/1253 тоот албан бичигт тодорхойлж ирүүлснээс үзвэл анхнаасаа өөрт байхгүй хөрөнгийг бусдад худалдах, шилжүүлэх үндэслэлгүй.
7.2.Түүнчлэн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар үнийг төлөх үүргээ Ж.Пгээс хэрэгжүүлсэн, улмаар тухайн газрын эзэмших эрхийг шударгаар олж авсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй болно.
Хэрэгт авагдсан Ж.Пгийн Хаан банкны 5041134859 тоот данснаас 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөгийн зарлага гарсан болох нь тогтоогдсон ч, уг мөнгийг хүлээн авсан 5064420425 тоот данс Х.Зынх бус харин өөрийн хүүгийнх гэж тайлбарлаж байна. Мөн Х.З, Ж.П нарын хооронд мөнгө авсан тухай баримт 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийнх байх бөгөөд өөр баримт байхгүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан тул хариуцагч татгалзлаа нотлоогүй гэж үзэв. /1хх 54-55, 189-190/
7.3.Түүнээс гадна маргааны зүйл болсон газрын эзэмших эрх анхнаасаа Х.Зт бус харин Б.Эт байхад түүнд мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй тул энэ тохиолдолд хариуцагч Х.З, Ж.П нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан харилцаа үүсээгүй, улмаар хариуцагч Ж.П нэгж талбарын 18650326041668 дугаартай газрын газар эзэмших эрхийг шударгаар олж авсан Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шударга эзэмшигч гэж үзэх боломжгүй хэмээн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
8.Хэрэгт баримтаар авагдсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор өөрт нь газар шилжүүлж өгнө хэмээн Х.Зт итгэж хохирсон байдал тогтоогдсон гэж дүгнэсэн байх тул Б.Э Ж.П нарын хоорондох хэлцэлд оролцоогүй, мэдэхгүй тухай хариуцагч Х.Зын тайлбар үндэслэлгүй.
9.Б.Э Ж.П нарын хоорондох 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ нь утга агуулгын хувьд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-д заасан харилцаа буюу Эрх шилжүүлэгч Б.Э нь маргааны зүйл болсон газрын эзэмших эрхийг үнэ төлбөргүйгээр бүрмөсөн Ж.Пгийн эзэмшилд шилжүүлэхээр тохирсон хэлцэл байна.
Гэвч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Б.Э тухайн газрыг үнэ төлбөргүйгээр хариуцагчид шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, харин хөрш залгаа газрыг газраар солих буюу арилжааны хэлцэл хийх хүсэл зоригийг илэрхийлсэн, харин Ж.П нь Б.Этэй бус харин Х.Зтай худалдах худалдан авах хүсэл зориг илэрхийлж хэлцлийг хийсэн болох нь тогтоогдож байна. Маргааны энэ тохиолдолд шүүх талуудын хүсэл зориг анхнаасаа өөр, өөр агуулгаар тооцож зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор дээрх хэлцлийг хийсэн гэж үзэхээр байх тул энэ гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэв. Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болно.
10.Б.А, Ж.П нар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр маргааны зүйл болсон нэгж талбарын 18650326041668 дугаартай 700 мкв газрын газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгуулсан, газрын албанд хүсэлт гаргаснаар дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/466 тоот захирамжаар /жагсаалтын 206/ газар эзэмших эрхийг Б.А өөртөө шилжүүлэн авсан болох нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн баримтаар тогтоогдож байна. /2хх 93, 118-138/
Гэвч газар зохион байгуулалтын албанаас Б.Ад дүүргийн Засаг даргын 2021 оны А/466 тоот захирамжийг үндэслэн эрхийн улсын Э-2203013379 дугаартай, 0000046055 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохдоо нэгж талбарын 1462705648 /хуучнаар 18650326073683/ дугаартай газрыг эзэмших эрхтэй хэмээн алдаатай буруу бичигдсэн байдал тогтоогдож байна. Газрын албанаас ирүүлсэн удаа дараагийн лавлагаанаас үзвэл: тус дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зусланд байрлах хуучнаар нэгж талбарын 18650326073683 дугаартай газар нь 1462705648 дугаартай болсон, нэгж талбарын 18650326041668 дугаартай газар нь 14627033324 дугаартай болж өөрчлөгдсөн, тэдгээр газрууд нэг газрууд биш, кадастрын зургийн мэдээллийн санд давхцалгүй болох нь тогтоогдсон. /2хх 161/
Мөн Б.Ад газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Засаг даргын 2021 оны А/466 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын 206-т Ж.Пгийн нэгж талбарын 18650326041668 дугаартай газар гэж, хариуцагч нарын газрын албанд гаргасан хүсэлтэд нэгж талбарын 18650326041668 дугаартай газар-ыг шилжүүлэхээр тусгагдсан, тэдгээрийн хоорондох 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд нэгж талбарын 18650326041668 дугаартай, 000698349 тоот гэрчилгээтэй газар гэж тусгагдснаар тус тус тогтоогдож байна. /2хх 118-124, 183, 196/ Шүүх ийнхүү гэрээ, хүсэлт, Засаг даргын захирамжийг үндэслэж эзэмших эрхийн гэрчилгээг олгохдоо Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас алдаа гаргаж хариуцагч Ж.Пгийн маргаанд хамаарах Сэлбэ зусланд байрлах өөр нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээ олгосон явдал энэ хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэв.
10.Шүүх хариуцагч Ж.Пг анхнаасаа газрын эзэмших эрхийг шударгаар олж авсан гэж үзээгүй, түүнчлэн эзэмших эрхийг шилжүүлэн авсан Б.Э Ж.П нарын хоорондох хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн тул Ж.Пгээс маргаж буй газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр тохиролцсон 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б.А болон Ж.П нарын хоорондох хэлцэл мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэв.
Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1-д үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд тухайн хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй гэж, мөн зүйлийн 494.2-т энэ зүйлд энэ хуулийн 492, 493 дугаар зүйлийн холбогдох заалт нэгэн адил хамаарна гэж зохицуулсан. Хэргийн баримтаар хариуцагч Б.А нь Ж.Пгээс тухайн газрын эзэмших эрхийг үнэ төлбөргүйгээр шилжүүлж авсан болох нь тогтоогдсон.
Шүүх дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзээгүй, харин нэхэмжлэгч маргааны зүйл болсон газрын эзэмших эрхийг буцаан авах шаардлагын үндэслэл гэж үзэв.
Дээрхийг нэгтгээд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 494 дүгээр зүйлийн 494.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлх зусланд байрлах нэгж талбарын 18650326041668 /1462703324/ дугаартай, 700 мкв газрын газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.Эт буцаан шилжүүлэхийг хариуцагч Ж.П, Б.А, Х.З нарт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
11.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:
Хариуцагч Б.Агаас өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн 2022 оны12 дугаар сарын 16-ны өдрийн тайлбартаа дурдсан. Томилогдсон иргэдийн төлөөлөгч П.Бадамханд, Н.Дуламсүрэн нарт шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлснийг хүлээн авч баталгаажуулсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Зохигчдын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
12.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Б.ТҮМЭНЦЭЦЭГ
Г.ЭНХЦЭЦЭГ